loading...
Теннисний талбарт серб эр ноёрхлоо тогтоон, ногоон тивийн залуу бүсгүй өөрөөс нь илүү туршлага хуримтлуулсан тоглогчдыг угсруулан буулган авч, дэлхийд манлайлагч том амлалтаасаа няцахаас өөр аргагүй болсон зэрэг хурц үйл явдал Нью-Йоркт өрнөлөө. Нутгийнхаа “охид, хөвгүүд”-ийг түрүүлнэ хэмээн швейцарь, америк, австрали, орос, серб зэрэг олон улс мөрийцөж, итгэл хүлээсэн зарим нь нулимстай буцаж, нөгөө нэг нь ялалтын дуугаа дуулж байна. “US Open-2011”-ийн аваргууд тодорсоор.
Их теннисний цагийг эзэлсэн аварга Р.Федерер, Р.Надаль нарын халааг авахуйц амжилтыг Н.Жокович үзүүлж буйг онцлох нь зүйтэй. Харин түүний араас нутаг нэгт Янко Типсаревич замнаж байна. Хэдийгээр тэр нутгийн ахдаа хожигдсон ч гэлээ их “ирээдүй” үнэртүүлж яваа. Өөрөөр хэлбэл, гэмтэл нь сэдэрсний улмаас Жоковичид ялагдсан боловч “хатуу самар” гэдгээ харуулаад амжсан билээ. 2011 он эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгчид ээлтэй жил болж буй нь маргаангүй үнэн. Жокович гагцхүү “Ролан Гаррос”-ын хагас шигшээд Р.Федерерт, Цинциннатигийн шигшээд Э.Маррейд л өвдөг шорооджээ.
Энэ жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд швейцарь залуутай учраа таарсны дараа серб эрд дийлдэх вий гэсэн эргэлзээ төрсөн байж болох. Эхний хоёр үед ялалт байгуулснаар Федерер итгэлийн гал асаасан ч Жокович цаашид жинхэнэ тоглолт харуулж, 6:3, 6:2, 7:5-аар ядах юмгүй дийлсэн юм. Одоо түүнийг Рафаэль Надаль хүлээж байгаа. “Ролан Гаррос”-ынхоос өөр аваргын цом гардаагүй, замын дундаас серб эрд булаалгасан испани залуу Их Британийн Э.Маррейг 6:4, 6:2, 3:6, 6:2-оор ялснаар шигшээд тоглох эрхтэй болсон. Жокович, Федерер нар теннисний талбарт нийт 29 удаа таарахад 11-т нь серб эр хожжээ.
Аваргалах боломж аль алинд нь өндөр бөгөөд цом, мөнгөн шагнал хэнд очих нь дугаар шилжих мөчид тодорхойгүй байлаа. Дашрамд онцлоход нэгэн цагт гялалзсан тоглолтоороо спорт сонирхогчдыг байлдан дагуулж байсан, сүүлийн хэдэн жил мартагдах шахсан Энди Роддик нутгийнхаа дэвжээнд сэргэж, шөвгийн найм хүртэл тэссэн бөгөөд Р.Надальд аргагүй л дийлдэн, үзэгчийн суудалд шилжсэн юм. Эр чадлаараа шалгарсан “ногоон тив”- ийн теннисчин бүсгүй Саманта Стосурт баяр хүргэх нь зүйтэй.
Тэрбээр ОХУ-ын Надежда Петрова, Мария Кириленко, Вера Звонарева нартай удаан хийгээд ур чадвар шаардсан тоглолт угсруулан хийж, оргил амжилтын төлөөх тэмүүллээ бататган, хагас шигшээд Германы Анжелик Карберийг 6:3, 2:6, 6:2-оор дийлсэн юм. Шигшээд тэрбээр Серена Уильямсыг 6:2, 6:3-аар дийлэн, “Их дуулга”-ын анхны цомоо гардлаа. Хүчтэй өрсөлдөгчдийнхөө тэргүүнийг бөхийлгөн, аваргын титэм хүртсэн тэрбээр 27 настай. Польш гаралтай, Австрали иргэншилтэй бөгөөд 13 настайдаа цохиур бөмбөг нийлүүлэн, теннис тоглож сурчээ. Түүний эцэг эх нь кафе ажиллуулж, харин Стосур чөлөөт цагаараа хоёр ахтайгаа теннис тоглодог байлаа. Охиныг 10 хүрэхэд аав, ээж нь цохиур бэлэглэсэн цагаас теннисчин болохыг мөрөөдөж ирсэн аж.
Гэхдээ түүнд тусгай багш байсангүй. Даниэль хэмээх ах нь спортын дөртэй болгож, Өмнөд Австралийн нэгэн клубт дүүгээ дагуулан очсон юм. Түүний тоглолт, давуулалт үеийнхнээсээ төдөлгүй ялгарсан учраас 14-тэйдээ Квинслендийн спортын академид элсэн орсон байна. 1998 оноос Олон улсын теннисний холбоо (ITF)-ны тэмцээнүүдэд оролцож эхэлсэн Стосур 2001 онд арван тэмцээнд манлайлжээ. 2003 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий гуравдугаар тойрогт анх удаа шалгарснаар тэр дэлхийн топ 200 теннисчний нэг болсон. Мөн Афины олимпод хүч сорьж амжжээ.
Жилээс жилд түүний амжилт дээшилж, 2006, 2010 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий дөрөвдүгээр тойрогт шалгарч, өнгөрсөн жил “Ролан Гаррос”-ын шигшээд тунаж байсан билээ. Дэлхийд чансаагаараа хос төрөлд хоёр, ганцаарчилсанд аравдугаарт бичигддэг тэрбээр WTA-гийн тэмцээнүүдэд Ана Иванович, Елена Янкович, Серена Уильямс, Динара Сафина, Линдсэй Дэвенпорт, Жюстин Энен, Каролина Возняцки нарыг ялж байжээ. Хос төрөлд үзүүлсэн амжилтаараа арвин намтартай Стосур “Их дуулга”-д тус бүр хоёр удаа түрүүлж, үзүүрлэжээ. Өдгөө ч төрсөн ахынхаа удирдлагад бэлтгэл хийдэг энэ бүсгүй 2001 онд Австралийн Спортын их сургуулийг теннисний чиглэлээр дүүргэсэн байна.
loading...



