loading...
Аки башёд ёкозүна, озэки цолны болзол сонсон барилдсан манай хоёр бөх мөрөөдлөө хойшлуулахаас аргагүйд хүрлээ. Озэки Харүмафүжи хоёр, дөрөв, тав, долоо дахь өдөр өвдөг шороодсоноор 4-4 амжилттай болж, юун ёкозүна болох, энэ удаа тавиас дээш хувийн амжилт үзүүлэхийн төлөө барилдах болж байна. Түүнчлэн сэкивакэ Какүрюү түүнтэй адил 4-4 амжилттай яваа юм.
Башё замынхаа талыг туулахад ёкозүна Хакүхо, сэкивакэ Кисеносато нар зуун хувийн амжилттай урагшилж байна. Тэдний араас долоо даваа, нэг унаатай сэкивакэ Котоошёгикү, маэгашира Гагамарү нар нэхэж явна. Өнгөрсөн башёг 10-5 гэсэн үзүүлэлттэй дуусгасан Кисеносато энэ эрчээрээ нэлээн олон даваа авчихвал ирэх башёд озэкигийн болзол сонсох нь тодорхой. Түүнчлэн Нагоя башёд озэкигийн болзол сонсоод яльгүй аз дутсан Котоошёгикү сүүлийн өдрүүдэд сайн барилдаж, 12 даваа авчихвал хүслэн болсон цолоо өөрийн болгох боломжтой.
Монголын бөхчүүдээс макүшитагийн 28-д эрэмбэлэгдсэн Рюү, санданмэгийн 22-д жагсаж буй Таканоива, жониданы Вакамишо нар 4-0 гэсэн амжилттай явна.
loading...




