Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хөнгөн атлетик » Б.Сэр-Од: Оролцсон тэмцээн бүртээ та бүхний итгэлийг алдахгүйг хичээх болно

GD Star Rating
loading...

Дэлхийн таван топ марафоны хоёрынх нь шилдэг 10-т багтаж, Монголын тамирчдаас 2012 оны олимпийн эрхийг хамгийн түрүүнд авсан Монголын ¹1 марафонч, ОУХМ Б.Сэр-Одтой ярилцлаа. Тэрбээр хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд амжилттай оролцоод ирсэн юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гэж сонслоо?

-Наймдугаар сарын 27-ноос энэ сарын 4-нд БНСУ-ын Дэгү хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд марафон гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, хоёр цаг 16 минут 41 секундын амжилтаар 20 дугаар байрт орлоо. Энэ жилийн хөнгөн атлетикийн ДАШТ-д 40 гаруй орны 70-аад тамирчин оролцож, хурд хүчээ сорьсон. Тэд бүгд норматив биелүүлсэн, бэлтгэл сайтай тамирчид байсан болохоор өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад томоохон тэмцээнүүдээс илүү өрсөлдөөнтэй байлаа. Гараанаас барианд ортол ширүүн өрсөлдөөнтэй байсан.

-Дэлхийн топ таван марафоны хоёрт нь дээгүүр амжилттай уралдсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу ?

-2010 онд Берлиний марафонд оролцож, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, топ аравт багтсан. 2011 оны дөрөвдүгээр сард Лондон хотод болдог “Виржин Лондон” марафоны есдүгээр байрт орж, цагаараа болон байраараа олимпийн эрхийг баталгаажуулж авлаа. Жилд 5000 гаруй марафон гүйлтийн тэмцээн болдог. Тэдгээрээс Бостон, Чикаго, Нью Иорк, Берлин, Лондон хотод болдог марафоныг топ тав гэдэг. Үүний хоёрт нь би Монгол Улсаа төлөөлөн оролцож, шилдэг аравт багтсандаа баяртай байгаа. Монголын тамирчид дэлхийн топ таван марафонд оролцож байсан удаа байхгүй.

-Өөр томоохон амжилтаасаа дурдаач?

-2008 онд Бээжингийн олимпийн Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд зориулсан марафонд түрүүлж, анх удаа Монгол Улсын төрийн дууллийг эгшиглүүлсэн. Үүний дараа Япон улсад болсон 2010 онд олон улсын марафонд түрүүлсэн. 2009 онд ХБНГУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 29 дүгээр байрт орсон. 2009, 2010 онд зохиогдсон томоохон тэмцээнүүдэд олимпийн эрх авахын төлөө оролцсон.

-Спорт сонирхогчид чамд их итгэл хүлээлгэж, Монголын тамирчид марафон гүйлтэд сүүл мушгидаг үе өнгөрч байна гэж яриад байгаа?

-Манайхан марафон гүйлтийг сайн мэдэхгүй, сургалт дасгалжуулалт муутай, олон улсын тэмцээнд цөөн явдаг болохоор яаж уралдах, бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийх талаар мэдээлэл байдаггүй байсан. Харин сүүлийн үед байдал өөр болж байгаа. Ямар ч байсан дэлхийн топ таван марафоны хоёрт нь оролцож шилдэг аравт багтана гэдэг Монголын марафон гүйлт болон хөнгөн атлетикийн түүхэнд анхдагч томоохон амжилт. Дараа, дараагийнхаа тэмцээнд яаж оролцох вэ, хэрхэн өрсөлдөх вэ гэдгээ эртнээс боловсруулж байгаа. Миний оролцож байгаа тэмцээн бүхнийг цэнхэр дэлгэцээр үзэж, хөгжөөн дэмжээрэй. Оролцсон тэмцээн бүртээ та бүхний итгэлийг алдахгүйг хичээх болно.

-Спортын энэ төрлийг дэмжиж туслах хүн хэр олон байдаг вэ?

-Хүмүүс, компаниуд бөх, хурдан морь, бокс гэх мэтийг л их дэмждэг. Марафон гүйлтийг нэг их анзаардаггүй байсан. Гэхдээ 2008 оноос эрх авч олимпод оролцоод эхлэхээр байдал арай өөр болж, тусалж дэмжих байгууллага гарч ирж байгаад баяртай байна. Би 2007 оноос “Бодь” групптэй хамтран ажиллаж байгаа. “Бодь” групп миний бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдааны зардлыг тодорхой хэмжээгээр спонсорлодог. Монголын хөнгөн атлетикийн холбооны тэргүүнээр Батлан хамгаалахын сайд Л.Болд ажилладаг. Л.Болд сайд бас манай хөнгөн атлетикийнханд их тусалдаг. Тийм болохоор сүүлийн жилүүдэд амжилт маань ахиж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнээс ирэхэд “Бодь” группийнхэн намайг хүлээж авч уулзаад, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, цаашид ч дэмжинэ гэдгээ амалсан. Ер нь ямар ч спортод амжилт гаргахад санхүүгийн дэмжлэг чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. “Бодь”-ийнхондоо баярлалаа.

-Өөрөө Монголын тамирчдаас хамгийн анх олимпийн эрх авсан байх аа?

-2004 оны Афины олимпод манайхан урилгаар оролцсон. 2008 оны Бээжингийн олимпод монголын хөнгөн атлетикийн спортын тамирчдаас хамгийн анх эрх авч орсон. Харин 2012 оны Лондоны олимпод орох эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авсан. Надад хүндтэй хариуцлага оногдож байгаа.

-Бэлтгэл сургуулилалт хийхэд хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-Орчин нөхцөл, санхүү гээд хүндрэлтэй зүйл олон байдаг. Бэлтгэл сургуулилалт хийх зам талбай хомс. Монголд 400 метрийн тойрогтой бэлтгэлийн талбай байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн бэрхшээлтэй зүйл олон байдаг болохоор томоохон тэмцээний өмнө гадагшаа гарч бэлтгэл хийдэг.

-Хамтарч бэлтгэл хийх, нэгнээ ирлэж хурцлах ижил төвшний өрсөлдөгч тамирчин хүний амжилтад чухал нөлөө үзүүлдэг байх?

-Хамт бэлтгэл хийдэг тамирчин Монголд цөөн шүү. Тийм болохор зарим чухал тэмцээний өмнө гадагшаа явж бэлтгэл хийдэг. 2009 оноос хойш марафон болон холын зайн гүйлтээр Англид ноёлодог “Morreth” клубт харьяалагдаж, клубын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа.

-Хөнгөн атлетикийн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ?

-1997-2001 онд хөнгөн атлетикийн спортоор 1500, 3000, 5000, 10,000 метрт бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаанд орж байсан. 2001 онд хагас марафон гүйлт, 2002 оноос бүтэн марафон гүйтээр хичээллэж эхэлсэн. Марафон гүйлтээр ес дэх жилдээ хичээллэж байна.

-Энэ спортод амжилт гаргахад нас хэр хамаатай вэ?

-Бэлтгэл сургуулилалтаа системтэй, зөв хийж чадвал 28-35 насанд хамгийн өндөр амжилт гаргадаг. Ер нь тэсвэрийн спорт шүү дээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. “Өнөөдөр” сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

GD Star Rating
loading...
Б.Сэр-Од: Оролцсон тэмцээн бүртээ та бүхний итгэлийг алдахгүйг хичээх болно, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: