Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » Олимпизмоор амьсгалсан хоймор нутгийнхан

GD Star Rating
loading...

МҮОХ-ноос зуны олимпийн XXX наадмыг угтаж, “Таван цагаригийн бат холбоо” уриан доор хөдөө орон нутгаар олимпизмийг сурталчлах өдрүүдийг зохиож байгаа билээ. Аяны хүрээнд Архангай аймагт гурван сар гаруй саатсан олимпийн бамбарыг Монгол орны хоймор болсон Хөвсгөл нутагт залах арга хэмжээ энэ сарын 5-12-нд болсон юм. Тус арга хэмжээнд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэг, боксын Азийн хошой аварга, МУГТ Х.Алтанхуяг, гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал, С.Түвшинбаяр болон нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн (Налайх, Хан-Уул, Ховдоос бусад) олимпийн зөвлөлийн дарга, аргазүйчид, төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагчдаас бүрдсэн “Олимп-эв нэгдэл” багийнхан оролцсон юм.

Бидний аялал Булган аймгийн төвд орших Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбороос эхэлсэн. 1969-70 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургуульд олимпийн аварга Н.Түвшинбаяр суралцаж байжээ. МҮОХ-ны удирдлага тэндхийн “Бээжин” олимп судлалын танхимын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай биеийн тамирын хэрэгсэл, материалыг бэлэглэсэн юм. Дараа нь Хөвсгөл аймгийн хамгийн зүүн захын Тариалан сумын ерөнхий боловсролын дунд сургуульд зочлов. Аймагтаа эхний гуравт орох арвин намтартай тус сургуулийн сурагчид спорт, олимпизмийн нэрт зүтгэлтнүүдийг халуун дотноор угтан авч, багш Ж.Гунаасүрэн “Москва- 80” олимпийн наадмыг урилгаар үзэх завшаан тохиосноо хуучиллаа.

Мөн энэ үеэр сурагчдын дунд зохиогдсон “Олимпийг хэн сайн мэдэх вэ” зохион бичлэгийн уралдааны ялагчийг тодруулахад 8а ангийн сурагч Н.Энхбаяр “Олимпийн талаарх миний мэдлэг” бичлэгээрээ тэргүүлсэн юм. Тэрбээр тэквондогийн спортоор гурван жил гаруйн өмнөөс хичээллэсэн бөгөөд дээрх хугацаанд аймгийн АШТээс хошой алтан медаль хүртжээ. Маргааш нь буюу есдүгээр сарын 7-ны үдээс өмнө “Олимп-эв нэгдэл” багийнхан Их-Уул суманд хүрэлцэн ирж, 12 жилийн ахлах сургуульд төвлөрөх самбо бөхийн ОУХМ, улсын начин Нямбалын Баянмөнхийн нэрэмжит олимп судлалын танхимтай танилцсан. Сургуулийн захирал Д.Эрдэнэдаваа өөрөө эл танхимыг удирддаг бөгөөд ажил үйлсээрээ дээгүүрт ордог нь 2007, 2009, 2010 онуудад аймгийн тэргүүний олимп судлалын танхимаар шалгарч байснаар нотлогдоно. Үнэхээр ч эднийхэн барилга байгууламж, бүтээн байгуулалтаараа Хөвсгөлдөө толгой цохидог бөгөөд сумын дунд сургууль нь нийслэлийн сургуулиудад тэр бүр байдаггүй бодибилдинг, фитнессийн хэрэгслүүдээр иж бүрэн тоноглогдсон байх жишээтэй.

Их-Уулчууд улс, аймгийн чанартай тэмцээнээс нийтдээ 870 гаруй медаль авсан ба ойрын хоёр жилийн хугацаанд 1000-д хүргэх зорилт тавиад байгаа гэнэ. Ялангуяа энэ сумынхны нэрийн хуудас болсон спорт бол волейбол. 1960-аад оны сүүлч, 70-аад оны эхээр буюу домогт “Долоон хар”-ын үед гар бөмбөгчид нь аймагтаа илт тасархай тэргүүлдэг байсан төдийгүй улсын шигшээд цөөнгүй төлөөлөгчтэй байж. Тийм ч учраас сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд волейболын тэмцээн зохиогддог бөгөөд түүнд Монгол орны өнцөг булан бүрээс төгсөгчид нь ирж оролцдог гэнэ. Төгсгөлд нь сумын Соёлын төвд болсон уулзалт ярилцлагын үеэр Хөвсгөл нутгаас гаралтай олимпийн аварга Б.Батцэцэг (түүний аав Баатарзориг тус аймгийн Төмөрбулаг сумын харьяат ажээ), Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг нар амжилтад яаж хүрснээ хүүрнэж, хүүхэд залуусын сонирхсон асуултад хариулсан юм.

Үдээс хойш Их-Уулаас 50 шахам км зайтай, 4000 гаруй хотгойд үндэстэн аж төрдөг Тосонцэнгэл суманд ирлээ. Улсын харцага Ц.Содномдорж, начин Н.Бүрэнбаатар, Б.Баянмөнх, самбо бөхийн дэлхийн хошой аварга М.Батдэмбэрэл, хөнгөний улсын долоон удаагийн аварга Г.Одхүү, шатрын спортын мастер Г.Пүрэвдорж, дугуйн спортын мастер Очирбат нарын унасан газар, цуутай хурдан хүлгүүдээрээ алдартай тус сумынхан спорт заал байгуулах ажилд ханцуй шамлан оржээ. Ийн давхисаар шөнөдөө Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод очсон юм. Маргааш нь Хотгойдын шадар чин ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөснөөр гол арга хэмжээ эхэллээ.

Улаанбаатараас 38 хүний бүрэлдэхүүнтэй гарсан “Олимп-эв нэгдэл” багийн гишүүдийн тоо энэ үед бараг хоёр дахин нэмэгдсэн байв. Цэцэг өргөх ёслолын дараа аймгийн захиргааны ордонд олимпийн зөвлөл, танхимын дарга, аргазүйчдийн дунд “Бүх нийтэд олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт сургалтсеминарыг зохион байгуулсан юм. Семинарыг нээж МҮОХ-ны олимпийн зөвлөл хариуцсан захирал Ж.Баасанхүү илтгэл тавьсан бөгөөд хөдөө орон нутгийнханд туршлага болгож, санаа авахуйц олон сайхан жишээ татсан бол Хөвсгөл аймгийн “Сидней” олимпийн зөвлөлийн дарга Б.Баярсайхан цаатнуудад олимпийн боловсролыг хүргэж буй тухай, “Өмнөговь” аймгийн БТСГ-ын дарга, “Афин” олимпийн зөвлөлийн захирал С.Түвшинбаяр гадаад харилцаа, материаллаг баазаа хэрхэн өргөжүүлж, санхүүгийн эх үүсвэр яаж олдог талаар, “Олимпийн өвөө” Ш.Магван ОУОХ-ны бодлого, шинэ мэдээ мэдээллээс танилцуулж, Д.Загдсүрэн ерөнхийлөгч МҮОХноос ойрын жилүүдэд дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга замын талаар сонирхолтой яриа дэлгэв.

Тэрбээр семинарт оролцогчдод сертификат гардуулж, тус арга хэмжээг өндөр төвшинд зохион байгуулсан Хөвсгөл аймгийн “Сидней” олимпийн зөвлөлийг хоёр сая төгрөгөөр шагнаж буйгаа мэдэгдэв. Мөн 2013 оны арга хэмжээг зохион байгуулах эрхийг Дорнод аймагт олгох болсноо зарлалаа. Үүний дараа МҮОХ-ны удирдлагууд Мөрөн хотын “Дэлгэрмөрөн”, “Эрдмийн далай”, “Ирээдүй XXI” цогцолбор, “Гурван аварга”, спортын дунд сургууль, хүүхдийн VI цэцэрлэгийн олимпийн танхимуудтай танилцаж, аймгийн спортын ордны албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцсон.

Маргааш нь Архангай аймгаас буухиалан ирсэн олимпийн бамбарыг Мөрөн хотын төв талбайд асааж, тус аймагт болсон волейболын идэрчүүдийн УАШТий эхний гурван байрт шалгарсан тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Ийнхүү гол ажлаа нугалсан олимпчид маань алжаал юугаан тайлах Монголын хөх сувд Хөвсгөл далайн зүг хүлгийн жолоо заллаа. Мэдээж замд тааралдсан сум, суурин газраар дайрч, олимпизмийн үрийг тарихаа мартсангүй. Эхлээд МУГТ самбо бөхийн дэлхийн аварга Г.Үүрцолмон, аймгийн арслан Г.Батпүрэв, цанын спортын мастер Д.Туваанжав, алдарт уяач М.Галбадрах нарын цуутнууд төрөн гарсан Алаг-Эрдэнэ сумын “50:100” хэмээх өвөрмөц нэртэй олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцав. Уг нэрний учрыг тайлбал Алаг-Эрдэнэ сум дэлхийн бөмбөрцгийн эл уртраг, өргөргийн огтлолцолд оршдог гэнэ. Ийм огтлолцол дөрөв байдгийн хоёр нь далайд, гурав дахь АНУ-ын Калифорни мужид байдаг ажээ.

Эцэст нь Хөвсгөл нуурын урд эрэг дээр орших Хатгал тосгоны “Соёмбо” олимпийн танхимтай танилцсанаар аяллын үйл ажиллагаа шувтарсан. Далай ээжийн хүйтэн жаварт амьдардаг өлчир чийрэг хатгалчууд Монголд анх удаа хөдөө орон нутагт цирк байгуулж, бусад аймаг сумдаар явж тоглодог байжээ. МҮОХ-ныхон Хөвсгөл аймагт ажиллахдаа спорт олимпизмийн үйсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрвээ, Хөвсгөл аймгийн БТСГ-ын дарга Б.Баярсайхан нарыг “Алтан очир”, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, аймгийн төвийн “Эрдмийн далай” цогцолборын волейболын дасгалжуулагч Л.Амарболд, “Ирээдүй XXI” цогцолборын багш, самбо бөхийн спортын матер Б.Батаа, “Сидней” олимпийн зөвлөлийн аргазүйч Ч.Эрдэнэчимэг, Их-Уулын сумын олимпийн танхимын аргазүйч Батмөнх нарыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнаж, Тариалан сумын сургуулийн захирал Баатарчулуун, ахмад сагсан бөмбөгч Пүрвээ, биеийн тамирын багш Байгал, Ихуулын захирал Д.Эрдэнэдаваа, багш Лхагвасүрэн, аж ахуйн захирал Сүхээ, Тосонцэнгэл сумын засаг дарга С.Эрдэнэтуяа, сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, биеийн тамирын багш Д.Баярсайхан, Мөрөн хотын “Эрдмийн далай” цогцолборын захирал Д.Цогтоо, “Дэлгэрмөрөн” цогцолборын захирал Д.Адъяахүү, “Гурван аварга” спортын дунд сургуулийн захирал, тэквондогийн спортын мастер М.БатЭрдэнэ, “Ирээдүй XXI” цогцолборын захирал Ц.Баярсайхан, биеийн тамирын багш, чөлөөт бөхийн спортын мастер Б.Цэрэннадмид, Мөрөнхотын VI цэцэрлэгийн эрхлэгч П.Байгал, цагдаагийн газрын дарга П.Мягмарсүрэн нарт дурсгалын алтан медаль гардуулсан юм.

Р.МАНЛАЙ, ФОТОГ Э.ХАРЦАГА

GD Star Rating
loading...
Олимпизмоор амьсгалсан хоймор нутгийнхан, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sdf says:

    Sain bnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: