Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Street football, Монголын хөлбөмбөг » Нийслэлийн жаалууд төв талбайдаа ур чадвараа гайхуулав

GD Star Rating
loading...

Монголын хөлбөмбөгийн холбоо, Кувейтын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын хүүхэд, багачуудын дунд уг спортыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн хөлбөмбөгч болох хүсэл, тэмүүллийг бий болгох зорилгоор зургаан дүүрэгт “Street football” буюу гудамжны хөлбөмбөгийн тэмцээнийг хоёр сарын турш зохион байгуулсан. Тэгвэл Нийслэлийн ЗДТГ, Нийслэл БТСГ дүүргүүдийн БТСГ-тай хамтран энэхүү үйл ажиллагааны хаалт, ур чадварын тэмцээний өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд найман дүүргийн шигшээ багийн 12 хүртэлх насны 160 тамирчин бай онох, бөмбөг залах, хаалганд оновчтой цохих, оновчтой дамжуулалт гүйцэтгэх, туг сүлжих, жонглёр хийх, зиг заг гэсэн найман дасгалд багаараа өрсөлдөв. Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсаны 372 жилийн ойн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болсон энэхүү ур чадварын тэмцээний эцсийн дүн гарахад Баянзүрх /50 оноогоор/, Хан-Уул /46/, Чингэлтэй /43/ дүүргийн баг алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Дурсгалын медаль дээр нийслэл хотын бэлгэдэл хангарьд шувууг товойлгон харуулсан нь бяцхан жаалуудын сэтгэлд гойд нийцэж, өөр хоорондоо “Ямар гоё юм бэ” хэмээн ярилцахад хүргэж байв. Харин Сонгинохайрхан /41/, Налайх /34/, Багануур /29/,  Баянгол /26/, Сүхбаатар /19/ удаах байр эзэлсэн. Тэмцээнийг зохион байгуулагчид бүх хүүхдэд дурсгалын зүйл, тэр дундаа холоос зорин ирсэн Багануур, Налайх дүүргийн багачуудад хувцас, хэрэглэл дурсгасан юм.

Хаалтын ажиллагаанд Нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд, ахлах мэргэжилтэн А.Болдмаа, Кувейтын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч Кардани Вахид, Олон улсын хөлбөмбөгийн холбооны сургагч багш Йохен Фигге,  Марко Шаеллибаум, Кувейтын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Осамах Алавард, Монголын хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар оролцлоо.

GD Star Rating
loading...
Нийслэлийн жаалууд төв талбайдаа ур чадвараа гайхуулав, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: