loading...
М э р г э ж л и й н сүмогийн Аки башё аварга Хакүхогийн ялалтаар өндөрлөлөө. “Цагаан гарьд” ингэснээр дээд зиндаанд 20 дахь түрүүгээ авч, сүмогийн түүхэн дэх их аваргуудын эгнээнд бичигдэх болов. Дээд зиндаанд 20 түрүүлсэн бөхийг дай ёкозүна буюу их аварга хэмээн нэрлэдэг. Тэгвэл Хакүхо 26 насандаа тэрхүү алдарт аваргуудын нэг болсон юм. Тэрбээр 12, 13 дахь өдөр Кисеносато, Котошёгикү нарт дараалан унаж, бусдад гүйцэж ирэх боломж олгосон. Гэхдээ сүүлийн өдөр нутаг нэгт Харүмафүжиг шороодуулснаар 13 даваатай болсон юм.
Сүүлийн 10 башёны есд нь түрүүлээд буй манай аварга энэ эрчээрээ урагшлаад байвал дээд амжилт бүхий 32 түрүүг давах боломжтой харагдана. Кайог зодог тайлснаас хойш япон озэкигүй болоод байсан сүмогийн ертөнц ирэх башёд нутгийн шинэ арслангаа хүлээж авах магадлал өндөр байна. Котошёогикү өнгөрсөн башёд 12 давахад тэрхүү хүндтэй цолыг авах байсан ч бага зэрэг аз дутан 11 даваатайгаар өндөрлүүлсэн. Тэгвэл энэ башёг тэрбээр 12-3 амжилттай барилдаж, өөрөөс нь тойроод байгаа арслан цолыг гуядаж авах чадалтай болохоо харуулав. Хэрвээ Котошёогикү сүүлийн өдөр Барүтог давсан бол түрүү байрын төлөө Хакүхотой нэмэлт барилдаан хийх байв.
Түүний сүүлийн гурван башёгийн үзүүлэлт 33-12 байгаа нь озэки цолны болзолд яг таарч байна. Ингэхдээ 13 дахь өдөр Хакүхог хаясан нь түүний боломжийг улам өндөрсгөж буй. Түүнчлэн 2012 оны эхний башёд япончууд бас нэг арслангаа хүлээн авч магадгүй нь. Сэкивакэ Кисеносато сая 12 давснаар сүүлийн хоёр башёгийн ялалт нь 22 болов. Тэр дараагийн башёд 11 болон түүнээс дээш даваа авахад арслан болох юм. Энэ башёд арслангийн болзол сонссон Какүрюү тааруухан барилдаж, есөн даваа авлаа. Харин Харүмафүжи дөнгөж найм давж, эгээтэй л кадобан озэки болчихсонгүй. Тэгвэл манай ахмад дайчин Кёкүтэнхо Н.Цэвэгням өөрийн залуу үеийнх шигээ урамтай барилдаж, 11 даваатай башёг дуусгав.
Манай бөх одоогоос яг дөрвөн жилийн өмнөх Аки башёд 12 давж байсан юм. Макүшитагийн гуравт бичигдсэн Араваши Э.Дөлгөөн ирэх башёд цолтнуудын эгнээнд нэгдэх боломжтой байсан ч сүүлийн хоёр өдөр дараалан унаснаар чансаа уруудах болов. Энэ сард шинэ бөхийн шалгалт өгсөн Такакасүга хэмээх Эрдэнэбилэгийн Энхманлай хоёр давж, нэг унажээ. Мэргэжлийн сүмод хоёр дахь башёдоо хүч үзэж буй Вакамишё Г.Ган-Эрдэнэ зургаа давж, нэг унав. Энэ башёд жюүрёогоос Хишофүжи, Хаманишики, Хитэнрюү гэсэн бөхчүүд доош буух нь тодорхой болсон. Тэдний орыг макүшитагийн зүүн, баруун жигүүрийг манлайлан барилдаж, тус бүр таван даваа авсан Токүшёорюү, Ойвато болон зүүний хоёроос 4-3 амжилт үзүүлсэн Токүшинхо нар эзлэх болов уу.
20 болон түүнээс дээш түрүүлсэн аваргууд
Нэр Түрүү Он
1.Тайхо 32 1960-1971
2.Чиёнофүжи 31 1981-1990
3.Асашёорюү 25 2002-2010
4.Китаноүми 24 1974-1984
5.Таканохана 22 1992-2001
6.Хакүхо 20 2006-
loading...





domogt avarga asosheoryu hakuho ta 2mine shuu
loading...