loading...
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл, насанд хүрэгчдийн тивийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Яшир Догугийн нэрэмжит тэмцээний гуравдугаар байрын шагналт, И.Ярыгиний нэрэмжит ОУТ-д түрүүлж, бас гуравт орж, Буриадын ерөнхийлөгчийн цомыг алтан медалийн хамт хүртсэн Д.Отгонцэцэг томчуудын ДАШТ-ий мөнгөн медалиар сан хөмрөгөө баяжуулсан билээ. Отгоо өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д нийтдээ 11 удаа түрүүлжээ. Цаашид медалийн цуглуулгаа арвижуулах тэмүүлэлтэй 21 настай түүнийг “ТЦ”-ийн хойморт урилаа.
-ДАШТ-д дөрөв дэх удаагаа хүч сорьсон чиний хувьд өмнөх жилүүдэд хоёрдугаар тойргоос хэтрэхээргүй барилдсан. Харин энэ жил Стамбулын дэвжээнд өндөр амжилт гарган, шагналын тавцангийн хоёрдугаарт зогсож чадлаа. Дэлхийн аваргад хүч сорьсон өрсөлдөгчдөө хэрхэн дүгнэж байна?
-Амжилтаар жигд түвшингийн өрсөлдөгчид ДАШТ-д цугларсан. ДАШТ-ээс медаль авсан, шагналт байрт шалгарсан, Гранприд дээгүүр барилддаг бөхчүүд бүгд ирсэн байсан. Тиймээс сул өрсөлдөгч байгаагүй. Би энэ удаа нэг номерийн сугалаа татсан. Гэхдээ барилдааны өмнөх өдөр сугалааны тухай ерөөсөө бодоогүй. Багш маань ч энэ тухай яриагүй юм. Залуучуудын олимпийн аварга, Азербайжаны бөхтэй хүч сорихдоо барилдааных нь бичлэгийг үзсэн байсан учраас төлөвлөгөөний дагуу барилдаж ялалт байгуулсан.
-Стамбулд хийсэн барилдаануудаас хамгийн хэцүү нь аваргын төлөөх барилдаан байсан болов уу?
-Үгүй. Германы А.Энгелхардтай барилдаад их ядарсан. Тэр бол зуурдаг, бяртай, эвгүй барилдаантай бөх. Хэдийгээр их ядарсан ч гэсэн түүнийг буулгаж авсны дараа сэргээд ирсэн.
-Дараа нь Энэтхэгийн бөхийг ялчихаад аваргын төлөө барилдах үед ямар мэдрэмж төрөв?
-Их баярласан. Аваргын төлөө тунасан ОХУ-ын бөх Бээжингийн олимпод оролцож байсан туршлагатай тамирчин. Түүнтэй хийсэн барилдааныг монголчууд цэнхэр дэлгэцээр үзсэн болохоор дахин ярих хэрэггүй биз ээ. Би нэг л зүйлд гайхсан, намайг даацтай мэх хийхэд өмнө нь дэвжээн дээр суусан гэсэн шалтгаанаар өрсөлдөгчид оноо өгсөнд. Бусад жингийн барилдааныг үзэж суухад иймэрхүү байдлаар нөгөө бөхөд нь оноо өгсөн удаа гараагүй. Барилдаан дуустал би түрүүлсэн гэдэгтээ итгэлтэй байсан юм шүү. Харин Оросын бөхөд ялалт өгөхөд өөрийн эрхгүй харуусал төрсөн. Гэхдээ аваргын дайтай мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Шагнал гардах мөчид төрийн дууллаа эгшиглүүлсэн бол бүр ч сайхан байсан даа гэж дотроо бодсоныг нуухгүй. Медаль авсны дараа Д.Дагвадорж аварга намайг өргөж зураг авахуулсан нь мартагдашгүй дурсамж үлдээсэн. Гэхдээ зүгээр ээ, намайг дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээн, олимпийн олон наадам хүлээж байгаа. Энэ барилдаан миний шарыг улам малтаж, бэлтгэлээ сайн хийхэд ирлэн хурцалсан. Би одоо 21 настай. Цаашид олон сайхан амжилтаар та бүхнийгээ баярлуулах болно.
-Та нарыг үдэж мордуулахаас өмнө Стамбулын дэвжээ монголчуудад ээлтэй хэмээн спортын хорхойтнууд ярьж байсан…
-Стамбулын дэвжээнээс медаль авах бат итгэлтэйгээр Туркийг зорьсон. Миний хувьд он гарснаас хойш дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид, тивдээ дээгүүр байр эзэлдэг өрсөлдөгчдийн ихэнхийг Гранпри, Азийн АШТ, эх орондоо зохиогдсон “Mongolian Open”-д ялсан. Тиймээс миний үе ирчихсэн байна гэж дүгнэх болсон юм. ДАШТ-ээс заавал медаль авна гэж бодсон. Нөгөө талаар Турк надад ээлтэй. 2008 онд тэнд болсон Яшир Догугийн ОУТ, дараа нь залуучуудын ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртсэн. Саяны ДАШТ-д 1974 онд Монголын бөхчүүдийн бүтээсэн түүх давтагдах шахлаа.
-Чиний барилдааныг өрсөлдөгчид чинь бас судалсан нь мэдээж. Дархан мэхэнд чинь орох бөх тийм амархан олдоогүй байх?
-Тийм ээ. Ялангуяа ОХУ-ын бөх хөлд нэг их орохгүй байсан. И.Ярыгиний нэрэмжит ОУТ-д эзэн орны бөхийг нутагт нь ялсан юм чинь Стамбулд ч бас дийлнэ гэж бодсон юмсан. Өрсөлдөгчөө илт давуу ялах хэрэгтэйг сайтар ойлгосон.
-Намайг тив, дэлхий, олимпийн олон тэмцээн хүлээж байгаа гэж ярилаа. Олимпийн жинд хэзээнээс барилдах вэ?
-Олимпод оролцохыг, өндөр амжилт гаргахыг хүсэлгүй яахав. Багштайгаа ярьж байгаад 48 кг-д барилдах шийдвэр гаргаж, ҮШБ-т хүсэлт гаргасан. Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээнд түрүүлсний дараа энэ хүсэл бүр бэхэжсэн юм. Хоёрдугаар сард олимпийн эрх олгох Азийн АШТ болно. Түүнд оролцох төлөвлөгөөтэй.
-Дэлхийн аваргын мөнгөн медалиа хаана залсан бэ?
-Цомон дээрээ өлгөсөн.
-Самбо бөхөөр хичээллэдэг байсан аавынхаа нөлөөгөөр бөх болох замд орсон гэл үү?
-Аавын нөлөө бий. Би чөлөөт бөхөөр хичээллээд долоон жил болж байна. “Монгол алт”-аас тамирчны замналаа эхэлсэн. Ц.Баярсайхан багш надад анх энэ спортын тамирчин болох санал тавьсан юм. Ангийнхаа охидтой хамт чөлөөтөөр хичээллэдэг байлаа. Ганц л мэх хийж сурсан минь гарт эргэх. Энэ мэхээр олон өрсөлдөгчөө ялж билээ. 2004 онд Эрдэнэтэд “Олимпийн одод” тэмцээнд анх оролцохдоо алтан медаль хүртсэн. Нөгөө л ганц мэхээ хийсээр өрсөлдөгчдөө ялсан. Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн багшдаа их баярлаж явдаг. Багш маань бидэнтэй нэг хэсэг хотод байр хөлсөлж амьдарч байсан удаатай. Бидний төлөө бүхнээ зориулсаар ирсэн багшийгаа хүндэлж хайрлаж явдаг.
-Гарт эргэх мэхэнд анх суралцсан Отгоогийн одоо хийдэг дархан мэх юу вэ?
-Ихэвчлэн хөл авдаг.
-2011 оны ДАШТ-ийг хүртэлх медалийн жагсаалтаа эргэн харахад хамгийн дурсгалтай, сэтгэлд ойр буудаг тэмцээн?
-Бүх медальдаа хайртай. Эдгээрээс онцолбол залуучуудын ДАШТ-ий хүрэл, Ярыгиний нэрэмжит ОУТ-ий алтан медаль хүртсэн мөчөө дурсах дуртай. И.Ярыгиний тэмцээнд монгол эмэгтэйчүүдээс анх аваргалсан болохоор онцолж байгаа юм. Үндэсний шигшээ багт багтахын өмнө байгуулсан гэрээндээ дээрх тэмцээнд түрүүлнэ, ДАШТ-ээс медаль хүртэнэ гэж бичиж билээ. ҮШБ-ийн захирал Ц.Одонбаяр дарга үүнийг уншчихаад “Ямар том, сайхан зорилго тавьсан юм бэ? Хэдэн сарын дараа хоёулаа баяртай уулзъя” гэж хэлсэн. Хэлсэн амандаа хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
-Тэгэхээр ДАШТ-д зодоглохын өмнө урьдны барилдаануудаа нягтлан харжээ дээ?
-Мэдээж. Бусад тэмцээнд гайгүй оролцдог мөртлөө ДАШТ-д яагаад өсдөггүй юм бэ? Юун дээр алдаа гаргаж вэ гэдгээ нягтлан бодсон. Тайлангийн хурал дээр ч энэ тухай ярьсан юм. ДАШТ-д оролцохдоо яагаад ч юм, биеэ барьдаг байж. Одоо л барилдаж сурч байх шиг ээ. Саяны ДАШТ-д чөлөөтэй байсан.
-Чиний цаашдын зорилго юу вэ?
-Дэлхийн аварга болж, бүсийг нь зүүнэ, төрийн дууллаа эгшиглүүлнэ. Олимпод ч бас өндөр амжилт гаргахыг хүсэж байна.
-Тэгэхээр жингээ нэлээн хасах хэрэгтэй болох нь?
-Жингээ бага талд нь тогтоож байгаад аажмаар хасвал нэг их ядрахгүй байх. Би дээд тал нь 5 кг хасдаг.
-Клубийнхээ тамирчидтай бэлтгэл хийдэг үү?
-Бэлтгэл хийхдээ бие биедээ тусалдаг. ДАШТий өмнө 50 кг-д барилддаг Баярхүү гэж залуу бэлтгэл хангахад их тусалсан. Түүнд баярласан шүү.
-Бэлтгэлээ өдөр бүр хийдэг үү?
-Ням гаригт л амардаг. Энэ жил цугларалтад их гарсан нь үр дүнгээ өгсөн. Ер нь бэлтгэл хийхээс залхдаггүй. Энэ нь миний хообий ч юм шиг.
-Ноднин Дархан-Уул аймагт болсон УАШТ-д түрүүлж машинаар шагнуулсныг чинь санаж байна. Машин чинь ямар дугаартай билээ?
-Ирэх олимпийг бэлгэдэн 2012 дугаартай машин бэлэглэсэн юм. Машинаа одоо унаж байгаа.
-Хаанахын бөхчүүдийн барилдааны техник сонирхлыг чинь илүү татдаг бол?
-Болгар, Японы бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай. Хөнгөн жинд барилдах хэцүү л дээ. Хурдан хөдөлгөөн, уран мэх их шаарддаг.
-Ингэхэд аль сургуульд суралцдаг вэ?
-ҮБТС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан.
-Цаашдын тэмцээнд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг аав, ээж, спортын замд хөтлөн оруулсан Ц.Баярсайхан багш болон БТСГ, МЧБХ, “Хасу мегават” компани, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, гавьяат тамирчин Н.Бүргэдаа гуай, ҮШБ-ийн дасгалжуулагчид, нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Б.ӨЛЗИЙТОГТОХ Фотог Э.ХАРЦАГА
loading...




ter Dagvadorj geed amid burhand ni neg urguuleed uzchih ymsan gj bodogdood , yavchihlaa shuu hamgiin setgel hudulsun much gesniig ni unshaad haha
loading...