loading...
Даваа гаригт Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 127 орны 681 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьж байна. Азербайжаны рингэнд медалийн төлөө тулалдсан боксчин буюу жин тус бүрийн эхний найман байрт шалгарсан нь Лондонг зорих эрхтэй болох юм. ДАШТ-д эх орноо төлөөлөн тулалдах манай найман боксчин ямар сугалаа татсаныг сонирхуулья.
49 кг (48): Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA) энэ жилээс тамирчдын сугалааг хийхдээ дэлхийн чансааг үндэслэж, өндөр оноотой тамирчдаар хэсэг ахлуулдаг болсон. Дэлхийн аварга П.Сэрдамба өөрийн жиндээ гуравт бичигдэж байгаа учир хэсэг ахлан тулалдахаар болжээ. Тэрбээр эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд дараа нь Камеруны Томас Эссомбатай тоглох оноолт гарчээ. Камерун боксчин нь өмнөх тулаанд Алжирийн М.Флиссиг 17:8-аар буулгаж авсан юм. Сэрдамбын эхний тоглолт аравдугаар сарын 3-нд болно. Түүний хэсгийн хамгийн эвгүй өрсөлдөгч нь Европ тивийн аварга Армений Х.Даниелан болон Кубын Ё.Веитиа нар. Сэрдамба ялаад байвал энэ хоёрын нэгэнтэй нь медалийн төлөө тулалдах юм. Түүний хувьд одоо хоёр ялж байж олимпийн эрх, гурав ялбал медаль авна. Олимп, дэлхийн аварга Хятадын Зөү Шиминь сүүлийн хэдэн жил тэмцээнд бараг ороогүй учир дэлхийн чансаанд бичигдээгүй. Ингэснээр тэр эрэмбэ доогуур боксчидтой хамт сугалаанд орсон юм. Тиймээс энэ жингийнхэн түүнтэй таарчих вий гэж их эмээж байгаа. Тэр Сэрдамбаас зөрж, дээд зоонд бичигджээ.
52 кг (59): Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мөн л хэсэг ахалж байна. Тэр Монголын боксчдоос хамгийн түрүүнд рингэнд гарч, нэгийн даваанд Болгарын боксчин, Европын аваргын хүрэл медальт Стефан Ивановыг 22:15- аар хожлоо. Эхний үе нэлээн өрсөлдөөнтэй болж, манай хүн 7:6 гэсэн ялимгүй давамгайллыг бий болгосон. Харин хоёр дахь гурван минутад 6:4-өөр илүүрхсэнээс оноо 13:10 болжээ. Улмаар сүүлийн үед 9:5-аар давамгайлсан байна. Одоо Төгсцогт аравдугаар сарын 2-нд Энэтхэгийн С.Сингхтэй хоёрын давааны тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жил Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд аваргалсан юм. Тэрбээр өмнөх даваанд Унгарын З.Добрадиг 24:8-аар хожсон. Хэрвээ Төгсцогт эхний гурван өрсөлдөгчөө ялчихвал медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Оросын М.Алоянтай таарах магадлалтай. Манай хүн 2009 оны ДАШТ-ий хагас шигшээд орос боксчныг 8:7- гоор хожин финалдаж байсан билээ.
56 кг (57): Д.Отгондалай тэгшитгэлд орж, Армений Х.Бачковтай эхний тулаанаа хийлээ. Уг тоглолтын нэгдүгээр үед л Отгондалай 11:4- өөр илүүрхэж, ялалт байгуулах нь тодорхой болжээ. Улмаар энэ давамгайллаа цаг дуустал хадгалсаар 24:13-аар хожсон юм. Манай хүн одоо шилдэг 16-д үлдэхийн төлөө Данийн Д.Сеилантай нударга зөрүүлнэ. Түүний хэсгийн гол өрсөлдөгчөөр Энэтхэгийн А.Кумар, Ирландын Ж.Невин нар тооцогдож байна. Ирланд боксчны хувьд Бээжингийн олимпод манай Э.БадарУуганд ялагсаныхаа дараа ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн юм. Отгондалай энэ хоёрын аль нэгийг ялж байж олимпийн эрхээ авах учиртай.
60 кг (66): ДАШТ-д анх удаа хүч сорьж буй Б.Жавхлан нэгийн даваанд Колумбын С.Велларрагатай тулна. Түүнийг хожвол дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европ тивийн хошой аварга Оросын А.Селимовтой таарах юм. Дэлхийн аваргыг аргалж чадвал цаашаа медаль руу зүтгэх сайхан боломжтой харагдана.
64 кг (67): 2009 оны ДАШТ-ээс хүрэл авч, энэ жил тивийн аварга болсон У.Мөнх-Эрдэнэ жингийнхээ чансааны хоёрт бичигдэж байгаа. Хэсэг ахлан тулалдах тэрбээр нэгийн даваанд гоц мөргөжээ. Харин хоёр дээр Нигери, Сент Люсиягийн аль нэгтэй таарах аж. Түүний хэсэгт мэргэжлийн боксын дэлхийн аварга А.Ханы дүү Пакистаны Аамир Хан, олимпийн хүрэл медальт, Европ тивийн аварга Армений Х.Жавахян, энэ жил тивийнхээ аваргад аман хүзүүдсэн Мексикийн Х.Ромеро зэрэг эвгүй боксчид байна. Тиймээс олимпийн эрх болоод медаль хүртэх тоглолтууд нь амаргүй байх болов уу.
69 кг (63): Энэ жил 69 кг-д жин өгсөн тулалдаад тивийн аваргаас хүрэл авсан Б.Түвшинбат өчигдөр дэлхийн рингэнд анхны тулаанаа Армений С.Матевосяны эсрэг хийсэн. Хэрвээ түүнийг хожвол өмнөх дэлхийн аваргын мөнгөн медальт Оросын А.Замковойтой таарах магадлал өндөр. Орос боксчин нэгийн даваанд Нигерийн боксчинтой оноолт таарсан болохоор гараад ирэх нь тодорхой. Замковой 2009 онд хагас шигшээд дэлхийн хошой аварга С.Сапиевийг ялж, шуугиан тарьж байсан билээ. Түүний хэсэгт Кубын К.Бантеур, Францын А.Вастин гэсэн чанга боксчид багтжээ. Манай хүн маш хүнд сугалаа татсан гэж болно.
75 кг (67): Ази тивийн дэд аварга Т.Чулуунтөмөр Сербийн боксчин А.Дреновактай эхэлж тоглох сугалаа татжээ. Түүнийг хожвол Америк тивийн аварга Эквадорын Ж.Кортестэй таарах юм. Энэ боксчин өдгөө дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад 64 болон 75 кг-д бусдаас хамгийн олон буюу 67 боксчин оролцохоор болжээ.
81 кг (56): С.Эрдэнэбаяр Шинэ Зеландын Р.Папунитай эхний даваанд оноолт таарав. Түүний тоглолт өчигдөр болсон юм. Ялж чадвал Грекийн Э.Коэллингтай тоглох аж. Өнөөдөр Монголын боксчдоос гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, маргааш ОУХМ Б.Жавхлан, Т.Чулуунтөмөр нар ДАШТ-ий эхний тулаанаа хийнэ.
Г.БАЯРСАЙХАН
loading...




Togsoo chamd amjilt hvsii chi lag shvv chamaig Mongoliin toriin chini svld tushij bgaa chinii zurhend mongoliin omogshil asaj bgaa shuu amjilt
loading...
Ene Badaruugan yagaad delhiin avargad orsongui ve
loading...
sportiin web sait l geed bsan yamar ch um medeeleel alga uul n sportiin talaar tsag tuxaid n gargax yostoi bmaar utgaggui sait bna xaagbal taarna hmmmmmmmmmmmmmmm
loading...