Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » О.НАСАНБУРМАА: ЭРХ АВЧИХЛАА ГЭЖ ТАЙВШРАЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ УЛАМ САЙН ХИЙНЭ

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн ДАШТ-д манай охид өндөр амжилт гаргаж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. ОУХМ О.Насанбурмаагийн хувьд хүрэл медаль авсан ч гэсэн ширүүн өрсөлдөөн дүүрэн олимпийн жинд зодоглож, дэлхийн шилдгүүдийг хожиж авсан гэдгээрээ онцлог. Энэ нь түүний ДАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль. Тэрбээр 2007, 2008 онд хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-ээс хүрэл, мөнгөн медаль хүртсэн бол 2008 онд насанд хүрэгчдийн өрсөлдөөн дундаас медаль олзолж ирсэн билээ. Харин одоо бүр олимпийн жинд медаль авч, өөрийгөө дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ нотлон харууллаа. Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороо, “Алтай констракшн” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин О.Насанбурмаагийн ярилцлагыг хүргэе.

-Энэ жил ДАШТ-ээс өмнөх амжилт ямархуу байв? Бэлтгэл сургуулилт таарсан уу?

-Он гараад цуврал тэмцээнүүдэд нэлээн явсан. Иван Ярыгиний тэмцээнээс хүрэл медаль авч, Улаан-Үдэд болсон тэмцээнд түрүүлсэн. Мөн Дэлхийн цомд орсон. Францад бас нэг тэмцээнд оролцож, хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Дотооддоо бол нээлттэй УАШТ-д орж түрүүлсэн. Дараа нь жин бүрийн эхний зургаад орсон тамирчдын дунд сорилго тэмцээн болоход бас түрүүлсэн. Бэлтгэлийг өөрийнхөө хувьд боломжийн хангасан. Ер нь манайхан бэлтгэлээ багш, дасгалжуулагчдын гаргасан хуваарийн дагуу хийдэг.

-Чи өмнө нь ДАШТ-д нэг бус удаа орж, медаль ч авч байсан. Энэ жилийн хувьд ямархуу амжилт үзүүлнэ гэсэн бодолтой оров?

-Би 2008 онд 67 кг-д хүрэл медаль авсан. Харин ноднин 63-д ороод мултарсан юм. Тиймээс энэ жил ямар ч байсан олимпийн эрх авахыг эхний зорилгоо болгосон. Тэгээд эрхээ авсны дараа маш их баярласан. Т.Сүхбаатар багш намайг эрхээ авсны дараа “Миний хүү одоо нэгэнт эрхээ авчихсан юм чинь санаа зовох юмгүй сайхан барилдаарай” гэж захисан. Тэр дагуу барилдаад хүрэл медаль авлаа.

-ДАШТ-д хийсэн барилдаануудаа эргээд дурсвал?

-Манай жинд 45 тамирчин оролцсон. Миний орж байсан тэмцээнүүдээс хамгийн олон хүнтэй нь энэ жилийн ДАШТ. Би эхний тойрогтоо хийлээд хоёрдугаар тойрогт Румыний бөх Панаитттай барилдсан. Эхнийх болоод ч тэр үү нэлээн хүнд барилдаан болсон. Дараа нь Оросын Л.Волосова гэж бөхтэй таарсан. Энэ тамирчин ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэлтэй, ер нь медалиас мултардаггүй бөх. Дараа нь Венесуэлийг хожоод мөнгөн медалийн төлөө Унгарын М.Састинд хожигдсон.

-Тэр Унгарыг аргалж болсонгүй юу?

-Уг нь хожно гэсэн итгэлтэй гарсан. Гэхдээ болсонгүй. Хожигдчихоод гарч ирэхэд эвгүй байсан л даа. Багшдаа нэлээн загнуулсан. Гэхдээ багш удалгүй “За миний охин одоо энэ барилдаанаа битгий бод. Олимпийн эрхээ авчихлаа. Одоо хүрэл медалиа авчих” гэсэн. Багшийг тэгж хэлэхээр баярлаад урам орсон.

-Хүрлийн төлөө барилдсан Ардчилсан Солонгос ямархуу бөх байна?

-Ер нь Ардчилсан Солонгосын бөхчүүд эрэгтэй, эмэгтэйгүй сайн. Бүгдээрээ шагайгаар хөл авдаг, хурдтай, тэсрэлттэй. Би энэ бөхийг Азийн аваргын үеэр харж байсан юм. Түүнийг хоёр үед 1:0, 1:0-ээр хожсон. Би энэ жил яагаад ч юм их тайван байлаа. Өнгөрсөн жил нэг л догдлоод, түүнээсээ болж санасандаа хүртэл барилдаж чадаагүй юм. Тэмцээний дараа багш нартайгаа сайн ярилцаад сул талуудаа засах гэж нэлээн ажилласан. Ингэсний хүчинд энэ медалийг авсан болов уу гэж бодож байна.

-Өмнө нь авсан хүрэл, саяны медаль хоёрын хооронд нэлээн ялгаатай байх?

-Би 2008 онд энэ удаагийнхаас илүү баярлаж байлаа. Анхных, тэгээд арай жаахан байсан болохоор тэр үү гэр рүүгээ яараад, их догдолсон. Сая бол арай гайгүй. Мэдээж дэлхийгээс медаль авч, олимпод оролцох эрхтэй болсондоо баярлалгүй яахав. Тамирчин болж, энэ спортоор хичээллэснийх олимпод оролцоно гэдэг ховорхон олдох аз завшаан.

-Олимпод хүч сорихын тулд жин хасч 63 кг-д орсон уу?

-Олимпод оролцож үзье гэж бодоод 63-д барилдах болсон. Миний эгч, ОУХМ Мягмарсүрэн бас 63-д барилддаг байсан. Эгчийгээ залгамжлаад энэ жинд барилдаж байна. Би жин нэг их хасдаггүй. Ихдээ л таван кг хасдаг. Би ер нь багын өсгөлүүн биетэй хүүхэд байсан. Анх 2003 онд секцэнд орж байхдаа 57 кг байсан. 2005 оны ДАШТ-д 63 кг-д барилдсан юм. Тэгээд жингээ хасахгүй гээд 2008 онд 67-д орсон. Харин өнгөрсөн жилээс 63-даа барилдаж байна.

-Энэ жинд хаанахын бөхчүүд давамгайлж байна. Олимпод хаанахын тамирчин ширүүн өрсөлдөх бол?

-Олимпод цөөхөн тамирчин ордог.Өмнө нь нэг жинд 12 тамирчин оролцдог байснаа Бээжингийн олимпод 16 болсон юм. Бүгдээрээ энд тэндээс шилдэгдэж ирсэн болохоор энэ нь сайн, тэр нь муу гэж хэлэх аргагүй. Тухайн үед хэн илүү толгойгоо ажиллуулсан нь, хэн илүү бэлтгэл хийсэн нь л ялна.

-Чиний жинд барилддаг Японы К.Ичо сая ДАШТ-д долоо дахиа түрүүллээ. Түүнтэй өмнө нь барилдаж байсан уу? Ялахын аргагүй хүн юм уу?

-Чөлөөтөөр хичээллэж эхлээд удаагүй байхдаа хамтарсан бэлтгэл хийж байсан. Сая И.Ярыгийн тэмцээн дээр таараад хожигдсон. Би жаахан байхдаа энэ мундаг тамирчинтай барилдаж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Харин одоо бол энэ хүнийг ялахын төлөө бэлтгэл хийж байна. Мэдээж ялагдахын аргагүй хүн гэж байхгүй. Гэхдээ түүнийг ялдаг болохын тулд маш сайн бэлтгэх хэрэгтэй. Цаашдаа олон таарах байх аа.

-Сүүлийн үед манай эмэгтэйчүүд өндөр амжилт гаргаж байна. Гэхдээ энэ нь цаашдын том амжилтын зөвхөн эхлэл нь гэж би боддог юм.

-Манай охид дэлхийд хүчтэй гарч ирж байна. Монголдоо маш ширүүн өрсөлдөөнтэй. Эндээс шалгараад явсан нь дандаа медальтай ирдэг. Энэ бол үнэхээр бахархмаар явдал. Эмэгтэй бөх 1999 оноос Монголд хөгжсөн гэхэд асар богино хугацаанд амжилт гаргаж байна. Энэ нь монгол хүний генидээ байдаг байх. Бас биднийг бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа багш дасгалжуулагчид, бидний төлөө сэтгэл зовниж буй холбооны удирдлагууд, БТСГ, МҮОХ, ивээн тэтгэгч байгууллага зэрэг олон хүний хамтын үр дүн юм. Тэдэндээ баярлаж явдгаа хэлье. Одоо дэлхийд түрүүлж байгаа Японы бөхчүүд гэхэд гурван настайгаас нь бэлдсэн байдаг. Ингээд бодохоор 20 гаруй жил барилдаж байж ийм амжилт гаргаж байна. Гэтэл манай охид 3-5 жил хичээллээд л дэлхийгээс медаль авч байна.

-Чи сая ДАШТ-д явахын тулд ноднингийн дэлхийн аварга С.Батцэцэгийг ялсан. Тэгэхээр чиний жинд өрсөлдөөн ширүүн байна шүү.

-Манай жинд дандаа нэг үеийн охид байгаа. Ихэнх нь залуу тамирчид. Ер нь тэнцүүхэн 5-6 охин бий шүү. Нэг тэмцээн болоход хэн сайн бэлтгэлтэй нь түрүүлнэ. Ганц С.Батцэцэг гэлтгүй сайн хүн зөндөө байна. Өмнө нь эмэгтэй хүүхэд барилдаж болохгүй гэдэг байсан бол одоо өөр болсон. Ер нь өрсөлдөгч сайн байна гэдэг тухайн тамирчны амжилтад маш том нөлөөтэй байдаг.

-2008 онд чамайг ДАШТ-ээс медальтай ирсэн ч гавьяат тамирчин цол өгөөгүй. Тухайн үед гомдож байв уу?

-Надад яагаад гавьяат өгөөгүйг би мэдэхгүй. Намайг дахиад илүү амжилт гаргана гэж итгэл хүлээлгэснээс тэр байх. Ер нь гавьяат болсонгүй гээд сэтгэлээр унааад, гомдсон юм байхгүй. Цаг нь болохоор авах байлгүй дээ.

-Одоо тэр цаг нь ирсэн юм биш үү?

-Энэ тухай хэлж мэдэхгүй байна. Авсан хойноо л авлаа гэж итгэе. Ер нь гавьяат гэдэг нэр хүндтэй, сайхан цол. Багш надад “Тамирчин хүн ямар ч амжилт гаргаж болно. Тэр амжилтаа бататгаад, дахин тэр дайны барилдана гэдэг илүү хэцүү байдаг юм шүү” гэж хэлж байсан. Тэр үгийг их боддог юм. Гэхдээ төр засаг намайг зөндөө шагнасан. “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байлаа. Манай найз ууд намайг “Чи хөгшрөхөөрөө эмээ нь залуудаа барилдаж явлаа гээд энгэрээрээ дүүрэн одонтой сууж байна” гээд шоолдог юм.

-Өнөөдрөөс эхлээд олимпийн бэлтгэлээ базаах уу?

-Би хэдийгээр олимпийн эрх авсан ч гэсэн олимпод шууд оролцоно гэсэн үг биш. Тухайн үед хэн сайн бэлтгэлтэй байгаа нь л олимпод явна. Тиймээс эрх авчихлаа гэж тайвшралгүй бэлтгэлээ улам сайн хийнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Олимпод хүссэн амжилтаа үзүүлээрэй гэж ерөөе.

-За баярлалаа.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: