Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Н.ТӨГСЦОГТ ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ

GD Star Rating
loading...

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор манай долоон боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаагаас гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр ялж, олимпийн эрхийн төлөө тоглохоор болжээ.

49 кг: Аваргаа хамгаалан тоглож буй П.Сэрдамба эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд өнөөдөр хоёрын давааны тоглолтоо Камеруны Т.Эссомбагийн эсрэг хийнэ. Түүний өрсөлдөгч нь эхний тоглолтдоо Алжирын М.Флиссиг 17:8-аар хожсон юм. Сэрдамба түүнийг хожвол маргааш олимпийн эрхийн төлөө Аргентин, Колумбын аль нэгтэй нударга зөрүүлнэ.

52 кг: Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр дараалан ялж, шилдэг 16-д үлдээд байна. Тэрбээр эхлээд Болгарын С.Ивановыг 22:15 (7:6, 6:4, 9:5)-аар хожсон. Харин өчигдөр жингийнхээ эвгүй өрсөлдөгчдийн нэг, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн С.Сингхийг хүнд хэцүү тоглолтод буулган авчээ. Тоглолтын эхний үед манай хүн 5:4-өөр давамгайлсан ч дараа нь долоон оноо авч, есийг алдсан. Ийнхүү нэг оноогоор хожигдож эхэлсэн эвгүй нөхцөлд гуравдугаар үеийн тулаанаа хийж, 5:1-ээр давамгайлснаар эцсийн дүндээ 17:14-өөр хожжээ. Төгсцогт маргааш олимпийн эрхийн төлөө эзэн орны боксчин Э.Мамишзадетай тоглох юм. Түүний өрсөлдөгч нь 1991 онд төрсөн бөгөөд өнгөрсөн жил Москвад болсон Европын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилттай.

56 кг: ОУХМ Д.Отгондалай эхний даваандаа Армений Х.Бачковыг 24:13- аар ялсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Манай тамирчин өнөөдөр шилдэг 16-д үлдэхийн төлөө БНСУ-ын Ли Жин Ёнгтой тоглох аж. Отгондалай өнгөрсөн наймдугаар сард болсон Азийн АШТий хагас шигшээд түүнийг нутаг дээр нь ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч байв. Тэр Солонгосыг дахин хожиж чадвал Ирландын Ж.Невин, Энэтхэгийн А.Кумар хоёрын нэгэнтэй олимпийн эрхийн төлөө тулалдана.

60 кг: З.Энхзоригийг ялж, гэрт нь үлдээсэн ОУХМ Б.Жавхлан ДАШТ-ий рингэнд хийсэн эхний тулаандаа Колумбын С.Вилларрагаг 15:11 (3:2, 4:3, 8:6)- ээр давамгайлж, 32-д үлдсэн. Жавхлан өнөөдөр 16-д үлдэхийн төлөө Венесуэлийн Э.Манзаниллатай нударга зөрүүлнэ. Уг нь тэр энэ даваанд дэлхийн аварга, Оросын А.Селимовтой тулалдах байв. Гэтэл ур чадвараар тааруухан венесуэл эр түүнийг тэмцээнээс мулталж шуугиан дэгдээв. Ингэхдээ өөрийн хүчээр бус, багахан жүжиглэлтийн ачаар хожил авсан. Тэрхүү тоглолтод Селимов хол тасархай хожиж явсан боловч рингний шүүгч түүнийг бүсэлхийнээс доогуур цохисон хэмээн торгосон.

Өнөөх венесуэл нь үүнийг овжин ашиглаж, эмзэг газраа даран хэвтээд байсан тул дүрэм ёсоор Селимовыг шууд хожигдсонд тооцжээ. Ялалтаа шударга бусаар алдсан оросууд тэр дор нь протест бичсэн боловч тусыг олсонгүй. Өдгөө AIBA-гийн хүрээнд тэрхүү тоглолт бөөн дуулиан дэгдээгээд байна. Гэхдээ орос бус, венесуэл гараад ирсэн нь манай Жавхланд ашигтай билээ. Манай хүнтэй тоглох Манзанилла 26 настай бөгөөд 2008 онд AIBA-гийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

64 кг: Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Камеруны Б.Смаилаг 20:10 (7:3, 6:3, 7:4)-аар хожиж, гараагаа сайхан эхэлсэн. Өчигдөр тэр тэмцээний хоёр дахь тоглолтоо Сент Люсигийн Л.Марчеллиний эсрэг хийсэн. Түүнийг хожвол (ер нь хожих нь тодорхой) маргааш олимпийн эрхийн төлөө Пакистаны А.Хан, Ираны М.Толутибандпи нарын аль нэгтэй тулалдах аж.

69 кг: ОУХМ Б.Түвшинбат Армений С.Матевосяныг 21:11 (7:3, 6:3, 8:5)-ээр хожиж, 32-д үлдсэн. Тэрбээр өчигдөр хоёрын давааны тулаанаа Оросын боксчин, ДАШТ-ий мөнгөн медальт А.Замковойгийн эсрэг хийсэн.

75 кг: ДАШТ-ий талбарыг орхисон анхны боксчин нь Т.Чулуунтөмөр боллоо. Гэхдээ манай хүн энэ тэмцээнд тун сайн тоглосныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрбээр эхлээд тэгшитгэлд орж, Сербийн А.Дреновактай тулалдсан бөгөөд гурван үеийн дараа хоёр боксчны оноо 21:21 (6:8, 6:5, 9:8) болон тэнцжээ. Манай хүн эхний үед хоёр оноо дутуу явсан ч дараагийн хоёр үед тэнцүүлж чадсан юм. Ингээд туслах оноо тоолоход серб боксчинд ялалт ирсэн байна. 81 кг: ОУХМ С.Эрдэнэбаяр Шинэ Зеландын Р.Папуниг 18:10 (5:4, 6:2, 7:4)- аар хожсон бөгөөд өчигдөр хоёр дахь тулаанаа Германы Э.Коэллингийн эсрэг хийсэн. Түүний өрсөлдөгч нь 21 настай, 2008 онд өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль авч байв.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Н.ТӨГСЦОГТ ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. eegii says:

    sain bn amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: