loading...
Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх барилдаан амжилттай болж, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Уг барилдааны зохион байгуулалт болон бусад зүйлийг сонирхохоор МҮБХны тэргүүн Р.Нямдоржтой уулзаж ярилцлаа.
-Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх барилдаан сайхан болж өндөрлөлөө. Барилдааны үр дүн, зохион байгуулалт та нарын анх төсөөлсөн хэмжээнд хүрч чадсан уу?
-Анх 4096 бөх барилдана гэж байгаад 6002 бөх барилдсан явдал бол Монгол бөхийн талаар хүмүүсийн ойлголт өндөр түвшинд байгааг харуулж байна. Мөн тухайн үйл ажиллагааг өндөр үнэлж байгаагийн баталгаа боллоо гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр энэ үйл ажиллагааны үеэр бидэнд илүү мэдрэгдсэн зүйл бол монгол бөхийн эрэмбэ, дэг ёс хаана ч байхгүй чухал зүйл байна. Тухайлбал, 6000 бөхийг бид цэнгэлдэхийн зургаан секторт суулгаад зураг авлаа. Тэгэхдээ та нар ингэж суух ёстой гэж сургуулилт хийгээгүй. Мөн бүх бөхчүүд зургаа авахуулчихаад дөрвөн хаалгаар гарахад улсын цолтой бөхчүүд түрүүлж, бусад нь араас явна гэдгийг урьдчилан бэлдээгүй. Яг л тэр өдрөө микрофоноор удирдаад хийсэн. Гэтэл үнэхээр гайхамшигтайгаар дэг журмандаа орсон. Энэ нь Монгол бөхөд агуулагдаж байгаа эрэмбэ дэг, ёс жудгийг харуулж байгаа юм. Товчхондоо бол зохион байгуулалт санасан хэмжээнд хүрч чадлаа.
-Барилдааныг зохион байгуулах явцад хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Манайхан аливаа юмны цагийг нь тулгадаг зантай улс. Бид наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 12 хүртэл Улаанбаатарт байгаа бөхчүүдийг бүртгээд 10- 15 хүртэл хөдөө аймгуудаас ирэх бөхчүүдийг бүртгэнэ гэж хуваарь гаргасан. Улаанбаатарт байгаа бөхчүүдийн бүртгэл есдүгээр сарын 10 гэхэд төлөвлөж байснаас хамаагүй их болоод 4000 гараад явчихсан болохоор бид 3000 дээр бүртгэлийг зогсоосон. Тэгээд 10-наас эхлээд хөдөөгийн бүртгэл явсан. Тэгэхэд 14, 15-ны өдрөөс эхлээд ачаалал маш их нэмэгдсэн. Зарим өдөр 900, сүүлийн өдөр 1700 бөх бүртгүүлэх жишээтэй. Тэнд бүртгүүлэхийн тулд бөхчүүд өглөөний зургаан цагаас эхлээд оочерлосон. Тэгээд зарим нь багтаж чадалгүй хасагдлаа. Мэдээж нэг өдөр 1700 хүн бүртгэх нь хүндрэлтэй байсан. Маш олон хүн хүч, зурагчин, компьютер ажиллуулж байж энэ ажлыг дуусгалаа.
-Барилдааныг зохион байгуулахад хөрөнгө мөнгөний эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Та бүхэн энэ асуудлаа яаж шийдэв?
-Бид 250 орчим сая төгрөгөнд багтаана гэж төлөвлөсөн. Энэ мөнгийг бүрдүүлэх нэг ажил нь дэмжигчдийн бүртгэл байсан. Ингэхийн тулд 50 мянган төгрөгөөр дэмжиж оролцох 2000 хүнийг бүртгэе гэсэн. Гэхдээ энэ тоо төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй, 750 гаруй хүн бүртгүүлсэн. Бид хандив гэж зарлаагүй. Хэрвээ ард түмнээсээ хандив цуглуулсан бол тодорхой хэмжээний мөнгө цугларах л байх. Гэхдээ дараа нь ард түмний өгсөн их мөнгийг Нямдорж тэргүүтэй нөхдүүд идэж уулаа гэсэн яриа гардаг. Харин дэмжигчдийн бүртгэл бол хяналттай зүйл. Энд бүртгүүлсэн хүмүүсийн зурагтай тусгай номыг бид гаргана. Тиймээс хэн ч ирээд шалгасан бүх зүйл нь ил байгаа. Хоёрдугаарт бид компани, хувь хүмүүсээс дэмжлэг авсан. Тухайлбал, нэлээн хэдэн газар зодог, шуудаг хийгээд өгсөн. Хоёр газар баримтат кино хийж өглөө. Энэ бүхэн чинь цаанаа мөнгө шүү дээ.
Хүмүүс анзаарсан бол ТВ9 телевизээр “Монгол бөх Гиннест” гэсэн цуврал нэвтрүүлэг явсан. Тэр нэвтрүүлэгт оролцсон хүн бүр таван сая төгрөг өгсөн. Мөн Нийгмийн гэгээрэл сангаас нэг, хоёрын даваанд унасан бүх бөхчүүдэд “Амьдралаас суралцах бичиг” гэсэн дурсгалын зүйл үнэгүй өгөх жишээтэй. Саяын миний ярьсан бүх зүйлээс 200 орчим сая төгрөг бүрдүүлсэн. Харин барилдааны нээлт болоход Монгол улсын Ерөнхий сайд ирж оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд барилдааны зохион байгуулалтын ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Тэгээд бид нар бөхийн бай мөрий, засуул цэцийн цалинд шаардагдах 110 сая төгрөгийг олгож өгнө үү гэж хүссэн. Засгийн газрын хуралдаанаар тэр мөнгөний хагасыг нь буюу 54 сая төгрөгийг олгосон. Ийм маягаар төлөвлөсөн зардлаа олсон доо. Цаана нь 20-30 сая төгрөг дутсан. Тэрийг нь манай холбоо өөрийн хөрөнгөнөөс гаргасан.
-Энэ барилдааныг Гиннесийн номд яг ямар нэр, заалтаар бүртгэж байгаа юм бол? Хаалтын үеэр Гиннесийн төлөөлөгч нь Хамгийн олон бөх барилдуулсан Монгол бөхийн барилдаан гэж зарласан. Тэгэхээр дэлхий даяарх бөхийн барилдаан биш, зөвхөн монгол бөхийн барилдаан гэдэг утгаараа бүртгэгдсэн юм уу?
-Дэлхийд хамгийн олон бөх барилдуулсан тохиолдол гэдэг утгаараа бүртгэгдэж байгаа юм. Түүнээс зөвхөн монгол бөхийн барилдаан гэсэн үг биш. Гэхдээ батламжид тоо тодорхой заагаагүй байгаа. Учир нь анх бид 4096 бөх барилдуулна гэж захиалга өгсөн. Явцын дунд 6002 бөх болчихлоо гэж асуудал тавьсан. Цаанаас 6002 бөхийг шууд батлах боломжгүй, тиймээс тодорхой материал бүрдүүл гэсэн. Бид түүнийг нь бүрдүүлсэн. Одоо бидэнд 6002 бөх барилдаж, дэлхийн дээд амжилт тогтоолоо гэсэн сертификат дахин ирнэ.
-Энэ барилдааныг бүртгэсэн Гиннесийн ном хэзээ хэвлэгдэж гарах бол?
-Ер нь 2012 оны номын захиалгыг энэ оны наймдугаар сараар тасалбар болгодог юм байна. Тиймээс манайх 2013 оныход орно гэсэн үг.
-Оролцсон бөхчүүдээс хамгийн хамгийнийг нь тодруулсан у? Барилдааны талаарх зарим тоо баримтуудаас сонирхуулна уу?
-Бид барилдсан 6000 бөхийнхөө оноо данс бүхий ном гаргах юм. Тэр номондоо чиний хэлж байгаа зүйлийг оруулна. Гэхдээ материал дээрээ ажиллана гэж нэг, хоёр сарын юм болно. Ямар ч байсан хамгийн ахмад нь 80 настай сумын заан хүн орсныг би мэдэж байгаа. 70 гаруй настай хүн бол нэлээн олон байсан. Бага нас гэвэл бид 16 настай хүүхдийг бүртгээгүй. 17-гоос дээш насны, 170 смээс дээш өндөртэй сурагчдын төлөөллийг оруулна гэж заасан. 17-той залуус бол олон орсон. Бид нар анх зэвсэгт хүний анги, нэгтгэлүүдээс 1000 орчим хүн барилдах байх гэж төлөвлөсөн. Тэд ч ийм бодолтойгоор бөхөө бэлдсэн. Сүүлдээ багтахаа болиод 400 гаранг авсан. Бас дунд сургуулиудаас дөрөв, таван зуун сурагч авах байх гэж тооцож байснаа сүүлд 200 болгох жишээтэй.
Хэрвээ та нар харсан бол нэгийн давааны дунд хэсэгт маш өрсөлдөөнтэй барилдаанууд гарсан. Одоо улсын алдар цолтой амьд сэрүүн 200 гаруй бөх байдаг. Саяын барилдаанд эдний 154 нь зодоглолоо. Мөн аймгийн алдар цолтой 800 орчим, сумын цолтой бөх 2000 байсан. Ингээд бодохоор 6000 бөхийн тэн хагас нь Монгол бөхийн цолтой бөхчүүд зодоглсон. Тэгээд бусад нь залуучууд. Гэхдээ залуучууд гэдэг дотор биеийн тамирын дээд сургуулиудад сурч байгаа ирээдүйн бөхчүүд, монгол бөхийн шандастан, цэргийн анги байгууллагынхан орсон. Цэргийн ангиудаас хугацааны цэрэг бараг ороогүй, дандаа офицер, ахлагч нар байсан.
Ерөнхийдөө дандаа барилддаг улсууд оролцсон. Түүнчлэн бидний урьдчилан гаргасан тоогоор 322 сумаас бөх ирсэн байна лээ. Хүмүүс монгол бөхийг хоёр нүцгэн хүний ноцолдоон, эд нар нийгэмд соёлыг бүтээхгүй байна гэж шүүмжилдэг. Гэтэл үнэндээ монгол бөх гэдэг бол Монголыг монголоор нь байлгаж байгаа асар чухал зүйл юм. Үндэсний ёс заншил, соёлыг тээгч нь бөхчүүд юм. Тийм том соёлоо монголчууд маш их хүндэлдэг нь энэ үеэр тод харагдлаа.
Г.БАЯРСАЙХАН
loading...



