loading...
Бразилийн Сан-Паулуд гараагаа эхэлсэн өндөр зэрэглэлийн, уламжлалт “Том дуулга” тэмцээний эхний тойргийг хошуучилсан В.Иванчукийг дараачийн шатанд оролцохоор нисэх буудалруу явахаар завдан байрлаж асан харшныхаа дэргэд такси барихаар зогсож байхад нь зэвсэглэсэн этгээдүүд довтлон дээрэмджээ.
Дээрэмдэгдсэн эд зүйлсийн хамт эхнэрийн нь паспорт алдагдсан тул В.Иванчук: “Хэрэв гэргий маань надтай хамт Испанид очихгүй юм бол би тэмцээнээ цаашид үргэлжлүүлэхгүй” хэмээн мэдэгдснийг Бразилийн тал анхааралдаа авч гэргийг нь Украинруу буцааж паспортоо сэргээлэх бололцоо олгосноор асуудал шийдвэрлэгдсэн байна.
Ийнхүү Испаний Бильбаод явагдаж буй 2 дахь шатны тэмцээнд хугацаандаа амжин оролцсон тэрбээр сэтгэл санааны хатуужилтайгаа харуулж эхний тавилдаа Х.Накамураг ялжээ.
Хожилд 3, тэнцээнд 1 оноо өгөх, тоглогчид тэнцээ тохиролцохыг хориглосон журамтай, хоёр тойргийн энэ тэмцээний 8 тавилын дараа В.Иванчук 14, М.Карлсен, Х.Накамура нар 11, В.Ананд 9, Л.Аронян 8, Ф.Вальехо 7 оноотой байна.
loading...



