Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » УЛСЫН НАЧИН СҮХБААТАРЫН БАТСУУРЬ: Илүү сайн барилдаж, багшийнхаа ачийг хариулна

GD Star Rating
loading...

Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын шинэ начин Сүхбаатарын Батсуурийг “ТЦийн бөхийн өргөө” буландаа урин уулзаж ярилцлаа. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар улсын начин Б.Насандэлгэр, П.Ганхүү, аварга О.Балжинням нарыг давж, улсын цолтны өнөр бүлд багтсан юм.

-Шинэ начин маань бөхийн замд хэрхэн хөл тавьж байсан бол?

-Би 1982 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Сумандаа наймдугаар анги дүүргэсэн. Анх долдугаар ангид байхаасаа л бөхийн аманд гарч эхэлсэн юм. Манай аав аймгийн арслан хүн. Сумынхаа наадмын бөхийн гарын даа хийнэ. Тэгээд намайг аманд гаргадаг байлаа. Тэгж л барилдаж эхэлсэн дээ.

-Секц дугуйланд явж, тууштай хичээллэж эхэлсэн үе хэзээ вэ?

-2004 онд улсын наадмын галд гарснаас хойш тууштай хичээллэх болсон доо. Тухайн үед бөхийн барьц гэж юу байдаг юм, яаж барилдах вэ гэх зэргээр бүгдийг заалгаж байлаа.

-22 настайдаа тууштай барилдаж эхэлсэн гэхээр нэлээн оройтож хичээллэж дээ. Тэр үеийг хүртэл хаана, юу хийж байсан бэ?

-Би сумынхаа найман жилийг дүүргээд аймгийн төвд арваа төгссөн. Тэгээд 2000 онд оюутан болоод 2004 онд банк санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн. Сургуулиа төгсөөд арван хэд хоноод бөхийн галд гараад, тэр жилдээ Дарханы наадамд үзүүрлэж, аймгийн заан болсон юм. Анх хотод ирж, оюутан болсныхоо дараа О.Одгэрэл заан дээр ирж, хүчний бэлтгэл хийж байсан. Хоёрдугаар курст байхдаа сумынхаа наадамд түрүүлсэн.

-Бөхийн галд анх удаа гарахад ямар санагдаж байв?

-Юу ч мэдэхгүй хүүхэд бөхийн гэр бүлд ороод ирэхээр гоё л санагдаж байлаа. Эндээс би бөхчүүдийн эрэмбэ, цолыг хүндлэх ёс, хүмүүсийн хоорондын харьцааг сурч авсан. Одоо ч суралцаж байна.

-Аймгийн заан цол яаж авсан тухайгаа ярьж өгөөч? Тухайн үед ийм том цол санаанд чинь багтаж байв уу?

-Юун цол авах, ямар ч байсан аймгийн наадамд барилдаад үзье гэсэн бодолтой л байсан. Уг нь би сургуулиа төгсчихөөд нэг газар ажилд орох гэж байсан юм. Г э т э л намайг намраас ирээрэй г э э д явуулсан. Тэр хооронд бөхийн бэлтгэл хийгээд үзье гэж шийдээд байсан үе. Тэгээд Дарханы наадамд яваад очлоо. Намайг тэнд тоож байгаа хүн ч алга. Заал танхимд нэг ч гарч байгаагүй болохоор таних хүн үгүй. Ямар ч байсан нэг даваатахлаа. Тэгсэн хоёр дээр нэр дууддаггүй ээ. Очоод асуусан чинь нэг аймгийн начныг заагаад энэнтэй барилд гэлээ. Тэрнийгээ давчихав. Гурвын даваа эхлээд хүмүүс ам авсан чинь намайг амладаггүй.

Манай аймгийн начин Батаа бид хоёр тунасан. Тэгээд гурав давчихсан. Дөрвийн давааны оноолтоор нэг аймгийн заантай таарч давсан. Тавын даваанд бас нутгийнхаа Болд гэж залуутай тунасан. Манай хүн тэр үед өсвөр, залуучуудын улсын аварга болчихсон, сайн байсан юм. Тэгээд гарч барилдаад давсан даа. Тэр үед тав давж аймгийн начин болчихоод маш их баярлаж билээ. Ийм цол авна гэж зүүдлээ ч үгүй амьтан явж очоод н а ч и н болчихсондоо итгэж өгөхгүй байв. Намайг суманд байхад аймгийн цолтой бөх гэхээр аймаар сонсогддог байлаа. Гэтэл өөрөө тэр цолыг нь авчихдаг. Начин болчихоод “Одоо боллоо. Энэнээс илүү яахав” гэж бодсон. Гэтэл зургаагийн даваанд дахиж тунаад давж, аймгийн заан болсон доо. Харин үзүүр, түрүүнд Дарханы Батбаяр гэж залуутай нэлээн маргаантай барилдаад унасан.

-Аймгийн заан болсон хүн нөгөө хийх гэж байсан ажлаа орхисон уу?

-Бөхийн бэлтгэл хийгээд, аймгийн заан болчихоор юун тэр ажилд орох, бодогдохгүй байгаа юм чинь. Наадмын дараа нутаг руугаа явж ирчихээд намар нь О.Одгэрэл ахтай хамт циркийн бэлтгэл нэг хэсэг хийсэн. Болдням гэж самбын дэлхийн аварга болж байсан ахтай хамт гурвуулаа хүч тамирын үзүүлбэрийн бэлтгэл хийдэг болсон. Тэр өвөлжингөө циркийн бэлтгэл хийгээд хавар нь Япон руу үзүүлбэрээр явж байлаа.

-Циркээр хэр удаан явсан бэ?

-Нэг их удаагүй ээ. Хоёр, гурван жил хийгээд сүүлдээ ү н д э с н и й бөхөөрөө дагнаж хичээллэх болсон. Олон юм руу зэрэг гүйгээд байхаар аль ч үгүй хоцрох гээд байсан ю м . Т э г э э д бөх рүүгээ а н х а а р л а а хандуулсан даа.

-Хэзээ аймгийн арслан болсон бэ?

-Би аймгийн заан цолыг их хурдан авсан хэрнээ арслан болох гэж нэлээн удсан шүү. 2005 онд анх улсын наадмаар барилдаж хоёр даваад улсын арслан Д.Ганхуягийг начин цолтой байхад нь унасан. Ер нь аймгийн заан цолтой наадамд барилдаад улсын цол авах хэцүү юм билээ. Хоёрын давааны оноолт дандаа чанга таарна. Тэгээд аймгийн арслан болох гэж дөрөв, таван жил барилдаж байж 2009 онд Сэлэнгэд түрүүлсэн. Сэлэнгэд гурван жил дараалан барилдаж байж арслан болсон юм. 2007 онд одоогийн улсын харцага Ө.Бат-Оршихтой дөрвийн даваанд таарч унаад дараа жил нь С.Мөнхбаттай гурвын даваанд тунаад унасан юм. Харин намайг аймгийн арслан болдог жил С.Мөнхбат цэргийн арслан болж, тэр жилийнхээ наадмаар улсын начин болсон юм.

- И н г э э д аймгийн арслан болоод авсан хүн дараа нь улсын цолыг бодож эхэлнэ биз?

-Мэдээж х ү н бүрийн мөрөөдөл болсон улсын цолыг авах гэж бэлтгэлээ хийсээр ирсэн. 2009 онд арслан болсныхоо маргааш нь улсын наадамд ирж барилдаад хоёрын даваанд аймгийн арслан А.Алтанхуягтай таарч унасан. Өнгөрсөн жил гурав даваад дөрөв дээр улсын харцага Т.Амартүвшинд унасан юм. Тэгээд энэ жил начин боллоо.

-Энэ жил наадмаас өмнөх заал танхимын барилдаануудад хэрхэн хүч үзэв? Бэлтгэл сургуулилт ямархуу байв?

-Балжаа багш маань өнгөрсөн намраас хойш биднийг эрчимтэй бэлтгэлд оруулсан юм. Манай “Увс нуур” галын тэргүүлэгчид, нутгийн удирдлагууд бүгдээрээ нийлж байгаад бөхчүүдийнхээ бэлтгэл хийх бүх нөхцөлөөр хангасан. Багш бүтэн жилийн төлөвлөгөө гаргаад, бид нар тэрний дагуу бэлтгэл хийсэн. Өвөлжингөө бэлтгэл хийгээд, би ч тэр үеэр боломжийн барилдсан. Улсын цолтнуудын барилдаанд заримдаа шөвгөрчихнө. Аймгийн цолтнуудынхад бол үзүүр, түрүү булаалдах зэргээр гайгүй байсан. Харин гурван сараас хойш нэг хэсэг олигтой барилдсангүй. Багшийн тааруулсан бэлтгэлийн ачаалал тэгж таарсан юм уу, доогуур даваанд их унасан.

Тэр үед хамт бэлтгэл хийдэг найз нөхөд, багш нар “Чи энэ жил гарцаагүй улсын цол авна. Тэрэнд итгэлтэй бай” гэж надад урам зориг өгч байсан. Тэгээд зун дөхүүлээд багш маань биднийг нутаг руу аваачиж далайн түвшнээс 2500 метрийн өндөрт, Хан хөхийн нурууны “Хархираа” амралтад биднийг амраасан. Манайхан 14 хоног сэргэлтийн бэлтгэл хийгээд, байгальд амраад ирсэн чинь шал өөр болж байгаа юм. Нутгаасаа онгоцоор ирээд маргааш нь барилдаан болоход С.Мөнхбат үзүүрлээд, бусад нь ч гэсэн сайн барилдсан. Мөн дараагийн барилдаанд нь С.Мөнхбат түрүүлсэн юм. Ер нь манайхан бүгдээрээ маш их сайжирсан байлаа. Бэлтгэл сайн байсан нь нөлөөлөөд ч юм уу, энэ жил би урьд урьдынхаас илүү тайван барилдсан. Би бүтэн жилийн бэлтгэл хийсэн хүн шүү гэж бодохоор цаанаа л өөр юм билээ.

-Тэр их хөдөлмөрийн үр дүн улсын наадмаар гарсан шүү?

-Тэгсэн. Энэ жил манай “Увс нуур” галынхан сайхан хүч үзэж, улсын аваргатай боллоо. Ер нь хүмүүс өмнө нь “Увсынхан тэгш ойн жилийг авдаг” гэж ярьж байсан л даа. Хамт бэлтгэл сургуулилт хийж байсан анд маань улсын аварга болсонд бид нар маш их бахархаж байна. Би өөрөө Монгол Улсын начин цолны босгыг давлаа. О.Балжинням багшаараа тав давж, энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баяртай байгаа. Багш намайг сайн барилдаарай гэж улсын цолны босго алхуулсан. Тиймээс одоо бэлтгэлээ сайн хийж, илүү сайн барилдаж, багшийгаа баярлуулна даа.

-Шинэ начингийн маань барилдааны онцлог юу вэ?

-Би өмнө нь аймгийн заан байхдаа бие жижиг болохоор голдуу сэрвүүгээс барилддаг байлаа. Харин одоо голдуу золгож барилдах сонирхолтой болсон. Гэхдээ дандаа золгож барилдаад амжилт гаргахад хэцүү. Тиймээс өөрийн бие, онцлогт таарсан барилдаанаа сонгох хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ бүх зүйл бодсоноор болохгүй л байна.

-За сайхан ярилцсанд баярлалаа.

-Энэ дашрамд танай сониноор дамжуулаад “Увс нуур” галынхаа тэргүүлэгчид, нутгийн зөвлөлийн удирдлагууд, манай аймгийн төрийн түшээд, бизнесмэнүүд, намайг дэмжиж ирсэн “Хүч” спорт хороо, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олонд баярлалаа гэж хэлье.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
УЛСЫН НАЧИН СҮХБААТАРЫН БАТСУУРЬ: Илүү сайн барилдаж, багшийнхаа ачийг хариулна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    baljinnymd bayrlaj yv

    GD Star Rating
    loading...
  2. naku says:

    hi nutgiin ah taniigaa hundeldeg shu ulam sn barildaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: