Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » Ц.БАТ-ЭНХ: ОЛОН УЛСЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ИРНЭ

GD Star Rating
loading...

Монголын волейболчид сүүлийн үед хөл хөдөлгөөн ихтэй байна. Өдгөө Спортын төв ордны “А” заалан залуучуудын УАШТ явагдах гэж байгаа бол үүнийг залгуулаад үндэсний лигийн тэмцээн удахгүй эхлэх юм. Тэрхүү тэмцээн болон бусад зүйлийг тодруулахаар Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.БатЭнхтэй уулзаж ярилцлаа.

-Залуучуудын УАШТ-ий онцлогоос сонирхуулна уу?

-2011 оны залуучуудын УАШТ аравдугаар сарын 1-7-нд Спортын төв ордонд явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй зургаан баг оролцож байгаа. Насны дээд хязгаар нь 22. Анх 2001 онд залуучуудын УАШТийг хийж, холбооны нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж оруулсан. Одоо 11 дэх жилдээ явагдаж байна. Энэ жилийн тэмцээний хувьд “Витафит” групп албан ёсны ивээн тэтгэгчээр оролцож байна. Тиймээс тэмцээн маань “Гоё кап” нэрийн дор зохиогдож байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид спортын салбар руу орж, хамтарч ажиллан, ивээн тэтгэж байгаад баяртай байгаа. Цаашдаа зөвхөн залуучууд биш, өөр олон тэмцээн дээр “Витафит” компанитай хамтран ажиллах болно. Ер нь хоёр байгууллага урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа. Мөн өдөр бүр гурван тоглолтыг Sport box сувгаар шууд дамжуулж байна.

Энэ тэмцээнд эрэгтэй баг олон байгаа учир хоёр хэсэгт хуваагдан олимпийн системээр тоглоно. Харин эмэгтэй зургаан баг нэг тойрог тоглоод, нэг, хоёроор гарсан нь аваргын, гурав, дөрвөөр гарсан нь хүрлийн төлөө тоглох юм. Энэ тэмцээн өндөрлөсний дараа үндэсний лиг явагдах ёстой. Гэхдээ одоогоор заал танхимын асуудал тодорхойгүй байгаа учир өдрөө товолж чадахгүй байна. Бид сүүлийн хоёр жил гадаадын легионерийг лигтээ тоглуулаагүй. Сүүлийн үед лигийн тамирчдын маань нас залуужсан. Гэхдээ хоёр легионер байгаа тохиолдолд тэдэнд тоглох боломж олдохгүй байсан. Харин одоо бол залуучуудын тоглолт нэлээн боломжийн болоод, сайн тоглогчид гараад ирлээ. Тиймээс энэ жил багт нэг легионер тоглогч байхыг зөвшөөрсөн. Ямар ч байсан лиг удахгүй эхэлнэ, багууд бэлтгэлдээ гарчихсан байгаа. Зарим баг легионер тоглогч авчраад байна.

Урьдчилсан мэдээгээр Куба, Орос, Японоос тамирчид ирж тоглохоор болсон. Мэдээж “Витафит” групп лигийн тэмцээн дээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Гэхдээ яг ямар байдлаар хамтрах вэ гэдэг нь дараагийн асуудал болоод явчихна. Мөн гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 13-15 насны хүүхдүүдийн тэмцээн арваннэгдүгээр сарын 10-16-нд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдах гэж байна. Хүүхдүүдийг хичээл номоос нь хөндийрүүлэхгүйн тулд сурагчдын амралтыг тааруулж тэмцээнээ зохиож байгаа юм.

-Холбооны дүрэмд өөр багаас тоглогч худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг. Энэ жил олны сонирхлыг татсан шилжилт болсон уу?

-Сүүлийн нэг, хоёр жил клубүүдийн хооронд айхтар үнэтэй тоглогч шилжсэн тохиолдол гараагүй. Гурван жилийн өмнө гурван сая төгрөгөөр клуб хоорондоо тамирчин шилжүүлж байсан тохиолдол бий. Ер нь холбооны зүгээс тамирчдын клуб хооронд шилжих дүрмийг сайжруулах, чанаржуулах асуудал байгаа. Мөн лигийн тамирчин гэж хэн бэ? гэдгийг бид тодорхойлох ёстой. Зарим салбарын тэмцээнд лигийн тамирчныг оруулахгүй гэсэн асуудал гардаг. Өнөөдөр волейболын тамирчид мэргэжлийн зиндаанд хүрчихээгүй байна. Мэргэжлийн тал руу нь оруулах гээд бид ажиллаж байна. Волейболын спортоор хичээллээд, тодорхой хэмжээний ур чадвартай болсон тамирчин лигт орохын хажуугаар банкинд ажилладаг байж болно. Гэтэл банкны тэмцээн зохиогдоход лигийн тамирчдыг оруулахгүй гэдэг. Тэр хүн ур чадвартай болсныхоо төлөө өөрийн байгууллагын тэмцээнд орох эрх нь хаагдаж байна. Тэгэхээр аль аль талдаа энэ асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Одоо нэг үеэ бодвол спортод хандах хандлага өөр болсон. Тэр тусмаа волейболын төрөлгүйгээр явагддаг байгууллагын тэмцээн гэж бараг алга. Гэхдээ энэ тэмцээндээ ур чадвар нь өсч байгаа манай залуусыг битгий хавчаарай, боломжоор нь оруулж байгаарай гэж хэлмээр байна.

-Та саяхан Азийн волейболын холбооны семинарт оролцоод ирсэн гэсэн. Тэр талаараа тодруулж ярихгүй юу?

-Би волейболын холбооны ажлыг хийхийн хажуугаар спортын байгууллага яаж оршин тогтнох юм, яаж үйл ажиллагаа явуулах вэ гэдэг талаар нэлээн судалж байгаа. Үүнийхээ хүрээнд бизнесийн удирдлагын магистр хамгааллаа. “Спортын байгууллагын менежментийг сайжруулах” гэсэн сэдвийг сонгон авч, гурван жил суралцсан. Ер нь байгууллагын чадавхи, хөгжил, спортын хөгжлийг ярихын тулд спортын менежментийг зайлшгүй ярих шаардлагатай болсон. Сая Тайваньд Азийн волейболын холбоо (АВХ)-ны менежментийн хурал хоёр өдөр зохион байгуулагдлаа. Би энэ хуралд очиж оролцсон. Өмнө нь ийм хурал болж байгаагүй. Үүний дараа АВХ-ны ээлжит XIX их хурал болсон. АВХ-нд бүртгэлтэй 65 гишүүн орноос 61 нь ирж оролцсон. Яагаад жаран хэд болчихвоо гэж хүмүүс гайхаж магадгүй. Далайн бүсийн 22 орон ОУОХ-той зөвшилцөөд Азийн холбоонд орж ирсэн юм. Энэ дунд 50 мянган хүн амтай орон ч байна.

Хуралд Олон улсын волейболын холбоо (ОУВХ)-ны ерөнхийлөгч хоёр, гурван дэд ерөнхийлөгчтэйгөө ирж оролцсон. Маш өндөр ач холбогдол өгч байна. Хурлаар яригдсан гол зүйл бол массын волейболыг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал байсан. 2008 онд Бээжингийн олимпийн өмнө Хятадын Жи Жон Вэй гэж хүн FIVB-гийн ерөнхийлөгч болсон юм. Энэ хүний явуулж байгаа бодлого манай хийж байгаа үйл ажиллагаатай давхацсан. Тэр үеэр би саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дэлхийн хэмжээнд волейбол тоглож байгаа хүмүүсийн 10 хувь нь л өндөр зэрэглэлтэй, мэргэжлийн хэмжээний тамирчид байна. Үлдсэн 90 хувь нь сонирхогчийн хэмжээнд байдаг. Тэгэхээр ОУВХ энэ сонирхогч руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор зарласан.

Монголын волейболын холбоо өнгөрсөн хугацаанд яг энэ масс руугаа чиглэсэн ажил хийж ирсэн. Мэдээж лиг, УАШТ-ээ зохиох зэргээр лигийн тамирчид руугаа чиглэсэн ажлууд хийж байсан ч тэдний залгамж халаа болсон тамирчдыг бэлдэх асуудал дээр онцгой анхаарсан. Энэ нь олон улсын холбооны бодлоготой нийцэж байгаа юм. Бид зургадугаар сард ОУВХ-нд Монгол улсад айлчлах урилгыг албан ёсоор өгсөн. Сая хурлын үеэр ОУВХ-ны ерөнхийлөгчтэй биечлэн уулзаад, энэ урилгыг баталгаажуулсан. Ерөнхийлөгч 2012 онд Монголд айлчилна гэдгээ амласан. Тиймээс ирэх жил Монголын волейболчид олон улсын холбооныхоо ерөнхийлөгчийг хүлээж авах ажилтай байх нь. Энд бид нар бэлдэх хэрэгтэй. Гэхдээ сайхан юм үзүүлээд, хоол идүүлээд явуулах биш, бодит байдлаа газар дээр нь танилцуулж, олон улсын холбооноос дэмжлэг авах тал дээр нэлээн ажил хийх хэрэгтэй.

-Манай тамирчид ойрын үед олон улсын хэмжээний тэмцээнд оролцох уу?

-Энэ жил олон улсын чанартай тэмцээнд орсонгүй. Харин 2012 онд зохиогдох тэмцээнүүд бий. Олон улсын дүрмээр бол дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохын тулд 2-3 жилийн өмнө урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөх ёстой. Яг өнөөдөр Монголын волейболын холбоо хоёр жилийн дараа болох тэмцээнд оролцох төсөв мөнгө, зохион байгуулалтын асуудлаа зохицуулж чадахгүй байна. Дотооддоо зохион байгуулахаар төлөвлөсөн тэмцээнийхээ ард арай гэж гарч байгаа болохоос хэтийн төлөвийн тухай, шигшээ багийн асуудал руугаа бодлогын хэмжээнд орж чадахгүй байгаа. Монголын волейболын холбоо өнгөрсөн жил ээлжит хурлаа хийж, дүрмэндээ нэлээн олон зарчмын өөрчлөлт оруулсан. Хэрвээ ноднингийн хийсэн дүрмийн өөрчлөлтөө мөрдөөд явсан бол нэлээн боломжийн зүйл хийхээр байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Удирдах зөвлөл маань хангалттай ажиллаж чадсангүй. Үүнийг нуугаад яахав. Уг нь бид нар 2014 оны Азийн наадам зэрэг холын зорилго тавиад, тэр тэмцээнд оролцох шигшээ баг нь энэ байна, дасгалжуулагч нь тэр байна, ийм зардал гарна, бэлтгэл хийх төлөвлөгөө ийм байна гэх зэргээр эртнээс бэлдэх ёстой.

Өнөөдөр Монголын спортын амьдрал хэн нэг мөнгөтэй юм уу, эрх мэдэлтэй хүн ерөнхийлөгч болдог, нөгөөдөх нь өөрийн халааснаас мөнгө олж энэ мөнгийг нь тэмцээн уралдааны зардал, шагнал, медаль болгоод дуусгадаг жишиг тогтсон. Энд байдлаас гарахын тулд баг тамирчин, дасгалжуулагчид хариуцлага хүлээдэг тогтолцоотой болъё гэж үзээд дүрмэнд өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээр волейболын холбоо гишүүнчлэлтэй байна, гишүүн бүр жилдээ таван мянган төгрөгийн татвар төлдөг болъё гэж оруулсан. Гэвч татвараа өгч байгаа хүн бараг алга. Хэрвээ хууль, эрхзүйн зохицуулалтыг зөв хийгээд явбал спортын байгууллага хэн нэгнээс хараат бусаар, биеэ даагаад санхүүжих боломжтой үед байна. Угаасаа олон улсын байгууллагуудын санхүүждэг журам нь дүрэм, лиценз дээр тогтдог. Бид энэ жишгийн дагуу дандаа хүнээс мөнгө авах биш, өөрсдөө мөнгө босгодог болмоор байна. Гэвч манайхны хойрго зангаас болоод гишүүдээс татвар авах зэрэг мөнгөний асуудлаа хийж чадахгүй байна. Уг нь холбооны гишүүн болж байж харилцаа үүсэх гээд байгаа юм.

Өнөөдөр нэг хэсэг хүмүүс тэмцээн цөөхөн байна, шагнал бага байна, ингэх ёстой, тэгэх ёстой гэж ярьдаг мөртлөө өөрсдөө ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй. Энэ хариуцлагын хамгийн эхний тогтолцоо нь холбооны гишүүнчлэл юм. Гишүүн тодорхой хэмжээний татвар төлөх ёстой. Харин татвар төлснийхөө дараа нөгөө байгууллагатай харилцаж, шаардлага тавих эрхтэй болно. Өнөөдөр холбооны төлөө нэг ч төгрөг зарцуулаагүй хэрнээ “Энэ хүн нэг нөхрөөс мөнгө аваад идчихлээ” гэх хардлага их гардаг. Хэрвээ та холбооны гишүүн болоод, тодорхой хэмжээний татвараа төлсөн бол орж ирээд тухайн албан тушаалтнаас санхүүгийн тайлан нэхэх эрхтэй болно. Энэ мэтээр эдийн засгийн хамгийн наад захын харилцаа үүсэх юм. Үүнийг ганцхан волейболын холбоо хийгээд байна гэвэл учир дутагдалтай. Ерөөсөө нийт спортынхон хэн нэгний зовж олсон мөнгийг торгуулийн хэлбэрээр авах биш, өөрсдөө харилцаанд орж, үүрэг хүлээдэг зарчим руу орж байж зөв гольдиролдоо орох юм.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Ц.БАТ-ЭНХ: ОЛОН УЛСЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ИРНЭ, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: