loading...
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга Сүхбаатарын Мөнхбатыг “Хүмүүс” буландаа урилаа. Саяхан л “Хийгүй, хурдан шаламгай барилдаантай, юм дуулгах хүүхэд” хэмээн бөхийн хорхойтнуудын анхааралд өртсөн залуу бөх үнэхээр юм дуулгаж, богино хугацаанд амжилтад хүрсэн. Барилдаан шигээ хийгүй ярихыг хичээдгээс ч юм уу шинэхэн аваргын амнаас үг унагана гэдэг над мэт нь сумын заан болохын дайтай юм билээ.
-Нутаг руугаа ямар ажлаар явах гэж байгаа юм бэ. Цолныхоо мялаалгыг хийсэн биз дээ?
-Зүг шахуу даа. Найр наадмын улирал шувтарч байгаа болохоор нутагтаа тухтай очиж, нутаг усны хантайгаа тухтай уулзаж учиръя гэж бодлоо. Цолныхоо мялаалга найр наадмыг хийсэн.
-6002 бөхийн барилдаанд шинэхэн аварга хэрхэн барилдах нь бөх сонирхогчдод сонин байсан байх. Та ч түрүүлснээс ялгаагүй сайхан барилдлаа?
-Энэ жил надад өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Дөрвөн тэгш ой тохиосон түүхт их баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх том үйл явдалд оролцож, дэлхийд анхны 6002 бөхийн барилдаанд үзүүрлэсэндээ баяртай байгаа. Улсын заан Ч.Сан жаадамба бяртай, хүчтэй сайхан бөх. Бид нэг үеийн хэн. Нэг нь давж, нөгөө нь унах ёстой болохоор унасан. Аварга гээд үргэлж босоо байх ёстой биш. Аваа өгөөтэй сайхан л барилдаж байна. Энэ барилдаанд өвдөг шороодсондоо ч юм уу, би түрүүлэх байсан гэж харамсахгүй байгаа.
-Та үндэсний бөхийн спортод харьцангуй богино хугацаанд амжилт гаргалаа шүү?
-Манайх Увс аймгийн Баруунтуруун сумын айл. Баруун турууны Харцагаан ус гэдэг газар бага нас минь өнгөрсөн. Ми ний нутаг говь, хангай, тал хээр хосолсон, өгөөжтэй сайхан нутаг. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын арслан Б.Ганбат, мэргэжлийн сүмогийн Токүсэгава Б.Ганболд гээд олон хүчтэн манай нутгаас төрсөн. Би тавдугаар анги хүртлээ Зүүнтурууны багийн бага сургуульд сурсан. Хөдөөгийн, эгэл жирийн монгол айлын хүүхдүүд яаж өсдөг вэ, тэр жишгээр л өсөж хүмүүжсэн. Аав маань сумын заан цолтой хүн бий.
Би айлын хоёр дахь хүүхэд. Гурван эрэгтэй дүүтэй. Нэг эгчтэй. Сумын заан аавтай, зулай зулайгаа гишгэж төрсөн тэрсхэн хөвгүүд юу хийх вэ. Барилдаж, ноцолдож л өслөө. Аавтайгаа нийлээд тавуулаа цаг зав л гарвал барилдана. Аав маань бидэнд мэх заана. Ер нь намайг бөхөд дурлуулж, мэх заасан анхны багш маань миний аав. Сургуульд ороод Баруунтуруун сумын дунд сургуулийн биеийн тамирын багш, аймгийн начин Эрдэнэтогтох гэдэг хүнээр бөхийн эрд мийн захаас заалгасан. Дунд сургуульд сурч байхдаа айм гийн аварга шалгаруулах тэмцээн, аймагтаа зохиогдсон барилдаануудад оролцож, давж, унаж явсан. Энэ бүхэн миний амжилтын үндэс суурь байсан даа.
-Хөдөө өссөн болохоор гэр, малын ажилд тусалдаг байсан биз?
-Манайх хэдэн малаа ах дүүгийндээ тавьчихдаг, мал аж ахуй гэхээсээ илүү үйлдвэрлэл эрхэлдэг айл л даа. Аав маань Баруунтурууны сангийн аж ахуйн нэртэй комбайнчдын нэг. Улсын аварга комбайнчны болзлыг зургаан удаа хангасан гээд бод доо. Ганбат арслангийн аав Батжаргал гуай, Цагаанбаатарын аав Хашбаатар гуай, манай аав нар Харцагаан усны бригадад трактор, комбайнтай ноцолдож явсан хүмүүс. Сүүлд сангийн аж ахуй тарснаас хойш аав, ээж маань тариа тарихын хажуугаар жижигхэн гурилын үйлдвэр ажиллуулдаг болсон. Би тариалангийн талбайд ажиллаж, аав ээждээ туслахдаа муугүй хүү байсан шүү.
-“Шонхор” биеийн тамирын сургуульд орохоосоо өмнө хоёр ч их сургууль орхисон гэдэг?
-Багаасаа бөх болно гэж боддог байлаа. Дунд сургуулиа төгсөөд хүмүүсийн үгэнд орж, өөр мэргэжилтэй болох гээд янз янзын сургуульд орж, гарч явсан тал бий. Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар орж, цэргийн хүн болох гэж үзсэн. Миний давах даваа биш шиг санагдаад орхисон. Тэгээд уралдаант шалгалтаар авсан ШУТИС-ийн цахилгаан системийн инженерийн ангидаа орж, инженер болох гэж нэг хэсэг явлаа. Гэтэл хичээл номонд дарагдаад барилдах зав гардаггүй. Дуртай юм болохоор болж өгвөл барилдмаар санагдаад байдаг. Дараа жил нь “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан даа. Дуртай юмаа хийх нь зөв юм билээ.
-Улсын наадамд зодоглосон анхны жилээ дөрөв давж, дараа жил нь улсын цолд хүрсэн. Тэгээд гуравхан жилийн дараа аварга боллоо. Монгол бөхийн зүлэг ногоон дэв жээ таныг хазайсан талаас тань түшдэг байх аа?
-Нэг хувийн авьяасыг 99 хувийн хөдөлмөрөөр өнгөлж амжилтад хүрдэг гэдэг шүү дээ. Та мирчны замаар явахад өчнөөн бэрхшээлтэй тулгарч, шантарч байсан. Гэхдээ урам зориг, эрч хүч авах зүйл бэрхшээлээс хамаагүй олон байсан болохоор тэр жижиг саадуудыг давсан. “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсдэг жил бөх болно гэсэн мөрөөдөл тээсэн 60-аад шижигнэсэн залуу надтай хамт орсон. Бүгдээрээ л бөх болно гэсэн бодолтой, бие хаа сайтай залуус, нэг багшаар мэх заалгаж, бэлтгэл сургуулилалтаа адилхан хийж байлаа.
Тэр 60 залуугаас улсын том цолонд хүрсэн нь ганц би. Манай сургуулийг төгссөн, миний дээд, доод талын гурван үеэс улсын харцага Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, улсын начин н.Баттулга нарын хэдхэн хүн л улсын цолд хүр лээ. Аймгийн цолтой хэдэн бөх бий. Хүссэн бүхэн бөх болдоггүй гэдгийг л хэлэх гээд байгаа минь энэ. Тэсвэр тэвчээр, авьяас, хөдөлмөр гээд олон зүйл цогцолж байж аливаа спортод амжилт гаргана шүү.
-Хүн бүхэн л энэ асуултыг тавьдаг байх. Гэсэн ч дахиад асуучихъя. Улсын наадамд түрүүлчихээд туг тойрох үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Түрүүлчихээд дэвж явахдаа юу бодсоноо өөрөө ч мэддэггүй юм. Яг юу бодсоноо санахгүй байхыг бодвол юу ч бодоогүй юм байлгүй. Ямар ч байсан их л сайхан байсан. Их хөөрсөн, би чадчихлаа, би чадчихлаа л гэж хашгирмаар байсан.
-Хэр аатай вэ?
-Бас жаахан аа байгаа, байгаа.
-Наадмын өмнө “Хүүгээ аварга болгож өгөөч гэж долоон бурхнаасаа гуйвал яасан юм бэ” гэж ээжийгээ цаашлуулсан талаар ээж тань ярьсан байсан. Ер нь энэ жил түрүүлнэ гэсэн итгэл байв уу?
-Хийж буй ажилдаа амжилт гаргаж, оргилд нь гарахыг хүсдэггүй хүн байдаггүй байлгүй. Хүн бүр тодорхой хэмжээгээр өөр өөрийн салбартаа, өөр өөрийнхөө хэмжээнд ахих ыг хүсдэг байх. Би л лав тэгдэг. Улсын цолгүй байхдаа улсын цолонд хүрчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Улсын начин болчихоод цолоо ахиулах юмсан гэж боддог болсон. Улсын харцага цол авснаас хойш мөрөөдөл маань арай өөр, илүү том болсон. Өөрийгөө тодорхой хэмжээгээр нээж, мэдэрч эхэлсэн. Цол ахихын хэрээр улсын том цолтой бөхчүүд дунд орж, тэдэнтэй барилдаж, ярилцаж, тэдэнтэй адил сэтгэдэг болсон гэх үү дээ. Ер нь өөртөө итгэлтэй байсан.
Наадмын өмнөхөн Д.Бумбаяр заантай хамт Х.Баянмөнх аваргатай уулзсан юм. Тэгэхэд аварга “Би одоо чамтай тулж дасгал сургуулилалт хийлгэхгүй байгаа болохоор юу хэлэх билээ. Гэхдээ барилдаануудыг чинь харж байгаа. Чамаас илүү хүн гэж байхгүй. Хамгийн гол нь бодол санаагаа л удирд. Дараа дараагийн давааг харж болохгүй. Урдах даваагаа л харж барилд. Илүү юм хийж хүнд мэхээ ашиглуулж болохгүй. Чи өөрийнхөө хийх мэхийг дүүрэн барьцтай, дүүрэн итгэлтэй, бүх юм боллоо гэсэн цагтаа л хий” гэж хэлсэн. Наадмын дэвжээнд гарахдаа өмнөх даваанаасаа цаадахыг бодоогүй.
-Аварга Мөнхбат одоо юу мөрөөдөж байна вэ?
-Хүний мөрөөдөл хязгааргүй. “Аварга цолыг авчих юмсан. Тэр цолд хүрчихвэл…” гээд л мөрөөддөг байсан. Одоо аварга гэж дуудуулаад явж байна. Илүү сайн барилдах юмсан гэж бодож байна. Би залуу үеийнхэн дотроо хамгийн том цолтой нь боллоо. Гэхдээ сэтгэл ханаагүй л байна.
-Аварга болсноос хойш сэтгэл зүйд тань өөрчлөлт гарч байна уу. Олны дунд биеэ цэнэх ч гэдэг юм уу?
-Би 2009 онд улсын начин, 2010 онд улсын харцага цол хүртсэн. Цол бүрийн цаана хариуцлага байдаг. Гэхдээ аварга цолны хариуц лага тэдгээрээс хамаагүй илүү. Намайг хүмүүс аварга гэж харж байгаа. Ганц өөрийгөө бус үндэсний бөхийн спортыг төлөөлж байгаа учраас биеэ авч явах, хүмүүстэй харилцахаас эхлээд бүх зүйлд хариуцлагатай байхгүй бол болохгүй. Би залуу хүн. Нэг их аварга болох гээд гэдийгээд, аварга цолонд биеэ ороогоод явах ч хаашаа юм бэ. Гэхдээ л аварга гэж ийм л хүн байдаг юм уу гэж хэлүүлэн энэ цолны үнэ лэмжийг унагаж, түмэн олны хүндэтгэлийг алдчихгүй явах ыг хичээж байна. Монголчууд бөх дөө хайртай, хүндэлдэг болохоор тэр сэтгэлийг нь мэдрэх сайхан байдаг. Барил дааны дараа гар барьж мэндлэх, хамт зур гаа авахуулах гэсэн хүмүүс шавчихдаг. Болж өгвөл бүгдийг нь гомдоолгүй гар барьж, зургаа авахуулахыг боддог.
-Аав тань сумын заан гэсэн. Удамд тань өөр бөх байв уу?
-Аавын талд аймгийн арслан Дамдинхүү, аймгийн заан Гонгор нарын бөхчүүд байсан юм билээ. Аавын нагац ах аймгийн заан Дашцэрэн гэж их бяртай хүн байсан. Ер нь бөхийн удамтай, гэхдээ улсын том цолонд хүрсэн анхны бөх нь би.
-Хүүгээ аварга болоход аав, ээж тань их баярласан нь мэдээж. Юу гэж захиж байна вэ?
-Аав, ээж хоёр минь их л баярлаж, хөөрцгөөсөн. Хүнтэй мэндтэй устай яваарай, хүн битгий гомдоогоорой гэж захидаг юм.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр маань Улсын прокурорын ерөнхий газарт Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг. Бид нэг нутгийн, нэг ангийн хоёр л доо. Нэг охинтой. Охин минь одоо гурван ойтой.
-Бөхчүүд бизнесийн салбарт хүч сорих нь олон. Та бизнес хийх үү?
-Одоохондоо бизнес хийх санаа алга. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэдэг шүү дээ. Хоосон хоцрохоо байг гэхэд сэтгэл санаа хоёрдох, бэлтгэл сургуулилалт хийх цаг заваас хасагдах зүйл гарч таарна. Ямар миний амжилт ханачихаад, би дээшээ явахаа больчихоод байгаа биш. Бөхөд хайртай хүмүүс тусалж дэмжээд амьдрал ч болж л байна. Тийм болохоор мөнгөний араас хөөцөлдөх бодол алга. Амжилтаа ахиулах боломжтой байгаа энэ үедээ бэлтгэл сургуулилтдаа л анхаарлаа хандуулъя.
-Шинэхэн аваргаас үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдгийг нь асуумаар санагдлаа?
-Хүмүүс бөхчүүдийг боловсролгүй, бүдүүн биетэй, хээгүй гэж тодорхойлдог. Хээгүй гэдэг үгнийх нь ард сайн, муу олон утга нуугдаж байдаг. Энэ ойлголт удахгүй өөрчлөгдөх байх аа. Бөхчүүд маань боловсролдоо анхаардаг болж байна. Цаашид улам хөгжих байх. Хообий маягаар ажлын хажуугаар барилддаг байсан бол одоо үндэсний бөх мэргэжлийн спорт болсон гэж болно. Өрсөлдөөн бий болж, үзэгч ихтэй болсон. Бөхийн өргөөнд ямар ч барилдаан болсон үзэгч дүүрэн шахам байна. Сая 6002 бөх барилдахад 2000 нь үндэсний бөхөд хамаг цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, дагнан хичээллэдэг залуус байна.
Зөвхөн жингийн илүү, бярны давуугаар илүүрхэх бус, хэн бодож сэтгэж чаддаг нь сайн барилддаг болж байна. Тэр утгаараа монгол бөх хөгжиж байгаа. “Ойн мод урттай, богинотой” гэдэг. Олон хүний дунд янз янзын ааш араншинтай хүн байдаг л байх. Нэг хүний асуудлаас болж нийтэд нь хамруулж ярих, буруу ойлгох хандлага байгаад харамсдаг. Үндэсний бөх бол монголчуудын том өв соёл. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн энэ их соёлоо хадгалж, боловсронгуй болгож хөгж үүлэхийн төлөө зүтгэнэ. Монголчуудын 70 хувь нь бөх үздэг болов уу гэж боддог. Үлдсэн 30 хувь нь бөх сонирхдоггүй байх. Хүн бүр бөх үздэг болоосой гэж боддог. Үндэсний бөхөд маань маргаантай, шүүмжлүүштэй асуудал байгаа нь үнэн. Энэ спортоо аль болох зөв тал руу нь хөгжүүлэх юмсан гэж боддог.
-Цолны найраа гэдэг “шүдний өвчин” бий?
-Бөх сонирхогчдын дунд найраа энэ тэр гэсэн яриа байдаг. Би тэр найраанд нь орж, оролцож явсангүй. Найраа гэдэг зүйл удахгүй устах байх. Одоо ч бас харьцангүй гайгүй болоод л байгаа шүү дээ. Хүнээр мөнгө төлүүлж цол авна гэдэг утгагүй. Дараа нь тэдэн сая төгрөгөөр цол авсан гэж яригдах ямар сайхан байх вэ. Залуус үүнийг ойлгодог болж байгаа.
Х.УЯНГА
loading...




saihan yariltslaga bn tanid amjilt husie
loading...
aztai hiimoritai bas uneheer hodolmorch sain zaluu yma
loading...
Амжилт хүсье. Сайхан аварга даа…
loading...
Mundag jinhene awarga mongol hun
loading...
sain bna uu munhkuu chamd amjilt husiye
loading...
Юуны өмнө Улсын Аварга гэсэн энэ эрхэм цолыг гуйж биш гуйдаж авсанд тань баяр хүргэж, цаашдын бөхийн замд тань амжилт хүсье. Их буурьтай, суурьтай, бодож цэгнэсэн сайхан ярилцлага өгчээ. Цаашдаа олон жил сайхан барилдаж, бөх сонирхогч биднийгээ баярлуулж яваарай. Бас их спортоор давхар хичээлллэж, олон сайхан угсраа мэх хийж, уран хурц барилдаан гаргаж яваарай гэж хүсье. Амжилт, амжилт, амжилт
loading...
Монголын сор болсон сайхан залуус л бөхчүүд байдаг. Хүссэн эр болгоны чаддаг зүйл биш. Үнэхээр сайхан бөх уран, хурц, дайчин, шийдэмгий, даацтай, зоригтой. Би ийм л барилдаанд дуртай үнэхээр гайхалтай бөх. Ийм л залуусаас болж би энэ спортыг үздэг, сонирходог, дуртай болсон би урьд нь огт үздэггүй сонирходоггүй, дургүй байж билээ. Одоо бөхийн шинэ үе иржээ. Мөнхбат даа амжилт хүсье.
loading...
nairaagaar nachin bologgui yum shig l yarih yum daa
loading...
an zaluudaa yg l minii moroodliin boh
loading...
amjlt husey.sn boh shu
loading...
жаахан баавар талдаа яриа юу даа
хүн даруухан болох хэрэгтэй байдаг юм шүү
6002 бөхийн барилдаан дээр уначихаад п…а гэж хэлнэ лээ бодох л хэрэгтэй
loading...