loading...
Ирэх оны нэгдүгээр сарын 13-22-нд Австрийн Инсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам болно. Манай тэшүүрийн шигшээ багийн тамирчид залуучуудын олимпод тамирчнаа оруулах зорилго тавин ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд манай өсвөрийн тэшүүрчид БНХАУын Чанчүнь хотноо битүү гулгуурын талбайд Хятадын залуучуудын шигшээ багтай 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийжээ. Энэ үеэр манай бүх тамирчид хувийн болон өсвөрийн улсын рекордыг шинэчилсэн байна.
Үүнд: 15-16 насны охидын 500 метрийн зайд 1-р сургуулийн сурагч А.Энх-Ариун 47:53 секундээр (өмнөх рекорд нь 48:00), 1000 метрийн зайд А.Энх-Ариун 1:37.24 секундээр, Төв аймгийн Эрдэнэ сумын сурагч Ж.Адьяасүрэн 1:39.55 сек (1:41.92)-ээр рекорд шинэчилсэн байна. Түүнчлэн 13-14 насны хөвгүүдээс 500 метрийн зайд Б.Батгэрэлт (Хөвсгөл. Улаан-Уул) 45.65 сек (47.29), 3000 м-т 4:56.34 сек, 1000 метрийн зайд 38-р сургуулийн М.Бадмаараг 1:36.08 секундээр тус тус өсвөрийн улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Энд хамтарсан бэлтгэл хийх зардлыг Баянгол дүүргийн засаг дарга, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон МШТ-ны ерөнхийлөгч Х.Даваасүрэн, УЗ-ийн гишүүн С.Наранцэцэг нар гаргасан байна.
Одоо манай өсвөр тэшүүрчид Канад, Норвеги, Германд болох олимпийн эрх олгох Дэлхийн залуучуудын цомын АШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Манай тамирчдын хувьд олимпийн норматив хугацаанд тун ойрхон байгаа талаар гавьяат дасгалжуулагч Л.Цэнд өгүүлж байв. Гэхдээ зардал мөнгөнөөс шалтгаалж зөвхөн А.Энх-Ариун л эдгээр тэмцээнүүдэд оролцох аж.
loading...



