loading...
Өнгөрсөн 2 долоо хоногт 2 тэмцээнд түрүүлээд байсан Британий теннисчин Энди Мюррай Шанхайд түрүүлснээр 3 дахь тэмцээндээ дараалан түрүүлж шинэ чансаанд Рожер Федерерийн урд 3-р байрт бичигдэх боллоо. Одоогоор 4-рт эрэмблэгдэж байгаа Мюррай өнгөрсөн жилийн сүүлд өөрийнхөө шинэ улирлын зорилгыг №3 болох хэмээн тодорхойлж байснаа ийнхүү биеллүүллээ. Энэ нь Федерерийн хувьд 2003 оны 6-р сараас хойш топ 3-т багтаагүй анхны тохиолдол болох билээ.Мюррай Шанхайн Мастерсийн шигшээд энэ тэмцээний 3-т бичигдсэн Давид Феррертэй өрсөлдсөн бөгөөд 7:5 6:4-өөр хожин түрүүлж, Азийн цувралд ялагдаагүй хэвээр үлдлээ. Тэрээр Бангкок, Токиод өмнө нь түрүүлээд байсан юм. Токиогийн шигшээд Рафаел Надалийг буулгаж авсан билээ. Тэрчлэн тэрээр 8-р сарын дунд үеэс хойш хийсэн 26 тоглолтынхоо 25-д нь ялалт байгуулж байгаа нь энэ. US OPEN-ий хагас шигшээд Надальд хожигдсноос хойш тэрээр босоо байна. 2009 онд №2-т бичигдсэн дээд үзүүлэлттэй тэрээр гэхдээ №3 байраа улирал дуустал хадгалах нь баталгаатай биш юм. 2002 оноос хойш анх удаагаа их дуулгад түрүүлээгүй улирлаа дуусгаж байгаа Федерер 11 сард Лондонд болох Дэлхийн Цувралын шигшээд түрүүлж чадвал байраа буцааж авах боломжтой юм. Шанхайд үргэлж эхний сетэд ялагдсан ч нөхөж хожил авч байсан дэлхийн чансааны №5 Феррер анх удаагаа Мастерсд түрүүлэх боломжоо ийн алдлаа. Харин Мюррайгийн хувьд энэ нь энэ улирлын 2 дахь, кареерын 8 дахь Мастерсийн тэмцээний түрүү ажээ. Тэрээр энэ улиралд Цинцинаттигийн Мастерсд түрүүлсэн юм.
loading...



