loading...
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн сард Туркийн Анталья хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ, энэ сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон боксын ДАШТ-д амжилттай оролцож, медаль, олимпийн эрх авсан тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай шигшээ багийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн О.Насанбурмаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 120 кг-ийн Ж.Чулуунбат шагналт байранд орж олимпийн эрхээ авч, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн бол боксын ДАШТ-ээс П.Сэрдамба хүрэл медаль, У.Мөнх-Эрдэнэ шагналт байр эзэлж олимпийн эрхээ тус тус авсан билээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн баг тамирчдад баяр хүргээд, ирэх олимпийн наадмын бэлтгэлээ чамбай базааж, яг ийм амжилттайгаар Лондоны олимпийн дараа уулзах ерөөлийг дэвшүүллээ. Харин нийт баг хамт олонд олимпийн эрхийн тоогоо улам ихээр нэмэгдүүлж, Будант Албионд бүтэн багаараа очихыг хүслээ.
loading...



