Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Жүдочид Арабаас ДӨРВӨН медаль авав

GD Star Rating
loading...

Энэ сарын 17-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо жүдо бөхийн гранпри тэмцээн явагдаж өндөрлөлөө. Олимпийн эрхийн оноо өгөх энэхүү тэмцээнд 60 орны эрэгтэй 229, эмэгтэй 141, нийт 370 жүдоч хүч сорив. Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн бөх дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Монголын шигшээ энэ амжилтаараа багийн дүнгээр 12-р байр эзэлсэн байна. Шигшээгийн ахлах дасгалжуулагчийн албыг аваад удаагүй байгаа аварга О.Балжиннямын хувьд энэ тэмцээн анхны томхон сорилго байлаа.

60 кг (30 бөх): 1.Еркебулан Косаев (Казахстан) 2.Ганбатын Болдбаатар (Монгол) 3.Тобиас Энглмайер (Герман), Амиран Папинашвили (Гүрж)

Жингийнхээ чансааны 17-д бичигдэж буй Г.Болдбаатар Абу Дабигийн дэвжээнд үзүүрлэснээр чансаан дээрээ 120 оноо нэмлээ. Ингэснээр тэр аравдугаар байр руу нэлээн дөхөхөөр болов. Болдбаатар энэ тэмцээний нэгийн даваанд Францын И.Ноурыг хоёр юүкогоор хожиж, 16-д үлдсэн. Манай бөх өнгөрсөн жил Токиод болсон Их дуулга тэмцээн дээр түүнийг мөн ялж байв. Улмаар дараагийн барилдаандаа Японы Х.Ишикаваг нэг юүкогоор, Солонгосын Ким Вон Жинийг мөн дээрх үнэлгээгээр хожиж, медалийн болзол хангажээ. Улмаар хагас шигшээд 60 кг-ын ¹7-д эрэмбэтэй бөх Гүржийн Папинашвилиг юүко үнэлгээгээр буулган авчээ. Гэвч аваргын төлөөх барилдаанд Казахстаны Косаевт цэвэр ялагдсан байна.

Уг нь Болдбаатар казах жүдочоос вазари үнэлгээ салгаад байсан ч цаг дуусахаас минут гарангийн өмнө шийдсэн мэхэнд нь орсон юм. Энэ жингийн нөгөө нэг монгол бөх Д.Амартүвшин нэгийн даваанд Казахстаны А.Телмановт юүкогоор хожигджээ.

66 кг (36): 1.Масааки Фүкүока (Япон) 2.Жүн Хо Чо (БНСУ) 3.Сергей Лим (Казахстан), Санжаасүрэнгийн Миярагчаа (Монгол) Жиндээ аравт эрэмбэлэгдсэн С.Миярагчаа хүрэл медаль хүртсэнээр чансаагаа 80 оноогоор ахиулжээ. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараа нь Америкийн Б.Боленийг 1:46 дээр цэвэр савсан. Үүний дараа Узбекистаны У.Норкобилов, Францын П.Дупра нарыг дараалан иппон буулгаж, шилдэг дөрөвт шалгаран үлдсэн байна. Гэвч медалийн өнгөө өөрчлөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Солонгосын Чо Жун Хо-д цэвэр ялагдлаа. Миярагчаа түүнийг энэ жил Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цомд ялж байсан удаатай.

73 кг (41): 1.Ки Чун Ван (БНСУ) 2.Ясүхиро Авано (Япон) 3.Киёоши Үэмацү (Испани), Ринат Ибрагимов (Казахстан) Дэлхийн чансааны 12 дахь бөх С.Ням-Очир эхэлж гоц мөргөөд дараа нь Ираны С.Моллаи, Туркийн Х.Ванлиоглу нарыг цэвэр савж, шилдэг наймд шалгарсан. Харин медалийн төлөөх барилдаанд Испанийн ахмад бөх, дэлхийн аваргын хүрэл медальт Үэмацүд ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэлжээ. Тэгвэл Г.Одбаяр Швейцарийн Д.Папауг вазаригаар буулгаж аваад Казахстаны Р.Ибрагимовт цэвэр шидүүлсэн байна.

81 кг (33): 1.Такахиро Накаи (Япон) 2.Гуилауме Элмонт (Голланд) 3.Трэвис Стивенс (АНУ), Иван Воробьев (ОХУ) Энэ жинд Монголоос бөх барилдсангүй.

90 кг (35): 1.Варлам Липартелиани (Гүрж) 2.Маркус Нюман (Швед) 3.Сон Даэ Нам (БНСУ), Елхур Маммадли (Азербайжан) Э.Энхбат Кыргызстаны Ч.Мамедовыг цэвэр хожиж гараагаа сайхан эхэлсэн ч удаах барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Д.Чориевт иппоноор ялагдсан байна. Энхбат өнгөрсөн жил Гуанжоугийн Азийн наадмын их шөвөгт түүнд дийлдэж байсан билээ. Манай тамирчин өдгөө жингийнхээ 37-д бичигдэж байгаа юм.

-100 кг (27): 1.Хенк Грол (Голланд) 2.Рамадан Дарвиш (Египет) 3.Найдангийн Түвшинбаяр (Монгол), Бенжамин Бехрла (Герман) Энэ жинд хүч сорьсон Монголын хоёр жүдоч давгүй барилдаж, нэг нь хүрэл авч, нөгөө нь шагналт байрт шалгарлаа. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Голландын Д.Меувсенийг вазари, Азербайжаны Э.Гасимовыг юүкогоор, Оросын С.Самойловичийг мөн юүкогоор хожиж, дөрөвт үлдээд Египетийн Дарвишт вазари алдан хожигдсон байна. Түүнийг ялсан египет жүдоч 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Түвшинбаяр өмнө нь 2010 оны Их дуулгад түүнд хожигдож байжээ. Энэ жингийн нөгөө бөх Б.Тэмүүлэн Тажикистаны М.Абдурахмановыг иппон, Узбекистаны У.Курбановыг юүкогоор ялаад Германы Бехрлад хоёр юүко алдан хожигдсон байна.

-100 кг-д Б.Тэмүүлэн 12-т, Н.Түвшинбаяр 15-д жагсаж буй.

+100 кг (27): 1.Ким Сун Мин (БНСУ) 2.Лук Верби (Голланд) 3.Ислам Эл-Шехаби (Египет), Звиад Ханжалиашвили (Гүрж) Хамгийн хүнд жинд зодоглосон Н.Батсуурь Румыний В.Симеонескуд цэвэр ялагдан тэмцээнээ дуусгасан байна.

Эмэгтэй 48 кг (18): 1.Эми Ямагаши (Япон) 2.Ву Шуген (БНХАУ) 3.Фредерике Хоссине (Франц), Жүн Ён Чун (БНСУ) Энэ жинд Монголоос төлөөлөл байсангүй.

52 кг (21): 1.Малинда Келменди (IJF) 2.Хе Хонмей (БНХАУ) 3.Яна Сундберг (Финланд), Мөнхбаатарын Бундмаа (Монгол) Жингийнхээ гуравт бичигддэг гавьяат тамирчин М.Бундмаа Абу Дабигийн татамигаас хүрэл медаль авч, чансаан дээрээ 80 оноо нэмэв. Тэрбээр Мароккогийн Х.Керроумиг юүкогоор, Алжирийн М.Моуссаг вазаригаар, Румыний А.Читуг вазаригаар буулгаж, медалийн болзол хангасан. Харин мөнгийн төлөө IJF-ийн нэрийн өмнөөс барилддаг Косовогийн М.Келмендид вазари алдан хожигдлоо. Дэлхийн цом, Их дуулгын дөрвөн түрүүт косово бүсгүй ээлжит алтан медалиа Арабын дэвжээнээс авсан байна.

57 кг (26): 1.Гуила Кинтавалле (Итали) 2.Жуул Франссен (Голланд) 3.Ана Монтейро (Португал), Аутомне Павиа (Франц) Жиндээ 35-д бичигдэж буй Д.Сумъяа нэг тойрог барилдлаа. Тэр Германы М.Роперт цэвэр ялагдан тэмцээнээ дуусгасан юм.

63 кг (26): 1.Кларис Агбегнену (Франц) 2.Рамила Юсубова (Азербайжан) 3.Клаудиа Мальзан (Герман), Мариана Мискович (Хорват) Жиндээ есд жагсаж, олимпийн эрх авахад ойрхон байгаа Ц.Мөнхзаяа энэ тэмцээний тавдугаар байрт шалгарав. Тэрбээр Америкийн Ж.Накаог вазари, юүкогоор, Оросын В.Ковалыг цэвэр ялаад энэ тэмцээнд үзүүрлэсэн Азербайжаны Р.Юсубовад иппон буусан юм.

70 кг (18): 1.1.Харүка Тачимото (Япон) 2.Мари Паске (Франц) 3.Линда Болдер (Голланд), Фей Чен (БНХАУ) Энэ жинд Монголоос бөх барилдсангүй. Манай Ц.Наранжаргал жингийнхээ чансааны 30-д бичигдэж байгаа.

-78 кг (17): 1.Абигел Жо (Унгар) 2.Маринде Веркерк (Голланд) 3.Рүика Сато (Япон), Жеон Гүеон Ми (БНСУ) Жиндээ есдүгээр эрэмбэлэгдэж буй П.Лхамдэгд шагналт тавдугаар байрт оров. Манай бөх эхэлж гоц мөргөөд хоёрын даваанд Оросын В.Москалюкийг юүкогоор хожиж, дунд шөвөгт үлдсэн. Харин медалийн төлөөх барилдаанд энэ тэмцээний түрүү бөх Унгарын А.Жод цэвэр дийлдсэн юм.

+78 кг (15): 1.Елена Ивашченко (ОХУ) 2.Кетти Мате (Франц) 3.Ирина Киндзерска (Украин), Анне-Софи Мондиере (Франц) Хүнд жинд Монголын төлөөлөл очоогүй аж.

БАГИЙН ДҮН

Улс                          Алт           Мөнгө         Хүрэл         V байр

1.Япон                      4             1                   1                -

2.БНСУ                      2            1                   3                2

3.Голланд                 1             4                   1                1

4.Франц                   1              2                   3                5

5.Гүрж                      1              –                    2                -

5.Казахстан               1             -                    2                 -

7.ОХУ                         1            -                  1                  5

8.Унгар                       1            –                    –               1

9.Итали                      1            -                      –             -

9.IJF                            1           –                    -             -

11.БНХАУ                     -          2                   1           4

12.Монгол                     -           1                  3            4

13.Азербайжан               –          1                1               3

14.Египет                        -           1              1               -

15.Швед                              -       1               -                 -

Нийт 32 улс ямар нэг медаль авсан байна

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Жүдочид Арабаас ДӨРВӨН медаль авав, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. лүля says:

    Tegsh bich tegsh bich

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: