Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » ГОЛЛАНД, ОХУ-ЫН ДААМЧИД ХОШУУЧИЛЖ БАЙНА

GD Star Rating
loading...

“Чингис хаан” зочид буудалд болж буй өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 24 дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд 12 орны 32 даамчин өрсөлдөж байна. Одоогоор хөвгүүд таван өрөг тоглоод байгаагаас Голландын даамчин Мартин ван Айзендорн ес, ОХУ-ын А.Пермяков 9, Голландын Я.Грунендайк, ОХУ-ын А.Филимонов нар тус бүр 8, Монголын Б.Билэгт, Б.Чойсүрэн, Голландын Фталла нар адилхан 6 оноотой удаалж явна. Тэмцээнийг тэргүүлэгч хоёр Айзендорн-Пермяков, Монголын тамирчдаа хошуучилж яваа Билэгт-Чойсүрэн нар өчигдөр үдээс хойш хоорондоо тоглож тэнцжээ. Энэ сиймхийгээр Грунендайк Бельгийн Берт Денеефийг, Филимонов нутаг нэгт Дамир Рысаевыг буулган авсан байна.

Манай бусад тамирчид болох спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг 5, дэд мастер Ц.Шийрэвжамц 4 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Бямбасүрэнгийн хувьд гурав дахь тавил дээрээ Оросын Д.Рысаевыг хожих сайхан боломжоо төгсөлд алдсан юм. Харин охид дөрвөн өрөг тоглосноос ОХУ-ын Нургуяна Азарова боломжит наймаас 7 оноотой манлайлж, БНХАУын Г.Саяа, манай М.Нямжаргал, ОХУын Айгуль Идрисова тус бүр 6 оноотой удаалж явна.

Лидерүүдийн тоонд явсан Голландын Мишель де Йонг Азаровад хожигдсоноор 5 оноотой хоцров. Өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт, манай найдваруудын нэг М.Нямжаргал эхний тавилдаа энэ оны насанд хүрэгчдийн дэд аварга Ц.Энхцэцэгийг хожиж, хоёр, гурав дахь өрөгтөө де Йонг, А.Сагитоватай тэнцээд, дөрөвдүгээр тойрогтоо А.Ичинхорлоог буулган авчээ. Спортын мастер Ц.Энхцэцэг гурав, дэд мастер А.Ичинхорлоо 2, А.Дашбаяр 4, I зэргийн тамирчин А.Дөлгөөн 2 оноотой явна.

М а н а й т а м и р ч и н дэд мастер М.Шийрэвжамцын н э г д ү г э э р тойрогтоо Украины Васил Пикиниарыг хожсон өргийг с о н и р х у у л ъ я . 26 дахь нүүдэл дээрээ Пикиниар 10-15 гэж нүүхэд нь 27.22-18 13×22 28.33-29 24×44 29.40×49 22×33 30.38×18 12×23 31.21×01 гээд хожжээ.

ДААМЫН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД

Хэзээ Хаана Ялагч

1988 Франц И.Койфман (ЗХУ)

1989 Франц И.Койфман (ЗХУ)

1990 Голланд Д.Рустамов (ЗХУ)

1991 Польш Е.Филатов (ТУХН)

1992 Латви К.Звенигородски (Украин)

1993 Беларусь А.Новозенов (Латви)

1994 Франц А.Козун (Украин)

1995 Голланд Ван ден Аккер (Голланд)

1996 Польш Я.Черняк (Украин)

1997 Франц В.Симонов (ОХУ)

1998 Итали Я.Янкунас (Литва)

1999 Франц Б.Мессемакер (Голланд)

2000 Бразил Я.Янкунас (Литва)

2001 Беларусь Р.Мисанс (Латви)

2002 Польш Р.Варик (Эстони)

2003 Голланд А.Толчиков (Беларусь)

2004 Польш А.Иванов (Украин)

2005 Украин А.Шайбаков (ОХУ)

2006 Монгол А.Толчиков (Беларусь)

2007 Франц Г.Гэрэлболд (Монгол)

2008 ОХУ Н.Никаноров (ОХУ)

2009 Герман Ван ден Брук (Голланд)

2010 Бельги Л.Силевич (Латви)

Ази хүүхдүүдтэй анх удаа тоглож үзлээ

Тэмцээнийг тэргүүлэгч Голландын Мартин ван Айзендорнтой хийсэн товч ярилцлагыг сонирхуулъя.

-Голланд бол даамын эх орон. Хэр зэрэг өрсөлдөөнийг давж байж ДАШТ-д оролцох эрхээ авав?

-Та төсөөлөөд үз дээ, зөвхөн сургуулиудын тэмцээнд гэхэд л 40 мянга гаруй хүүхэд оролцдог. Тэнд даамыг хичээл сурлагад сайн нөлөөтэй гэж үздэг. Уг нь даам Францаас үүсэлтэй ч одоогийн байдлаар Баруун Европод манайх хөгжлөөрөө тэргүүлдэг учраас даамын эх орон гэдэг. ДАШТ-д оролцохын тулд улсынхаа аваргаас медаль авах маш хэцүү даалгавартай тулгардаг.

-Монголд болж буй дэлхийн аваргад түрүүлэх зорилготой оролцож байгаа нь мэдээж…

-Хэдийгээр тэмцээнийг тэргүүлж байгаа ч хариулахад арай эрт байна. Сурвалжлагч бүр л ийм асуулт тавих юм. Өрсөлдөгчид чанга байгаа учраас бүх хүчээ дайчлан тэмцэнэ дээ. Өмнөх тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон болохоор амжилтаа ахиулах зорилго өвөртлөн ирсэн нь мэдээж. Тэгээд ч Голландын аварга болсон учраас тэмцээнээс дор хаяж медаль авахгүй бол шалгарсны хэргээ гаргахгүй шүү дээ.

-Өрсөлдөгчдөө хэр зэрэг судалсан бэ?

-Оросын даамчид дэлхийд ноёрхдог. Гэхдээ бид тэдэнтэй өсвөр насанд тэнцүүхэн өрсөлддөг. Мөн Украин, Латви, Бельгиийн даамчид ч чанга. Харин Ази тивийн хүүхдүүдтэй анх удаа тоглож үзлээ. Монголын хүүхдүүд сайн тоглодог, бүр дэлхийн аварга болж байсныг нь ч мэдэх юм байна. Мөн Казахстан, Узбекистан, БНХАУ-ын хүүхдүүд ч сайжирч байгаа гэж сонссон.

-Монгол орны талаар ямар төсөөлөлтэй ирсэн бэ?

-Түүхийн хичээл дээр л Монгол орны тухай уншиж судалж байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чингис хааны эх нутагт болно гэдгийг сонсоод бушуухан ирэхийг хүссэн.

Р.МАНЛАЙ, фотог Э.ХАРЦАГА

GD Star Rating
loading...
ГОЛЛАНД, ОХУ-ЫН ДААМЧИД ХОШУУЧИЛЖ БАЙНА, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: