loading...
Лондон бэлэн
Дэлхийн соёл урлаг, эдийн засаг, бизнес, спортын гол төвүүдийн нэг Лондон хот 2005 онд Сингапурт болсон ОУОХ-ны чуулганаар 2012 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан билээ. Ингэснээр тэд орчин үеийн олимпийн наадмыг гурвантаа зохион байгуулах анхны улс болсон юм. Олимпийн наадам эхлэхэд 260 гаруй хоног үлдээд буй энэ үед тэд бэлтгэл ажлаа ерөнхийдөө хангаж, зарим нэгэн туршилтын тэмцээнээ зохиогоод эхэлжээ.
Зүүн Лондонг хөгжүүлэх бодлого
Нүсэр Лондоны хамгийн буурай, борчууд голлон амьдардаг хэсэг нь зүүн Лондон. Хуучин хүнд үйлдвэрийн ажилчид голчлон амьдардаг байсан энэ хэсэгт өдгөө цагаачид ихээр амьдардаг болжээ. Харин Лондон хотын засаг захиргаа олимпийн наадмыг ашиглан Стратфорд буюу хотын зүүн хэсгийг хөгжүүлэх цогц бодлого гаргасан байна. Олимпийн хотхон байрлаж буй энэ хэсэгт хуучин хүнд үйлдвэрийн туурь, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг байрлаж байжээ. Харин олимпийн наадмын хүрээнд энэ бүх хуучин барилга, байгууламжийг устгаж, газрыг шинээр цэвэршүүлж, түүний дараа цогцолборын ажил эхэлжээ. Олимпийн цогцолборыг дагаад ард түмний аж амьдрал ч сайжрах нь гарцаагүй. Их Британийн хамгийн том их дэлгүүрийн сүлжээ Жон Льюс олимпийн тосгоны ойролцоо европ тивийн хамгийн том үйлчилгээний төвийг барьж, өнгөрсөн сард ашиглалтанд оруулсан байна. Маш том хөрөнгө оруулалт шаардсан энэ төсөл олимп дуусгад гурван жилийн дотор зардлаа нөхөх түвшинд ажиллана гэнэ.
Олимпийн тосгон катарынх
Олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг маш том эдийн засгийн эрсдэл. Их хөрөнгө оруулалт шаардах тэмцээний дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг нөр их тооцоолол, эдийн засаг, бизнес болдог билээ. 2000 оны Сидней, 2008 оны Бээжин зардлаа нөхсөн, нөхөх шатандаа явж буй бол 2004 оны олимпийн нийслэл Афин үндсэндээ олимпийн наадмын зардлаа нөхөж чадалгүй, одоогийн грекийн эдийн засгийн буруутнуудыг нэг болоод байгаа. Тэгвэл Лондоны олимпийн зохион байгуулах хороо эхний томоохон асуудлаа шийджээ. Тэд тамирчдын тосгоны байрны олимп дуусгаад эзэмших эздийг олсон байна. Тэр нь өнөөх л катарууд. Дэлхийд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ тэргүүлж буй энэ улс Лондонд бүтэн хороолол эзэмших нь ээ.
Олимпийн бамбар хэрхэн бадамлах бол?

Олимпийн наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлын нэг нь бамбар бадамлах тэр мөч. Наадмын бамбар хэрхэн бадамлах нь асах хүртлээ сюрприз байдаг билээ. Тэгвэл олимпийн наадмын үндсэн стадионы хажууд нэгэн сүрлэг багана босч байна. Энэхүү баганыг Энэтхэгийн тэрбумтан Лакшми Миттал (Премьер лигийн Куинс Парк Рейнжерс, Уиган, Эвертон багийн эзэн байсан) хөрөнгийг нь дааж бариулж байгаа бөгөөд олимпийн наадмын бамбар энэхүү цамхаг дээр бадамлах ч юм билүү?
Шинэ аравны спортын гүрнүүд
2010-20 оны арван жилийн спортын бүхий л том арга хэмжээнүүдийг хэдхэн улс хуваагаад авчихав уу гэмээр дүр зурагтай байна. Бразил 2014 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2016 онд олимп, ОХУ 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2014 онд өвлийн олимп, 2015 онд оюутны универсиад, усан спортын ДАШТ, хөнгөн атлетикийн ДАШТ гээд олон тэмцээн зохион байгуулж байна. Англичууд ч үүнээс дутахыг хүссэнгүй. Хэдийгээр хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнийг зохион байгуулах эрхийг алдсан ч хөнгөн атлетик руу дайралт хийхээр болжээ. 2017 оны ДАШТ-ний зохион байгуулах эрхийн төлөөх тэдний гол өрсөлдөгч нь өнөөх Доха гэнэ.
Цэнгэлдэхүүд бэлэн
Лондоны зохион байгуулагчид, ард иргэд цэнгэлдэх хүрээлэнгүүд цагтаа баригдаж чадахгүй байх вий гэсэн айдас, болгоомжлолтой байв. Гэсэн ч тэд бүр цагаасаа өмнө дуусгаж, олон улсынхныг гайхшруулж байна. 80,000 хүний суудалтай олимпийн үндсэн цэнгэлдэх дэлхийн рекорд тогтоон 2 жил хүрэхгүй хугацаанд барьжээ. Бусад цэнгэлдэхүүд ч ерөнхийдөө дуусч байна. Их Британичуудын гол найдвар тавьж буй трек дугуйны велодром, усан завины ордонгуудыг бусдаасаа түрүүнд дуусгажээ. Харин манайхны гол төрөл болох бокс, жүдо, чөлөөт бөх Эксел олон улсын үзэсгэлэнгийн төвд болох бол байт харваа дэлхийн крикетийн “ариун газар” “Лордс крикет”-д, буудлага Английн хамгийн том парадын талбай Роялс артиллерт зохиогдох ажээ.
Лондон дахь монголчууд
Лондон, тэр хавийн хотуудаар 2000 гаруй монгол аж төрж, амьдран сууж байна. 2012 оны олимпийн наадамд элэг нэгтнүүдээ дэмжиж, уухайн түрлэг нэмэх гол үзэгчид тэд байх нь гарцаагүй. Монголчуудын холбоог олон улсын спортын сэтгүүлч Д.Цэрэнбат тэргүүлэн ажилладаг бөгөөд тэднийг сайн зохион байгуулж, тамирчдаа сэтгэлээрээ дэмжихээ илэрхийллээ. Гимнастикийн Анхаа, волейболын Отгоо гээд манай спортынхон ч Лондонд багагүй амьдарч байгаа юм. 2012 он гаргаад олимпийн өдөр эхлэхэд 100 өдөр үлдсэн арга хэмжээг Лондон дахь монголчуудын дунд зохион байгуулж, “халаалт” өгөх гэнэ.
Сэтгүүлчдийн цугларалтанд буусан “Монгол десант”
Олимпийн наадмын өмнө зохион байгуулах хорооноос сэтгүүлчдэд зориулсан цугларалтыг үе үе хийдэг билээ. Олимпийн наадмын үеэр орон орны хэвлэл мэдээлэл, радио телевизийнхний ажиллах нөхцөл, орон байр, нэвтрэх журам, тэмцээн уралдааныг сурвалжлах үеийн зохицуулалт зэрэг олон ажилтай танилцсан юм. Хэвлэл мэдээлэл, радио телевизийн төв (MPC & IBC) –ийн барилга ерөнхийдөө дууссан бөгөөд одоо доторхи тавилгуудаа л өрөх үлджээ. Манай улсаас энэхүү цугларалтанд МҮОХ-ны мэргэжилтэн Б.Хосбаяр, “Таван цагариг” сонины Лондон дахь сурвалжлагч Ч.Отгонбаяр, UBS телевизийн сэтгүүлч А.Ундрал нар оролцлоо. Энэхүү цугларалтын үеэр мөн үндэсний олимпийн хороодын пресс атташе нарын хурал болсон. Лондонгийн олимпийн наадмыг 10000 гаруй сэтгүүлч сурвалжлах юм.
Муслимуудын гоморхол
Олимпийн наадам явагдах 7 сарын 27-8 сарын 12 нь лалын шашинт орнуудын рамадан сартай давхцаж байгаа нь том асуудал болоод байна. Энэ үеэр муслим шашинтай ямар ч хүн нар мандахаас жаргах хүртэл мацаг барих ёстой билээ. Тамирчид, сэтгүүлчид хэрхэх бол?
Ногоон олимп
Лондоны олимп ногоон орчинг ихэд дэмжиж байна. Тэд ахуй орчингоо аль болох органик бүтээгдэхүүнээр бүрдүүлэхийг чармайж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг голчилж ашиглах ба олимпийн хотхон, олимпийн тосгоны нийт эрчим хүчний 20 орчим хувийг нар, салхинаас гаргах гэнэ.
Трафалгарын талбай олимп хүртэл завгүй
Олимп эхлэхэд яг мянган өдөр үлдсэн тэр өдөр сүндэрлэсэн наадам эхлэхэд хэдэн өдөр үлдсэнийг заадаг цаг орших Трафалгарын үзэсгэлэнт талбай орой болгон завгүй байна. Олимпийн наадамтай холбогдсон урлаг соёлын олон олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Наадмын үеэр жуулчдын гол үзэх газруудын нэг нь энэ байх ажээ. Энэ талбай нь спорттой олон зүйлээс холбогддог. 1996 оны хөлбөмбөгийн Европын аваргаар Англичууд Германы шигшээд бут ниргүүлсний дараа энэ талбайд үймээн дэгдэж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн бол 2007 онд Тур де Франсын нээлт болж байжээ. Түүнчлэн томоохон тэмцээний үеэр том дэлгэц байрлуулдаг гэнэ.

loading...




Mongolchuud yamar yamar turluur niit hechneen oympiin erh avsan talaar medeelel oruulj uguuch.
loading...
хайсан юмаа олчихлоо гоё мэдээлэл бна
loading...