Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » ГОЛЛАНД, ОХУ-ЫН ДААМЧИД ИЛҮҮРХЛЭЭ

GD Star Rating
loading...

Аравдугаар сарын 30-нд “Чингис хаан” зочид буудалд нээлтээ хийж байсан өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах XXIV тэмцээн өнгөрсөн бямба гаригт өндөрлөлөө. Манай оронд хоёр дахь удаагаа зохиогдсон (өмнөх нь 2006 онд Улаанбаатар хотод болсон) тус тэмцээн анх удаа охидын ангилалд дэлхийн аваргыг тодруулснаараа онцлог байлаа.Тэрхүү анхдагчаар ОХУ-ын Сахагийн даамчин Нургуня Азарова тодорлоо. Тэмцээний долоо дахь өрөг өндөрлөсний дараа түүнтэй ижилхэн 10 оноотой гурван ч даамчин гарсан бөгөөд анхнаасаа дээгүүр өрсөлдсөн якут охин өсөх коэффициентийн давуугаар аваргалсан юм.

FMJD-гийн дүрэм ёсоор дэлхийн аварга болсон Азарова дэлхийн даамын холбооны мастер цолыг ийн шууд хүртэв. Тэгвэл мөнгөн медалийг өвөрмонгол охин Са Яа хүртэж, жинхэнэ дуулиан тарилаа. Тэрбээр сүүлийн тавилдаа Голландын Мишель де Йонгийг хожиж, Хятадын даамын түүхэн дэх дэлхийн аваргын анхны медалийг хүртэв. Тэд хайнцахад л нутаг нэгт Денизе ван Дамм нь медалийн болзол хангах байсан учир де Йонг найздаа туслахыг хичээсэн нь лавтай. Гэвч тэрбээр дунд үед олж авсан бага зэргийн давуу байрлалаа зөв хөгжүүлж чадалгүй байсаар комбинацид орж, улмаар төгсгөлд буруугаас нь сонгож нүүсээр хожигдсон юм. Хүрлийг ОХУ-ын Айгуль Идрисова хүртсэн. Хэрэв Уфагийн даамчид нислэгээсээ хоцорч, эхний өрөгтөө “нойллуулаагүй” бол охидын ангилалд чансаагаараа дэлхийд ¹6-д бичигддэг башкир охин аварга болох бүрэн боломжтой байлаа.

Харин Голландын ван Дамм медальгүй хоцорлоо. Тэр хоёр дахь тавилдаа манай Г.Хэрлэнмөрөнд хожигдсон нь өсөх коэффициентэд нь сөргөөр нөлөөлсөн биз ээ. Манай тамирчдаас спортын мастер М.Нямжаргал хамгийн өндөр амжилтыг үзүүлж, V байр эзэллээ. Өнгөрсөн оны насанд хүрэгчдийн Азийн АШТ болон улсын аваргын хүрэл медальт тэрбээр хамгийн сүүлд Идрисоваг хожиж байж л медаль “зулгааж” магадгүй байлаа. Хөвгүүдийн төрөлд Голландын Мартин ван Айзендорн тэмцээнийг эхнээсээ хошуучилсаар итгэл төгс түрүүллээ. Сүүлийн тавилд түүнтэй манай М.Шийрэвжамц нэлээд шазруун тэмцэлдсэн боловч өнгөрсөн жилийн Латвийн ДАШТ-д IV байр эзэлж байсан голланд тоглогч туршлага зааж, хүү шидэн жигүүрээр нь дайрч хожсон юм.

Энэ жил 40 мянган өсвөрийн даамчин оролцсон Голландын АШТ-д түрүүлсэн даамын хүрээнийхэн түүнийг их мастер цолонд ойрхон байгаа тоглогч гэж үнэлдэг юм билээ. Мөнгөн медалийг мөн л Голландын Ян Грунендайк хүртсэн. Тэрбээр төгсгөлийн наймдугаар тойрогтоо манай тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэгтэй тоглож, байрлалын давуугаа төгсгөлд хожил болгож чадсан юм. Даамын адармаатай бодлого зохиодог гэх 13 настай энэ хүү нэлээд юм дуулгах биз ээ. Мартин Айзендорны хамт тэмцээний эхнээс толгойн хэсэгт явсан Сахагийн Антон Пермяков хамгийн сүүлд Дамир Рысаевтай тэнцсэнээр хүрэл медалийн болзол хангасан юм.

Уфагаас ирсэн Рысаев якут тамирчинд найр тавилгүй, шударга өрсөлдөн мөнгөн медалийнх нь өнгийг хувиргасан нь энэ. Башкиртостаны Андрей Филимонов эхний өрөгтөө “-“ үнэлгээ аваагүй бол эцсийн дүн арай өөр гарах магадлал өндөртэй байсан. Манай хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг энэ оны өсвөрийн улсын аварга, дэд мастер Б.Билэгт үзүүлсэн. Өмнө нь хоёр ч удаа кадетын ДАШТ-д оролцоод үзчихсэн тэрбээр сүүлийн өрөгтөө Бельгийн Стижн Киндтийг буулган авсан юм.

Н.Азарова: Эмээ маань надад даам тоглохыг зааж өгсөн

Охидын анхны дэлхийн аварга, Сахагийн 15 настай даамчин Нургуня Азароватай манай сурвалжлагч ярилцжээ.

- Д а а м ы н спор тоор хэзээнээс хич э э л л э ж эхэлсэн бэ?

- Н а м а й г нэгдүгээр ангид ор сон жил эмээ маань даам тоглохыг зааж өгсөн юм. Тавдугаар ан гиасаа ОХУын нэртэй дасгалжуулагчдын нэг Марина К ы ч к и н и й удирдлагад даамыг жинхэнэ утгаар нь тоглож сурсан даа.

-Эхлээд орос даам тоглож эхэлсэн үү?

-Тийм ээ, харин тавдугаар ангиасаа зуун буудалт даам руу орсон. Ер нь Орос, Якутын даамын школ эхлээд орос даамаар эхлээд, дараа нь олон улсын даам руу шилждэг жишигтэй. Орос даамаар эхлэх нь богинохон хугацаанд олон өрөг тоглох, сайн тооцож сургадаг ашигтай.

-Дэлхийн аварга болохоосоо өмнө нь ямар амжилт үзүүлж байв?

-2008 оны өсвөр үеийнхний Европын аваргад түрүүлж, түүний дараагийн жилүүдэд дөрөв, тавдугаар байр эзэлж байсан. Мөн ОХУ-ын АШТий алт, мөнгөн медальтай. Энэ жил Якутдаа түрүүлж, Оросын аваргад хоёрдугаар байр эзэлсэн.

-Сахад даамыг үндэсний спортын хэмжээнд хөгжүүлж байгаа гэлцэх юм?

-Манайд чөлөөт бөх, бокс өндөр хөгжсөн. Даам бол ямар ч байсан эхний тавд орно.

-Танайд дотоодын өрсөлдөөн хэр вэ?

-Сахагийн даамын төв нь Чурапчад байдаг. Тэнд Марфа Данилова гэх мэтийн хүчтэй даамчид бий. Якутын хэмжээнд гэвэл Матрена Ноговицына, Наталья Шестакова сайн тоглогчид бий.

-Монголын даамчдын тухай хэр зэрэг мэдэх вэ?

-“Азийн хүүхдүүд” нааадамд монголчууд дээгүүр өрсөлддөгийг мэдэх юм байна. Харин энэ тэмцээнд монгол хүүхдүүдтэй анх удаа тоглож үзлээ.

-Цаашдын төлөвлөгөөгөө яриач?

-Ойрын төлөвлөгөө гэвэл ирэх жилийн ДАШТ-д тоглож, аварга цолоо хамгаалахыг хүсч байна.

Са Яа: Даам тоглохын тулд сургуулиа орхисон

БНХАУ-ын даамын түүхэнд дэлхийн дэвжээнээс анхны медалийг хүртсэн өвөрмонгол охин Са Яа ийн ярьж байна.

-Монголын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Са Яа гэдэг. Би 11 настай. Одоо таван өдрийн дараа 12 нас хүрнэ.

-Са Яа гэдэг нэр ямар утгатай үг вэ?

-Сая, живаа гэсэн утгатай монгол үг л дээ.

-Даамын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Багшийгаа танилцуулна уу?

-Дөрвөн жил гаруй даам тоглож байна. Миний багшаар аав маань ажилладаг. Мөн Монголын дасгалжуулагч Т.Пүрэвдорж, С.Даваадорж, Б.Баттулга багш нартай хамтран ажиллаж байсан.

-Дэлхийн аваргын тэмцээнд хэрхэн бэлтгэсэн бэ?

-Аавтайгаа өдрийн хуваарийн дагуу бэлтгэлээ базаасан. Өдөрт найман цагийн бэлтгэл хийдэг.

- С у р г у у л ь д сурдаг уу?

-Гурван жилийн өмнөөс сургуулиа бүрмөсөн хаясан. Одоо ганцхан даамаа л үзэж байгаа.

-Эгч чинь өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтын төрөлд түрүүлж байсныг санаж байна. Мөн ээжийг чинь шатар тоглодог байсан гэж сонссон юм байна?

-Эгч бид хоёр ч гэсэн шатар тоглодог байсан. Сүүлдээ шатраа орхиод зөвхөн даам тоглох болсон.

-Яагаад тэр вэ?

-Шатраас даам нь илүү гоё санагдаад. Дээр нь даамын уран гоё комбинациуд нь сонирхлыг минь татсан.

-Энэ тэмцээнээс өмнө ямар ямар амжилт гаргаж байв?

-Улсынхаа аваргад насандаа хэд хэдэн удаа түрүүлж, өнгөрсөн жил Монголд болсон ансанд хүрэгчдийн Азийн АШТ-д тавдугаар байр эзэлж байсан.

-Энэ тэмцээний хамгийн харамсалтай өрөг гэвэл?

-Голландын Денизе ван Даммыг хожих өргөө буруу нүүгээд тэнцчихсэн. Хэрэв тэгэхэд хожчихсон бол алтан медаль авчих боломж байсан.

Р.МАНЛАЙ, Фотог Э.ХАРЦАГА

 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: