GD Star Rating
loading...
loading...
Самоагийн Апиа хотноо зохиогдсон жүдо бөхийн Дэлхийн цомын хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд зодоглосон гавьяат тамирчин Доржготовын ЦЭРЭНХАНД харамсалтай нь Их Британийн хоёр бөхөд ялагдан медаль авч чадсангүй. Хагас шигшээд ДАШТ-ий таван мөнгөн медальтай Карина Брайантад 3 минут 46 секундэд цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Европын залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальтай Сара Адлингтонд 2 минут 58 секундэд иппон үнэлгээ алдан дийлджээ.
Дашрамд сонирхуулахад Литвийн Вильнюс хотноо үргэлжилж буй самбо бөхийн ДАШТ-ээс Монголын тамирчид хоёр медаль аваад байна. Тэмцээний эхний өдөр 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ Лаша Гурули, Азербайжаны Зуар Пашаев нарыг ялаад хагас шигшээд ОХУ-ын Алсимов Черноскуловт шүүгчийн будлиантай шийдвэрийн улмаас хожигдсон ч жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн Андрей Казусёнакыг буулган авснаар хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Б.Дамланпүрэв байлдааны самбогийн 62 кг-д мөнгөн медаль авсан байна. Түүний хувьд энэ төрлөөр урьд нь хоёронтаа дэлхийн аварга болж байсан билээ.
GD Star Rating
loading...
loading...



