loading...
Монте Карлод явагдсан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр Ямайкын тамирчин Усайн Болт болон Австралийн Салли Пирсон нар 2011 оны шилдэг хөнгөн атлетикчаар нэрлэгдлээ.
Монакод байрлах Монте Карлос спортын клубт 2011 оны Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа бямба гаригт явагдлаа. Ханхүү 2-р Албертийн нэрэмжит энэхүү ажиллагаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг хөнгөн атлетикчид цугларсан байв.
Эрэгтэйчүүдийн оны шилдгийн шагналд Ямайкын супер од Усайн Болт, түүний хамтрагч Иохан Блэйк болон Кенийн Дэвил Рудиша нар нэр дэвшээд байсан юм.
800 метрийн дэлхийн рекорд эзэмшигч Рудиша өнгөрсөн жил энэ шагналыг хүртэж байсан бөгөөд 2011 оны дэлхийн аваргаас алтан медаль зүүсэн гэдгээрээ хүчтэй өрсөлдөгч байлаа.
Харин Блэйк Өмнө Солонгосын Даэгүд явагдсан дэлхийн аваргаас алтан медаль хүртэж хамгийн залуу 100 метрийн ялагч болоод байсан. Тэрээр дөнгөж 21 настайдаа энэ амжилтанд хүрсэн нь өмнө нь хэний ч үзүүлж чадаагүй амжилт. Харин Усайн Болт 100 метрийн финалаас хасагдсан ч 200 метр болон 4 Х 100 метрийн буухиа төрөлд түрүүлж хошой алтан медаль зүүсэн байлаа.
“Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Та нарын дэмжлэггүйгээр хөнгөн атлетик, тамирчид гэж байхгүй байх байсан. Тийм болохоор бүтэн улирлын турш сэтгэл зүрхээрээ хамт байсан фенүүддээ хамгийн түрүүнд талархаснаа илэрхийлж байна.
Ирэх жил улам сайжирна гэдгээ та бүхний өмнө амлаж байна. Мэдээж хэрэг тэнгэрээс намайг ивээлдээ авсан эцэгтээ маш их талархаж байгаа. Бүх Ямайкчууддаа бүгдэнд нь баярлалаа”
Усайн Болт – 2011 оны шилдэг хөнгөн атлетикч

Эмэгтэйчүүдийн шилдгийн төлөө Шинэ Зеландын бөөрөнцөг түлхэгч Валерий Адамс, 5000, 10000 метрийн дэлхийн аварга Кенийн Вивиан Черуюот мөн энэ жилийн 100 метрийн халхалттай гүйлтийн 11 тэмцээнээс 10-т нь түрүүлсэн Австралийн Салли Пирсон нар өрсөлдөж байлаа.
Ханхүү Алберт ялагчын нэрийг өөрийн биеэр зарлаж 25 настай Австрали бүсгүйг тайзан дээр урилаа.
“Энд цугласан бүх тамирчиддаа маш их баярлалаа. Бүтэн жилийн хөдөлмөрөө бид дүгнүүлж байгаа болохоор сэтгэл үнэхээр хөдөлж байна. Тамирчин хүний хүч хөдөлмөр гэдгийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Тийм болохоор та бүхний дараа дараагийн амжилтанд сайн сайхныг хүсье”
Салли Пирсон – 2011 оны шилдэг хөнгөн атлетикч
Шүүгчид мөн 2011 оны холын зайн гүйлтийн аварга Черуюотод шагнал гардуулсан бол эрэгтэйчүүдийн шагналыг Брюссельд явагдсан Алмазан лигийн 200 метрийн уралдааны үеэр түүхэн дэх хамгийн хурдан цаг буюу 19.26 секундын амжилт үзүүлсэн Блэйкд гардуулсан юм.
Гэхдээ энэ үдшийн гол баатрууд нь Пирсон болон Болт байлаа.
loading...



