loading...
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё өнгөрсөн ням гаригт Фүкүока хотноо эхэлсэн. Дээд зиндаанд Монголын долоон бөх зодоглож буйгаас эхний хоёр өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, озэки Харүмафүжи, сэкивакэ Какүрюү гэсэн эрэмбэ дээгүүр гурав нь өвдөг шороодоогүй явна. Хакүхо эхний өдөр Комүсүби Хоомашёг, өчигдөр маэгаширагийн манлай бөх Окиноүммиг хаясан. Түүнд өвдөг шороодсон хоёр бөх эдгээр өдрүүдэд Харүмафүжитай зөрж таараад мөн л хүч дутуу болохоо мэдэрчээ.
Харин Какүрюү эхний өдөр Араныг, өчигдөр нутгийн ах Кёкүтэнхог давсан байна. Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүдээс Кёкүтэнхо 0-2, Токитэнкү 1-1, Асасэкирюү 1-1, Тамаваши 0-2 амжилттай явна. Энэ башёд анх удаагаа арслан цолтой зодоглож буй Котошёогикү хэрхэн барилдах бол гэж олон хүн хүлээж буй. Ямартай ч тэрбээр шинэ цолондоо түргэн дасаж байгаа нь харагдаж, эхний хоёр өдөр Точиношин, Гоэйдо нарыг цувуулан орхилоо.
Г.БАЯР
loading...



