loading...
Энэ сарын 10-13-нд Литвийн нийслэл Вильнюс хотноо самбо бөхийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 24 орны 400 орчим тамирчин оролцсон байна. Энэ дунд Аргентин, Мексик, Чили, Ирак, Балба, Маврикий, Сенегал, Турк гэсэн найман улс анхны ДАШТ-дээ оролцжээ. Манай улсаас зургаан тамирчин Литвийг зорьж, нэг мөнгө, нэг хүрэл медаль авлаа.
Тэмцээний эхний өдөр 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ Гүржийн Лаша Гурули, Азербайжаны Зуар Пашаев нарыг ялаад хагас шигшээд ОХУ-ын Алсимов Черноскуловт шүүгчийн будлиантай шийдвэрийн улмаас хожигдсон ч жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн Андрей Казусёнакыг буулган авснаар хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний хоёр дахь өдөр Б.Дамланпүрэв байлдааны самбогийн 62 кг-д мөнгөн медаль авсан байна. Дамланпүрэв эхэлж гоц мөргөөд дараа нь Казахстан, Кыргызстаны бөхчүүдийг ялж, финалд шалгарсан.
Харин аваргын төлөө Оросын И.Давыденкод дийлдсэн байна. Түүний хувьд энэ төрлөөр урьд нь хоёронтаа дэлхийн аварга болж байсан билээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 74 кг-д хүч сорьсон О.Болд-Эрдэнэ тэгшитгэлд орж Беларусийн С.Паповт хожигдов. 100 кг-ын Б.Бат-Орших Беларусийн В.Сиомачкинд нэгийн даваандаа дийлдлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 72 кг-д барилдсан О.Мөнхцэцэг, 80 кг-ын Б.Уянга нар эхний даваандаа Беларусийн бөхчүүдэд ялагдан тэмцээнээ дуусгажээ.
loading...



