Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Б.Сангисүрэн: “Сэтгэлд хүртэл барилдаагүй шүү” гэсэн үгийг олон хүнээс сонссон

GD Star Rating
loading...

Өвөрхангай аймгийнхан энэ жил Б.Сангисүрэнг улсын цол авчих болов уу гэж харуулдаж байлаа. Залуу арслан ч олны итгэлийг дааж, өөрийн хүчээр зүтгэсээр Монгол улсын начин цол хүртсэн юм. Тэр ч байтугай зургаагийн даваанд наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдана хэмээн үнэлэгдсэн Ч.Санжаадамбатай удтал хүч үзэж, барьц сонгуулаад унасан билээ. Залуу начныг бэлтгэлээ хийж байхад нь “олзолж”, “ТЦийн бөхийн өргөө” булангийнхаа зочноор урьсан юм.

-Шинэ начин маань хэзээнээс бэлтгэлдээ оров? Одоо бэлтгэл жигдэрч байна уу?

-Бэлтгэлээ хийгээд хоёр сар боллоо. Одооноос л овоо жигдэрч байна. Намрынхаа айраг, цагааг нэлээн гадагшлуулаад авсан.

-Бидний ярилцах гол сэдэв улсын наадам. Энэ жилийн хувьд наадмаас өмнөх барилдаануудад ямархуу амжилт үзүүлэв? Бэлтгэлээ хэр сайн хийсэн бэ?

-Заал, танхимын барилдаануудад өөрийнхээ хэмжээнд боломжийн барилдсан. Харин наадмын бэлтгэлээ Өвөрхангайн бөхчүүдтэйгээ Бугын сангийн аж ахуйд хангасан. Нийтдээ 50, 60-аад бөх гарсан байх. Энэ жил том ой тохиож байгаа болохоор бид хавар нэгдэж, нэлээн эрчимтэй бэлтгэл хийсэн. Бас наадмын галдаа эрт гарсан. Ерөнхийдөө энэ жил бэлтгэл сайхан ханасан.

-Наадмаар цол авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бол?

-1024 бөх барилдана гэдэг залуу бөхчүүдийн хувьд том боломж. Тэгээд ч бэлтгэл сайтай байсан болохоор наадмаар гайгүй том цол авах юмсан гэж зорилго тавьж байсан даа.

-Багш, дасгал жуулагч нар бөхчүүдийнхээ хэр өнгөтэй байгааг андахгүй мэддэг. Наадмын өмнө нутгийн ахмад бөхчүүдээс өөрийг чинь шинжиж, гайгүй барилдана гэж хэлсэн хүн бий юу?

-Манай Ганбаа багш (улсын арслан Б.Ганбаатар) намайг нэг өдөр гэртээ дуудсан. Яваад очсон чинь өөрийнхөө начин болж байхдаа өмсөж байсан зодог, шуудгийг өмсүүлсэн. Өмсөөд тавьсан чинь тэр чигээрээ доошоо ойчсон. Тийм том шуудаг байсан хэрэг. Тэгээд “Багш нь залуудаа ийм таазтай байлаа. Миний дүү энийг дүүртэл сайхан томрох байх. Энэ жил заан цолд хүрээрэй. Энэ жил чи сайн байгаа шүү” гэсэн. Багшаасаа тийм үг сонсоход сайхан л санагдаж байлаа. Ер нь багш хүн хэн бэлтгэл сайтай, хэн өнгөтэй байгааг мэдэрдэг юм билээ. Урьд өмнөх жилүүдэд надад тэгж хэлж байгаагүй.

-Наадмаар хийсэн барилдаануудаа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Би ер нь дөрвийн давааны оноолт эвгүй таарах болов уу гэж бэлтгэл хийсэн. Бас тавын даваанд тунах хэмжээнд байгаа болов уу, тунадаггүй юмаа гэхэд сүүлийн ганц хоёр начинтай барилдах байх гэж тооцсон. Тэгээд дөрвийн даваанд Ж.Гансүх начинтай таарч давсан. Харин тав дээр яг бодож байсны дагуу амлагдаагүй үлдсэн дөрвөн аймгийн арслангийн нэг болж, нугалаагаар А.Отгонбаатартай барилдсан. Гэхдээ тэр үед ам сонсоод сууж байхад түгшдэг л юм билээ. -Нутгийн ах нарын нэг нь амлах болов уу гэж харж байв уу? -Тийм бодол юу байхав. Нутгийн ах гэвэл Д.Ганхуяг арслан, Б.Сайнбаяр заан л байсан. Тэр хоёр маань өөрсдөө амжилтаа ахиулах гэж бэлтгэл хийсэн хүмүүс. Тиймээс өөрөө өөртөө л найдаж байлаа.

-Начны даваанд таарсан А.Отгонбаатар арслантай өмнө нь хэрхэн барилдаж байсан бэ? Тэр үед яаж барилдахаар төлөвлөв?

-Даваа, унааны харьцаа ерөнхийдөө ойролцоо байсан. Цагаан сараар нэг унасан. Тэрнээс хойш хоёр дараалж хаясан байсан. Эхэндээ нэг л эвгүй, барилдааных нь учрыг олдоггүй байсан. Яваандаа багш нарын заасны дагуу барилдаад барилдааных нь арга барилыг мэддэг болсон. Тухайн үед сугадуулахгүй байж байгаад золгоод барилдчих бодолтой гарсан. Тэгээд өөрийнхөө талаар золгонгуут мэхээ хийгээд давсан даа.

-Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Мэдээж бөх болгоны мөрөөдөл улсын цол авах. Тэр мөрөөдөлдөө хүрэхээр баярлалгүй яахав. Гэхдээ аль болох тайван байж, дараагийн барилдаандаа анхаарлаа хандуулахыг хичээсэн. Ер нь би бэлтгэл сайтай байгаа, жин масс нэмэгдсэн гээд бүх л юм гоё болоод байсан. Тиймээс багшийн хэлсэн хэмжээнд хүрч барилдана гээд наана нь сэтгэл хөдлөөгүй ээ.

-Бэлтгэл сайхан таарсан нь юугаар мэдрэгддэг бол?

-Бэлтгэл дээр цуцахгүй, хийсэн мэх даацтай болно. Бас сайхан унтаж амраад, өөрөө нервтэхгүй гэх зэргээр мэдэгдэнэ л дээ.

-Зургаагийн даваанд Ч.Санжаадамбатай тунасан. Тэр барилдааныхаа талаар…

-Бид хоёр хоорондоо олон таарсан. Бас л давж, унаж байлаа. Наадмын өмнөх бэлтгэл дээр хүмүүс “Чи тав даваад зургаа дээр Санжаадамбатай тунаж магадгүй” гэж байсан. Тийм болохоор Санжаадамтай таарчихаад сандраагүй. Ямар ч байсан өөрийнхөө барилдааныг гаргах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд барьц сонголцоход би эхэлж өөрийнхөө талаар авчихаад хаяж чадаагүй. Тухайн үед “Би начин цолны эрэмбийг мэдэрч барилдах хувьтай байж дээ. Энэ цолоор дамжиж дараагийн цолыг авах учиртай юм байна” гэж бодсон. Гэхдээ хүмүүс “Санжаадамба та хоёр яриа хийчихсэн юм уу” гэж асууж байсан. Том цолтой бөхчүүд ч надаас ингэж асуусан. Миний хувьд том цолны төлөө тэмцэж байж тийм арчаагүй байдал хэзээ ч гаргахгүй. Тийм яриа гаргасан хүмүүст хандаад “Хий хоосон хардаж сэрдэхээ болиоч ээ” гэж хэлмээр байна.

-Санжаадамбад уначихаад ирэхэд нутгийнхэн яаж хүлээж авав?

-Их л сэтгэл дундуур байсан. Нутагтаа очиход ч гэсэн “Чи улсын начин гэдэг сайхан цол авлаа. Гэхдээ сэтгэлд хүртэл барилдаагүй шүү” гэсэн үгийг олон хүнээс сонссон. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, дараа дараагийн наадамд сайн барилдана гэж бодож байна. Ямар ч байсан намайг начин цолтойгоо үлдэнэ гэсэн бодолтой хүн байдаггүй юм билээ.

-Илүү том цолд хүрэхэд өөрт чинь дутагдаж байгаа зүйл юу байна?

-Бүх л юмаа сайжруулмаар байна. Барилдааны арга барил, бяр хүч гээд л. Гэхдээ энд би нэг зүйлийг хэлмээр байна. Одоо бөхчүүдээс допинг илэрлээ гэж яриад байгаа. Энэ асуудлыг хурдан шийдмээр байгаа юм. Тэгэхгүй бол гурилтай шөлөө идээд барилдаж байгаа бөхчүүд допинг хэрэглээд барилдаж байгааг нь дийлэхэд хэцүү шүү дээ. Энэ чинь хоёр өөр бөхтэй барилдаж байгаагаас өөрцгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол допингтой бөхчүүдэд унаад байгаа хүмүүс явандаа тэдэн шиг хэрэглэдэг болъё гэж бодвол яана.

-Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх нэг зүйл асууя. Бөхчүүд допинг гэж юу юм бэ, гэмтсэн үед ийм эм хэрэглэж болохгүй гэсэн ойлголт хэр байдаг вэ?

-Бөхийн холбооныхон галуудаар явж, тиймэрхүү сургалт өгдөг л дөө. Тэгэхээр допингийн талаарх ойлголт харьцангуй сайн гэж болно. Ер нь зарим бөх допинг хэрэглээд байдаг юм шиг байна лээ. Тийм бөхчүүдийн ааш авир нь хүртэл хэцүү болдог гэсэн.

-Таны биеийн өндөр, жин хэд вэ?

-Би жингээ 118 кг хавьцаа бариад байна. Биеийн өндөр 183 см.

-Ийм жинтэй байхад бөхчүүдэд бярдуулах нь гайгүй юу?

-Хүнд бярдуулах эсэх нь жингээс шалтгаалдаггүй юм шиг байгаа юм. Булганы Э.Энхбатыг хар л даа. 90 кг-д барилддаг мөртлөө хүнтэй золгочихоод бярдуулдаггүй. Тиймээс бярдуулахгүй байх эсэх нь жин биш, гол ясны тамираас л шалтгаалах байх.

-Таны хувьд унаган бяр яаж суусан бол?

-Хөдөө мал дээр өсч, худаг татдаг байсны ачаар жаахан тамиртай болсон байх. -Бага нас чинь яаж өнгөрсөн бэ? -Би хөдөө, Тарагт сумандаа өссөн. Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил малаа услаад, түлээгээ хагалаад, адуу малтай ноцолдож өссөн. -Бөхийн зам руу яагаад орчихов? -Би багын бөхөд сонирхолтой байсан. Ах маань сумын заан цолтой. Багадаа ахыгаа дагаж аймгийн төвд тэмцээнд орж түрүүлчихээд урам орж, бөхийн зам руу эргэлт буцалтгүй орсон доо.

-Ахтайгаа их ноцолддог байв уу?

-Тэгэлгүй яахав. Өглөөнөөс авахуулаад орой болтол барилдчихна. Ер нь ахтайгаа барилдаж байж барилдааны арга техникээс сурч авсан. Ах маань эхэндээ “Хоёулаа арав барилдаад чи нэг давбал би ажил хийе. Чадахгүй бол чи хийгээрэй” гэдэг байсан. Сүүлдээ давааны харьцаа бага багаар өөрчлөгдсөөр байгаад ахыгаа хаядаг болсон доо. Гэхдээ хотод орж иртлээ би ахыгаа бараг хаяж байгаагүй. Тоотой хэдхэн л унагасан байх. Тэгээд хотод орж ирээд бэлтгэл хийгээд эхлэхээр өөр болдог юм билээ.

-Хотод хэзээ орж ирэв? Ирээд хаана хичээллэдэг байв?

-2003 онд хотод орж ирсэн. Ирээд “Хилчин” спорт хороонд нэг жил бэлтгэл хийж байгаад “Аварга” дээд сургуульд элсэж, Б.Адьяахүү багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Хамгийн анх сумын заан цол авч байсан уу?

-Би ахтайгаа нэг өдөр сумын заан болсон юм. Тэр үед тойргийн барилдаан болдог байсан. Эхний гурван байрт орсон нь сумын заан болно. Тэгэхэд ах нэг ч уналгүй түрүүлж, би 19 даваа, хоёр унаатайгаар хоёрт орсон юм. Ахтайгаа хамт цол авчихаад бөөн баяр болж билээ. -Аймгийн арслан цолоо яаж авснаа яриач? -2006 онд Өвөрхангайн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Тэгэхэд гурвын даваанд Хужиртын Т.Мягмарсүрэн гэж аймгийн заан сумын заан байхдаа намайг амласан юм. Би золгоон дээрээс мордоод давсан. Дөрвийн даваанд Хархорин сумын харьяат аймгийн арслан Ганбаатар гэж ахыг давсан. Тэгээд тавын даваанд аймгийн заан Д.Цэвэлсодномтой тунасан. Нэлээн эвгүй барилдаан болж байлаа. Нөгөөх чинь миний ард гарахаар нь давуулж барьж аваад нүдээ аниад тонгойсон чинь дороо хийгээд авсан. Тэгж аймгийн начин болчихоод зургаа дээр одоогийн улсын начин С.Багахүүтэй тунаж, хагалж өшиглөж ард нь гараад хаясан. Харин үзүүр, түрүүнд Б.Пүрэвчулуунтай үлдээд түрүүлж байлаа.

-Тэр жил түрүүлнэ гэсэн том зорилго байв уу?

-Тэгэхэд аймгийн цол учиргүй бодоогүй ээ. Наадмын бэлтгэлд гарах гэж байхдаа хавиргаа хугалаад больсон юм. Тэгээд нутагтаа очоод малаа маллаад, ховоогоо татаад байж байсан. Гэтэл Уянга сумын наадам болохоор нь очоод барилдтал түрүүлчихлээ. Үүндээ урам ороод аймгийн наадамд зодоглоод үзэхээр шийдсэн хэрэг. Уг нь аймгийн наадамд сумын заан цолтой бөх ам авахгүй, хооронд нь нугалаагаар барилдуулдаг ёстой юм байна. Гэтэл тэр наадмаар сумын заанаар ам авахуулаад, Мягмарсүрэн намайг авсан юм. Тэгэхэд “Яахаараа намайг авдаг юм. Хавирга муу гээд ингэж байгаа юм байх даа” гэсэн шүү бодоод уур хүрээд сууж байв. Манай ах ч гэсэн “Чамайг авчихсан байна. Одоо юунаасаа айхав. Сайхан зоригтой барилдаад, дайраад хая” гэсэн. Би ч дотроо “Бусад нь ч дүүрч. Ямар ч байсан энийг л хаях ёстой. Гараад сэгсийтэл хаяна даа” гэж бодоод гарсан. Тэгээд золгож аваад л мордчихсон. Ер нь тэр үед би Мягмарсүрэнг дийлдэггүй байсан юм. Дараа нь аймгийн арслан хүнийг дөрвийн даваанд хаясан чинь цол бодогдоод эхэлсэн. Мягмарсүрэнд амлуулсан нь намайг ирлэж, аймгийн арслан болоход нөлөөлсөн дөө. Тэр намар нь манай нутгийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болоход Мягмарсүрэнг амлаж аваад хаяж билээ.

-Тэр үеэс хойш улсын наадамд тасралтгүй барилдсан уу?

-Тэр оройноо аав, ээж баярлаад угтахад нөгөөдүүлээ орхичихоод хот руу гараад давхичихсан. Тэгээд улсын наадамд ирж барилдаад хоёрын даваанд Ба.Батжаргал арсланд унаж байлаа. Тэр бас их маргаантай барилдаан болсон. Хүмүүс сүүлд намайг давсан гэж байсан. Гэхдээ нөгөөх чинь гараа өргөөд гүйчихээр нь би ч тоохгүй тахимаа өгсөн юм. Би тэр үед улсын наадам үзье гэж барилдсан болохоор элдэв юм ч бодоогүй. Тэр үеэс хойш улсын наадамд зургаан жил барилдаж байж улсын цол авлаа.

-Нас хэдтэй билээ?

-25-тай. -Танай Тарагт сумаас төрөн гарсан улсын цолтнууд гэвэл хэн байна? -Дээр үеийнхэн гэвэл Ц.Банди арслан, Г.Цоодол заан, одоо амьд сэрүүн байгаагаас М.Сосорбарам начин л байна даа.

-Танай нутгаас цол авах залуус хэр олон байна? Нутгийн удирдлагууд бөхчүүдээ бодитой дэмжиж чадаж байна уу?

-Өвөрхангайгаас цол авах хэмжээний сайхан залуус олон байна. Нутгийнхан ч анхаарлаа хандуулж, дэмжинэ. Гэхдээ энэ жилийн хувьд оройтох тийшээ хандаад байна уу гэж бодож байна. Байр сав жигдрээгүй л байгаа. Бөхчүүд нь энд тэнд салж сарниад явахад ямар л олиг байхав дээ. Уг нь бөөнөөрөө нэгдсэн бэлтгэл хийгээд эхлэхээр сайхан шүү.

-Начин маань хувийн амьдралаа зохиогоод амжсан уу?

-Гэр бүлтэй. Ноднин өвөл хүүтэй болсон. Хүүтэй болчихоод “Миний хүү цолны аз хийморь дагуулаад ирсэн дээ. Энэ жил цол авч магадгүй” гэж бодож байлаа.

-Сайхан ярилцсанд баярлалаа.

GD Star Rating
loading...
Б.Сангисүрэн: “Сэтгэлд хүртэл барилдаагүй шүү” гэсэн үгийг олон хүнээс сонссон, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Tseegii says:

    manai uwurhangainhan dandaa l saihan naadah ymaa. Sangid bolomj ih bgaa tgd ih saihan margaangui barilddag Sanjaadamba n hajuud. tsoloo nileen ahiulna gj naidaj bn amjilt hvsie. ulsiin naadmiin tvrvv hvrteh erool dewshvvlie.

    GD Star Rating
    loading...
  2. хш says:

    наадмын 6гийн даваанд Санжаадамба биш Санги өөрөө барьц сонгож барилдаад унасан шүү дээ. Буруу ташаа мэдээллэр олон түмнийг төөрөгдүүлэхээ болимоор юм аа

    GD Star Rating
    loading...
  3. Vol says:

    shan boh shvv hvndelj yawmaar boh doo amjilt

    GD Star Rating
    loading...
  4. Сангисүрэн, Санжаадамба 2-уулаа нэгэн үеийн сайхан хүчтэнүүд, том цолотонгууд болох болтугай.

    GD Star Rating
    loading...
  5. Сан says:

    ХШ гэдэг нөхөр наадмын барилдаан үзээгүй юмуу хаашаа юм. Эхлээд Сангисүрэн барьц сонгох болсон чинь Санжаа өгөлгүй заваарч заваарч байж өгсөн болоод тавиулчихсан биз дээ. Тэгээд дараа нь Санжаадамба барьц сонгоод хаясан шт. Өөрөө үзээгүй байж битгий олон юм бурж байгаач.

    GD Star Rating
    loading...
  6. My says:

    Sangisuren barts songood unsan yumaa.Gexdee Sanjaadamba jaahan nowshirj baij ogson ni unen shuu.Bariulsan bolood xaysan yum.Sangisureen chi yamar ch bsan deeshe barildax box shuu xamgiin gol ni judagaa aldaxgui saixan barildaarai amjilt

    GD Star Rating
    loading...
  7. tj says:

    sanjaadamba ch judaggui boxdoo ugaasaa

    GD Star Rating
    loading...
  8. galaa says:

    sangisurendee bayar hurgie say tsagaan saraar chi baragl munkh batiig haysanshuuu tsaashdaa ulam iluu hicheej barildaarai. nutgiinchine aav hairhan uul tushij tulj yvaashuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: