loading...
Хөлбөмбөгийн ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлыг тоон мэдээллээр хүргэе.
2000
Мягмар гаригт “Уэмбли” цэнгэлдэхэд болсон Англи-Шведийн нөхөрсөг тоглолтод “Гурван арслангууд” түүхэн дэх 2000 дахь гоолоо орууллаа. Энэ хүртэл англичууд 902 тоглолт хийсэн байна. Гэсэн ч энэхүү түүхэн гоол нь Шведийн төвийн хамгаалагч Даниель Майсторовичийн авто-гоолоор тэмдэглэгдэн үлдлээ.
178
Бразилд 0:2-оор хожигдсон тоглолтод оролцсон Египетийн ахлагч Ахмед Хассан шигшээдээ 178 дахь тоглолтоо хийжээ. Ингэснээр тэр шигшээдээ хамгийн олон тоглосон хөлбөмбөгчдийн дээд амжилттай зэрэгцсэн байна. Өмнө нь Саудын Арабын хаалгач Мохамед Аль-Деайя, Мексикийн хамгаалагч Клаудио Суарес нар төдий тооны тоглолтод оролцоод байв. Дээрх хоёр хөлбөмбөгч хоёул зодог тайлсан тул Хассан ганц тоглолт хийхэд л бүх цаг үеийн түүхэнд бичигдэх юм.
127
Икер Касильяс шигшээгийнхээ төлөө 127 дахь тоглолтдоо оролцож, Испанийн бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүний мэргэжил нэгт А.Субисаррета 1985-98 оны хооронд Испанийн шигшээд 126 тоглосон нь өмнөх рекорд байв. Касильяс өдгөө 30 настай, хаалгачид бараг 40 хүртлээ тоглодгийг нь бодолцвол түүний рекорд цаашаа нэлээн өсөх нь тодорхой. Түүнчлэн Ж.Буффон Италийн шигшээд 112 тоглож, энэ үзүүлэлтээр гуравт бичигддэг алдарт Д.Зоффтой зэрэгцэх боллоо. Тэдний дээр П.Малдьдини (126), Ф.Каннаваро (136) нар бичигддэг.
17
Сүүлийн 17 сар буюу 20 тоглолтын турш ялагдаагүй явсан Японы гайхалтай цуврал Ардчилсан Солонгост хожигдсоноор тасарчээ. Тэд хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Голландад хожигдсон юм. Үүнээс хойш 20 тоглолт хийснээс 13 хожиж, долоо тэнцээд байжээ.
4
Уругвайн шигшээ баг Чилийг 4:0-ээр хожиход Л.Суарес багийнхаа бүх гоолыг оруулсан. ДАШТ-ий Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан тоглолтод хамгийн сүүлд 11 жилийн тэртээ Ромарио нэг тоглолтод покер хийж (2000 онд Венесуэлийг 6:0-ээр хожиход) байжээ. Суаресийн хувьд энэ нь шигшээдээ оруулсан 26 дахь гоол болсон. Одоо тэр Уругвайн бүх цаг үеийн мэргэн бууч Д.Форланыг гүйцэхэд дахин зургаан бөмбөг оруулах шаардлагатай. 24 настай түүний хувьд энэ нь цаг хугацааны л асуудал биз ээ.
loading...




bayrallaa saihan medeelluud bna
loading...