loading...
Р.Федерер АТР-ийн шигшээ тэмцээний босоо аварга. Энэ улирлыг сэтгэл дундуур үдэж, “Их дуулга”-ын цомыг Р.Надаль, Н.Жокович нарт алдсан ч гэсэн тэрбээр Лондонд өрнөж буй их наймын тулаанд хариугаа авч өрсөлдөгчдөө “бөмбөгдсөөр”. Гурван жилийн тэртээх “Францын нээлттэй тэмцээн”-д томчуудын толгойг гудайлган, үзүүр түрүү булаалдсан Францын тоглогч Жо Вильфрид Цонго швейцарь эрийн эхний өрсөлдөгч байлаа. Хамгийн сүүлд “Мастерс”-ийн шигшээд тэд таарахад уг тоглолт Федерерийн ялалтаар өндөрлөсөн юм. Оны төгсгөлөө Федерер сайн хийдэг зуршилтай. Энэ удаа тэрхүү уламжлалыг зөрчилгүй Цонгаг 6:2, 2:6, 6:4-өөр буулгаж авсан юм. Дэлхийн чансаанд дөрөвдүгээрт бичигдэж буй швейцарь эрийн дараагийн учраа бол өөрөөс нь “хаан ширээ”-г булаасан Рафаэль Надаль. Испани эр сар гаруйн хугацаанд теннисний талбарт гараагүй ч туршлагадаа дулдуйдан, өмнөх даваанд Америкийн Марди Фишийг дийлээд байсан билээ.
2005 оноос хойш шилдэг наймын тулаанд өрсөлдсөн Надаль өнөө хэр нь түрүүлж амжаагүй л байгаа юм. Тэрбээр “Уимблдон”-д ч, Австрали, Америкийн нээлттэй тэмцээнд ч Федерерийг өвдөг шороодуулж үзсэн. Харин “О2 Arena” түүнд нэг л ээлгүй. Үүнийг батлах мэт энэ удаад ч испани тоглогч швейцарь эрийн баруун гарын хүчтэй цохилт, давуулалтаар ирсэн бөмбөгнүүдийг зогсоож чадсангүй. Эхний үед өрсөлдөгчөө няцааж байсан дэлхийн ¹2 тоглогч тактикаа өөрчлөөд ч тусыг эс олон, хожигдлоо. Давамгайлал гэж ийм л байдаг. Ноднингийн их наймын тулааны аваргын төлөөх тоглолт ч мөн энэ хэмнэлээр өндөрлөсөн билээ. Федерер 2011 оны тэмцээнд түрүүлбэл дээд амжилт тогтооно. “Хөгжөөн дэмжигчдийн хайртай теннисчин”-ээс гадна “Fair Play”-гийн шагнал гардуулсан нь цаашдын тоглолтыг сайнаар зөгнөсөн бэлгэшээл гэлтэй.
Шилдэг наймын тоглолтод түүнээс гадна АНУ-ны теннисчин Пит Сампрас хамгийн олон буюу таван удаа манлайлж байжээ. 30 настай швейцарь эрд энэ үеэр Бас нэгэн сонирхолтой тоглолт дэлхийн манлай Новак Жокович, долдугаарт эрэмбэтэй Томаш Бердых нарын хооронд болов. Мөрний гэмтэл нь илааршиж амжаагүй байгаа серб эр тэмцээнийг 4:0- ийн хожигдлоор эхэлсэн нь өрсөлдөгчийнх нь балиашгуудыг бага ч үгүй баярлуулав. Тоглолтын харьцаа 6:3. Энэ чигээр үргэлжилвэл чех залуу “ATR Tours”-ийн гол баатар болно доо. Гэсэн ч хоёр дахь үед Жокович давуу байдлыг бий болгон, хожил авснаар сетийн харьцааг тэнцүүлсэн юм. Нэмэлт үед тоглолт улам ширүүсч, Жокович хэд хэдэн алдаа гаргасан ч Бердых өрсөлдөгчдөө боломж харамгүй хайрлалаа. Юутай ч Жоковичийг аз ивээж, эхний даваагаа амжилттай давлаа.
Харин Энди Мюррей элэг нэгтнүүдээ баярлуулах завшааныг үгүй хийж орхисон нь тоогүй. Алдарт Надалийн “дүү” Давид Феррер тоглолтын эхэн үеэс дуустал нь илүү байж чадсан. Гурав дахь геймд брейк хийж оноог ойртуулсан ч дорвитой тоглолт үзүүлж чадаагүй учраас өрсөлдөгчийнхөө эсрэг “арсалдаж” чадаагүйгээр 6:4, 7:5-аар дийлджээ. Цаашдын тоглолтод ч Мюррей иймэрхүү тоглолт гаргаж магадгүй. Учир нь британи эрийн гуяны гэмтэл сэдэрсэн аж. “Их найм”-ын дуэльд анх удаа хүч сорьж байгаа америк тоглогч М.Фиш аргагүй л туршлага мөхөстөж байна. Р.Надалийг багагүй сандаргасан хэр нь эцсийн бүлэгт ялалтад хүрч чадаагүй энэ залуу удаах тойрогт Цонгад мөн дийлдлээ.Тэрбээр техник, тактик, арга барилаараа франц эрээс дутуугүйгээ харуулж эхний үед дийлэх шахсан. Гэсэн ч түүнд ганц сул тал бий. Энэ нь ямар ч тэмцээнд төгсгөлөө тааруу хийдэг явдал. Хоёрдугаар үеийн тоглолт тийм л хэмнэлээр өрнөж, таван онооны зөрүүгээр ялагдал хүлээсэн юм.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...



