loading...
Энди Мюррей гэмтлийн улмаас тэмцээний талбарыг орхиж, Рафаэль Надаль Жо Вильфред Цонгад ялагдсанаар гэртээ харихаас өөр замгүй болов. Чансааны тэргүүнд залрагч Новак Жокович тэдний жишгийг дагаж, үзэгчдийн суудалд шилжлээ. Харин өнөөх Рожер Федерерийн замд хэн ч саад учруулж чадаагүй бөгөөд чансаагаа дээшлүүлэх нь нэгэнт тодорхой болжээ. Тэрбээр Марди Фиштэй цаг 48 минут тоглосны эцэст 6:1, 3:6, 6:3-аар хожсон юм. Гэхдээ америк эр шилдэг теннисчинг нэг бус удаа сандаргаж амжсаныг тэмдэглэх нь зүйтэй. М.Фиш зүүн гарын хүчтэй давуулалтын амтыг хоёрдугаар үед жинхэнээр нь мэдрүүлж гэнэдүүлэн, ялалт байгуулсан билээ. Түүний цохилтыг няцаах гэж хурд хүчээ зарцуулсан Федерер багагүй ядарсан гэж бодсон нь эндүүрэл байлаа.
Шийдвэрлэх үед швейцарь эр өрсөлдөгчөө давамгайлж, өмнө нь гаргасан алдаагаа засаж амжсан төдийгүй гурван онооны зөрүүгээр буулгаж авсан юм. Их наймын тулаанд ганц ч ялагдаагүй “Швейцарь цаг”- ийн дараагийн өрсөлдөгч нь Давид Феррер байлаа. Э.Мюррейгээс эхлээд Жоковичийг өвдөг шороо дуулсан ч дараа нь болгоомжгүй алдаа гаргаснаар Бердыхэд ялагдсан энэ залуу өрсөлдөгчийнхөө эсрэг энэ удаа гавьтай дайралт хийж чадалгүй 7:5, 6:3-аар хожигджээ. Феррерийг ялсны дараа Федерер “Энэ бол маш хэцүү тоглолт байлаа. Би түүнийг Н.Жокович, Э.Мюррей нарыг яагаад хожсоныг одоо л ойлгож байна” хэмээн өгүүлэв. Ийнхүү Федерер “ATP Tour Finals”-ийн аваргын төлөө хүч сорих эрхтэй боллоо.
Харин Новак Жоковичийг тэмцээнээс хассан теннисчин бол нутаг нэгт Янко Типсаревич нь. Бэртлийн улмаас талбайг орхисон британи тоглогчийн оронд ирсэн тэрбээр Т.Бердыхээр “бие халаалт” хийж, ялалт байгуулсан билээ. Жоковичтой хамгийн сүүлд “US Open”-д өрсөлдөхдөө хожигдож байсан удаатай ч энэ удаа дэлхийн манлай теннисчин тоглолтын санаачилгыг гартаа авч амжсангүй. Ялангуяа төгсгөл нь тэр чигээрээ Типсаревичид ашигтай эргэсэн юм. Нэгдүгээр үед өрсөлдөгчөө гурван онооны зөрүүтэй хожсон Новак удаах хоёр сетэд гурван оноогоор хожигдсон нь юутай холбоотой вэ? Уг тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд оролцохдоо тэрбээр өрсөлдөгчийнхөө эсрэг тоглох хүч чадал байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Уг нь серб залуу их наймын тулаанд аваргалах хүсэл дүүрэн оролцсон.
Харин зорилгоо хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Тэгвэл Жо Вильфред Цонга чех (Томаш Бердых) теннисчнийг ялж, шигшээд Р.Федерертэй хүч сорих эрх авав. Франц эр Р.Надалийн эсрэг бахдам тоглолт хийснийг санах хэрэгтэй. Хоёр цаг 42 минут үргэлжилсэн уг тоглолтын эхний үед тэд эн тэнцүү өрсөлдсөн ч хоёрдугаар тойргоос Надалийн хүч суларч Цонгагийн дайралтыг няцаах чадал дутав. Дараагийн сет мөн л франц эрийн ноёрхол дор өрнөж, хоёрт эрэмбэлэгддэг теннисчин нутаг буцахаас өөр аргагүй болсон юм. Цонга шигшээ тоглолтод энэ хэвээр тогловол шинэ түүхийг эхлүүлж чадна. Гэхдээ түүний өрсөлдөгч их наймын тулааны босоо аварга гэдгийг мартаж болохгүй.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...



