Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Монголын дэвжээнд дэлхийн аваргууд зодоглоно

GD Star Rating
loading...

МЧБХ “Женко” групптэй хамтран 2011 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээ “Mongolian Open” нэртэйгээр, нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн тэмцээнийг ирэх оны нэгдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. “Mongolian Open-2012” нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны албан ёсны хуанлид багтсанаар бөгөөд одоогийн байдлаар ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Болгар, Румын, БНСУ, Чех, Иран, БНАСАУ, Куба, Канад, Франц, Казахстан, Узбекстан зэрэг 15 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ албан ёсоор ирүүлээд байна. Европ, Өмнөд Америкийн зарим улсын баг тамирчдаа илгээхээ албан бусаар мэдэгдээд байгаа юм. МЧБХ “Mongolian Open-2012” тэмцээндээ ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Туркийн Стамбул хотод болсон ДАШТ-ий үеэр чөлөөт бөхийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 40 гаруй улсад урилга өгч, Түрэгийн дэвжээнд аваргалсан тамирчдын бүх зардлыг дааж Монголд авчрах болсон. Ингээд тэмцээний тухай албан ёсны мэдээллийг хүргэе.

 

ШАГНАЛЫН САН

“Mongolian Open-2012” тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул ОУБТНХ-ноос гаргасан журмын дагуу тамирчдыг шагнаж урамшуулах юм. Үүнийг тодруулбал, жин тус бүрийн аварга 3000, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид 2000, 1000 ам.долларын шагнал авна. Түүнчлэн ивээн тэтгэгчдийн зүгээс тэмцээний үеэр шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин шалгаруулж, дурсгалын зүйлсээр шагнахаар болжээ. Мөн багийн дүнгээр байр эзлүүлэхээ ч албан ёсоор мэдээлсэн.

 

ТАМИРЧДЫН БАЙР, ХООЛ

Тэмцээнд оролцох баг тамирчдыг “Баянгол” зочид буудалд нэгдүгээр сарын 12-17-ны өдөр байрлуулахаар төлөвлөжээ. Тус зочид буудалд байрлах хугацаанд тамирчдыг өдрийн гурван хоолоор хангахын зэрэгцээ бэлтгэлийн танхим, тэмцээн зохион байгуулах ордон зэрэгт тогтмол автобусаар үйлчлэх юм. Мөн тэмцээний ивээн тэтгэгчдийн зүгээс барьж буй хамгийн том бэлэг нь “Mongolian Open-2012”-т оролцох зургаан өдрийн турш байр, хоол, унаагаар үнэгүй хангах юм.

 

ХАМТАРСАН БЭЛТГЭЛ

Тэмцээн өндөрлөсний дараа дэлхийн шилдэг бөхчүүдийг нэг танхимд долоо хоног хамтарсан бэлтгэл хийх боломжийг ивээн тэтгэгч, зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Уг хамтарсан бэлтгэлд Монголын үндэсний шигшээ багийн бөхчүүдээс гадна уригдан ирсэн улсуудын шилдэг тамирчид хамрагдахаараа онцлогтой. 1980-аад онд дэлхийн дэвжээг эзэгнэж явсан ОХУ-ын Сергей Белоглазов, Кубын Алехандро Пуэрто, Ираны Мохаммадиан Аскари, Японы Хидеаки Томияма, АНУ-ын Кевин Даркус, БНАСАУ-ын Ким Ён Сик, Болгарын Георгий Калтчев нарын одод хамтарсан бэлтгэлийг удирдан явуулах нь хамгийн том бэлэг юм. Тиймээс энэ нь дэлхийн шилдгүүд нэгэн дээвэрт чуулсан хамгийн үр дүнтэй бэлтгэл болох нь тодорхой. Бэлтгэлийг удирдах дэлхийн шилдэг долоон бөх нь “Mongolian Open-2012” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Женко” группийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Х.Баттуултай нэгэн үе барилдаж явсан андууд билээ.

 

GD Star Rating
loading...
Монголын дэвжээнд дэлхийн аваргууд зодоглоно, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: