loading...
Их Британийн нийслэл Лондонд зуны олимпийн ХХХ наадам эхлэхэд найман сарын хугацаа үлдлээ. Хүн төрөлхтөний спортын их баяр наадмыг угтаад “Мартаж боломгүй түүх” буландаа Монголын тамирчдын олимпийн дэвжээнд үзүүлсэн бахдам амжилтыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин Намжилын Баярсайханы “Барселон-92” олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүртсэн хүрэл медалийн түүхийг онцлов.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд, амьдрал хаа хаанаа хүнд байсан үе. Олимпийн наадмын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн Филиппинийн нийслэл Манилад болох ч Монголын тамирчдад зардал мөнгө олдохгүй байв. Тухайн үеийн боксын холбооны удирдлагууд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агснаас мөнгө гуйжээ. “Танай Завханы залуу” гэж хүртэл хэлж байж Н.Баярсайханд зардал олсон гэдэг. Олимпийн наадмын 60 кг-ын жинд Ази тивээс зургаан боксчин оролцох нормтой бөгөөд дөрөв нь эрхээ авчихаад байв. Тиймээс Филиппинд аваргын төлөө шалгарч үлдсэн хоёр тамирчин эрх авах байлаа. Манай Н.Баярсайхан тэр тэмцээнд мөнгөн медалийн болзол хангаж, нэгэнт зорьсондоо хүрсэн тул аваргын төлөө БНСУ-ын Хон-Сүн Сиктэй нэг их хичээлгүй тоглож, ялагдсан юм.
Ингээд л олимпийн наадам хэмээх гайхамшигт зүйлийн утааг үнэрлэх боллоо. Тэрбээр Барселоны рингэнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын удирдлага дор хүч үзэв. Эхлээд гоц мөргөж, дараа нь Гватемаллын Маурисио Авилаг 15:0-ээр ялсан. Ингэж медалийн төлөө тоглох боллоо. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Танзанийн боксчин Раши Али Хадж Матумла. Танзани эр “Сөүл-88” олимпийн наадамд оролцож байснаас гадна энэ удаа бэлтгэл сайтай байв. Н.Баярсайхан дотроо эмээж л байсан гэдэг. Гэхдээ “Куба, ОХУ, АНУ, Германы тамирчинтай таарснаас гайгүй юм” хэмээн бодож, сэтгэл зүйгээ бэлтгэжээ. Түүхийн хуудас сөхвөл 1980 оны Москвагийн олимпийн наадамд 63.5 кг-ын жинд манай Х.Жамган Танзанийн Вилльям Луймод 0:5-аар ялагдсан. Н.Баярсайханыг дэвжээнд гарахынх нь өмнө В.Батбаяр багш “Чи ахынхаа өшөөг авна шүү” хэмээн захижээ.
Манай тамирчин нэгэнт сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй болсон тул тоглолтын эхнээс л илүү тоглоод эхлэв. Гэвч тоглолт өндөрлөхөөс хоёр секундын өмнө хөмсөг нь задарч, цус гоожоод баларлаа. Бокст ялж явсан ч хөмсөг задарсан тохиолдолд ялагдал хүлээдэг дүрэмтэй. Ингээд л манайхан түгшиж эхлэв. Н.Баярсайханыг дэмжихээр ирсэн МҮОХ-ны хэд хүртэл таг болчихов. “Яадаг бол” гэсэн бодол хүн бүхнийг эзэмдэнэ. Энэхэн мөчид шүүгч Монголын тамирчны гарыг өргөх нь тэр. Харин манай тамирчны хөмсөг задарсныг хамаг найдвараа болгоод байсан Танзанийн дасгалжуулагч тэр мөчид харамсаад юм цохиж байсан гэдэг. Хэдийгээр Н.Баярсайхан хүрэл медалийн болзол хангасан ч цус нь тогтохгүй байсан тул Германы Марко Рудольфтой медалийн өнгөө хувиргах тулааныг хийгээгүй юм. Ингээд л хүрэл медальтайгаа үлдсэн. Олимпийн наадмын боксын тэмцээний эмч шүүгч нь герман хүн байсан бөгөөд аль болохоор тоглуулахгүйг хичээжээ. Нэг бодлын хөмсөг нь гүнзгий задарсан болохоор тоглоод ч нэмэргүй байсан биз.
Н.Баярсайхан гавьяат хожим “Хөмсөг задраагүй бол цааш явсаар аварга болох байсан ч юм бил үү. Эсвэл бүр наана задраад медальгүй ч хоцрох байсан байж мэднэ. Рудольф өмнөх жил нь дэлхийн аварга болоод байсан. Би олимпийн өмнө нутагт нь хоёр удаа тоглохдоо нэг ялсан. Тоглолтын стиль нь надтай тохирдог, ер нь надад ялах боломж байсан” хэмээн ярьсан билээ. Немц эр олимпийн наадмын шигшээ тоглотод АНУ-ын Оскар Де Ла Ойяд (Хожим мэргэжлийн боксын шилдэг тамирчин болсон) ялагдаад мөнгөн медаль хүртсэн бол нөгөө хүрлийг Хон-Сүн Сик хүртжээ. Н.Баярсайхан энэ солонгос боксчинг 1989 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод ялж, Филиппинд болсон олимпийн эрхийн сүүлийн тэмцээний аваргын төлөө ялагдаж байв.
Сонирхуулахад Н.Баярсайхан олимпоос ирээд Монгол Улсын анхны гавьяат тамирчин цолыг хүртсэн юм. Ерөнхийлөгч П.Очирбат шагнал өгөх үеэрээ ингэж хэлж байжээ. Тэр жил Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдсан бөгөөд өмнөх үеийнхэн БНМАУ-ын гавьяат тамирчид аж. Гэхдээ тухайн үед түүнийг гавьяат болоход дургүйцэх хүн олон байлаа. Социализмын үеийн, бөхөөс өөр спорт ойлгодоггүй егзөр дарга нар “Хүнд зодож ирчихээд гавьяат болно гэж юу гэсэн үг вэ” гэж ярьж байв. Хэдийгээр Н.Баярсайхан алдар цолоо хүртсэн ч Монгол Улсын Засгийн газраас түүнд нэг ч төгрөгийн мөнгөн шагнал өгөөгүй юм. Нөгөө айхтар 20 дугаар тогтоол гарчихсан, мөнгөний ханш унасан хэцүү цагт тэр гавьяатынхаа найрыг хүнээс мөнгө зээлж хийж байжээ. Иймэрхүү учир шалтгаануудаас болж Монголын сор болсон боксчдын нэг Н.Баярсайхан олимпийн дараахан зодог тайлсан юм.
loading...





Goy tuuh bna
loading...
Babaa chi chuu goe yuma a.
loading...
Баба ах сайн боксчин шүү… Хийсэн бүтээсэн зүйлтэй л хүн дээ…
loading...
Mash sain tamirchin.Az jargal hysii.
Jinkhen boxer.
loading...