Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Чэжүгийн Дэлхийн цомын хоёр дахь өдөр

GD Star Rating
loading...
Чэжүгийн Дэлхийн цомын хоёр дахь өдөр манай бөхчүүдээс олимпийн аварга Н.Түвшинбаяр, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал нар жиндээ түрүү булаацалдахаар шалгарч үлдээд байгаа бол 81 кг-д О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, 90 кг-д Э.Энхбат, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байна. Өнөөдөр монгол жүдочид хэрхэн барилдсаныг сонирхуулъя.
81 кгР.Анхбаатар олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, жингийнхээ чансааны тэргүүн бөх Ким Жэ-Бумтай эхний тойрогт таарч, 4 минут 23 секундэд цэвэр ялагдсан бол залуу тамирчин Х.Цогтгэрэл Европын залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Их Британийн Том Ридийг 1 минут 15 секундэд иппон буулгаад залуучуудын Азийн АШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж, 2007 онд Универсиадаас хүрэл зүүсэн Узбекистаны Фармон Кабуловт 3 минут 34 секундэд цэвэр дийлдэв. Энэ узбек жүдоч энэ жилийн Азийн АШТ-ий эхний тойрогт манай Г.Түвшинжаргалыг ялж, улмаар 5-р байрт шалгарч байсан юм.
Г.Түвшинжаргал дэлхийн чансаанд 18-рт эрэмбэтэй, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Европын залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт, 2009 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий 7-р байрын шагналт, Францын Аксель Клергег эхний тойрогт юүко үнэлгээгээр яллаа. Клерге өнгөрсөн жилийн Казахстаны Дэлхийн цомд О.Ууганбаатарыг хожиж байжээ. Г.Түвшинжаргал дараагийн даваанд энэ жил УАШТ-дээ анх удаа түрүүлсэн Казахстаны Саят Шамшиевийг 2 минут 14 секундэд цэвэр ялсан ч 2005 оны ДАШТ-д 5-р байрт шалгарч, 2006 онд манай улсад анх удаа зохиогдсон Зүүн Азийн АШТ-д түрүүлэн, 2007, 2009 оны Универсиадаас мөнгөн медаль хүртсэн амжилттай БНСУ-ын Ким Мин-Гюүд 1 минут 32 секундэд цэвэр хожигджээ. Торгуулийн тойрогт Фармон Кабуловтой таарч, Азийн АШТ-ий хожигдлын хариугаа аван 3 минут 27 секундэд цэвэр ялснаар Японы Томохиро Кавакамитай хүрэл медаль булаацалдах эрхтэй боллоо.
О.Ууганбаатар 2006 оны Азийн наадамд Д.Нямхүүтэй түрүү булаацалдан ялагдаж байсан казах жүдоч Алмас Атаевтэй эхний тойрогт таарч, 1 минут 43 секундэд вазари, иппон үнэлгээ аван хожоод энэ жилийн Чингис хаан Дэлхийн цомын финалд өрсөлдөөд бараагүй, Универсиадын 5-р байрын шагналт, 2008 оны Зүүн Азийн АШТ-ий алтан медальт Хон Сук-Үнд дахин юүкогоор дийлдэв. Харин торгуулийн тойрогт урьд нь гурван удаа таарахдаа нэг ч хожиж байгаагүй Ким Жэ-Бумыг сөхрүүлжээ. Ууганаа 2010 онд Чингис хаан Дэлхийн цом болон Азийн наадмын хагас шигшээд, мөн энэ жилийн ДАШТ-ий эхний тойрогт энэ солонгос жүдочид торгуулиар, эсвэл юүко үнэлгээгээр ялагдаж байсан юм. Одоо тэрбээр зохион байгуулагч орны бөх Жун Вонь-Жүнтэй хүрэл медалийн төлөө барилдах юм.
90 кг-д олимпийн эрхийн бүст багтахад тун ойрхон байгаа Э.Энхбат Хамтын нөхөрлөлийн орнуудын АШТ-ий хошой хүрэл медальтай, Өмнөд Африкийн Зак Пионтектэй эхний тойрогт барилдаж, 2 минут 11 секундэд цэвэр ялаад ОХУ-ын Виктор Семёновт хожигдлоо. Тэрээр энэ орос бөхтэй 2010 оны Москвагийн Их дуулгад таарч мөн дийлдэж байсан юм. Ийнхүү торгуулийн тойрогт орсон Э.Энхбат 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Азийн аварга, энэ жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан И Кюү-Вонийг гурав дахиа яллаа. Өнгөрсөн жил Азийн наадмын хэсгийн аваргын төлөө, Сүвоны Дэлхийн цомын хагас шигшээд таарахад хожиж байсан амжилтаа давтаж, дэлхийн аварга энэ солонгос бөхөөр гаршсан гэдгээ батлав. Одоо тэрээр 2008 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2007 оны Универсиадын аварга, Узбекистаны Хуршид Набиевтэй хүрэл медалийн төлөө барилдана.
Энэ жинд барилдсан манай нөгөө хоёр бөх эхний даваанаас хэтэрсэнгүй. Б.Амбасэлмаа саяхныг болтол 81 кг-д барилддаг байсан, Чингис хаан Дэлхийн цомын 2009, 2011 оны аварга, БНСУ-ын Сон Дэ-Намд 2 минут 16 секундэд цэвэр буусан бол Б.Жанчивдорж 2009 онд Сүвоны Дэлхийн цомын эхний тойрогт таараад ялагдсан мөн зохион байгуулагч орны бөх Сон Сү-Генд 1 минут 57 секундэд бүх үнэлгээг алдан хожигдлоо.
-100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр дэлхийн аварга Хван Хи-Тэтэй түрүү булаацалдахаар шалгаран үлдээд байна. Тэрээр эхний тойрогт энэ жилийн Универсиадаас мөнгөн медаль хүртэж, залуучуудын ДАШТ-д 5-р байрт шалгарсан Францын Клемен Делверийг цаг дуусахад 27 секунд дутуу байхад цэвэр буулгажээ. Энэ франц жүдоч 2009 онд Парист зохиогдсон залуучуудын ДАШТ-ий хэсгийн аваргын төлөө барилдаанд Т.Хишигбаярыг, энэ жил Шеньженьд болсон Универсиадад П.Батмөнхийг тус тус ялж байсан юм. Н.Түвшинбаярын дараагийн учраа нь БНСУ-ын залуу тамирчин Сон Чан-Хун. Энэ бөх өнгөрсөн жилийн энэ тэмцээнд Б.Тэмүүлэнтэй таарч хожигдож байсан бол энэ удаа олимпийн аваргын “аманд ирж”, 2 минут 40 секунд л тэсч чадлаа. Манай бөх улмаар 2010 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаанд дийлдсэн Францын Тьерри Фабрег 2 минут 26 секундэд вазари, иппон үнэлгээнүүдийг авснаар сөхрүүлэн финалд шалгарсан.
Энэ жинд хүч үзсэн Д.Пүрэвдорж 2004 оны Европын өсвөр үеийн АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Давид Битиевт вазари үнэлгээгээр, Б.Өнөржаргал дэлхийн чансааны 18-рт эрэмбэтэй, 2006 оны залуучуудын дэлхийн аварга, 2009 оны Универсиадын аварга, Францын Сириль Маред 4 минут 43 секундэд иппоноор, Б.Бат-Орших мөн Францын Тьерри Фабред 2 минут 32 секундэд иппоноор тус тус хожигдлоо. Д.Битиев нь энэ жилийн Варшавын Дэлхийн цомд Б.Бат-Оршихыг, С.Маре нь өнгөрсөн жилийн Сүвоны дэлхийн цомд Б.Тэмүүлэнг тус тус ялж байсан юм.
+100 кг-д барилдсан дөрвөн бөх маань бүгд эхний даваанд бүдэрлээ. Б.Сугаржаргал Японы шинэ од хэмээгдэж буй Рюү Шичинохэд юүкотой тэнцэх торгуулиар, Н.Батсуурь залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, БНСУ-д Чо Гү-Хамд мөн торгуулиар, Б.Төгөлдөр БНСУ-ын Ким Жун-Хуньд 3 минут 45 секундэд иппон, А.Давааням Универсиадын хүрэл медальт, Францын Мэтью Торелд 3 минут 38 секундэд иппон үнэлгээгээр тус тус дийлдэв. А.Давааням энэ жилийн Универсиадад энэ франц бөхөд хожигдож байсан бол Р.Шичинохэ есдүгээр сард Улаанбаатарт зохиогдсон Чингис хаан дэлхийн цомд А.Даваанямыг, Чо Гү-Хам 2010 оны залуучуудын ДАШТ-д Ө.Дүүрэнбаярыг ялж байсан ажээ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д энэ жил залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал Японы Рүи Такахашиг 2 минут 15 секундэд цэвэр, БНСУ-ын И Хи-Суныг гурван торгуулиар, Германы Керстин Тьелег хоёр торгуулиар тус тус ялснаар Японы Карэн Нүниратай түрүү булаацалдахаар шалгаран үлдээд байна. Манай бөх энэ жил Дюссельдорфын гранприд наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Германы К.Тьелед хожигдож байсан билээ. Энэ жинд хүч үзсэн О.Мөнхцэцэг, Э.Аззаяа нар 7-р байрт шалгарлаа. О.Мөнхцэцэг энэ жилийн залуучуудын ДАШТ-ий 7-р байрын шагналт Францын Фанни Посвитег юүкогоор ялаад Их Британийн Жемма Гиббонс, Францын Мари Паске нарт хожигдсон бол Э.Аззаяа Францын Жюли Пьеррег юүкогоор ялаад Германы К.Тьеле, БНСУ-ын И Хи-Сун нарт дийлдсэн байна. Харин Э.Хандармаа эхний тойрогт 2003 оны универсиад, 2004 оны оюутны дэлхийн аварга, энэ жилийн ДАШТ-ий 7-р байрын шагналт, Францын Мари Паскед 7-хон секундэд цэвэр буужээ.
-78 кг Т.Баасанжав олимп, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Жён Гён-Мид вазари үнэлгээгээр хожигдсон бол Б.Уянга 2005, 2009 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Канадын Эми Коттонд 32 секундэд цэвэр ялагдлаа.
+78 кг-д хүч үзсэн гурван бөхөөс Б.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрээр зохион байгуулагч орны бөх Ким Юнь-Кёнд ялагдаад торгуулийн тойрогт Д.Золжаргалыг хожсон ба Францын Эмили Андеолтой медальтай үлдэх эсэхээ шийдэх юм. Д.Золжаргалын хувьд БНСУ-ын Ким На-Ёнд эхний тойрогт ялагдсан. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд Ким Жи-Юнь, И Жун-Юнь гэсэн солонгос жүдочдод дийлдлээ.
GD Star Rating
loading...
Чэжүгийн Дэлхийн цомын хоёр дахь өдөр, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: