loading...
БНСУ-ын Чэжүд эхэлсэн жүдо бөхийн Дэлхийн цомын эхний өдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас найм нь медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Энэхүү тэмцээнд 35 орны 141 эрэгтэй, 121 эмэгтэй, нийт 262 жүдоч өрсөлдөж буй бөгөөд үүний тэн хагас орчмыг БНСУ (28 эр, 27 эм), Монгол (27 эр, 23 эм), Франц (16 эр, 12 эм) гэсэн гурван улсын тамирчид бүрдүүлж байна. Чэжүгийн Дэлхийн цомд Монгол Улсаас залуучууд түлхүү багтсан багийг илгээсэн билээ. Дэлхийн цомын эхний өдөр эрэгтэйчүүдийн доод гурав, эмэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн медальтнууд тодрох ба манай тамирчдын 26 нь дэвжээнд гарснаас найм нь медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Үүнийг жин жингээр нь сонирхуулъя.
60 кг-д Ч.Болдбаатар Эквадорын Хосе Ромеро, Казахстаны Рустам Ибраев, БНСУ-ын Жан Жин-Минь нарыг ялсан бол Д.Амартүвшин энэ жилийн Универсиадын аварга, ДАШТ-ий 5-р байрын шагналт Ким Вонь-Жинь, Казахстаны Саламат Утарбаев, Францын Винсен Лимар нарыг буулган авч хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд манай хоёр бөх хоорондоо өрсөлдөх юм. Энэ жинд барилдсан Универсиадын мөнгөн медальт О.Чинбат Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, энэ жилийн ДАШТ-ий 5-р байрын шагналт Чой Гван-Хёнд торгуулиар, С.Батгал Узбекистаны Шарафуддин Лутфиллаевт цэвэр ялагджээ. 66 кг-д Д.Алтансүх Мароккогийн Хамза Белгаид, ОХУ-ын Михайль Пуляев, БНСУ-ын Хван Бо-Бэ нарыг ялаад БНСУ-ын Чо Жүн-Хотой хагас шигшээд барилдах гэж буй бол БНСУ-ын Ан Жён-Хван, Францын Давид Ларос нарыг ялсан Б.Хишигбаяр мөн энэ даваанд Францын Димитри Драгинтай хүч үзэхээр болжээ. Узбекистаны Улугбек Норкобиловыг ялж, Францын Димитри Драгинд хожигдсон А.Батсуурь Францын өөр нэг бөх Давид Ларосыг буулган авснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрээр Д.Алтансүх, Чо Жүн-Хо нарын ялагдсантай нь медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдааныг хийнэ. Энэ жинд Б.Батгэрэл Францын Пьер Дупрад ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. 73 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатар Мексикийн Ли Мейт, Румыний Дан Фасиэ нарыг ялж хагас шигшээд шалгараад байгаа бол Г.Одбаяр Казахстаны Бекзат Манасбаев, Францын Жиль Бонхём нарыг хожиж, БНСУ-ын Ким Вонь-Жунд ялагдан Италийн Марко Маддалониг сөхрүүлснээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Г.Одбаяр Х.Цагаанбаатар болон ӨАБНУ-ын ван Зал нарын хожигдсонтой хүрэл медаль булаацалдах юм. Залуу тамирчин Н.Хадбаатар дэлхийн аварга Ван Ки-Чуньд, Т.Батзориг ӨАБНУ-ын Гидеон ван Зылд тус тус ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Хандсүрэн Японы Тамами Ямазакиг хожсон ч АНУ-ын япон гаралтай жүдоч Анн Шираишид дийлдсэн байна. Түүнчлэн Г.Отгонцэцэг Францын Скарле Габриэллид, М.Долгоржав БНСУ-ын И Сүн-Ад, Г.Саранзаяа Армений Гайане Арутюнянд тус тус эхний даваанд хожигдлоо. 52 кг-д залуу тамирчин Чинтогтохын Аззаяа Узбекистаны Рима Бердыгулова, БНСУ-ын Жун Юн-Жун нарыг ялснаар Японы Аи Шишимэтэй хагас шигшээд өрсөлдөхөөр болоод байна. Харин Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Ким Ми-Рид, А.Цолмон Францын Жулиа Россод тус тус дийлдэв. 57 кг-д олимпийн эрхийн бүст багтахаар тэмүүлж буй хоёр тамирчин маань тун хангалтгүй барилдав. Д.Сумъяа Казахстаны Тэн Алинаг ялаад наймд үлдэхийн төлөө Узбекистаны Ирода Абдурахмановад хожигдсон бол Т.Баттөгс Японы Макико Отомог барсангүй. Мөн энэ жинд хүч үзсэн А.Батзул БНСУ-ын Ким Жан-Дид ялагджээ. 63 кг-д барилдсан дөрвөн бөхөөс Б.Мөнгөнчимэг л нэг ялсан. Тэрээр БНСУ-ын Мён Жи-Хэг буулган аваад Австралийн Кайли Кёнигт дийлджээ. Бусад бөхийн тухайд Б.Сайнбуян БНСУ-ын Жоун Да-Үнд, М.Нямжаргал Испанийн Яхаира Агирред, С.Энхзаяа Францын Маэль ди Чинтиод тус тус хожигдсон.
loading...



