Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй » МОНГОЛЫН “АРМСТРОНГ”

GD Star Rating
loading...

“СЭМ АВГА-ЫНД ӨНГӨРҮҮЛСЭН 15 ЖИЛ

Дугуйн спортын ОУХМ Цэдэндамбын Ганболд “Сэм авга”-ынд 15 жил аж төрж байгаад эх орондоо эргэн иржээ. Монгол түүний санаж бодсоноос ч илүү хөгжиж, хотын утаа, замын түгжрэл, тоос шороог эс тооцвол Улаанбаатар төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн талаар өгүүлэв. Энх тайвны олон өдрийн уралдаан, Азийн наадам, ДАШТ-д Монголынхоо нүүрийг тахлан, шагналын тавцанд олонтаа зогсож, олон улсын томоохон тэмцээнд шар цамц цөөнгүй өмсөж явсан энэ эр гадаадад удаан жил амьдрахдаа үйлс нэгт нөхдөө санагалзан сэлбэг материал, медаль сэлтээр дэмжиж тусалж явсан нэгэн. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэсэн эртний үг бий. Нэг л өдөр тэр хүний нутгийг орхин Монголдоо ирсэн. Түүнийг ирэх сургаар Монголын дугуйн холбооноос нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулж, 100 шахам нөхөд нь нэг дор цугларч дотнын анддаа хүндэтгэл илэрхийлжээ. Сэтгэл нь хөдөлсөн тэрбээр 50 км-т уралдаж, хэдхэн хормын дотор дугуйчин Ганболд ямар байсан тэр үедээ очсон юм.

-Америкийн виз авч, алсыг зорьсон дурдатгалаар ярилцлагаа эхэлье.

-15 жилийн өмнө Спорт сургалтын төвийн захирал Х.Баянмөнх аваргад АНУ-д суралцаж, хэлний боловсролоо дээшлүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд “Залуу хүн сурч боловсрох хэрэгтэй” гэсэн сайхан үгээр дэмжиж зөвшөөрөл олгож билээ. Тэгээд Калифорнийн “English Academy”-д нэг жил суралцан, тэндээ үлдэн ажиллаж хөдөлмөрлөх болсон. Эх орондоо жилийн дараа буцна гэж ярьсаар 15 жил нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Одоо Монголдоо бүрмөсөн ирсэн. Хүүхдүүд маань АНУ-д үлдсэн учраас хааяа зочлохоор очиж байх биз дээ.

-Та АНУ-ын аль хотод суурьшсан юм бэ?

-Манайх анх Сан Францискод ирж, тэндээсээ Денвер рүү шилжсэн. Одоо Сиэтлд байгаа.

-Таны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн Америкт суугаа монголчуудын дунд болдог гэж сонссон. Яагаад үндсэн төрлөөр тань биш, спорт тоглоомоор зохиогддог юм бэ?

-2001 онд миний нэрэмжит тэмцээн зохиож байхаар тэндхийн монголчууд шийдсэн юм. Дөрвөн жил зохиогдсоны дараа нь гавьяат тамирчин Н.Энхбат маань надтай утсаар ярьж, дугуйн Ганболдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн гэхээр сонин санагдаад байх юм, нэрийг сольвол дээр биш үү” гэлээ. Би ч дуртайяа зөвшөөрч, Америкийн монголчуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн гэж нэрлэхээр болсон. Тэрхүү тэмцээний 10 жилийн ой 2011 онд тохиож, Денверт манайхан өрсөлдлөө. Зохион байгуулагчид нь намайг гэр бүлийн хамтаар урьсанд тун баярласан. Сиэтл хотод дугуй унадаг 5, 6 монгол бий. Чөлөө заваараа тэдэнд зөвлөгөө өгч, сонирхогчийн уралдаанд оролцуулсан удаатай. Спортын мастерын болзол хангасан сайн тамирчин цөөнгүй. Намайг буцах болоход тэд гуниад үлдсэн дээ. Гэхдээ бид интернэтээр байнга холбогддог.

-Та нар хоорондоо дугуйн тэмцээн зохиож байв уу?

-Үгүй. Дугуйгаар бэлтгэл хангах маягаар хичээллэнэ. Дугуй бол америкчуудын амьдралынх нь хэрэгцээ болсон спорт. Зориулалтын замаар дугуй унасан хүмүүс битүү. Тэд эрүүл мэндийн асуудлаа дугуйгаар шийдэж байна. Денвер хотод Э.Уянга гэж дугуйчин охин бий. Түүнийг амжилт гаргах бүрэн боломжтой гэж боддог. АНУ-ын мужуудаар дугуйн өдөрлөг явуулах юмсан гэсэн хүсэл олон жилийн өмнө төрсөн. Тэнд манай Энхбаатар, Оджав, Пүрэв-Эрдэнэ гээд л дугуйчид олон бий.

-Та АНУ-ын мужуудад зохиогддог тэмцээнд хүч сорьж үзсэн үү?

-Ажил төрлөөс шалтгаалан төдийлэн оролцож чаддаггүй. Зургаан жилийн өмнө дугуй эрчимтэй унасан. Б.Баасансүрэн гэж найзтайгаа сонирхогчийн тэмцээнд оролцоод ангилалдаа хоёрдугаар байр эзэлсэн удаатай. Бэлтгэл жаахан хийчихвэл эхний гуравт орчихоод байдаг юм.

-Шагнал нь хэр байх вэ?

-Монголчууд л шагнал, энэ тэр гэж ярьдгаас биш, АНУ-д эрүүл мэндийнхээ төлөө тэмцээнд оролцдог. Харин ч гараанаас гарсны төлөө тусгай хураамж төлдөг. Мэргэжлийн тамирчид амжилтынхаа хэрээр мөнгө хүүлнэ, харин сонирхогчид бидэнд шагнал бараг оногдохгүй.

-Мэргэжлийн тамирчин гэснээс та алдарт Л.Армстронгтой нүүр тулан уулзаж байв уу?

- Л.Армстронг Денвер хотоор багийнхантайгаа ирэхэд холоос харж амжсан. Уг нь бид 1989 онд Энх тайвны олон өдрийн уралдаан, 1990 оны Италийн олон өдрийн уралдаан,мөн оны ДАШТ-д дөрөө харшуулан уралдаж явсан.

-Тэгвэл та Армстронгийн залуу үеийнх нь түүхийг сайн мэдэх юм байна даа?

-Мэднэ гэж худал хэлэхгүй. Тэр үед Армстронгийг сайн таньдаггүй байж. Алдар цуугаа мандуулж амжаагүй байсан учраас тоогоогүй ч байх. Харин одоо бол дугуйн домогтой хамт тэмцээнд оролцсоноо ярихад сайхан санагдалгүй яахав.

-Монгол эр хүн сайн морины төлөө юугаа ч наймаалцахад бэлэн байдаг шиг дугуйчид сайхан дугуй худалдан авах хообийтой болчихдог гэсэн. Одоо та ямар дугуй унаж байна?

-Дугуйнаас угаасаа салж чадахгүй юм билээ. Төмөр хүлэг унахгүй болохоор жин нэмнэ, эсвэл өвчин ээрэх гээд хэцүү. Өвдгөөр хатгахаар нь гурав хоног дугуй уначихвал эдгэрчих жишээтэй. АНУ руу дугуйтайгаа л явсан. Дугуйгаа сайжруулахыг бодолгүй яахав. Наашаа ирэхээс өмнө А.Контадор, ах дүү Шлекийн унадаг “төмөр хүлэг”-тэй яг ижил, дэлхийн брэнд дугуй худалдан авсан.

-Дэлхийд алдартай Денверийн уулсад дугуйн бэлтгэл хийх хүсэл төрдөг үү?

-Хойч үеийнхнийгээ тэнд бэлтгэл хийлгэх юмсан гэж хүсдэг. Санаснаар болдоггүй зүйл олон байх юм даа.

-Хүүхдүүдийн тань дундаас таны шийрийг хатаах тамирчин төрсөн үү?

-Том охин маань дугуй унадаг байсан ч эмэгтэй хүнд ахадсан энэ спортоор хичээллүүлэхийг хүсээгүй. Удаах охин тэквондогоор хичээллэж, хар бүс авсан. Бага нь фитнесс сонирхдог.

ДУГУЙТАЙ НӨХӨРЛӨСӨН 17 НАС

Ц.Ганболд 17 наснаасаа тамирчны амьдралд хөл тавьсан. Дугуй унах хообийтой үеийн хөвгүүдийн хамт төмөр хүлгийн дөрөө жийн уралдахын зэрэгцээ хөнгөн атлетикийн 400, 800, 1500 м-т хурд сорьдог байлаа. “Залгамжлагч” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд хөнгөн атлетик, дугуйн спортоор өрсөлдсөн хүү нэг л өдөр “Хүч” нийгэмлэгт Бүндэн багшийн секцэнд бүртгүүлсэн цагаас дугуйчид нэгэн шинэ “цэрэг”-ээ тосон авчээ. Дугуйланд хичээллэсэн цагаас л түүний билэг авьяас нь тодорч, залуучуудын болон Улсын шигшээ багт “ногоон гэрэл”-ээр дэвших нь тэр.

-Шаггүй дугуйчин болох нь гэсэн үгийг багшаасаа анх хэзээ сонссон бол?

-УИД-ийн ар талын подвалд “Хүч” нийгэмлэгийн тамирчдын өрөө байрлана. Тэнд очиж, секцэнд бүртгүүлсэн эхний өдөр багш маань бидний дунд жижигхэн тэмцээн зохион байгуулж, би түрүүлсэн юм. Тэр үед намайг хачирхан хараад “Дугуйнаас өөр ямар спортоор хичээллэдэг вэ” гэж асуухад нь “Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцдог” гэлээ. “Чи дугуйнаас өөр төрлөөр хичээллэж болохгүй шүү” гэсэн үг амьдралыг минь зааж өгсөн гэж боддог. Секцэнд ороод удаагүй байхад “Хүч”-ийн тамирчдын дунд болсон нээлтийн кросст түрүүлэв. Бүндэн, Болдбаатар гэж хоёр багш маань баяр хүргээд надад сайн дугуй “босгож” өгөхөөр боллоо. Одоогийнх шиг цоо шинэ дугуй газар дээр нь өгч чадахгүй. Тиймээс сэлбэг, материал нийлүүлж байгаад надад уралдааны дугуй өгөхөөр болоход нь туйлын их баярласнаа санаж байна.

-Дугуйн тэмцээнд оролцох нь шатар тоглохтой адилхан гэж зарим хүн ярьдаг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Тухайн тамирчин хурд, хүчтэйн зэрэгцээ ухаалаг, хурдан сэтгэдэг байх нь хамгийн чухал. 100 км-т уралдахад хэдэн зуун хувилбар, тактик боловсруулна. Олон мянган хүний дунд өөрийгөө авч явах нь тухайн дугуйчнаас л шалтгаална. Л.Армстронгоос нэгэн сэтгүүлч “Таны багш хэн бэ” гэж асуухад “Надтай хамт уралдаж байсан бүх дугуйчин миний багш” гэж хариулсан байдаг. Энэ бол ухаантай үг шүү.

Өдөрт хэдэн км зам туулж, бэлтгэл хийдэг байв даа?

-Төр засаг тамирчдаа тун сайн харж үзэж, чанд хатуу сахилга бат үйлчилдэг байлаа. Бид “Улаанбаатар”, “Нэгдэлчин”, “Баянгол”, “Залуучууд” зочид буудалд ээлжлэн байрлаж бэлтгэлээ хийнэ. Одоо бодоход мэргэжлийн тамирчны хэмжээнд бэлтгэгддэг байж. Жилд 17000 км зам туулах хуваарьтай. Доод тал нь өдөрт 100 км явна. Долоо хоногийн нэг өдөр л амарна. Тэр үед ОХУ, Германы тамирчид 23000 км туулж бэлтгэл хангадаг байсан гэсэн. Бидний хувьд өвөл алдсан бэлтгэлээ зун нөхөхийг хичээнэ. Гэхдээ хайруу хүйтэнд гар хумхин суухгүй. УлаанбаатарБаянчандмань- Борнуур гэсэн маршрутаар бэлтгэл хийгээд ирэхэд хамар, чихний үзүүр хөлдсөн, өсгий цайрчихсан хэр нь л тоохгүй. Тэр үед Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Ч.Саманд, Ц.Даржаа багш нар ажилладаг байлаа. Ийм л хатуу дэглэм, өндөр шаардлагын дор бидний үеийн тамирчид өсөж өндийсөн.

АМЖИЛТЫН ГАРАА

Дугуйн шигшээ баг 12 тамирчны бүрэлдэхүүнтэй. Залуучуудын шигшээд найман дугуйчин данстай. Үүн дээр нийгэмлэгийн дугуйчин нэмэгдэж, өнөр хамт олон бий болно. Өндөр амжилт гаргах хүсэл тэмүүлэл нь тэднийг нэгтгэн зангидаж байсан юм. УАШТ-д есөн удаа түрүүлсэн Ц.Ганболдын сэтгэлээс гардаггүй тэмцээн олон. Тухайлбал, 1979 оны УлаанбаатарЭрх үүгийн ОУТ-д Байгальскийн том уулыг монголчуудаас анхлан давсан нь маш их урам хайрлажээ. Уухайлан буусан “ах нар”-аас дуталгүй амжилттай газардахад ахмад дугуйчин Б.Луузан гуай “Энэ даваанд л монголчууд үлддэг байсан юм. Харин чи бууж чадлаа” хэмээн баяр хүргэсэн нь өдгөө ч түүний сэтгэлээс гардаггүй.

ШИНЭ АМЖИЛТ, ШИНЭ ТҮҮХ

Капатилист орнууд “Тур де Франс”, социалист гүрнүүд Энх тайвны олон өдрийн уралдаанаар өрсөлдөн, тэдгээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй зүйрлүүлдэг байлаа. Герман, Чех, Польшийг дамжин өртөөлдөг энэхүү уралдаанаас 1983 онд Ц.Ганболд анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. -Дугуйн тэмцээнд тамирчид янз бүрийн тактикаар уралдана. Тамирчид уралдааны олон хувилбар боловсруулдаг. Миний хувьд Португалийн алдартай тамирчны салхинд сууж уралдсаны хүчинд өрсөлдөгчдөө хол орхиж чадсан. Бидний араас Румыний алдартай дугуйчин, ДАШТ-д дээгүүр байр эзэлдэг Р.Гонна ирлээ. Гурвуулаа бариа руу зүтгэсэн дээ. Барианд хүрэхэд 5 км дутуу байхад нөгөө хоёр маань тэргүүн байрын төлөө өрсөлдөх тактикаа боловсруулсан бололтой урагшилж өгдөггүй шүү. Миний хувьд хүрэл медаль л чухал байлаа. Монгол хүн урьд нь энэ уралдаанаас медаль хүртэж байгаагүй болохоор салхийг нь хагалаад л зүтгэсэн. Барианд ирэхэд нөгөө хоёр маань миний өмнө, би гараа өргөөд гуравдугаарт орсон. Энэхүү амжилтдаа туйлын сэтгэл хангалуун байж билээ. Телевизийнхэн ярилцлага авч, хүмүүс гарын үсэг зуруулаад л.

Уг уралдаан гурван жилийн дараа хүрээгээ улам тэлэн, дугуйчид нэмж ЗХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр уралддаг болжээ. Дөрвөн улсын нутгийг хамарсан 1986 оны уралдаанаас манай тамирчин хоёр дахь хүрэл медалиа зүүсэн. Киевд барианд ороход тэрбээр шагналын тавцангийн гуравдугаарт зогсож чадсан билээ. Бариа ойртох үед “Ганбаа босоорой” гэсэн Д.Мөнхбатын дуугаар ганц ч секунд алдалгүй уралдан Чехийн Ж.Регец, Болгарын Е.Стайчев нарын ард оржээ.

-Алдартай тамирчид надаас арай илүү ажиллаж, барианд ойртсон юм. Тэдний урдуур дайрч медалийнхаа өнгийг өөрчилж болох л байсан. Гэвч манай төрөлд жудаг гэж айхавтар зүйл бий. Би гуравдугаар байртайгаа баяртай эвлэрсэн юм шүү. Дундын барианы, идэвхтэй дугуйчны шагнал олонтаа хүртэж байв. Энэхүү уралдаанаас бусад ОУТ-д шар цамц бишгүйдээ л өмссөн.

БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ҮҮРЭГ

Ц.Ганболдын туузыг “Дели- 1982” Азийн наадмын мөнгөн медаль чимдэг. Тивийн наадмын дэд аваргаар тодрохдоо тэрбээр 22 настай байсан юм. -Багийн 100 км-т хүрэл медаль хүртэх удирдамж дор Делиг зорьж билээ. 186 км-ийн бөөн гараатай ганцаарчилсан уралдаанд яагаад ч медальд хүрч чадахгүй. Харин багийн тэмцээн бидний хамгийн гол найдвар гэж багш маань ярьсан. Харамсалтай нь 100 км-т Д.Оргодол маань замаа дуусгаж чадаагүй. Орхигдсон тамирчны замыг нөхөхийг бид хичээсэн. Д.Цолмон, Б.Хаянхярваа бид гурав чадлаараа л хичээж, уг нь гуравт орсон юм. Гэтэл дүн гарахад Ираны баг есөн секундээр манай өмнө орсон байсан. Удирдамжаа биелүүлж чадаагүй дүнсийсэн нөхөд байрандаа цугларлаа. Хувийн уралдаанд оролцохын өмнө хурал хийж багш маань “Бид заавал медаль авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дугуйн шигшээ баг татан буугдана” гэж хатуу сануулсан.

Уралдаан эхэлсний дараа аз одоор би гараанаас Солонгосын хоёр, Иран, Индонезийн тамирчидтай зугтлаа. Нөхөд маань ард тактик хийгээд л өрсөлдөгчдийн замыг аль болохоор хааж байсан. Барианд жаахан хожигдож спринт хийсэн гэж боддог юм. Тэгээд мөнгөн медаль хүртсэн дээ. Манай багийнхан бөөн баяр, миний нулимс өөрийн эрхгүй асгарч билээ. Энэ амжилтаараа дугуйн анхны ОУХМ болсон юм шүү дээ. Тэр үед одоогийнхтой адил мэдээлэл нээлттэй байгаагүй. Ц.Даржаа багшийн эхнэр Өвөрмонголын радио сонсож байгаад хамгийн түрүүнд “Ар Монголын алдарт дугуйчин Азийн наадмаас мөнгөн медаль авлаа” гэсэн мэдээ хүлээн авч үлдсэн нөхдөд маань дамжуулсан гэсэн. Барселона явахаас өмнө л 1992 онд 976 код гарч, бид монголчуудтайгаа шууд холбогдох соёлтой танилцсан юм.

АЗИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭВ

1990 онд Японд болсон ДАШТ-д манай дугуйчид багийн 100 км-т 2.06,26 амжилтаар Азийн рекорд тогтоосон түүхтэй. Тус уралдаанд Д.Мөнхбат 25 км-т замаас гарч, Ц.Ганболд, Ж.ӨлзийОрших, Д.Төмөр-Очир нар замаа гүйцээсэн юм. Азийн наадмын мөнгөн медальтан 186 км-т өндөр амжилт гаргах боломж байсан ч барианд орохоос 20 км дутуу байхад уралдааны замаа орхижээ. Харин дараа жил нь зохиогдсон ДАШТ-д тэрбээр дасгалжуулагчаар оролцов.

-Та ид уралддаг насандаа яагаад дасгалжуулагч болсон юм бэ?

-Зодог тайлах тухай бодоогүй байхад удирдлагууд ийм шийдвэр гаргаж, 30 насандаа дасгалжуулагчаар ажилласан. Дасгалжуулагч болчихоод тэм цээнд оролцохоор амжилт буурдаг юм билээ. Тиймээс Италид болсон тэмцээнд оролцсоноос хойш шинэ ажилтайгаа эвлэрсэн.

ӨӨРӨӨ ОРОЛЦООГҮЙ Ч ӨРӨӨЛИЙГ СОЙСОН ОЛИМП

Хилийн чанадад амжилттай уралдсан хэр нь түүнд олимпод оролцох боломж олдсонгүй. 1980 оны олимпод бэлтгэж байсан ч ах нарыгаа оролцуул, чамайг цаашид олон олимп хүлээж байгаа” гэж багш нь өгүүлжээ. Социалист орнууд “гүрийсэн” “Лос Анжелес- 1984”-ийг ч өнжив. Харин 1988 оны олимпод эрүүл мэндийн үүднээс оролцоогүй тэрбээр Барселонад тамирчдынхаа цамцны захыг мушгиж суусан.

-Барселоны олимпод шавь нар тань таны сэтгэлд хүртэл амжилт үзүүлж чадсан уу?

-Гайгүй оролцсон. Гэхдээ нэг л зүйлд харамсдаг. Бөөн гараатай уралдаанд Ж.Өлзий-Орших медаль авах боломжоо ашиглаж чадаагүй. Ж.Өлзий-Орших, Төмөр-Очир, Д.Мөнхбат нар энэ төрөлд оролцсон. Харин З.Наран нөхөдтэйгөө багийн тэмцээнд л оролцсон юм. Барианд ороход хоёр тойрог дутуу байхад өрсөлдөгчдөөсөө тасарсан 30 хэдхэн дугуйчны дунд Өлзий явсан юм. Тэрбээр спринтийг тун сайн хийдэг учраас би медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй, баярлан зогсож байлаа. Миний хажуугаар гарахдаа мань эр “Ганбаа ах аа, бяр амтагдаад байна” гэж хашгирахад нь “Болохгүй шүү, чи салхинд нь сууж яв” гэлээ. Ганцхан тойрог үлдэхэд 20 гаруй тамирчин ирсний дотор Өлзий байдаггүй. Би ч их сандарсан. Гэтэл хаа хойно нөгөөх маань ганцаараа гарч ирсэн. Өлзий баавартай дугуйчин. Миний хажуугаар гарсны дараа группээсээ ганцаараа зугтаж. Нэлээд тасарч яваад тойргоор хоцорсон тамирчинтай тааран, хажуугаар нь өнгөрөх гэж байгаад мөргөлдөн унаж дугуйгаа хагалсан юм байж л дээ. “Чи үгэнд минь ороогүй шүү” гээд хэлдэг л юм. Өлзий ч муухан инээгээд л өнгөрдөг. Мэдээж энэ бол харамсалтай түүх. Гэхдээ Өлзийгөөрөө бахархдаг. Америкт очсоныхоо дараа амжилт ялалтыг нь сонсоод баярлаж суусан. Тун их хүчтэй залуу шүү. Барселоны олимпийн бэлтгэлээ бид ихэнхдээ ууланд хийсэн. Тавдугаар араагаа солихгүй уул давах даалгавар өгөхөд Өлзий-Орших, Дарханы Жаргалсайхан хоёр даалгавар ёсоор гарсан. Ийм чадалтай тамирчин Монголд байтугай дэлхийд ч цөөн.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ…

Тэрбээр хамт олноо үргэлж магтана. Спортын амьдрал гоё л доо гээд сэтгэл хөдлөн ярьж суусан дугуйн анхны ОУХМ гавьяат тамирчны болзлыг аль хэдийнэ хангачихсан гэдэгтэй спортынхон санал нийлдэг. Энх тайвны олон өдрийн уралдааны хошой хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, Ах дүү армиудын тэмцээний мөнгө, Эрхүүгийн олон өдрийн уралдааны алт, мөнгө, хү рэл медалиуд түүнийг ямар тамирчин байсныг бэлхэн гэрчилнэ. 1980-1990 оныг Монголын дугуйн спортын алтан үе гэж тэмдэглэдэг. Монголын дугуйчид дэлхийд дээгүүр байр эзэлж, “Sprint team” хэмээн нэрлүүлж байлаа. Чех, Польш, ЗХУ, Герман даяар тэднийг андахгүй мэддэг байсан түүхтэй. Тухайлбал нэгэн герман хүн “Монголыг боксын Н.Энхбат, дугуйн Ц.Ганболд нараар мэднэ” гэж өгүүлж байжээ. Халлегийн олон өдрийн уралдаанд Ц.Ганболд тэргүүлж, “Химийн цом”-д нь Н.Энхбат илүүрхдэг байсан учраас тэр биз ээ. Түүний хөдөлмөрийг төр засаг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар л үнэлсэн. Спорт сургалтын төвийн захирал, одоогийн Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох хөөцөлдөж байж байраар шагнуулах тушаал гаргуулсанд нь туйлын баяртай явдаг.

“WELCOME TO MONGOLIA”

Тэрбээр ууланд уралдах тун дуртай. Альпийн нурууг хоёр ч удаа давж үзжээ. Спорт адармаатай. Саад бэрхшээлийн цаана амжилт хүлээж байдаг учраас эрсдэлтэй замаас бэргэж эмээдэггүй биз ээ. Тамирчдын манлайлагч нь байж, зорилгоо биелүүлэх нөхцлийг бүрдүүлсэн хань Д.Алтанцэцэгтээ баярлаж явдгаа тэр өгүүлээд дөрвөн хүүхдээ өсгөхөд “хуруу нэмээгүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эх орноо дугуйчин эр маш их санадаг байжээ. Үүнийг мэдсэн мэт нөхөд нь “Welcome to Mongolia” тэмцээнийг зохион байгуулан угтахад хэмжээлшгүй баярлаж. Баярласан сэтгэлээ барьж чадаагүй 50 гарсан тамирчин маань өөрөө уралдан, эхний байрт шалгарсан гэсэн. Дугуйчдадаа барьсан чин сэтгэлийн талархал энэ байлаа. Б.Хаянхярваа, Д.Мөнхбат, Д.Цолмон, Д.ТөмөрОчир, Д.Жамбалдорж… түүний зорилго нэгт нөхөд. Түүнтэй уралдаж байсан нөхдийнх нь нэрийг жагсаагаад дуусахгүй. “Надтай уралдаж байсан маш олон хүн бий. 40-50 хүрэх байх. 1980-1990 онд дөрөө харшуулан уралдаж байсан анд нөхөд минь та нар миний багш, амжилтын эх сурвалж. Та нартаа маш их баярлаж явдаг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Тэрбээр Монголын Армстронг маргаангүй мөн билээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
МОНГОЛЫН "АРМСТРОНГ", 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: