Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЭВ

GD Star Rating
loading...

БНСУ-ын Жэжү аралд энэ сарын 1-2-нд жүдогийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд 35 орны 141 эрэгтэй, 121 эмэгтэй, нийт 262 жүдоч өрсөлдсөн бөгөөд үүний тэн хагасыг БНСУ (28 эр, 27 эм), Монгол (27+23), Франц (16+12 эм) гэсэн гурван улсын тамирчид бүрдүүлсэн. Манайхаас залуучууд түлхүү багтсан баг илгээсэн бөгөөд эхний өдөр дэвжээнд гарсан тамирчдаас найм нь медалийн төлөө барилдаж, хоёр мөнгө, гурван хүрэл авчээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Болдбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн. Ч.Болдоо Эквадорын Хосе Ромеро, Казахстаны Рустам Ибраев, БНСУын Жан Жин-Минь нарыг, Д.Амартүвшин Универсиадын аварга, ДАШТ-ий V байрын шагналт Ким Вонь-Жинь, Казахстаны Саламат Утарбаев, Францын Винсен Лимар нарыг буулган авч хагас шигшээд шалгарсан. Улмаар 2010 оны УАШТ-д түрүү булаацалдсан манай хоёр бөх хоорондоо барилдахад Ч.Болдбаатар илүүрхсэн юм.

Харин тэр финалд БНСУ-ын Чой ГванХ ёнд вазари үнэлгээгээр дийлдэн мөнгөн медаль хүртэв. Д.Амартүвшин ОХУ-ын Евгений Кудяковтой хүрэл медалийн төлөө барилдаж, өрсөлдөгч нь дөрвөн торгууль хүлээснээр ялалт байгуулжээ. Ийнхүү Амстердамын гран-прид шагналын тавцанд хоёулаа гарч байсан 60 кг-ынхан дахин хос медаль хүртэв. Энэ жинд барилдсан Универсиадын мөнгөн медальт О.Чинбат Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, энэ жилийн ДАШТ-ий 5-р байрын шагналт Чой Гван-Хёнд торгуулиар, С.Батгал Узбекистаны Шарафуддин Лутфиллаевт цэвэр ялагджээ.

66 кг-д Д.Алтансүх Мароккогийн Хамза Белгаид, ОХУ-ын Михайль Пуляев, БНСУ-ын Хван Бо-Бэ нарыг ялаад хагас шигшээд БНСУ-ын Чо Жүн-Ход цэвэр хожигдсон бөгөөд хүрэл медалийн төлөө барилдаанд нутаг нэгт А.Батсуурьтай хүч үзэж, юүкогоор дийлдэв. А.Батсуурийн хувьд үүнээс өмнө Узбекистаны Улугбек Норкобиловыг ялж, Францын Димитри Драгинд хожигдсон ч Францын өөр нэг бөх Давид Ларосыг буулган авснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байсан юм. БНСУ-ын Ан Жён-Хван, Францын Давид Ларос нарыг ялсан Б.Хишигбаяр Францын Димитри Драгинд цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Казахстаны Азамат Мукановыг иппон үнэлгээгээр буулган авсан. Энэ жинд Б.Батгэрэл Францын Пьер Дупрад дийлдсэнээр тэмцээнээ дуусгажээ.

73 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатар Мексикийн Ли Мейт, Румыний Дан Фасиэ, ӨАБНУ-ын Гидеон ван Зыл нарыг ялж финалдаад, зохион байгуулагч орны бөх, дэлхийн аварга Ван Ки-Чуньд хожигдов. Энэ жинд Г.Одбаяр хүрэл медалийн төлөө барилдаанд өмнөд африк жүдочийг барсангүй, иппон үнэлгээгээр ялагдсан. Уг нь тэрбээр Казахстаны Бекзат Манасбаев, Францын Жиль Бонхём нарыг хожиж, БНСУ-ын Ким Вонь-Жунд ялагдан Италийн Марко Маддалониг сөхрүүлээд байсан юм. Залуу тамирчин Н.Хадбаатар дэлхийн аварга Ван КиЧуньд, Т.Батзориг ӨАБНУ-ын Гидеон ван Зылд тус тус ялагдсан байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Ханд сүрэн Японы Тамами Ямазакиг хожсон ч АНУ-ын Анн Шираишид дийлдсэн байна. Түүнчлэн Г.Отгонцэцэг Францын Скарле Габриэллид, М.Долгоржав БНСУ-ын И Сүн-Ад, Г.Саранзаяа Армений Гайане Арутюнянд тус тус эхний даваанд хожигдлоо.

52 кг-д залуу тамирчин Чинтог тохын Аззаяа Узбекистаны Рима Бердыгулова, БНСУ-ын Жун Юн-Жун нарыг ялж, хагас шигшээд Японы Аи Шишимэд вазари, хүрлийн төлөө барилдаанд БНСУ-ын Ким Ми-Рид иппон үнэлгээгээр хожигдон 5-р байрт шалгарсан нь эхний өдөр хүч үзсэн монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт болов. Харин Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Ким Ми-Рид, А.Цолмон Францын Жулиа Россод тус тус дийлдэв.

57 кг-д олимпийн эрхийн бүст багтахаар тэмүүлж буй хоёр тамирчин маань тун хангалтгүй барилдав. Д.Сумъяа Казахстаны Тэн Алинаг ялаад наймд үлдэхийн төлөө Узбекистаны Ирода Абдурахмановад хожигдсон бол Т.Баттөгс Японы Макико Отомог барсангүй. Мөн энэ жинд хүч үзсэн А.Батзул БНСУ-ын Ким Жан-Дид ялагджээ.

63 кг-д барилдсан дөрвөн бөхөөс Б.Мөнгөнчимэг л нэг ялсан. Тэрээр БНСУ-ын Мён Жи-Хэг буулган аваад Австралийн Кайли Кёнигт дийлджээ. Бусад бөхийн тухайд Б.Сайнбуян БНСУ-ын Жоун Да-Үнд, М.Нямжаргал Испанийн Яхаира Агирред, С.Энхзаяа Францын Маэль ди Чинтиод тус тус хожигдсон. Дэлхийн цомын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн

81 кг-д Р.Анхбаатар олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, жингийнхээ чансааны тэргүүн бөх Ким Жэ-Бумтай эхний тойрогт таарч, 4 минут 23 секундэд цэвэр ялагдсан бол залуу тамирчин Х.Цогтгэрэл Европын залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Их Британийн Том Ридийг 1 минут 15 секундэд иппон буулгаад 2007 оны Универсиадын хүрэл медальт Узбекистаны Фармон Кабуловт 3 минут 34 секундэд цэвэр дийлдэв. Энэ узбек жүдоч энэ жилийн Азийн АШТ-ий эхний тойрогт манай Г.Түвшинжаргалыг ялж, улмаар 5-р байрт шалгарч байсан юм. Г.Түвшинжаргал дэлхийн чансаанд 18-рт эрэмбэтэй, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2009 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий 7-р байрын шагналт, Францын Аксель Клергег эхний тойрогт юүко үнэлгээгээр яллаа. Клерге өнгөрсөн жилийн Казахстаны Дэлхийн цомд О.Ууганбаатарыг хожиж байжээ.

Г.Түвшинжаргал дараагийн даваанд энэ жил УАШТ-дээ анх удаа түрүүлсэн Казахстаны Саят Шамшиевийг 2 минут 14 секундэд цэвэр ялсан ч БНСУ-ын Ким МинГю үд 1 минут 32 секундэд цэвэр хожигджээ. Торгуулийн тойрогт Фармон Кабуловтой таарч, Азийн АШТ-ий хожигдлын хариугаа аван 3 минут 27 секундэд цэвэр ялснаар 2009 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Томохиро Кавакамитай хүрэл медаль булаацалдах эрхтэй болсон. Энэ барилдаанд тэрбээр гурван удаа торгуулан вазаритай тэнцэх үнэлгээ алдсан ч өөрөө вазари, хоёр юүко авч хожлоо. Жиндээ 84-т эрэмбэлэгдэж байгаа Г.Түвшинжаргал одоо 116 оноотой болж, 68 хүртэл үсрэхээр болж байна.

Манай нөгөө бөх О.Ууганбаатар 2006 оны Азийн наадамд Д.Нямхүүтэй түрүү булаацалдан ялагдаж байсан казах жүдоч Алмас Атаевтэй эхний тойрогт таарч, 1 минут 43 секундэд вазари, иппон үнэлгээ аван хожоод энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын финалд өрсөлдөөд бараагүй 2008 оны Зүүн Азийн АШТий алтан медальт Хон Сук-Үнд дахин юүкогоор дийлдэв. Харин торгуулийн тойрогт урьд нь гурван удаа таарахдаа нэг ч хожиж байгаагүй Ким Жэ-Бумыг сөхрүүлжээ. Ууганаа 2010 онд Чингис хаан Дэлхийн цом болон Азийн наадмын хагас шигшээд, мөн энэ жилийн ДАШТ-ий эхний тойрогт энэ солонгос жүдочид ялагдаж байсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын Жун Вонь-Жүнд торгуулиар дийлдсэн. 196 оноотойгоор 49-рт бичигдэж буй тэрбээр 20 оноо нэмснээр таван байр урагшлах төлөвтэй харагдаж байна.

90 кг-д олимпийн эрхийн бүст багтахад тун ойрхон байгаа Э.Энхбат Хамтын нөхөрлөлийн орнуудын АШТ-ий хошой хүрэл медальтай, Өмнөд Африкийн Зак Пионтектэй эхний тойрогт барилдаж, 2 минут 11 секундэд цэвэр ялаад ОХУ-ын Виктор Семёновт хожигдлоо. Тэрээр энэ орос бөхтэй 2010 оны Москвагийн Их дуулгад таарч мөн дийлдэж байсан юм. Ийнхүү торгуулийн тойрогт орсон Э.Энхбат 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Азийн аварга, энэ жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан И Кюү- Вонийг гурав дахиа яллаа. Өнгөрсөн жил Азийн наадмын хэсгийн аваргын төлөө, Сувоны Дэлхийн цомын хагас шигшээд таарахад хожиж байсан амжилтаа давтаж, дэлхийн аварга энэ солонгос бөхөөр гаршсан гэдгээ батлав. Дараа нь 2008 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2007 оны Универсиадын аварга, Узбекистаны Хуршид Набиевт дийлдсэнээр медальгүй үлдэв. Тэрээр энэ жил Парисын Их дуулгад энэ чантуу жүдочтой таараад мөн л хожигдсон билээ. 234 оноотойгоор 39-рт зогсож байгаа Э.Энхбат Дэлхийн цомын 5-р байрт харгалзах 20 оноо нэмснээр 35-р байр хүртэл урагшлах боломжтой. Энэ жингийн 29 дэх бөх Швейцарийн Доминик Хишье олимпийн эрхийн сүүлчийн байрыг эзэлж буй юм. Энэ жинд барилдсан нөгөө хоёр бөх маань эхний даваанаас хэтэрсэнгүй.

Б.Амбасэлмаа саяхныг болтол 81 кг-д барилддаг байсан, “Чингис хаан” Дэлхийн цомын 2009, 2011 оны аварга, БНСУ-ын Сон Дэ-Намд 2 минут 16 секундэд цэвэр буусан бол Б.Жанчивдорж 2009 онд Сувоны Дэлхийн цомын эхний тойрогт таараад ялагдсан мөн зохион байгуулагч орны бөх Сон Сү-Генд 1 минут 57 секундэд бүх үнэлгээг алдан хожигдлоо.

-100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо энэ жилийн Универсиадаас мөнгөн медаль хүртэж, залуучуудын ДАШТ-д 5-р байрт шалгарсан Францын Клемен Делверийг цаг дуусахад 27 секунд дутуу байхад цэвэр буулгажээ. Түүний дараагийн учраа нь БНСУ-ын залуу тамирчин Сон Чан-Хун байсан. Өнгөрсөн жилийн энэ тэмцээнд Б.Тэмүүлэнтэй таарч хожигдож байсан солонгос бөх энэ удаа олимпийн аваргын “аманд ирж”, 2 минут 40 секунд л тэсч чадлаа. Манай бөх улмаар 2010 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаанд дийлдсэн Францын Тьерри Фабрег 2 минут 26 секундэд вазари, иппон үнэлгээнүүдийг авснаар сөхрүүлэн финалд шалгарсан. Улмаар шигшээ барилдаанд тэрбээр дэлхийн аварга Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр буулган авчээ. Энэ жил Парисийн их дуулгын хагас шигшээд энэ хоёр бөх учрахад Н.Түвшинбаяр дархан бусгах мэхээрээ цэвэр ялж байсан бол дөрөвдүгээр сард Абу-Дабид болсон тивийн АШТ-ий хагас шигшээд дахин таарахад солонгос жүдоч даагаа нэхэж чадсан.

Харин Чэжүд болсон хайнаа хагалах барилдаанд Н.Түвшинбаяр нутагт нь илүүрхэж чадлаа. Олимпийн аварга маань энэ амжилтаараа чансааны байраа хоёроор ахиулж, 12 дугаарт бичигдэх нь. Энэ жинд хүч үзсэн Д.Пүрэвдорж 2004 оны Европын өсвөр үеийн АШТий хүрэл медальт, ОХУ-ын Давид Битиевт вазари үнэлгээгээр, Б.Өнөржаргал дэлхийн чансааны 18-рт эрэмбэтэй, 2006 оны залуучуудын дэлхийн аварга, 2009 оны Универсиадын аварга, Францын Сириль Маред 4 минут 43 секундэд иппоноор, Б.Бат-Орших мөн Францын Тьерри Фабред 2 минут 32 секундэд иппоноор тус тус хожигдлоо. Д.Битиев нь энэ жилийн Варшавын Дэлхийн цомд Б.Бат-Оршихыг, С.Маре нь өнгөрсөн жилийн Сувоны дэлхийн цомд Б.Тэмүүлэнг тус тус ялж байсан юм. +100 кг-д барилдсан дөрвөн бөх маань бүгд эхний даваанд бүдэрлээ.

Б.Сугаржаргал Японы шинэ од хэмээгдэж буй Рюү Шичинохэд юүкотой тэнцэх торгуулиар, Н.Батсуурь залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт БНСУ-ын Чо Гү-Хамд мөн торгуулиар, Б.Төгөлдөр БНСУын Ким Жун-Хуньд 3 минут 45 секундэд иппон, А.Давааням Универсиадын хүрэл медальт, Францын Мэтью Торелд 3 минут 38 секундэд иппон үнэлгээгээр тус тус дийлдэв. А.Давааням энэ жилийн Универсиадад энэ франц бөхөд хожигдож байсан бол Р.Шичинохэ есдүгээр сард Улаанбаатарт зохиогдсон Чингис хаан дэлхийн цомд А.Даваанямыг, Чо Гү-Хам 2010 оны залуучуудын ДАШТ-д Ө.Дүүрэнбаярыг ялж байсан ажээ. Эмэгтэйчүүдийн 70 кг-д энэ жил залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал Японы Рүи Такахашиг 2 минут 15 секундэд цэвэр, БНСУ-ын И Хи-Суныг гурван торгуулиар, Германы Керстин Тьелег хоёр торгуулиар тус тус ялснаар Японы Карэн Нүниратай түрүү булаацалдсан. Харамсалтай аваргын төлөө барилдаанд Японы Карэн Нүнирад 2 минут 49 секундэд цэвэр ялагдсан.

234 оноотойгоор жиндээ 29-рт жагсаж буй тэрбээр Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр 60 оноо нэмж, 26-рт дэвших боллоо. Энэ жинд 17-рт эрэмбэтэй Тунисийн Хоуда Милед олимпийн эрхийн бүст багтаж байгаа юм. Харин энэ жинд хүч үзсэн О.Мөнхцэцэг, Э.Аззаяа нар 7-р байрт шалгарлаа. О.Мөнхцэцэг энэ жилийн залуучуудын ДАШТ-ий 7-р байрын шагналт Францын Фанни Посвитег юүкогоор ялаад Их Британийн Жемма Гиббонс, Францын Мари Паске нарт хожигдсон бол Э.Аззаяа Францын Жюли Пьеррег юүкогоор ялаад Германы К.Тьеле, БНСУ-ын И Хи-Сун нарт дийлдсэн байна. Харин Э.Хандармаа эхний тойрогт 2003 оны универсиад, 2004 оны оюутны дэлхийн аварга, энэ жилийн ДАШТ-ий 7-р байрын шагналт, Францын Мари Паскед 7-хон секундэд цэвэр буужээ.

-78 кг-д Т.Баасанжав олимп, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Жён Гён-Мид вазари үнэлгээгээр хожигдсон бол Б.Уянга 2005, 2009 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Канадын Эми Коттонд 32 секундэд цэвэр ялагдлаа.

+78 кг-д хүч үзсэн гурван бөхөөс Б.Мөнхтуяа зохион байгуулагч орны бөх Ким Юнь-Кёнд ялагдаад торгуулийн тойрогт Д.Золжаргалыг хожин, Францын Эмили Андеолтой хүрэл медаль булаацалдаж, цэвэр ялагдсан. Д.Золжаргалын хувьд БНСУ-ын Ким На-Ёнд эхний тойрогт ялагдсан. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд Ким Жи-Юнь, И Жун-Юнь гэсэн солонгос жүдочдод дийлдлээ. Ийнхүү Монголын жүдочид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна. Зохион байгуулагч орон БНСУ-ын баг нийт 18 медаль (7+4+7) авсан амжилтаар тэргүүлж, долоон медаль (2+2+3)-тай япончууд удааллаа. Манай “цагаан өмсгөлтнүүд” арванхоёрдугаар сарын 9-11-нд Токиод болох “Их дуулга”-д зодоглочихоод дараа нь БНХАУ-ыг зорих ажээ.

  ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

Эмэгтэй

48 кг. 1.Рихо Окамото (Япон) 2.Рони Шварц (Израиль) 3.Микаэла Бащин (Герман), Сяо Жунь (БНХАУ)

52 кг. 1.Андреу Хиту (Румын) 2.Аи Шишимэ (Япон) 3.Ким Ми-Ри (БНСУ), Нодока Танимото (Япон) 5.Ч.Аззаяа (Монгол)

57 кг. 1.Лиень Чень-Лин (Тайвань) 2.Ким Жан-Ди (БНСУ) 3.Изабель Фернандес (Испани), Макико Отомо (Япон)

63 кг. 1.Эдвиг Гвенд (Итали) 2.Харүна Ота (Япон) 3.Жоун Да-Үн (БНСУ), Марго Пино (Франц)

70 кг. 1.Карэн Нүнира (Япон) 2.Ц.Наранжаргал (Монгол) 3.Жемма Гиббонс (Их Британи), Керстин Тьеле (Герман) 7.Э.Аззаяа, О.Мөнхцэцэг (хоёул Монгол)

-78 кг. 1.Жан Жөхүй (БНХАУ) 2.Луизе Малзан (Герман) 3.Жён Гён-Ми (БНСУ), Чихиро Такахаши (Япон)

+78 кг. 1.Ким Жи-Юнь 2.Ким Юнь-Кен (хоёул БНСУ) 3.Эмили Андеол (Франц), И Жун-Юнь (БНСУ) 5.Б.Мөнхтуяа 7.Д.Золжаргал, Д.Цэрэнханд (бүгд Монгол)

Эрэгтэй

60 кг. 1.Чой Гван-Хёнь (БНСУ) 2.Ч.Болдбаатар 3.Д.Амартүвшин (хоёул Монгол), Жан ЖиньМинь (БНСУ)

66 кг. 1.Чо Жүнь-Хо (БНСУ), 2.Димитри Драгин (Франц) 3.А.Батсуурь, Б.Хишигбаяр 5. Д.Алтансүх (бүгд Монгол)

73 кг. 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Х.Цагаанбаатар (Монгол) 3.Ким Вон-Жун (БНСУ), Гидеон Ван Зыл (ӨАБНУ) 5.Г.Одбаяр (Монгол)

81 кг. 1.Хон Сук-Үн 2.Ким Мин-Гюү (хоёул БНСУ) 3.Г.Түвшинжаргал (Монгол), Жун ВоньЖ үн (БНСУ) 5.О.Ууганбаяр (Монгол)

90 кг. 1.Сон Дэ-Нам (БНСУ) 2.Роман Гонтюк (Украин) 3.Ив Маттьеу Дафревиль (Франц), Хуршид Набиев (Узбекистан) 5.Э.Энхбат (Монгол)

-100 кг. 1.Н.Түвшинбаяр (МОНГОЛ) 2.Хван Хи-Тэ (БНСУ) Тьерри Фабре (Франц), Мартин Пачек (Швед)

+100 кг. 1.Чо Гү-Хам (БНСУ) 2.Мэттью Торел 3.Жан Себастьян Бонвоизин (хоёул Франц), Владут Симёнеску (Румын)

М.ОРГИЛ, фотог Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...
ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЭВ, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: