Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийн “Хар Ганбаа” буюу “Тулгат” багийн тулгын гал бадарсаар…

GD Star Rating
loading...

Одоогоос яг хорин жилийн тэртээ зодог шуудагтны өлгий Монгол нутагт “Тулгат” хэмээх бөхийн клуб тулгын галаа бадрааж, Нямдаваагийн Ганбаатар багш ирээдүйн аваргуудыг төрүүлэх их үйлсийн төлөө ханцуй шамлан ажилдаа орж байсан цаг саяхан мэт. Монголын чөлөөт бөхийн их гэр бүлийн таван ханат танан цагаан өргөөнд Ганбаа дасгалжуулагч өөрийн гэсэн өөдөө суудалтай байсныг спорт сонирхогчид андахгүй мэднэ. 1991 онд залуучуудын улсын шигшээ баг тарсны дараа “Тулгат” клубт жар гаруй банди цугларч, өвдөг, тохой нь шалбархай “Төмөр ба түүний команд” бүрэлдсэн нь энэ. Чухам энэхүү багаас чөлөөт бөхийн гавьяат тамирчин, үндэсний бөхийн даян аварга Г.Өсөхбаяр, чөлөөтийн ОУХМ, үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазар болон Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Т.Зүүнбаян, Т.Гансүх, Б.Батбаяр, А.Болдсүх гээд л олон сайхан бөх төрсөн билээ. Мөн тэдэнтэй мөр зэрэгцэн С.Боргил, П.Гансүх, Т.Давааням, Н.Баянмөнх, Ц.Амарсайхан, Г.Эрдэнэбат, Ц.Шинэндэнцэл, Ц.Магалжав, Ц.Одгэрэл, Б.Эрдэнэбаяр, Х.Түвшинсанаа, Ц.Намжилсүрэн, Отгонбаатар, Баатар, М.Баттогтох, ПүрэвОчир, Ганбат, Цолмонбаатар, Баттулга, Болдбаатар, Нямчулуун, Р.Ууганбаяр гээд л энэ жагсаалт зэгсэн урт үргэлжилнэ.

Аав, ээж нь Архангай аймгийнх ч Н.Ганбаатар өөрөө хуучин Ажилчны дүүрэгт хүүхэд насаа өнгөрөөж, Кубын эх оронч Хосе Мартийн нэрэмжит арван жилийн 52 дугаар сургуульд суралцах үедээ “Таван онцын эзэн”цол тэмдгийн эзнээр тодрон, нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалаас уг шагналаа гардан авч байсан тэргүүний сурагч байсныг 120- ийнхон гэрчилнэм. Энэхүү онц сурлагатан маань гарцаагүй сэхээтний замыг сонгоно хэмээн ойр дотныхон нь бодож байтал мань эр оюутны ширээгээ хөлстэй дэвжээгээр хээвнэг сольж, МУИСийн сэтгүүлч, Политехникийн дээд сургуулийн инженерийн ангиас хоёр удаа зориуд “жингээр хасагджээ”. Анхнаасаа л чөлөөтийхний дунд “Хар Ганбаа” хэмээн нэршсэн хөх тэнгэрийн орны цагаан сэтгэлтэн энэ эгэл жирийн хөвгүүн анх “Хөдөлмөр” нийгэмлэгт Х.Намшир багшийн удирдлага дор залуучуудын улсын аваргаар хоёронтоо тодорч, “Нөхөрлөл” олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль зүүгээд амжсан.

Дараа нь Монгол “Шахмурадов” хэмээх гавьяат Ч.Дамдиншаравын удирдсан шигшээ багийн гишүүний “үнэмлэх өвөртөлснөөр” ид шижигнэж байх үедээ дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл (1979), дэлхийн цомын мөнгөн (1981) медалийн “ургац хураасан”. Улсын аваргаас бол нэг алт, таван мөнгөтэй, олон улсын хэмжээнийй мастер цолтой. Хамгийн сүүлд 1988 онд Х.Баттуулд ялагдан, “аман хүзүүдээд”, зодог тайлж, шинэ алба руугаа шилжсэн ажээ. “Сайн бөх болгон сайн дасгалжуулагч болдоггүй” гэсэн бичигдээгүй хууль бий. Харин “Хар Ганбаа” гоц бөх байсангүй ч гойд дасгалжуулагч байсныг шавь нар нь одоо болтол дурсдаг. Одоо болтол шүү. “Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг дов байхад” гэгчээр “Сумбаз-ыг балчир байхад” багшилж эхэлсэн Н.Ганбаа хамгийн түрүүнд Д.Сумьяабазарыг зүүн өрөөтэй болгосноор, угийн авьяаслаг түүнии барилдаан улам универсаль болж, алдар цол, аваргын зиндаанд хүрснээр өдгөө олон өрөө тохилог харшид тав тухтай амьдрах эх суурийг олон жилийн тэртээ өнөө муу хар багш нь тавьсан гэхэд хилсдэхгүй буй заа.

Бөхийн өрөөгөө сольсноор гэрийн өрөөгөө томсгоно оо гэж… Зүүн өрөөтэй бөх бол аль ч өрсөлдөгчдөө эвгүй. Дэлхийн томчууд, бас үндэсний бөхийн аваргууд бүгд солгой учир тэрбээр “Су”-гийн барилдаанд ийм нүдээ олсон “перестройка” хийжээ. Одоо манай “Сумьяабазар” аварга баруун, солгойгүй спортын менежмент, банк ба бусад бизнес амжилттай хийж байна. “Атланта- 96” алтан олимпийн өмнөх Монгол наадамдаа Ц.Цэрэнпунцагаар долоо даван, заан цол хүртэж, улмаар Америкт болсон олимпийн нээлтэд алтан соёмбот төрийнхөө далбааг залсан хайрт шавь Д.Сумъяабазарыгаа тэр жил гарцаагүй медаль хүртэнэ хэмээн горьдож байсан ч “Барбаросс” төлөвлөгөө нь бүтсэнгүйд бөөн гомдол. Өөрөө ч бас үүнд буруутай. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард тивийн тэмцээнээс буцаж нисэх замдаа онгоцонд халамцуугаар “сэлэм эргүүлэн”, улсын нийслэл Улаанбаатар хотноо халуун шуурхайгаар бангадуулж, шигшээгээс хасагдсан нь харамсавч баршгүй.

Хамт явсан бол олон жил хагас үгний зөрүү, хальт харцны аясаараа бие биенийгээ ойлгодог байсан багш, шавь хоёр яах ч байсан юм билээ. Харин Өсөхөө аварга 16 настайдаа хөдөөнөөс түүнд шавилан орж, бөхийн эрдэмд суралцжээ.Их хөдөлмөрч, бас даруухан, бөхийн удамтай энэ хүүг эрийн цээнд хүргэж, том тамирчны зиндаанд дэвшүүлэхийн төлөө олон хоног нойр хоолоо хасан зүтгэсэн. Түүний ч үр дүн гарсан. Саяхан “Алдар” спорт хорооны даргын сэнтийд заларсан, даян аварга Г.Өсөхбаяр маань ийн хуучлав: “1992 онд байх аа. Сумьяа бид хоёр Спортын төв ордонд бэлтгэл хийсний дараа усанд ороод гартал алчуур байдаггүй ээ. Гэтэл нэг том цагаан алчуур тохоостой харагдахаар нь хоёулаа шүүрч аваад хоёр үзүүрээр нь биеэ арчиж байтал гэнэтхэн араас нэг том нударга миний шилэн хүзүүн дээр тасхийтэл буух нь тэр ээ! Цочин эргэж харвал тэр үеийн үндэсний бөхийн том цолтой бөх ихэд уурлан, “ Хоёр муу бацаан, ахынхаа алчуураар хирээ арчаад яаж даварч байна аа” гэж өндөр дуугаар баавардах нь тэр. Бид хоёр үхтлээ айв.

Гэнэт багш маань уурлаж “Чи муу юугаа ч мэдэхгүй энэ муу хүүхдүүд загнаад яах нь вэ!!! Энэ хоёр чинь ирээдүйн аваргууд шүү, чи харж л байгаарай! Хөөе, та хоёр аварга болохоороо хамгийн түрүүнд энэ мууг амалж хаяарай . Багш нь заавал харна!” гэж чин сэтгэлээсээ өмөөрсөн нь санаанаас огт гардаггүй юм”. Нээрээ ч түүнийг нэг хэсэг “Хоёр зааны арын албаны дарга” гэдэг байлаа. Мань хүн ч энэ хоёр маань гарцаагүй аварга болох бөхчүүд шүү гэж амны уншлага мэт гайхуулдаг нь гэм биш зан. Энэ бол хурдан морины чинээлэг эзний баярхаж буй сайрхлын үг биш, мэргэн багшийн алсын хараат тооцоо байсан юм. Харамсалтай нь хоёр шавь нь төрийн их наадамд нийтдээ дөрөв түрүүлж, гурван жил баруун зүүний жигүүрийг манлайлан дэвсэн агшныг багш нь тэнгэрээс л харж дээ, хөөрхий.

Н.Ганбаатар 2001 онд ертөнцийн мөнх бусыг үзсэн ч Г.Өсөхөө 2002, 2003, 2005 оны улсын наадамд түрүүлж, 2006 он Г.Сумъяабазарынх болсон. Харин нөгөө араас нь цохидог айхтар бөх аль доогуур даваанд үзэгчийн суудалд шилжсэн гэдэг! “Замын хүзүү урт, зааны хүзүү богино” гэж энэ дээ. Спортын төв ордныхон нэг хэсэг хошигнон ярьдаг байлаа. Улсын начин, нэвтрүүлэгч Агвааны Ганбаатар гавьяатын тэмдгээ зүүгээд ойр ойрхон үзэгдэх нь Иран, Турк явах гэж буйн шинж. “Хар” Ганбаа халимгаа унжуулан, нулимсаа гоожуулж халамцуу явах нь гадаад явахаас хасагдсаны шинж гэж. Н.Ганбаатар шигшээд алба хаших үедээ олон сайн анд нөхөдтэй гэмгүй үерхдэг байснаас улсын заан С.Сүхбаатар, Л.Бадарч, гавьяат Б.Болд нартай илүү ойр дотно байжээ. Бас боксын гавьяат Энхбаттай ч ходий. Ялангуяа дэлхийн аваргаас гурвантаа “Мөнгөн тоног” хүртсэн Л.Болд түүний амьдралын сүүлчийн мөч хүртэл “байгаагаа барьдаг” үнэнч, түшигтэй найз хэвээрээ үлдсэн юм. Одоо ч ар гэртэй нь холбоотой.

Харин гавьяат Б.Болдын төрсөн дүү “Улаан малгайт” хэмээх Батбаяр 12 настайгаасаа “Хар” Ганбаагийн гарын шавь. Гэтэл өнөөдөр Буяндэлгэрийн Батбаяр маань яг одоо багшийнхаа олон жилийн өмнөх ажлынх нь “мест”-энд иржээ. Тэрбээр залуучуудын шигшээ багийг толгойлж, багшийнхаа зовлонг мэдэрч буй эр. “Улаан малгайт” дурсахдаа: “Манай багш бол хүн болгоны онцлогийг мэдрэн, тулж ажиллаж зөв талыг нь олж харахдаа гарамгай. Бас бидний өрсөлдөгчийн алдааг өлөн нүдээр гярхай хардаг, “амьд” видео-камер гэсэн үг. Цаг яс баримтална. Бэлтгэлээс өчүүхэн төдий хоцорвол тэр өдөр хэзээ ч оруулахгүй, өнгөрөө гэсэн үг! Багш маань биднийхээ төлөө бүх амьдралаа золионд гаргаж, бөхийн төлөө бүхнийг зориулсан хүн” хэмээн сэтгэл догдлуун өгүүлрүүн. Нэг үе “Тулгат” клуб улсын шигшээгийн тэн хагасыг бүрдүүлж байснаараа бахархах дуртай.

“Бангкок-98” Азийн наадамд Т.Зүүнбаян, .Б.Батбаяр, Д.Сумьяабазар нар дундаасаа хоёр медаль босгосон бол, Г.Өсөхбаяр 2001 оны Азийн аваргад мөн л найман бөхөөс тэдний дөрөв нь байх жишээтэй, түүгээр үл барам дөрвүүлээ алт, мөнгө, хүрэлтэй. Анх байгуулагдсан цагаасаа л тэдний гол өрсөлдөгч нь “Шонхор” клуб байлаа. “Шонхор” бол тэр үед одоогийн “Челси” шиг хүчирхэг бүрэлдэхүүнтэй байснаараа ид гайхуулж байсан цаг. Их Баянаа аварга даргатай, Болгарт төгссөн “Хар” Мөөеө дасгалжуулагчтай Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр Ж.Намжилдорж, Ц.Баянмөнх, Ч.Чулуунбаатар, Б.Ганбат, Т.Мөнхбаяр, М.Баярсайхан, О.Пүрэвбаатар нарын өөдөөс дотоодын тэмцээнд сөрнө гээд бод л доо. Гэхдээ тэд 1993 оны УАШТ-д “Хөдөлмөр”-ийг урдаа алдсан ч хүчирхэг “Шонхор”-ын урд орсноо Н.Ганбаатарын анхны амжилт гэж үздэг. Хоёрдугаар ангийн сурагч байсан нэгэн өдөр аав нь түүнийг СТО руу дагуулан, үндэсний бөхийн барилдааныг үзүүлэхэд Ч.Өвгөнхүү начин түрүүлж, С.Цэрэн аварга үзүүрлэсэн гэдгийг бяцхан хүү ягштлаа тогтоож, түүнээс хойш барилдаан бараг алгасаагүй гэнэ.

Д.Цэрэнтогтох, Н.Бүргэдаа, Д.Оюунболд, А.Баатархүү нарын жирийн цэрэг, Б.Болдыг арван жилийн сурагч байхаас нь бөхийн эрдэмд сурган, өдий зэрэгтэй хүргэсэн агуу дасгалжуулагч бол Дамийл гэж байнга ярьдагсан. Аль 1999 онд л муу “Хар” Ганбаа маань шар Дамийл багшийгаа “АРДЫН БАГШ” болох ёстой гэж хэлж байсан “Цагаан” Ганбаа шүү. Ч.Дамдиншарав багш, үндэсний бөх хоёр миний нүдийг нээсэн гэж яриастай. Түрүүн хэлсэнчлэн Нямдаваагийн хүү их спорт чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхийн шаггүй дасгалжуулагч, бас гарын даа байжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохтой ойр дотно явж. Олон удаагийн зүлэг ногоон дэвжээн дэх “тулалдаан”-ы тактикийг зохиож, хэд хэдэн операци нь оновтой болж байсан гэнэ. Хамгийн гол нь гарын хоёр шавь нь гайгүй барилдаж, зүлэг ногоон дэвжээний “цаг уурт” дорвитой нөлөө үзүүлж эхэлмэгц оноолт хийх биш, тэднийхээ дээлийн захыг мушгихаа илүүц үзжээ. Тэгээд ч “Энэ хоёр аварга болно оо!” гэж хэнд ч хэлдэг бардам үгээ дотроо давтсаар байсан болов уу.

Социализмийн үеийн баавар тамирчид дээр үед “Улаанбаатар”, “Баянгол” зочид буудалд тухлан, жилийн олон хоногийг тэнд өнгөрөөдөг байлаа. Энэ үеэс л “Улаанбаатар”-ын үйлчлэгч Насаатай хайр сэтгэлээ холбон хүү, охин хоёрын эцэг, эх болсон. 2001 онд чөлөөтийн шигшээ багийнхан дэлхийн аваргын цугларалтад гарсан үе байлаа. Ганбаа багш “Найрамдал” зусланд очоод, шавь нартайгаа уулзан, сэтгэлийн үг, багшийн захиасаа айлдан, буцахдаа бас зүгээр ч үгүй “татвар”-аа авахаа үл мартан, оройдоо Улаанбаатар руу буцсан нь тэдний сүүлчийн уулзалт байсан гэж яахин мэдэх билээ. Америкийн хоёр өндрийг нураасан 9 сарын 11-ний аймшигт үйл явдлаас шалтгаалж, Нью-Йоркийн ДАШТ нь Софи руу шилжиж байснаас өмнөхөн Нямдаваагийн Ганбаатар тэнгэрт хальсан гэнэ билээ. ….“Хар” Ганбаа бэлтгэл дуусмагц түрүүлж гараад, ордны гадаа тамхилах зуршилд нь шавь нар нь бүүр дасчээ.

Шавь нартаа ч ёстой амь шигээ хайртай байсан гэдгийг хүн болгон сайхнаар дурсдаг. Харин тэд нь бэлтгэл дуусаад яаран гарч иртэл Н.Ганбаа багш нь нэгэнт харагдахаа больсонд итгэж ядна. Тэд түүнийг тэнгэрийн орон руу үүрд одсоныг ухааран ухааравч итгэж ядан, доголон нулимстай гэр гэр рүүгээ урамгүй гэлдэрсэн хүнд цаг үе байсан. Чөлөөтийн хүн байж жүдогийн гүн ухаантай номлолтой. Хүний шавь “өргөж” авахыг урьтал болгодоггүй. Сайн бөх болохгүй ч гэсэн сайн хүн болон төлөвших ёстойг их сургана. Заримдаа бүр багш шигээ аж амьдралдаа ийм арчаагүй битгий бай гэж өөр дээрээ жишээ татан ярих нь өрөвдмөөр ч юм шиг. Хөнгөн, хүнд жингийн бөхчүүдийн барилдааны тактик, бусад нюансийг “өнгөтэйгээр” зааж сургах нь гайхалтай. Харин чөлөөт цагаараа бол их энгийн, заримдаа хүүхэд шиг, хошин шогийн мэдрэмж айхтар, бас номын сайн нөхөр.

Шатар шаггүй нүүнэ, одон бөмбөг овжин тоглоно, элдэвтэй эр ээ! Гэгээн дурсамжаар дүүрэн “Тулгат” клубийн тулган дахь гал шавь нарых нь цээжинд бадамлан ассаар, дахин сэргэх сайхан цаг ирлээ. Алсын аянд мөнх довтолгосон элэг зүрхний хүнээ “Хэрвээ одоо байсан бол…” гэж төсөөлөх нь хүний ёсон. “Хар” Ганбаа одоо амьд сэрүүн байсан бол Чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойд ханхалзаж, олон алдарт шавьдаа эрхлэн даналзаж байх нь дамжиггүй. Бас хажуугаар нь баярын рашаанаа сэржимдэн хүртэж, Д.Сумьяабазарын банкнаас шагнуулж, Г,Өсөхбаяр аваргын “ЦСКА” хороонд урилгаар багшилж, Б.Батбаярын “ЖИЙП”- ээр хүргүүлж, Т.Зүүнбаяны АНУ дахь сургийг лавлаж, Т.Гансүхийг “бие хамгаалагч”-аар дагуулан баавардаж шавийн халамжинд умбах байсан даа.

ОТО

GD Star Rating
loading...
Чөлөөтийн “Хар Ганбаа” буюу “Тулгат” багийн тулгын гал бадарсаар..., 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. dagvaa says:

    um ma ni bad mi hum! um sain amgalan boltugai

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    Сайн багш байсан. Амьдралаа тэр чигт нь чөлөөт бөхөд зориулсан. Агуу хүн байсан даа

    GD Star Rating
    loading...
  3. 258 says:

    Бие нь жижиг ч билчээр нь агуу байсан нь одоо харагдаж байна даа Хүн богино амьдралдаа бүгдийг амжуулдаг. Би хувьдаа Д.Оюунболд, Н.Ганбаатар хоёрыг барилдаан, дасгалжуулагч аль талаараа агуу хүмүүс гэж үнэлдэг

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: