GD Star Rating
loading...
loading...
Токиогийн Их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн барилдаанууд болоход дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар л медалийн болзол хангалаа. Д.Төмөрхүлэг шөвгийн наймд үлдсэн бөгөөд бусад нь медалийн төлөөх барилдаанд шалгарч чадсангүй.
60 кг-ын жинд №8 эрэмбэтэй Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт, Азербайжаны Вугар Ширинлитэй хийсэн. 2010 онд Тунисийн Гранприд Ч.Болдбаатарт ялагдаж байсан энэ азербайжан бөхийг Д.Төмөрхүлэг 4 минут 10 секундэд цэвэр буулгасан юм. Улмаар 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Армений Ховханнес Давтяныг юүкогоор хожсон. Ийнхүү наймд үлдсэн тэрээр медалийн төлөөх барилдаанд Японы өсөх ирээдүйтэй залуу тамирчин Наохиса Такатод бүх үнэлгээг алдан ялагдав. 2009 онд өсвөрийн дэлхийн аварга болж, энэ жил залуучуудын ДАШТ-д түрүүлсэн 18 настай Такато барилдааны цаг яг дундаа ороход зүүн талдаа хөл тавиад юүко үнэлгээ авсан ба төдөлгүй баглаад мордох гэсэн манай бөхийн дайралтыг хариулаад вазари авсан. Цаг дуусахад 37 секунд дутуу байхад өхийлдөж арагш нь суулгаад япон бөх ялалт байгуулсан.
Энэ жинд зодоглосон манай нөгөө бөх Г.Болдбаатар (№12) Скандинавын орнуудын аварга, Финландын Валттери Йокиненийг вазаригаар ялаад хөнгөн жинд монголчуудын эрлэг болчихоод байгаа БНСУ-ын Чой Гван-Хёнд дийлдэв. Г.Болдбаатар 2009 онд Азийн аварга болохдоо хагас шигшээд түүнийг хожиж байсан ч дараа нь 2010 оны Мастерс, Сүвоны Дэлхийн цомд таараад дийлдсэн юм. Чой Гван-Хён үүнээс гадна 2008 онд Токиогийн Их дуулгын хагас шигшээд Ч.Болдбаатарыг, өнгөрсөн жил Сүвоны Дэлхийн цомд Ч.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нарыг, өнгөрсөн долоо хоногт Чэжүгийн Дэлхийн цомд Ч.Болдбаатарыг тус тус буулган авсан билээ.
60 кг-д Хироаки Хираока, Рёо Кавабата, Хирофүми Ямамото, Наохиса Такато гэсэн Японы дөрвөн бөх медалийн болзол хангаад байна.
66 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатар өмнө нь хоёр таарахдаа ялж байгаагүй залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын дэд аварга, Польшийн Томаш Ковальскитай эхний тойрогт таарч, нэмэлт цагт вазаригаар яллаа. Барилдааны дунд хэсэгт юүко үнэлгээ авсан манай бөхийг үлдсэн хугацаанд шүүгч хоёр удаа торгосноор үнэлгээ тэнцсэн ба Golden Score-т Цагаанбаатар вазари авч чадсан юм. Дараагийн даваанд Пан-Америкийн АШТ-ий хошой хүрэл медальт Михал Попиэлийг вазаригаар сөхрүүллээ. Өнгөрсөн жил Сан-Паулугийн Дэлхийн цомын эхний тойрогт тэд таарахад Х.Цагаанбаатар илүүрхэж байв. Шөвгийн наймд 2008 оны олимпийн 5-р байрын шагналт, 2006 оны оюутны дэлхийн аварга, Францын Димитри Драгинийг мөн вазари үнэлгээгээр хожжээ. Энэ франц жүдоч долоо хоногийн өмнө зохиогдсон Чэжүгийн Дэлхийн цомд манай А.Батсуурь, Б.Хишигбаяр нарыг ялсан билээ. Токиогийн Их дуулгын медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатар цагаар 16.00-д эхлэх ба Х.Цагаанбаатар хагас шигшээд Японы Такажё Томофүмитэй хүч үзнэ. Нөгөө талд ОХУ-ын Муса Могушков, Японы Масаши Эбинүма нар шалгаран үлджээ.
66 кг-д зодоглосон манай нөгөө бөх С.Мияарагчаа Киприйн Андреас Крассасыг 3 минут 24 секундэд цэвэр ялаад Францын Димитри Драгинд вазари үнэлгээгээр дийлдсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Чун Жун-Ёнд хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа. 2009 онд Азийн АШТ, ДАШТ, “Чингис хаан” Дэлхийн цомд М.Уранцэцэг энэ солонгос жүдочтой таараад хожигдож байсан бөгөөд өнгөрсөн жил Сүвонд зохиогдсон Дэлхийн цомд ялсан удаатай. Энэ удаа 1 минут 39 секундэд иппон үнэлгээ алджээ.
52 кг-д энэ тэмцээний 2-рт эрэмбэлэгдэн барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа зохион байгуулагч орны тамирчин, энэ жилийн Универсиадын хүрэл медальт Юүки Хашимотод 2 минутад цэвэр буучихлаа. Манай бөхийг ялсан Хашимото улмаар медалийн болзол хангаад байна.
GD Star Rating
loading...
loading...



