loading...
Жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирэхтэй зэрэгцэн, манай улсын өвлийн спортын улирал эхэллээ. Монголын хоккей холбооны 20 жилийн ой тохиож буй энэ үед нэг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяртай ярилцав. Тэрбээр Монголын хоккейн спортын өнөөгийн байдлын тухай илэн далангүй өгүүлсэн юм.
-Монголын хоккейн холбооны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Баярлалаа. МХХ 1991 онд байгуулагдсан. Арванхоёрдугаар сарын 17-нд 20 жилийн ойгоо Улаанбаатар хотод тэмдэглэх гэж байна. Энэ үеэр баярын хурал болно. Мөн ойгоо угтаж хоёр тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Эхнийх нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 12-16-нд болох лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт. Хоёр дахь нь нэгдүгээр сарын 4-7-нд болох ахмад хоккейчдын тэмцээн юм.
-Лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт 20 жилийн ойн хүрээнд болох юм байна. Хоёрдугаар тойрог болон шигшээ тоглолтууд хаана, хэзээ болох вэ. Оролцох мэдүүлгээ хэдэн баг өгөв?
-Лигийн тэмцээн уламжлал ёсоор гурван үе шаттай болно. Хоёрдугаар тойргийн тоглолт нэгдүгээр сарын 11-15-нд Дарханд, шигшээ тоглолт хоёрдугаар сарын 1-5-нд Эрдэнэтэд болохоор төлөвлөгдсөн. Энэ жилийн лигт Багануур дүүргийн “Багануур”, Дархан-Уул аймгийн “Бурхантын барсууд”, Шарынгол сумын “Золбоот тамирчид”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд”, Улаанбаатар хотын “Бяцхан Билэгтхүү”, “MCS” компанийн “Жалам хар” гэсэн зургаан баг оролцоно. МХХ клубүүдээ тогтвортой байлгахын тулд дэмжиж ажилладаг. Хэрвээ өөр багууд нэмэгдээд ороод ирэх юм бол дээд, доод лиг байгуулах бодол бий.
-2011-2012 оны улиралд өөр ямар тэмцээн уралдаан болох вэ?
-МХХ өсвөрийн тамирчдын дунд гурван насны ангиллаар тэмцээн зохион байгуулдаг. Энэ жилийн цомын болон УАШТ-үүд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануурт болно. Түүнээс гадна өсвөрийн тамирчдын дунд бүсчилсэн тэмцээн зохион байгуулах гэж байна. Мөн 2012 оны нэгдүгээр сарын 18-21-нд Эрдэнэтэд ахмадын УАШТ болно. Энэ улирлын дотоодын арга хэмжээ иймэрхүү.
-Монголын шигшээ баг 2012 онд олон улсын хэдэн тэмцээнд оролцох вэ?
-Ерөнхийдөө гурван тэмцээн байгаагийн хоёр нь насанд хүрэгчдийнх. Туркийн Эрзурум хотод дөрөвдүгээр сарын 15-21-нд болох гуравдугаар дивизоны ДАШТ болон гуравдугаар сард Энэтхэгт болох “Challenge Cup of Asia” юм. Харин залуучуудын шигшээ баг (18 хүртэлх насны) гуравдугаар дивизоны ДАШТ-д оролцохгүй ч байж мэднэ. Учир нь энэхүү тэмцээнд оролцох дөрвөн багийн хоёр нь татгалзсан юм билээ. Тиймээс тэмцээн зохион байгуулагдах эсэх нь шийдэгдээгүй байна.
-Манай насанд хүрэгчдийн шигшээ баг зардал мөнгөний улмаас энэ жил ӨАБНУ-ын Кейптаун хотод болсон гуравдугаар дивизоны ДАШТ-д оролцож чадаагүй. Олон улсын хоккейн холбоо тэмцээнд оролцоогүй багт хатуу шийтгэл оногдуулдаг. Манайхныг хэрхэн шийтгэсэн бэ. Армений баг 2007 онд Ирландад болсон ДАШТ-ийг өнжсөнийхөө төлөө энэ тэмцээнд оролцох эрхээ гурван жилээр хасуулсан байсан?
-Олон улсын хоккейн холбооны дүрэм журмын дагуу тэмцээн уралдаанд оролцохоо илэрхийлчихээд оролцоогүй бол тодорхой хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг. Миний дуулснаар 15 мянган швейцарь франкаар (ам.доллараас ч өндөр ханштай байдаг) торгодог гэсэн. Манайхан насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ оролцож чадаагүй болохоор 30 мянган швейцарь франкаар торгуулах байх. Монголын баг ДАШТ-д оролцож чадахгүйгээ албан ёсоор илэрхийлсэн болоод ч тэр үү тэмцээнд оролцох эрхийг албан ёсоор хасаагүй юм билээ. Манайхан торгуулиа төлөөд 2012 оны гуравдугаар дивизоны ДАШТ-д оролцоно.
-Энэ жилийн ДАШТ-ийг өнжсөнөө тодруулж ярихгүй юу?
-ДАШТ-ий өмнөхөн, энэ оны хоёрдугаар сард Азийн өвлийн наадам Казахстанд болсон. Бид гол зорилгоо Азийн наадам руу чиглүүлж, үүндээ 60-70 сая төгрөг зарцуулсан. Харин дараа нь ӨАБНУ руу явж, ДАШТ-д оролцохын тулд дор хаяж 30-40 сая төгрөг хэрэг болсон. Хоккей бол багийн спорт. Олон улсын хоккейн холбоо талбай дээр нэг багийн 17 тоглогч байхгүй бол тоглолтыг эхлүүлэхгүй гээд дүрмэндээ заачихсан байдаг. Энэ бол хамгийн бага хэмжээ. Тоглогчийн тоо хүрэхгүй бол шууд л хожигдол хүлээдэг. Тиймээс ДАШТ-д оролцохоор 10, 15 тоглогчтой очиж болохгүй.
-Манайхан Казахстанд муугүй тоглосон. Ер нь Азийн наадамд хэрхэн өрсөлдөж байв?
-МХХ 1998 онд Олон улсын хоккейн холбоонд элсч, дараа жилээс нь олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Манай анхны тэмцээн 1999 онд БНСУ-ын Канвондод болсон Азийн наадам байсан. Тэгэхэд зургаан багаас тавдугаар, 2003 онд Японы Аоморид зургаан багаас зургадугаар байрт орсон. Харин 2007 онд гуравдугаар дивизоны ДАШТ анх оролцох болсон тул БНХАУ-ын Чанчүньд болсон Азийн наадамд тоглож чадаагүй. Ингээд энэ жил Казахстаны Астанад хоёрдугаар дивизонд хүч үзэж, долоон багаас дөрөвдүгээр байр эзэллээ.
-Шигшээ багийг байнга барьж чадаж байна уу?
-Байнгын бэлтгэлтэй байх маш хэцүү. Нэгдүгээрт, манайд мөсөн гулгуурын битүү ордон байхгүй байна. Монголын хоккей улирлын чанартай. Арванхоёрдугаар сард мөс хөлдөнгүүт бид бэлтгэлдээ гарч, гуравдугаар сард хайлангуут зогсдог. Бид мөс хайлтал Эрдэнэтэд төвлөрөөд, боломжоороо бэлтгэл сургуулилалт хийдэг ч ДАШТ жил бүр дөрөвдүгээр сарын дундуур болдог. Тиймээс манайхан сар гаруйн хугацаанд бэлтгэлгүй байж байгаад л ДАШТ-д оролцдог.
Хоёрдугаарт, тамирчид маань хувийн ажилтай байдаг. Тэд арванхоёрдугаар сараас клубийнхээ өмнөөс дотоодын тэмцээнд оролцож, шигшээ багийн тамирчид гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл бэлтгэл, ДАШТ гээд явчихдаг. Энэ хугацаанд эдгээр тамирчдыг чөлөөлдөг байгууллага бараг байдаггүй. Нуух юм алга. Дээрээс нь шигшээ багийг нэг дор бариад байх санхүүгийн асуудал их хүнд. Бид тамирчдадаа өвөл хийсэн бэлтгэлийн байдлаа алдахгүй байхыг үүрэг болгож л ДАШТ-д оролцдог тогтоцтой болоод байна.
-МХХ хэрхэн санхүүждэг вэ?
-Үүнийг Холбооны ерөнхийлөгч С.Ганжаргал үндсэндээ 100 хувь шийдэж байна. Хэрвээ БТСГ, МҮОХ-ноос бидний тэмцээн уралдаанд оролцох зардлыг шийдэж өгдөг болвол их хэрэг болно. МХХ бусад асуудлаа шийдэх гээд хичээж л байна.
-Энэ талаар БТСГ ямар байр суурьтай байдаг юм бол?
-Бидэнд болзол тавьдаг. Нэг удаа замын зардлаа даалгаж болох ч болзлоо биелүүлж чадахгүй бол дахиж ингэх боломжгүй. Монголын хоккейчдод замын зардал гол асуудал болоод байна. Манайхан өөрсдөө хоккейн ордонтой байсан бол түүнээсээ тодорхой хэмжээний ашиг олоод байж болох л доо.
-Манайхан битүү дээвэртэй өвлийн ордонтой болно гэж яригдаад байгаа биз дээ?
-Энэ талаар надад албан ёсны мэдээлэл байхгүй байна. Ямартай ч бидний Азийн наадамд хийсэн тоглолтыг БТСГ-ын дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, албаны хүмүүс үзсэн. Тэд бидэнд урам өгөхийн сацуу битүү ордонтой болох хэрэгтэйг ойлгосон.
-Олон улсын хоккейн холбоо хэр баян байгууллага вэ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны “GOAL-1”, “GOAL-2”, “GOAL-3, 4” төсөл манай оронд хэрэгжиж, Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын зэрэгт нийцсэн талбай, оффисын байр, “Футзалын ордон”-той болсон. Олон улсын хоккейн холбоо гишүүн орнууддаа энэ мэтчилэн дэмжлэг үзүүлж болдоггүй юм болов уу?
-Тодорхой хэмжээний дэмжлэг орж ирдэг. Гэхдээ хөлбөмбөгийнхтэй харьцуулах юм биш ээ. Хувцас хэрэглэл гэх мэт зүйл шийднэ үү гэхээс ордон барих боломж байхгүй. Олон улсын хоккейн холбоо “Тухайн улсын холбоо дотоодын асуудлаа өөрсдөө шийд, бид сургалтын асуудлыг шийдэж өгнө” гэдэг. Манайд сургалт явуулахад ч хүндрэлтэй. Гадаах -30 хэмийн хүйтнийг тэвчиж, сургалт зохион байгуулах мэргэжилтэн цөөн байдаг.
-Манайд сүүлийн үед бэнди буюу бөмбөгтэй хоккейн спорт хөгжиж, Монголын шигшээ баг ДАШТ оролцох болсон. Уг нь бэнди, хоккей хоёр өөр спорт. Гэтэл бэндигийн шигшээ багийн тамирчин хоккейн лигт тоглож байгаа харагддаг. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Монголын бэндигийн шигшээ багт байгаа тамирчид бүгд л хоккейнх. Яах вэ, бэндигээрээ дагнасан хэдэн хүүхэд сүүлийн үед гарч байгаа. Бэнди, хоккейн шигшээ баг хоёр тусдаа. 2008 онд МХХ Монголын бэндигийн холбоотой гэрээ байгуулсан. Түүнд тухайн тамирчин аль шигшээ багтай тоглохоо өөрөө сонгоно, нөгөө шигшээ багт тоглож болохгүй гэж заасан байгаа. Монголын бэндигийн холбоо дотооддоо тэмцээн зохион байгуулдаггүй тул тус спортын тамирчид МХХ-ны лигт тоглож, бэлтгэлээ хангаж байдаг.
-Сүүлчийн асуултын танд үлдээе?
-20 жилийн ой дээрээ эргээд харахад МХХ энэ хугацаанд УАШТ, 1999 оноос лигийн тэмцээнээ тасралтгүй зохион байгуулж ирлээ. Заримдаа найм заримдаа таван баг оролцож л байсан. Бид Монголд хоккейг тасралтгүй хөгжүүлэх үүргээ биелүүлээд явж байна. Бас нэг чухал зүйл нь бид шигшээ багаа ДАШТ-д оролцууллаа. Ирэх жил тав дахь ДАШТ-д оролцоно. Бас Монгол Улсын Засгийн газар, БТСГ энэ спор руу анхаарлаа хандуулна уу. Санаснаар болдог бол хоккейн ордонтой болмоор байна. Энэ бидний хамгийн том мөрөөдөл юм шүү дээ. Мөн хоккейг сонирхдог, үздэг, дэмждэг хүн Монголд их байдаг. Монголын хоккейг дэмжих хувь хүн, компани байвал бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
loading...



