loading...
“Монгол туургатан 2011” олон улсын тэмцээний өндөр зэрэглэлтэй шатарчдын ангилалд түрүүлж, олон улсын их мастер цолны болзлыг хангаад буй Цэгмидийн Батчулуунтай манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.
-Нэр хүндтэй тэмцээнд түрүүлж, шатрын оргил цолд хүрсэнд тань баяр хүргэе. Тэмцээний бэлтгэлээ хэрхэн базаав?
-Монгол туургатны тэмцээн гэдэг утгаараа угсаа гарал нэгтэй Турк, Казахстан, Буриад зэрэг орны шатарчид ирнэ гэдгийг урьдчилан тооцоолж байсан. Тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө оролцох хүмүүсийн нэрс тодорхой болсон учраас тэдний өргийг судлах, анализ хийх зэргээр бэлтгэлээ хангасан. Миний хувьд хэдэн жилийн өмнө Агийн Буриадад болсон тэмцээнд Олег Бадмацыреновтой тоглож хожсон удаатай. Харин бусадтай нь хамтдаа олон тэмцээнд оролцож байсан мөртлөө яг таарч тоглож үзээгүй байсан.
-Урьд өмнө нь тоглож үзээгүй гадны их мастеруудын эсрэг тэгээд хэрхэн тоглов доо?
-Казахстаны Болат Асановыг хожиж, бусадтай нь тэнцсэн.
-Асановыг хожоод тэргүүлж явсан Б.Гүндавааг оноогоор гүйцсэн байх аа?
-Б.Гүндаваа бид хоёр тэмцээнийг бараг эхний хоёр тавилын дараанаас л ээлжлэн тэргүүлсэн. Тав дахь өрөг дээрээ Казахстаны их мастерыг хожоод түүнтэй оноогоор тэнцсэн. Харин долдугаар тойрогт Б.Гүндаваа туркийн их мастер К.Хазнедароглутай тэнцэж, би Хатнаа ахыг хожсоноор өмнө нь гарсан юм.
-Тэгвэл гол өрсөлдөгчтэйгээ яаж тоглосон бэ?
-Бид гуравдугаар тойрогт учраа таарч, би цагаанаар тоглосон юм. Онолын тэнцүү хувилбараар ороод тэнцсэн л дээ. Энэ вариантын бүх нүүдэл нь судлагдсан бөгөөд яг зөв нүүгээд байхаар гарцаагүй тэнцээ болдог юм.
-Ингэхэд өмнөх хоёр баллаа хэрхэн авлаа?
-2006 оны Турины шатрын олимпиадад оролцохдоо нэгдүгээр ширээнд тоглож, 11 өргөөс 7.5 оноо авч байлаа. Тэр тэмцээнд дэлхийн аварга Вишиванатан Ананд тэргүүтэй есөн их мастертай тоглосон. Тэр дунд 2600-гаас дээш чансаатай хэд хэдэн их мастер байсан. Эдгээр гроссмейстеруудаас 5.5 оноо салгаж, их мастерын хоёр балл биелүүлсэн дээ. Түүний дараа жил Азийн АШТ-д гурав дахь баллаа биелүүлэх дөхсөн. Сүүлийн гурван өрөгт ердөө хагас оноо авахад л санасандаа хүрчих байтал Энэтхэг, БНХАУ, Филиппиний их мастеруудад дараалан хожигдоод хоосон хоцорч байлаа.
-Их мастер цол хүртэхэд гурван балл б и е л ү ү л э х э э с гадна гадаад ч а н с а а г а а 2500 хүргэх шаардлагатай гэл үү?
-Тийм ээ. Энэ тэмцээнд түрүүлснээр миний чансаа 2470 хүрсэн. Өөрөөр хэлбэл рейтингээ 20-иод оноогоор ахиулсан гэсэн үг. Ингэснээр олон улсын чансаагаараа Монголдоо Б.Гүндаваа гийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болсон. Урьд нь миний өмнө их мастер Б.Мөнгөнтуул байсан юм.
-Чансаагаа яаж 2500-д хүргэе гэж бодож байна даа?
-Он гараад Москвагийн ОУТ, “Аэрофлот опен”-д оролцохоор төлөвлөж байгаа. Мөн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд ч гэсэн рейтинг бодогддог учраас сайн тоглохгүй бол горьгүй. Хэрвээ эдгээр тэмцээнүүдэд чансаагаа 2500-д хүргэчих юм бол FIDE албан ёсоор их мастер цолны батламжийг ирүүлдэг. Олон улсын шатрын холбооны цол, зэрэг олгох комиссын хурал нь жилдээ 1-2 удаа л болдог юм. Түүнээс өмнө чансаагаа ахиулах зорилго тавьж байгаа.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Анх хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ. Анхны багш чинь хэн байв?
-Таван настайгаасаа л шатар тоглож, “Цодгор хүү” тэмцээнд орж эхэлсэн дээ. Анхны багш маань “Хоршоолол” нийгэмлэгийн Нямдорж гэж хүн байсан. 2001 оноос төрсөн дүү Ц.Мөнхчулууны хамт гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийж байна.
-Өдөр бүр бэлтгэл хийж амждаг уу?
-Би уг нь МУИС-д мэдээллийн системийн чиглэлээр суралцдаг. Харин шатарт анхаарлаа хандуулахын тулд, их мастер болохын тулд жилийн чөлөө авчихаад байгаа. Тэр утгаараа ямар ч тохиолдолд өдөр бүр 1-2 цагийн бэлтгэл хийж чаддаг.
-Жийгээ гавьяат их юм зааж зөвлөнө биз?
-Одоо бол онолын бэлтгэлийг өөрөө компьютерийн программын тусламжтайгаар олоод авчихдаг. Тийм болохоор сэргэлтийн бэлтгэлээ ихэвчлэн багшийн Хандгайт дахь гэрт нь очиж хийдэг юм.
-Компьютерийн ямар программ ашигладаг вэ?
-Голчлон Chess base, “Рыбка”-г ашигладаг. Ялангуяа “Рыбка” бол программуудын дэлхийн аваргад “Deep Fritz”-ийг хожиж байсан хүчирхэг программ. Мөн www. playchess.com сайтаар онлайнаар тоглодог. Оросын том их мастерууд бараг бүгдээрээ шахуу тэр сайтаар тоглодог юм билээ.
-Дүү Ц.Мөнхчулуун тань ФМ цолтой, Монголын урдаа барьдаг шилдэг эмэгтэй шатарчдын нэг. Дүүтэйгээ гэртээ шатар тоглодог уу?
-Бараг үгүй. Дүү маань багаасаа “Ирээдүй” клубт Д.Сэржмядаг багшийн удирдлага дор хичээллэж, өсвөрийн улсын аваргаас гурван ч мөнгөн медаль авсан. 2008 оны Дрездений олимпиадад сайн тоглож ФМ цол хүртэж, эмэгтэйчүүдийн ОУМ цолны балл биелүүлсэн. Харин одоогоор насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль авч амжаагүй л байна. Медальд тун ойрхон байгаа шатарчдын нэг дээ.
-Харин чи өөрөө улсын аваргаас хэдэн медаль хүртсэн вэ?
-Нэг алт, хоёр хүрэл медальтай. 2006 онд түрүүлж байсан юм. Энэ жил тавдугаар байрт орсон. Өсвөрийн улсын аваргаас зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. Мөн блицээр гурав, рапидаар хоёр удаа улсын аварга болж байсан.
-Ямар гарааг түлхүү сонгож тоглодог вэ?
-Цагаанаар бол каталон гараа, хараар франц хамгаалалт хийх дуртай.
-Дэлхийн аварга Виши Ананд ямар ч гарааны аль хувилбараар тоглоход бүгдийг нь цээжээрээ мэддэг, гараан дээр огт цаг алддаггүй гэлцдэг юм билээ. Чиний хувьд?
-Ойролцоогоор ихэнх хувилбараар 20 орчим нүүдлийг онолын дагуу нүүчихнэ. Зарим нэг гүнзгий судалсан гараагаа бол түүнээс ч хол цээжээр мэднэ.
-Шатарт цагаанаар тоглохын давуу тал юу байдаг юм бэ?
-Нэг нүүдэл хожиж байгаа гэдэг утгаараа голдуу цагаанаар тоглосон тал санаачлагыг авдаг. Харин хараар тоглож байгаа нь хамгаалахаас өөр аргагүйд хүрдэг. Ер нь өөрөөсөө чансаа доогуур хүнтэй ч гэсэн хараар тоглоод тэнцэхэд нэг их харамсаад байдаггүй.
-Нийт хэчнээн их мастертай тоглож үзсэн бэ. Анх ямар гроссмейстерийг хожиж байв?
-Яг хэдэн их мастертай тоглосноо сайн санахгүй байна. Chess base-аар хайгаад үзэхэд тодорхой тоо гарна. Мэдээж их мастер цолтныг анх удаа ялсан тохиолдол гэвэл Монголынхоо хоёр их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж хоёрын нэгийг хожиж байсан байх. Гадныхнаас бол 2600 гарсан чансаатай Азербайжаны Н.Гулиевыг олимпиадад анх удаа хожсон. Хараар тоглож буулгаж авсан болохоороо тэр тоглолтыг мартдаггүй юм.
-Дэлхийн аваргуудаас хэнтэй нь гар зөрүүлж үзсэн бэ?
-В.Ананд, Р.Касымжанов нартай тоглож байсан.
-Аль клуб, компанийн нэр дээр тоглодог вэ?
-Өөрөө хөөцөлдөөд гүйдэггүй болохоор ямар нэгэн компанийн нэрийн өмнөөс тоглодоггүй. Харин аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгаар овоглож явдаг. Энэ дашрамд намайг үргэлж тусалж дэмждэг С.Мягмарсүрэн ах, П.Жигжидсүрэн багш, МУИС-ийн удирдлага, УИХ-ын гишүүн, ГХЯны сайд Г.Занданшатар болон дэмждэг бүх хүмүүстээ баярлаж явдгаа илэрхийлье.
Р.МАНЛАЙ
loading...




Amjilt husie ih goy yriltslaga bna uneheer durtai ymanda setgel zurhe ogood busad zuiliig zoliosloj chadval amjiltand hurdeg gdgiig ene hunii jishee tod haruulla ulam sain bolj Super ih master boloorooi
loading...
Ts.Batchuluundaa ih am jilt khusi.
loading...
Saikhan yariltsalaga ogson bna.
loading...
Их мастер болсонд баяр хүргэе! АМЖИЛТ
loading...