loading...
Олимпийн наадам од нь гүйдэггүй Мики Андогийн “бүтэлгүйтэл”-д одоо л төгсгөл ирж байх шиг. Мөсөн талбайд 15 жилийн нүүр үзэхдээ өөрийн болгож амжаагүй олимпийн медалийг Сочигоос авах хүсэлтэй энэ бүсгүй 2011 онд дэлхийн дэвжээнээс хоёр дахь алтаа зүүж, Дөрвөн тивийн АШТ-д анх удаа Наран улсын төрийн дууллыг эгшиг лүүлсэн билээ. 2014 онд тэр одтой, азтай байж мэдэх юм. Учир нь Орос орон түүнд тун ээлтэй. Гранпри тэмцээний алтан медалийг анх тэндээс зүүж байсан Андо дэлхийн аваргын титмийг Москвагаас хүртсэн. Түүнийг шүтэн бишрэгчид ОХУ-д цөөнгүй.
Уран гулгалтын цагаан толгойг Май болон Мао Асада нарын хамт Юко Монна хэмээх бүсгүйгээр заалгасан тэрбээр цовоо зан, тэсвэр хатуужлаараа бусдаас ялгардаг. Ойр дотныхон нь ч түүнд урам хайрлана. Харин 2000 оноос дасгалжуулагчаа сольж, Нобуо Сатогийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болсноор шинэ элементүүдийг нэмж, гуравласан луцийг сурах алхам нээгдсэн юм. Аливааг чадан ядан бус, бардам, өөртөө итгэлтэй гүйцэтгэхийг хичээдэг дайчин чанар нь түүний амжилтын хөтөч. Тиймдээ ч 2002 оны өсвөрийн Гранприд анх удаа дөрөвлөсөн эргэлтийг төгс гүйцэтгэн, тэргүүн байр эзэлсэн нь үүний гэрч. Японы АШТ-д ч мөн өрсөлдөгчдөөсөө цойлон, ДАШТ-д өсвөр гулгагчдыг манлайлсан Андод мэргэжилтнүүд томчуудын толгой дээр цахиур хагална гэсэн дүгнэлтийг аль эрт өгсөн нь зүйн хэрэг. Гэсэн ч “их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэрээр тэр амжилтын буухиагаа үргэлжлүүлж чадаагүй юм.
2004 онд өсвөрийн Гранпригийн шигшээ тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлснээс өөр гавьяа байгуулаагүй түүний дараагийн улирал азгүйтлээр дүүрэн байв. Олимпийн өмнөх бэлтгэлээ АНУ-д базааж, Оросын цомын тэмцээнээс мөнгө зүүсэн залуу бүсгүй “Турин- 2006”-д өрсөлдөхдөө олимпийн талбарын хатуу хөтүүг мэдэрсэн аж. Гранпригийн цувралд аваргалж, Skate Amrica-д хоёрлож, Санкт Петербургт болсон ОУТ-д тавдугаар байр эзэлсэн Андогоос хөгжөөн дэмжигчид нь бүр ч илүү амжилт хүсэж байв.Гэвч Туриний олимпод өрсөлдөх үеэрээ чөлөөт үзүүлбэр хийхдээ гурван удаа хөл алдан унаснаар медалийн тухай мөрөөдөл нь замхарч, 15 дугаар байр руу шидэгджээ. Олимпийн өмнөхөн зохиогдсон Японы АШТ-д зургадугаар байр эзэлсэн нь Италид тааруухан өрсөлдөхийн зөгнөл байсан мэт. Тиймээс Андо тэр жилийн ДАШТ-ийг ч өнжихөд хүрэв. Энэ бүх азгүйтэл дасгалжуулагчаа солиход хүргэж, Николай Морозовтой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Шинэ дасгалжуулагчийн боловсруулсан бэлтгэлийн төлөвлөгөөг хүлээн авч, сэргэл дэвшлийн төлөө хөдөлмөрлөхөд бэлэн байсан уран гулгагчид бас нэг асуудал тулгарсан нь ходоодны өвчин сэдэрч, спортын амьдралаа завсарлахаас өөр аргагүй байдалд оруулжээ. Японы АШТ-д хүчтэй өрсөлдөгч Мао Асадад мөн жил хоёр дахь удаагаа ялагдсан юм. Ямар ч үед саад бэрхшээлийн өмнө үл сөхрөх чанар нь япон бүсгүйг богино хугацаанд хөл дээр нь босгосон байна. 2007 оны Гранпригийн нэгэн цувралд ялалт байгуулсан тэрбээр эх орондоо болсон ДАШТ-д өрсөлдөгчдөө өнгөлөн түрүүлж, удаах жилийнх нь Дөрвөн тивийн АШТ-д гуравдугаар байр эзэлжээ. Дэлхийн аваргын алтан медалийг ижилсүүлэх хүслээр 2008 оны тэмцээнд оролцсон боловч богино хөтөлбөрийг гүйцэтгэж байх үеэрээ хөлдөө гэмтэл авснаар зорилгоо хойшлуулахаас өөр аргагүй боллоо.
“Лос Анжелес-2009” ДАШТ-д гуравдугаар байр эзэлсэн тэрбээр Ванкуверийн олимпод төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадалгүй дөнгөж айргийн тавд багтжээ. 2010 онд ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдсөн ч шийдвэрлэх үед алдаа гаргасны балгаар дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин энэ жил тэрбээр Москвад болсон дэлхийн аваргаас хоёр дахь алтаа авчирч, Дөрвөн тивийн аварга болсноор чансаагаараа дэлхийд хоёрдугаарт яваа билээ. Таван жилийн өмнө Андо “Toyota” компанитай гэрээ байгуулсан. Чүкёогийн их сургуулийг багшийн мэргэжлээр энэ жил дүүргэсэн 24 настай бүсгүй өдгөө АНУ-д бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Мики Андо хувийн амьдралаа зохиож амжаагүй бөгөөд чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...



