loading...
Улиран одож буй онд хөлбөмбөгийн ертөнцөд болсон томхон үйл явдлуудыг тоон үзүүлэлтээр хүргэе.
98943 FIFA-гаас зохион байгуулсан 17 хүртэлх насны ДАШТ-ий финалд Мексик Уругвайг 2:0-ээр хожсон тоглолтыг ийм тооны хүн цэнгэлдэхэд үзжээ. Тэмцээний турш нийт 1.002.314 хүн (нэг тоглолтод дунджаар 19.275) тоглолтыг үзэж сонирхсон байна. Мексикчүүд тус тэмцээнд нутагтаа аваргалсан цорын ганц улс, мөн бүх тоглолтдоо дараалан ялсан гэдгээрээ рекорд тогтоосон юм.
178 Египетийн ахлагч Ахмед Хассан Бразилтай хийсэн нөхөрсөг тоглолтод оролцсоноор шигшээдээ хийсэн тоглолт нь 178-д хүрч, бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 36 настай тэрбээр 1995 онд шигшээдээ дебют тоглолтоо хийж байв.
150 Ж.Моуриньо дөрвөн өөр багийг удирдах хугацаандаа есөн жил, нэг сар, арван өдөр буюу 150 тоглолтын турш талбайдаа ялагдаагүй гайхамшигт цуврал нь энэ жил тасалдсан юм. Түүний энэ агуу цувралыг “Спортинг Гихон” хэмээх даруухан баг зогсоосон нь сонин. Моуриньо хамгийн сүүлд 2002 оны хоёрдугаар сард “Порту”-г удирдаж байхдаа гэртээ ялагдсан юм.
110 Аргентиний алдарт “Ривер Плейт” клуб 110 жилийн турш дээд зиндаанд тоглосон гайхалтай түүх нь зургадугаар сард төгсгөл боллоо. Тэд лигтээ есөн тоглолтын турш ялалт авч чадаагүйн балгаар доод зиндаа руу уруудсан юм.
108 Криштиану Роналду, Лионель Месси гэсэн хоёр хөлбөмбөгч улиран одож буй онд хамтдаа 108 гоол орууллаа. Эдгээрээс Роналду 53-ыг, Месси 55-ыг хийсэн байна.
30 Бразилийн элсний хөлбөмбөгчид ДАШТ-д 30 тоглолт дараалан ялсан сүрдэм цуврал нь энэ жил үгүй болов. Оросын хөлбөмбөгчид тэднийг финалын тоглолтод 12:8-аар хожиж, энэ төрөлд анх удаа дэлхийн аварга болсон билээ. Бразилчууд хамгийн сүүлд 2005 оны хагас шигшээд Португалд дийлдэж байв.
29 “Бока Хуниорс” баг 29 тоглолтын турш ялагдал амсалгүй явсаар Аргентиний намрын тэмцээнд түрүүллээ. Тэд намрын тэмцээний турш зургаахан гоол хаалгандаа алдсан нь тэмцээн өнөөгийн форматаар явагдаж эхэлсэн 1990 оноос хойших хамгийн шилдэг үзүүлэлт болжээ.
25 FIFA-гаас зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн ДАШТ-д Японы бүсгүйчүүд түрүүлж, хөлбөмбөгийн спортоор дэлхийн аварга цол хүртсэн Азийн анхны баг болжээ. Тэд финалд Америкийн хүчтэй багийг торгуулийн цохилтоор буулгаж авсан юм. Сонирхолтой нь хоёр баг өмнө нь 25 удаа тоглоход америкчууд 22 хожиж, гуравт нь тэнцэж байж. Үргэлж дээрэлхүүлж ирсэн өрсөлдөгчөө хамгийн чухал мөчид хожиж чадсан тэдний гайхамшиг түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь дамжиггүй.
23 “Порту” клуб он гарснаас хойш 23 ялж, хоёр тэнцсэн амжилтаар улсынхаа лигт тасархай өнгөллөө. Ингэхдээ тэд арын багаасаа 21 онооны давамгайллыг бий болгосон юм. Өмнө нь 1972-73 оны “Бенфика” л ялагдал амсалгүй улирлыг дуусгаж байжээ.
19 “МЮ” өнгөрсөн хавар Премьер лигийн 19 дэх цомоо авч, Английн хамгийн амжилттай клубээр шалгарлаа. Тэдний ард 18 түрүүтэй “Ливерпуль” бичигдэж байна.
100 Үүсэн байгуулагдсанаас хойш яг 100 жилийн нүүрийг үзэж буй Норвегийн “Молде” клуб 2011 онд анх удаа улсынхаа аваргаар тодров. Тэд улирлын эхэнд тус улсын шилдэг хөлбөмбөгч асан Сульшерийг дасгалжуулагч болгосныхоо хүчинд удаан хүлээсэн цомоо гардсан байна.
57 Францын “Лилль” клуб 1954 онд улсынхаа аварга болж байлаа. Үүнээс хойш чилийсэн 57 жилийг ардаа орхисны эцэст 2011 онд Францын аваргаар гурав дахь удаагаа шалгарсан юм.
46 Давид Вилья гуравдугаар сард шигшээгийнхээ төлөө 46 дахь гоолоо оруулж, Испанийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодров. Энэ амжилтад хүрэхийн тулд тэрбээр 72-хон тоглолт зарцуулжээ. Түүнчлэн Икер Касильяс өнгөрсөн сард Испанийн шигшээд хамгийн олон тоглолт хийсэн тоглогчоор тодорсон. Тэрбээр Испанийн өмсгөлтэйгөөр 127 тоглолтод оролцоод байна.
32 Диего Форлан энэ онд шигшээ багийнхаа хоёр гол дээд амжилтад нэрээ бичүүллээ. Тэрбээр аравдугаар сард шигшээгийнхээ төлөө 32 дахь гоолоо оруулж, бүх цаг үеийн мэргэн буучаар шалгарсан бол 84 тоглолтод оролцсон амжилтаар мөн л бүхний манлайд гарсан юм. Мөн тэрбээр аав, өвөөгийнхөө адилаар шигшээ багаа “Копа Америка”-д түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.
15 “Порту”-гийн супер амжилтын эзэн болсон дасгалжуулагч Андре Виллаш-Боашийг “Челси” 15 сая евро төлж байж өөрийн болголоо. Ингэснээр тэр бүх цаг үеийн хамгийн үнэтэй дасгалжуулагчаар тодорчээ. Үүнээс өмнө Боаш 33 нас, 213 хоногтойдоо Европа лигийн түрүүг гардаж, Европын тавцанд хамгийн залуудаа аваргалсан дасгалжуулагч болсон юм.
13 Пеп Гвардьола “Барса”-г удирдсан гурван жил хагасын хугацаандаа боломжит 16 цомоос 13-ыг нь хүртэж, тус багийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагчаар тодорлоо.
5 Наймдугаар сард Колумбид болсон залуучуудын ДАШТ-ий финалд таван бөмбөг орсон нь тус тэмцээний дээд амжилтаар бүртгэгджээ. Тус тоглолтод бразилчууд Португалийг нэмэлт цагт 3:2-оор хожсон юм. Энэ тоглолтод Бразилийн хагас хамгаалагч Оскар багийнхаа бүх гоолыг оруулсан. Өмнө нь нэг ч тоглогч залуучуудын ДАШТ-ий шигшээд хет-трик хийж байгаагүй аж. Сонирхолтой нь Оскар финалаас өмнөх тоглолтуудад багтаа гоолоор тусалж чадаагүй хэрнээ хамгийн чухал мөчид цойлон гарсан юм.
4 Японы шигшээ нэгдүгээр сард Азийн цомын тэмцээнд дөрөв дэхээ түрүүлж, энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоов. Өмнө нь “хөх самурайнууд” гурван түрүүтэйгээр Саудын Араб, Ирантай айлсаж байсан билээ.
3 Ботсван, Нигер, Экваторын Гвиней гэсэн гурван баг түүхэндээ анх удаа Африкийн цомын тэмцээнд өрсөлдөх эрхээ аваад байна. Экваторын Гвиней нь зохион байгуулагчийн хувиар шууд орсон бол нөгөө хоёр нь урьдчилсан шатын амжилттай давсан юм.
Б.ТЭМҮҮЛЭН
loading...




