Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧYYД ЛОНДОНЫ ОЛИМПОД “ЮМ ДУУЛГАЖ” МЭДНЭ

GD Star Rating
loading...

Азийн бөхийн холбоо (AAWF)-ны ерөнхийлөгч Ким ЧанКью Улаанбаатар хотноо гурав хоногийн ажлын айлчлал хийв. Тэрбээр олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны томилолтоор 2013 онд эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжийг газар дээр нь шалгах зорилготой ирсэн юм. БНСУ-ын иргэн, профессор Ким Чан-Кью БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нартай уулзаж, “Буянт Ухаа” цогцолборыг үзэж сонирхон, сэтгэл өндөр буцжээ. Урьд нь Улаанбаатар хотноо тивийн АШТ гурван удаа (1973, 1993, 2001) Дэлхийн цом нэг (1987), залуучуудын ДАШТ хоёр (1979, 1989), оюутны ДАШТ нэг (2006) удаа тус тус зохиогдсон түүхтэй. Энэ үеэр түүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Таныг 2001 онд Улаанбаатарт ирж байсан гэж сонссон. Арван жилийн дараа манай улсад дахин ирэхэд ямар сэтгэгдэл төрөв?

-2001 оны чөлөөт бөхийн Азийн АШТ-ийг шүүх томилолт танай оронтой биечлэн танилцах боломж олгож билээ. Бөхийн өргөөнд болсон уг тэмцээн одоо ч сэтгэлд тод үлджээ. Өнгөрсөн хугацаанд Монгол үсрэнгүй хөгжиж байгаагийн томоохон баталгаа Спортын шинэ цогцолбортой болсон явдал. Дэлхийн цомын тэмцээнийг зохиох саналаа тавихад өндөр шалгуурт нийцэх спортын ордонтой байх хэрэгтэй. Энэ ордны гадна, доторх тохижилт, зохион байгуулалт, зай талбай, техник хэрэгсэл томоохон тэмцээнийг хүлээж авах шаардлагад нийцэж байна. Дэлхийн цом байтугай ДАШТ-ийг зохион байгуулах боломжтой гэж үзэж болох юм.

-Спорт цогцолбороос гадна өөр ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?

-Тамирчид, албаны хүмүүсийн тав тохьтой байлгах үүднээс зочид буудлуудад анхаарах хэрэгтэй. Сайн дурынхныг бэлтгэх, халуун дотно байдлыг бүрдүүлэх орчин гээд олон шалгуур үзүүлэлт бий.

-Та Улаанбаатарт тус тэмцээнийг зохиох боломжтой гэсэн эхний дүгнэлтэд хүрчээ дээ?

-Тэгж хэлж болох юм. Очоод би FILA-д тайлангаа тавина. Танай улсад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомыг зохион байгуулах боломж хангалттай байна.

-Манай тамирчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын эмэгтэй бөхчүүд тив, дэлхийн АШТ-д өндөр амжилт гаргаж байгаа нь гадаадын олон мэргэжилтний сонирхлыг татаж байна. Энэ нь бөхчүүдийн байгалиас заяасан авьяас чадвартай холбоотой биз ээ. 2012 оны Лондоны олимпод танай чөлөөт бөхийн эмэгтэйчүүд “юм дуулгаж” мэдэх юм шүү.

-Азийн бөхийн холбоо чөлөөт бөхийг хөгжүүлэх үүднээс ямар зорилт баримтлан ажилладаг вэ?

-Бид зөвхөн тамирчдын төлөө биш, энэ спортыг сонирхогчид, хүүхэд, багачуудад хүрч ажиллахыг хичээсээр ирсэн. Ажил урагштай бүтэж, чөлөөт бөхөөр хичээллэгчид олширч буйд баяртай явдаг. Цаашид төлөвлөсөн ажил их байна.

-Та Азийн бөхийн холбооны ерөнхийлөгчөөр хэд дэх жилдээ ажиллаж байна? Яагаад энэ спортыг сонирхох болсон юм бэ?

-1999 оноос тивийн холбоонд ажиллаж эхэлсэн. Би профессор хүн л дээ. Тамирчин, дасгалжуулагчийн ажил хийж байгаагүй ч хүүхэд ахуй үеэсээ чөлөөт бөхийг сонирхсон. Хүний амьдралын хамгийн гол хэмжүүр хөдөлгөөн. Хөдөлгөөн бүхнийг цогцлуулсан хамгийн гоё спорт бол чөлөөт бөх. Энэ ажлыг хийхэд ямар нэгэн дарамт шахалт учирдаггүй болохоор сэтгэл хангалуун байдаг.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: