loading...
Энэ өдрүүдэд Канадын Эдмонтон, Калгари хотноо шайбтай хоккейн залуучуудын ДАШТ болж байгаа билээ. Тус тэмцээнийг чимж буй, хоккейн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байгаа гэх 10 залуу одыг “ТЦ” танилцуулж байна.
1.Микаэль Гранлунд (1992 онд төрсөн, Финланд), довтлогч. 179 см, 83 кг
Финландын АШТ-ий 30 тоглолтод 38 оноо (16 гоол+22 дамжуулалт) аваад буй.
19 настай хөвгүүд охидтой болзож, компьютер тоглож, “Бентли” унаж салхи татуулан давхихыг хүсдэг бол Микаэль Антеро Гранлунд өөр замыг сонгосон. Үүний хүсэл бол лигийн мэргэн бууч болох бөгөөд ОХУ-ын хаалганд оруулсан супер гоол нь Финландын үндэсний шуудангийн марканд мөнхөрсөн гэдэг.
2.Евгений Кузнецов (1992, ОХУ), довтлогч, 190 см, 85 кг
Тивийн хоккейн лигийн 32 тоглолтод 24 оноо (12+12) аваад буй.
Гурав дахь ДАШТ-дээ оролцож буй Оросын шигшээ багийн ахлагч Канадад од статустайгаар ирсэн. Түүний бусдыг гайхашруулдаг гол чадвар нь хурдтай тэших, хүчтэй цохих гэхээсээ ухаалаг тоглолт гэвэл ононо.
3.Михаил Григоренко (1994, ОХУ), довтлогч. 188 см, 83 кг
Квебекийн залуучуудын лигийн 36 тоглолтод 58 оноо (25+33) аваад буй.
Орост түүнийг аль хэдийнэ Малкинтай зүйрлүүлээд эхэлсэн бол домогт хаалгач Патрик Руа түүнийг Петр Форсберг, Жо Сакик, Марио Лемье нарын бүх онцлог шинжүүдийг нэгтгэсэн мундаг довтлогч хэмээн үнэлсэн.
4.Наиль Якупов (1993, ОХУ), довтлогч. 181 см, 76 кг
Онтариогийн залуучуудын лигийн 26 тоглолтод 53 оноо (21+32) аваад буй.
Шигшээдээ жигүүрийн довтлогчоор тоглодог Якупов “Сарни”-д бол бүхнийг хийдэг. Тэрбээр Онтариогийн залуучуудын лигт сүүлийн долоон тоглолтод 9 шайб, төдий тооны дамжуулалт гүйцэтгэсэн тул шигшээ багт уригдсан. Түүнийг ихэвчлэн Григоренкотой довтолгооны дуэтээр талбайд гаргаж байгаа бөгөөд түүнтэй яаж хослохоос оросуудын хэр хол явах нь шалтгаална.
5.Жек Кэмпбелл (1992, АНУ), хаалгач. 188 см, 84 кг
Онтариогийн залуучуудын лигийн 25 тоглолтын 12-т хаалгаа хуурай манасан.
Кэмпбелл бол залуучуудын хоккейд жинхэнэ домог болсон тоглогч. Тэрбээр 2009-11 онуудад гурван удаа дэлхийн аварга болсон. Түүний онцлог нь хасагдах шатанд сайн тоглодог.
6.Бретт Коннолли (1992, Канад), довтлогч. 188 см, 82 кг
NHL-д 28 тоглолтод 8 оноо (4+4) аваад буй. Конноли энэ улиралд хоёр ч тоглолтод хожлын шайб оруулсан.
Байгалиас заяасан гоолын мэдрэмж, хурдтай тэрбээр 2010 оны драфтаар “Тампа Бэй”-д хуваарилагдсан ч гуяны гэмтлийн улмаас удаан хугацаагаар тоглоогүй.
7.Свен Берчи (1992, Швейцарь), довтлогч. 180 см, 83 кг
Өрнөдийн хоккейн лигийн 25 тоглолтод 54 оноо (12+42) аваад буй.
Берчи NHL-ийн драфтын нэгдүгээр раундаар сонгогдсон тав дахь швейцарь тоглогч. Түүнийг Нидеррайтер II гэж нэрийдэх үү, эсвэл Берчи I нэрээрээ алдарших уу гэдэг нь цаашдын тоглолтоос нь шалтгаална.
8.Юхан Ларссон (1992, Швед), довтлогч. 182 см, 90 кг
Шведийн АШТ-ий 31 тоглолтод 23 оноо (7+16) аваад буй. Энэ тэмцээнд оролцож байгаа шигшээ багуудын ахлагчдыг харьцуулбал Ларссоны нэр Гранлунд, Кузнецов нарын ард бичигдэнэ. Гэвч Юханыг тэднээс түвшин доогуур тоглогч гэвэл эндүүрэл болно. Тэрбээр өрсөлдөгчийнхөө ч, өөрийнхөө ч талбайд үр дүнтэй тоглолыг үзүүлж, “хар ажил”-д сайн оролцдог тоглогч.
9.Дуги Хэмилтон (1993, Канад), хамгаалагч. 193 см, 98 кг
Онтариогийн залуучуудын лигийн 30 тоглолтод 45 оноо (12+33) аваад буй.
Тэрбээр хамгийн сүүлд “Сабвэй супер сери” цуврал тоглолтод ОХУын хаалганд хет-трик хийсэн. Тэрбээр өөртөө итгэлтэй байдал, биеийн хүчний тоглолтоороо бусдаас ялгардаг.
10.Никлас Йенсен (1993, Дани), довтлогч. 191 см, 92 кг
Онтариогийн залуучуудын лигийн 30 тоглолтод 35 оноо (17+18) аваад буй.
Хоккейн гүрнүүдэд тооцогддоггүй Австриас Томаш Ванек, Словеноос Анжи Копитар, Польшоос Мариуш Черкавски, Даниас Никлас Йенсен нарын шилдэг тоглогчид өнөөдөр төрөн гараад байна. ДАШТ-д арван удаа оролцож, Данийн хоккейн домог болсон хамгаалагч Дан Йенсений хүү Никлас өнгөрсөн жил драфтын нэгдүгээр раундын ¹29-өөр сонгогдон Хойд Америкт хөл тавьсан. Тэрбээр Квебекийн залуучуудын лигийн өмнөх цугларалт дээр дөрвөн тоглолтод 9 оноо (6+3) авсан юм.
М.ОРГИЛ
loading...




сайн байна оргил оо. ийм мэдээ сайн оруулж байгаараа одооны залуучууд хөл бөмбөг сагс 2 с ахихаа болилоо шүү. чамд амжилт хүсии. НХЛ, КХЛ бас Биатлоны супер цувралууд гээд бичих их байна шүү
loading...