Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Байт харваа » Цасан бүрхүүл, цаа буган “хөсөг”-тэй тундраас хөх тэнгэрийн орноо санах нь бий

GD Star Rating
loading...

… Хүний хувь заяа гэж сонин юм. Би хэзээ ч байгалийн өвөрмөц уур амьсгалтай ийм газар ажиллана гэж бодож байсангүй… хэмээн байт харвааны ОУХМ Ж.Удвал өгүүллээ. Хойд хөршийн Архангельск мужийн Нарьянмар хотод аж төрж буй түүний амьдралд 2011 он шинэлэг зүйл багагүй авчирчээ. Зун нь цагаан шөнө, өвөл нь харанхуй өдөр үргэлжилдэг, хоёр сая гаруй хүн амтай, бөөгийн шашин шүтдэг алслагдсан хязгаарт уйдах завгүй хөдөлмөрлөж байгаа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Танд шинэ оны баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Юуны өмнө 2012 оныг амжилтын дээдээр угтсан нийт тамирчин, дасгалжуулагчдадаа баяр хүргэхийн ялдамд Байт харвааны холбооны хамт олондоо чин сэтгэлийн хүдэтгэл илэрхийлэн мэндчилье. Гурван олимпийн буухиа тасарсан гашуун түүх ард хоцорч, Лондоны олимпийн эрх авсан хоёр тамирчиндаа амжилтын дээдийг ерөөе. Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар тодорхой хугацаанд ажиллахдаа энэ албыг хийсэн ажил, хэлэх үгтэйгээр хашсандаа сэтгэл өндөр явдаг. Гэсэн ч амьдралын шаардлагаар ажлаа өөрийн хүсэлтээр найздаа хүлээлгэж өгсөн юм.

Олимпийн наадамд зорилго нэгт нөхдөө оролцуулах нь хүсэл мөрөөдлийн маань нэг хэсэг байсан юм шүү. Аавынхаа нөлөөгөөр их спортоор таван настайгаасаа амьсгалсан миний хувьд тамирчны замналаа өндөрлөсөн ч байт харвааны холбооны арын албанд олон жил зүтгэсэн бөгөөд олимпийн эрх авахыг зорьсоор ирсэн. Францад болсон 2008 оны олимпийн эрх олгох тэмцээнд улаан шугамаар таслуулсан Б.Урантунгалаг маань 2012 оны олимпод заавал оролцоно гэж амласныг нь санаж байна. Ж.Гантөгс ч бас олимпийн эрхэд ойрхон байсан даа. Амлалтаа биелүүлсэн нөхдөөрөө бахархаж байна.

-Одоо та хойд хөршид ямар ажил хийж байна даа?

-Миний үндсэн мэргэжил олон улсын харилцаа. Улмаар Удирдлагын академийг дүүргэсэн. Харин 1999-2002 онд спортын бариа заслын чиглэлээр Израильд суралцаж билээ. Хүүхэд ахуй үеэсээ л бариа заслыг сонирхсон юм. Аав маань надад бэлтгэлийн дараа иллэг хийж өгдөг байсан болохоор спортын бариа засал сэтгэлд ойр буусан болов уу. Элэнц эмээ маань бариач байсан юм гэнэ билээ. Аав, ээж хоёр маань намайг гартаа мэдрэмжтэй гэж ярьдаг байсан нь энэ чиглэлээр суралцахад нөлөөлсөн гэж боддог. Израилиас ирсний дараа дорно дахины бариа заслыг сонирхон судалж, их эмч Б.Энхмаа хэмээх найзтайгаа хамтарч ажилласан. Түүнээс их зүйл суралцсан шүү. Одоо энэ чиглэлээр ОХУ-д ажиллаж байгаа.

-Энэ чиглэлээр ажиллаж эхлэх үед хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-ОХУ-д нээгдэх бариа заслын эмнэлгийн салбарт орчуулагчаар ажиллах санал ирэхэд хүлээж авсан юм. Улмаар найзынхаа зөвлөснөөр ОХУ-ын Архангельскийн АУДС-ийн дээд курсийг өнгөрсөн намар спортын болон эрүүл ахуйн бариа заслын мэргэжлээр дүүргэсэн.

-Цаа бугын мах идэж, арьсаар нь хувцас хийж өмсдөг, тундрын хүмүүсийн амьдралд дасах нь тийм амар байгаагүй болов уу?

-Хүний хувь заяа гэж сонин юм. Архангельскийн АУДС төгссөн анхны монгол оюутан миний хувьд 70 жилийн түүхтэй Нарьянмар хотын спорт цогцолборт ажиллах санал ирэхэд татгалзаагүй. Тэндхийн хөдөөний иргэд цаатны аж ахуй эрхэлдэг бөгөөд хүйтэн газар учраас өвлийн спорт өндөр хөгжсөн. Цагаан тэнгистэй тул хүмүүс загасчлах нь элбэг. Хамт ажилладаг нөхөд маань намайг байт харвааны тамирчин гэж сонсоод энэ төрлийг хотдоо хөгжүүлбэл яасан юм бэ гэж хошигносон удаатай. Зун нь цагаан шөнөтэй, өвөл нь хар өдөр үргэлжилдэг энэ хотод ирсний дараа хөх тэнгэрээ үгүйлэх үе гардаг байлаа. Гэхдээ монгол хүн дасан зохицох чадвар сайтай гэж үнэн. Миний амьдарч байгаа хот дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлэн зэрэгцэж яваа. Тод өнгийн, орчин үеийн барилгууд баригдаж байна. Хотын тохижилт, дэд бүтцийн асуудлаа ч шийдсэн. Северь (Умард) нутгийнхан сэтгэл сайтай хүмүүс. Тэнд би Израильд суралцаж байсан найзтайгаа хамтран ажилладаг. Наташагаасаа суралцаж, сайхан сэтгэлд нь дулаацан, ажлаа урамтай хийж, амьдралдаа сэтгэл хангалуун явна.

-Ажлын гэрээгээ сунгасан гэл үү?

-Тийм ээ. Зургаан сар хүртэл сунгасан.

-Амьдрах орчин тань тухтай юу? Израильд хамт суралцаж байсан найзаа эхний үед дагалдан ажилласан уу?

-Орчин үеийн таван давхар байшингийн тавдугаар давхарт гурван өрөө байранд амьдарч байна. Тус хотын спорт цогцолбор шинэхэн баригдсан, техник хэрэгсэл нь орчин үеийнх. Манай гэрийн цонхоор спорт цогцолборын талбай харагддаг юм. Тус талбайг өвөл нь уран гулгалтын, зундаа хөлбөмбөгийн талбай болгон ашигладаг юм билээ. Оюутан байхдаа л Наташатайгаа дөрвөн гарын бариаг хослон хийдэг байлаа. Түүнтэй уулзсаны дараахан шууд л ажилдаа орж, хөлбөмбөгийн тамирчинд хамтран иллэг хийсэн. Дөрвөн гарын бариа хийлгүй удсан болохоор эхний үед бага зэрэг айхад найз маань зоригжуулсан. Цаг 15 минут иллэг хийхдээ бид хоёр ганц ч алдаа гаргаагүй нь хамгийн сайхан. Үүний дараа найз маань намайг тэврээд баярын нулимс унагаж билээ. “Чи чадаж байна. Би чамайг үргэлж ярьдаг байсан юм” гэсэн Наташагийн үг надад урам хайрласан.

-Дөрвөн гарын бариа гэж яг юу юм бэ?

-Хоёр хүн зэрэг хийдэг иллэг л дээ. Бариа хийж байх үедээ уянгын хөгжим тавина, хоорондоо юу ч ярихгүй. Иллэг хийх хоёр хүний даралтаас эхлээд бүх зүйл ижил байх ёстой. Зөвхөн гэмтэж бэртсэн үед биш, эрүүл мэндээ хамгаалах үүднээс энэ бариаг хийдэг юм. Иллэг хийгээд зогсохгүй сэтгэл зүйн зөвлөгөө ч өгдөг. Энэ чиглэлээр бид сургалт явуулж эхэлсэн, Оросын олон хотоор сурталчилж амжсан шүү.

-Тэгвэл та гурав дахь мэргэжлээрээ эрдэм шинжилгээний ажил хийж болох юм байна шүү?

-Яагаад болохгүй гэж? Ном бичихээр төлөвлөж, материал цуглуулж байгаа.

-Долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө сонирхуулна уу?

-Гурван өдөр тамирчидтай, хоёр өдөр хүүхдүүдтэй, бусдад нь жирийн иргэдтэй ажилладаг. Амрах зав бараг гардаггүй. Бүжгийн спортоор хичээллэж, усанд сэлж алжаалаа тайлдаг. Миний ажлын өглөө кофе чанаж уугаад найзуудтайгаа интернэтээр холбогдохоос эхэлдэг.

-Хэчнээн завгүй байсан ч гэсэн байт харваагаа санадаг биз дээ?

-Жамъянсүрэнгийн охин учраас байтыг яаж мартах юм бэ? Тэмцээнд оролцож байна гэж зүүдлэх нь олонтаа. Ухаан орсон цагаас энэ спорттой холбогдсон болохоор байтад цаг хугацаа, сэтгэл зүрхээ хангалттай зориулсан гэж боддог. Хамгийн сүүлд 2010 онд тамирчидтайгаа Австрали явсан юм байна. Асаалттай танк шиг гал цогтой хүмүүсээр хүрээлүүлсэн Байт харвааны холбооны ажил үйлс өөдрөг байх нь тодорхой биз дээ.

-Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нарыг олимпийн эрх авсан тэр мөчид та ОХУ-д байсан биз дээ?

-Тийм ээ. Олимпийн эрхийн тэмцээнийг интернэтээр үзэж, тамирчид маань үүргээ биелүүлэхэд баярын нулимсаа барьж чадаагүй. Орос найзууд маань оргилуун дарс задалж, баярыг минь хуваалцсан. Урнаа бол аавын маань отгон шавь. Түүнийг олимпийн эрх авсны дараа Бишиндээ гуай (Урантунгалагийн аав) ээжтэй маань утсаар холбогдож, баяр хүргэсэн байсан. Энэ тухай сонсоод сэтгэл бүр хөдөлсөн.

-Таныг ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан тэр үед “Монголын байт харваа хэзээ сэргэх вэ” гэсэн асуултад хариулт олдохгүй л байсан…

-Байтынхан гурван олимп, хоёр Азийн наадмыг өнжөөд байсан тэр үе бол энэ спортод сэтгэл зүрхээ зориулсан нөхдийнхөө хамт хөгжлийн гарцыг хайж олохыг чармайсан он жилүүд байлаа. Тиймээс “Таван сум” клубийн тамирчдын хамт хөгшин хөвөөгөөрөө дуудуулан “Доха- 2006” Азийн наадамд багаараа оролцсон нь зоригтой алхам байсан гэж болох. Энэ спортоос 15 жил хөндийрсөн Т.Амаржаргалыгаа ч халуун ам бүлдээ буцаан авчирч билээ. Үүний дараахан БНСУ-ын Инчон хотын байт харвааны холбоотой харилцаа тогтоосны хүчинд хэрэглэл материалаа зохих хэмжээнд шийдэж чадсан. Төв аймагт Амартүвшин багш ажиллаж эхэлснээр залуу хойч үе маань эрчимтэй бэлтгэгдсэн. Мэдээж энэ бүхнийг би ганцаараа хийгээгүй. Миний цаана асаалттай танк шиг бүсгүйчүүд маань арын албанд зүтгэж байлаа. Ямар ч гэсэн МБХХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа халуун дотно хамт олныг бүрдүүлж чадсан гэж боддог.Үүнийг байтынхан маань мартаагүй байх.

-Та одоо Байт харвааны холбооны тэргүүлэгч гишүүн биз дээ?

-Үгүй ээ. Байт харвааны холбоонд ямар нэгэн сонгуульгүй. Ажлын үр дүнгээ гартал хамт олонтойгоо байгаагүй хэдий ч өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун байна. Би нэг зүйлийг хэлмээр байна. Байт харвааг амьдралаасаа огтхон ч салгадаггүй, өөрийгөө энэ спортод өртэй мэт санадаг, үе үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллаж, бүх ажлыг зангидаж зохицуулсаар ирсэн ОУХМ Ц.Баярмаагийн хувь нэмэр их байгааг мартах учиргүй.

-Та хэзээ буцах вэ?

-Ойрын хугацаанд буцна. Найзуудтайгаа саяхан утсаар ярихад “Цаныг чинь бэлтгэчихсэн шүү, хурдан ирээрэй” гэж байсан.

-Та цана, тэшүүрээр гулгадаг юм уу?

-Хүүхэд байхдаа тэшүүр, тамирчин ахуйдаа цанаар гулгадаг байсан. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Цас мөсний оронд байгаа хүн энэ спортоор хичээллэхгүй бол алдас болох биз. Би усанд сэлж чаддаггүй байсан ч тэнд очоод сурсан. Хүн насан туршдаа суралцдаг гэж үнэн байх.

-Танд амжилт хүсье.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
Цасан бүрхүүл, цаа буган "хөсөг"-тэй тундраас хөх тэнгэрийн орноо санах нь бий, 4.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. superman says:

    юун тэнэг гичий хаанаас гараад ирвээ өөрийг нь хэн ч үнэлээгүй байхад өөрийгөө өргөмжлөөд өөрөө юу ч хийгээгүй л нөхөр байнашдээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: