loading...

“Спортын Цонх” онлайн сэтгүүлийн дэргэдэх “Спортын Цонх” Форумын гишүүдийн бичсэн сонирхолтой нийтлэлүүдээс олны хүртээл болгодог билээ. Энэ удаад Cule-гийн нийтлэлийн үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.
- Амжилтаар дүүрэн кареерийнхээ төгсгөлд Пэп Катарт тоглохоор явсан. Та ч бас өөрийгөө түүнтэй ижилхэн замаар замнах тухай бодож байв уу?
- Үнэндээ би энэ талаар огт бодоогүй юм байна. Яагаад гэдгийг нь чамд хэлье л дээ. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч бүү хэлж бай, яагаад гэвэл ирээдүйд юу болохыг чи мэдэхгүй. Жишээ нь хэзээ нэг өдөр би Алжираас ирсэн сэтгүүлчидтэй ярилцлага хийнэ гэж төсөөлж байсангүй, гэтэл чи миний өмнө суугаад надаас асуулт асууж байна. Юутай ч миний мөрөөдөл бол кареераа Барсад дуусгах.
Миний юу хэлж байгааг ухаж ойлгож байгаа эсэхийг чинь би мэдэхгүй байна, гэхдээ энэ бол миний хувьд маш гүнзгий утга учиртай зүйл. Би бол күле, хүүхэд байхаасаа л Барсад хайртай болсон. Өнөөгийн энэ их өрсөлдөөний үед өөрийн байр сууриа урт хугацаанд хадгална гэдэг маш хэцүү зүйл гэдгийг би мэднэ, гэхдээ би Барса дахь өөрийн кареераа дуусах хүртэл энэ төвшний тоглолтоо хадгалж чадна.
- Катарын тухай ярилцъя, 2022 оны Дэлхийн Аваргын тэмцээн энэ улсад зохиогдох болсон нь багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Таны бодлоор хэт халуун цаг агаарын онцлогоос нь хамаарч тэнд тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэсэн шүүмжлэл нь хир бодитой вэ?
- Цаг агаарын нөхцөл нь энэ спортын хувьд маш их нөлөөтэй хүчин зүйл. 40-50 градусын халуунд хөлбөмбөг тоглоно гэдэг боломжгүй юм. Катарт байдаг найзууд маань энэ улсын тухай ам сайтай байдаг, хүмүүс нь их найрсаг, нөхөрсөг.
Халууны тухайд 2022 он гэхэд Катарчууд асуудлыг шийдэх гарц олох байх гэж найдаж байна.
Эцэст нь Дэлхийн Аваргын тэмцээнийг зохион байгуулах нь Арабын орнуудын хөлбөмбөгийн хөгжилд, тухайлбал Катарт олон сайн зүйлсийг өгч чадах болов уу.
![]()
- Гвардиола Катарт байсан тухайгаа ярьж байсан уу?
- Тэр заримдаа энэ тухай ярьдаг. Тэр маш сэтгэл хангалуун байсан тухай, сайхан дурсамжийнхаа талаар бидэнтэй ярилцдаг. Бүх зүйлс түүний хувьд гайхалтай байсан. Түүнийг анх Катарт очих үед тэд гаднаас тоглогч аваачих бодлогоо дөнгөж л эхлүүлж байж. Гэхдээ тэнд авъяаслаг, өндөр техниктэй тоглогчид маш олон байсан гэж хэлсэн.
- Одоо бид таны заавал хариулах ёстой бөгөөд магадгүй хамгийн хүнд асуултаа танд тавих гэж байна…
- (инээв) За сонсож байна…
- Та Ла Лигт тоглож байгаа Алжир тоглогчдоос мэдэх үү? Хетафегийн Мехди Ласен, Реал Сосейдэдийн Лиассине Кадамуро, Софиане Фегоули...
- (асуултыг таслаад…) Валенсигийн, мөн Ебда, энэ улиралд Гранадатай гэрээ хийсэн.
- Та тэднийг муугүй мэддэг бололтой.
- Яг үнэндээ Испанид тоглож байгаа тоглогчдыг эс тооцвол танай орны хөлбөмбөгийн тухай би төдийлөн сайн мэдэхгүй л дээ. Харин тэднийг бол мэднэ. Магадгүй Мехдиг арай илүү мэдэх байх, яагаад гэвэл тэр энд хэд хэдэн улирал тоглож байгаа. Тэд голдуу сайн техник дээрээ тулгуурлаж тоглодог сайн тоглогчид, Ебда, Кадамуро, Фегоулиг би тийм ч олон удаа хараагүй, харин Ласен бол жинхэнэ өрсөлдөгч. Хетафе түүнийг авснаараа маш сайн наймаа хийж чадсан.
- Олон муслим тоглогчид Барсаруу явахыг хичээдэг, зарим нь ч Кэйта шиг зорьсондоо хүрч…
- Абидал, Афэллай бас байгаа.
- Кэйта үргэлж залбирал үйлдэж байдаг тухайгаа, заримдаа бүр хувцас солих өрөөндөө залбирдаг ч энэ нь бусдад төдийлөн саад болдоггүй тухай бидэнд нэг удаа ярьж байсан. Энэ таньд ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?
- Энэ бол бидний бага ахуйгаас минь бусдад, тэдний ёс заншилд хүндэтгэлтэй хандах дадалтай болгож төлөвшүүлсний нэг хэсэг юм. Сэйдоу хаа ч залбирч байдаг, гэхдээ энэ нь хэнд ч саад болдоггүй. Заримдаа тэр арын өрөөнд залбирал хийхийг хүсдэг, бусад нь түүний залбиралд саад хийхгүйн тулд өрөөг чөлөөлж өгдөг. Барсагийн хувцас солих өрөөнд Сэйдоу их хүндэтгэл хүлээсэн нэгэн, Абидал, Афэллэй ч адил. Тэднийг муслимчууд гэхээсээ илүү гайхалтай сайн хүмүүс гэдгийг нь мэднэ.
- Тэднийг тоглолтын өмнө яг ямар утгатай залбирал үйлддэгийг нь мэдэх хүсэл танд хэзээ ч төрж байгаагүй гэж үү? Түүнчлэн тэдний тоглолтонд нөлөөлж ч мэдэх Рамадан сарын утга учрын тухайд?
- Миний сонирхлыг яах аргагүй татсан зүйл бол тэдний “Рамадан”-д үзүүлж буй хүндэтгэл юм. Миний хувьд, 12 цагийн турш, зуны улиралд заримдаа бүр 15 цаг юм идэхгүй байх нь хөлбөмбөгчинд маш хүнд хэцүү зүйл. Гэвч энэ бол тэдний, мөн бүх Муслимчуудын итгэл үнэмшлийн асуудал, бид үүнд нь хүндэтгэлтэй хандах ёстой.
Бидэнд ч бас өөрсдийн шашныг шүтэх ёс заншил бий, гэхдээ энэ нь намайг Кэйта, Абидал, Аффэлэйтай холбож байгаа зүйл биш юм, биднийг нэгтгэж, бидний нийтлэг тал болж байгаа зүйл бол хамгийн эхэнд Барса, хөлбөмбөг гэж би хэлнэ. Барселонд маш олон үндэстний, өөр өөр шашин, соёлтой тоглогчид байгаа, байсаар ч байх болно. Тэд бүгд сэтгэл хангалуун байна гэдэгт итгэж байна, манай клуб бүх нийтэд нээлттэй.

- Сүүлийн хэдэн жилд Реал Мадрид болон Барсагийн тоглогчдын хооронд нилээдгүй өрсөлдөөн, үл ойлголцол гараад байгаа. Шигшээ багийн цугларалтын үеэр уур амьсгал ямархуу байна вэ?
- Эль Классико болж өнгөрсний дараа энэ үл ойлголцол бий болдог гэдгийг та мэдэх байх. Испанид, магадгүй дэлхий даяар үзэгчид хоёр хэсэгт хуваагддаг ч байж мэднэ. Бидний хувьд хоорондоо үргэлж ярилцдаг, энгийн харилцаатай. Яг л өмнө нь ямар байсан тэр хэвээрээ гэсэн үг.
Икер Касилласаар жишээ авъя, бид шигшээ багт дор хаяж 15 жилийн турш хамтдаа байна, бяцхан жаалууд байх үеэсээ хойш. Бас Арбелоа, Албиол ч надад таалагддаг. Энэ бол үнэн байдал. Би Реалын тоглогчидтой сайн харилцаатай, хэрвээ ямар нэг асуудал гарвал бид нүүр нүүрээ харж байгаад насанд хүрсэн хүмүүс шиг ярилцдаг, тэгээд л бүх зүйлс хэвийн байрандаа орно. Шигшээ багт бид байж болох хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бүгдээрээ бие биенээ дэмжиж нэг зүгрүү харж чаддаг.
- Касиллас та хоёр багийн гишүүдийн үл ойлголцлыг засч залруулахад нилээдгүй чухал үүрэгтэй байдаг юм шиг санагдлаа.
- Энэ тийм гойд зүйл биш. Бид энд маш удаж байгаа. Хэрвээ энд ямар нэг асуудал бий болвол үүнийг залруулах үүрэгтэй бөгөөд туршлагатай хүмүүс. Евро болон Дэлхийн Аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглож байх үед бидэнд нилээдгүй хүнд үе тохиолдож байсан. Одоо бид үр дүнгээ үзчихлээ, багийн уур амьсгал ч үүнийг дагаад автоматаар сайжирна.
Бид Европийн болон дэлхийн аваргууд. Бидэнд зөвхөн лигт болсон үл ойлголцлоос болж үүнийг сүйтгэх эрх байхгүй. Бусад улсууд бидний энэ байр суурийг эзлэхийг хүсч байгаа, тиймээс бид давуу байдлаа хадгалах хэрэгтэй. Касиллас бид хоёроос гадна Пуёол, Дэль Боске нар багт дулаан уур амьсгал бий болгоход чухал нөлөөтэй хүмүүс.
- Барсагийн төлөө 600 гаруй тоглолтонд оролцож энэ бүх амжилтанд хүрсэн хүний хэрхэн өглөө бүр цүнхээ аваад бэлтгэлийн талбайд очдог тухай бидэнд яриач?
- Маш олон хүн миний оронд энд байхыг хүсдэг байх. Би өөрийнхөө дуртай зүйлээ хийж амьдардаг давуу талтай. Тиймээс ямар нэг гомдоллох зүйл алга. Ихэнх Европчууд эдийн засгийн хямралыг даван туулахыг хичээн зүтгэж байгаа энэ үед мэргэжлийн хөлбөмбөгчид өөрсдийн хамгийн дуртай зүйлээ хийснийхээ төлөө цалин авч байна шүү дээ.
Хөлбөмбөг бол миний хамгийн хайртай зүйл, тиймээс би өглөө босоод, цүнхээ аваад бэлтгэлийн талбайн зүлгэн дээгүүр алхахдаа маш их жаргалтай байдаг. Түүнчлэн намайг хамгийн ихээр сэргээдэг зүйл бол багтайгаа илүү их амжилт үзүүлэх. Барсагийн төлөө тоглох үед надад төрдөг мэдрэмжийг би хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна.
- Та Барсаг орхисныхоо дараа өөр багийн төлөө тоглохгүй юу?
- Тэгж найдаж байна. Би кареераа Барсад дуусгахыг хүсдэг, яагаад гэвэл энэ миний клуб, миний гэр, надад байгаа бүхэн минь.
- Хэзээ гутлаа хананд өлгөхөөр төлөвлөж байна вэ?
- Хэзээ би тоглож чадахаа болино, тэр үед. Үнэндээ бүх зүйлс энд бий (Толгойруугаа заав). Хэрвээ чиний оюун санаа, бие бялдар чинь чамд сайныг хэлж байвал түүнийгээ л дагана. Одоо би өөрийгөө сайн байгааг мэдэрч байна.
- Таныг талбай дээр тоглолтыг удирдаж байхыг хүмүүс хараад муугүй дасгалжуулагч болох байх гэж таамагладаг байх. Таны бодол?
- Бүгд л тэгж хэлдэг, гэхдээ яг одоогоор би ингэж бодохгүй байна. Би өөрийгөө сэлгээний суудалд сууж байгаагаар төсөөлж чадахгүй нь, гэхдээ хэзээ нэгэн цагт Барсагийн дасгалжуулагч болж чадвал мэдээж гайхалтай байлгүй яахав. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань үргэлж л намайг Гвардиолагийн талбай дээрхи орлогч, хэзээ нэгэн цагт энэ ажлыг хийх ёстой гэж хэлдэг.
- Харин та тэдэнд юу гэж хариулдаг вэ?
- Тайвшрахыг гуйдаг (инээмсэглэв). Яг одоогоор би энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Би талбай дээр дахиад олон жил байхыг л хүсч байна.
- Алжир дахь манай уншигчдын сонирхож байгаа сэдэврүү эргэн орцгооё. Та Алжирын шигшээ багийн тухай юу мэдэх вэ?
- Харамсалтай нь тийм ч ихийг мэдэхгүй. Нэг зүйлийг санаж байна, гэхдээ тийм ч хүсмээр эд биш л дээ.
- Тодруулбал?
- Египттэй хийсэн сөргөлдөөн, эмх замбараагүй байдал.
- Испанийн лигт байгаагаас өөр Алжир тоглогчийг та мэдэх үү?
- Миний санаж байгаа ганц нэр бол Рэйнжэрсийн Боугерра. Тэр маш нүсэр биетэй мөртлөө гайхалтай техниктэй нь миний анхаарлыг татсан. Одоо ихэнх улсууд шигшээ багийн сонголтоо хийхдээ бараг адилхан зарчим баримталдаг болсон. Сонгогдсон тоглогчдын ихэнх нь Европд тоглодог, адил төстэй бэлтгэл, ачаалалтай ажилладаг гэсэн үг. Тиймээс тоглолтыг өөрчилж чадах хувийн ур чадварынх нь тухай ярьсан юм.
- Таны бидэнд өгсөн хугацаа нилээдгүй хэтэрчихэж. Тиймээс энэхүү ярилцлагаа таны Алжирчуудад хандаж хэлсэн үгээр дуусгахыг хүсч байна.
- Барсаг болон намайг үзэх дуртай Алжирчуудад талархал илэрхийлье. Маш их баярлалаа. Миний хүсэх зүйл бол зүгээр л бидний тоглолтыг үзэж сэтгэлээ баясгаарай, Реалын дэмжигчидтэй хэзээ ч бүү сөргөлдөөн үүсгээрэй, хөлбөмбөг бол ердөө л тоглоом гэж хэлмээр байна. Барсагийн бүх тоглогчид та бүхнийг сэтгэл хангалуун байлгахын төлөө бүхнийг хийх болно гэдгийг амлая…
Спортын Цонх Форум / Модератор Cule
loading...




like like
loading...
Hervee ene jil Messi shildeg avah yum bol bi holbombog dahij uzehgui sagsaa uzeh min ! iim aguu hunii hajuud ter mu nusan tag yu ve harin CR7 bol oor hereg haa ch yavsan Lider
loading...
saihan hun sain ch hun
loading...
Чи үзэхгүй байлаа гээд юу өөрчлөх юм хаха хүссэн ч эс хүссэн ч Мэсси авах болно. Тэр лидер чинь тэгээд булаагаад авах нь яасын эргүү юм ярьдаг гаруу үгүй юу хахаха
loading...