Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Хөнгөн атлетик » ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.СЭР-ОД:МИНИЙ АМЖИЛТ ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА

GD Star Rating
loading...

Хилийн чанадын тэмцээнд оролцоод ирснийх нь дараа түүнтэй уулзахад цоо шинэ Сэр-Одтой ярилцаж байх шиг сэтгэгдэл төрдөг. Уралдаан бүхэн түүнд ухаарал сургамж хайрлаж, урам зориг нэмдэг учраас хэлсэн үг нь хүртэл шинэ санаагаар дүүрэн байдаг болов уу? Японы нэгэн сэтгүүлч түүнээс ярилцлага авахын өмнө “Манай ард түмэн Монголыг сүмочдоор нь андахгүй мэддэг. Харин та Монголын марафон гүйлтийн хөгжлийг бидэнд олон удаа батлан харуулсан. Эрс тэс уур амьсгалтай орноос өндөр ур чадвартай гүйгч төрж гарсан нь сонирхолтой байна” хэмээн гайхсанаа нуугаагүй аж.

Монгол оронд хөнгөн атлетик хөгжих бололцоотой юу, тэр байтугай марафон гүйлтийн төрлөөр олимпийн эрх авч чадах уу гэсэн эргэлзээ дагуулсан асуултын хариуг Б.Сэр-Од л олж чадсан. Тэр хэзээ ч хүсэл зорилгоосоо ухраагүй. Мундахгүй их саад бэрхшээл учирсан ч туулаад л гардаг зуршилтай. Үг яриагаар бус, хөдөлмөр, амжилт ололтоор тэр аливаа бэрхшээлийг сөрсөөр ирсэн юм. Өвлийн дүн хүйтэнд хацар, чихээ хөлдөөх шахан, жавар сөрөн гүйж байхдаа, тэмцээнд оролцох зардал олдохгүй “гарааны шугам”- ны ард хоцрохдоо өөрийн сонголтдоо сэтгэл гундсан удаа нэгээхэн ч үгүй. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин болж, олны хүндлэл хайрыг хүлээж явна. Өнгөрсөн онд түүний гаргасан амжилтыг уншигчид маань андахгүй мэдэх учраас илүүг нурших юун. Шагналын хурд “булуулсан” тухайгаа хилийн чанадаас сонссон гавьяат маань Монголдоо ирээд төрийн дээд цолоо албан ёсоор хүртэж, “Бөртэ чоно”, “Эрүүл залуу монгол хүн”, Хөнгөн атлетикийн холбооны шилдгийн шилдэг тамирчны цомоо гардан, Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 2011 оны алдартнаар шалгарчээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-IAAF-ийн топ таван уралдааны нэг Лондоны марафонд оролцохыг эртнээс мөрөөдсөөр ирсэн таны хүсэл олон жилийн дараа биелж, зүгээр ч үгүй есдүгээр байр эзлэн, олимпийн эрх авсан. “Лондон-2012”-ын жил БудантАльбионд болдог тэрхүү уралдааны талаар дурсахгүй байхын аргагүй…

-Тийм ээ. Би Лондоны олимпод оролцохыг хүссээр ирсэн. “Бээжин-2008”-ын дараа ээлжит олимп болох Лондоны марафонд уралдах хүсэл улам оргилсон. Зам талбай, цаг агаар, байгаль орчныг мэдэх хүсэлдээ хөтлөгдөөд тэр. Гэхдээ 2011 оныг хүртэл зорилго маань биелээгүй. Өнгөрсөн жил бэлтгэл сайн байсан учраас Лондоны марафонд оролцохоор хатуу шийдсэн юм.

-Лондоны марафоны уралдааны гарааны шугам дээр зогсож байхад өөр мэдрэмж төрсөн үү?

-“Берлин-2010” марафонд аравдугаар байр эзэлсэн болохоор Лондонд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Гараан дээр зогсож байхдаа би эхний аравт, эсвэл үүнээс ч илүү амжилт гаргах ёстой гэж бодсон. “Өндөр түвшинд бэлтгэл хийснийхээ үр дүнг одоо үзэх ёстой. Ард түмэн чинь чамайг чих тавин хүлээж байгаа” гэж өөртөө хэлсэн. Ер нь би өөртэйгөө ярих дуртай. Лондоны марафонд алдартай тамирчид олонтаа өрсөлдсөн юм. Тэдэнтэй гарааны шугам дээр зэрэгцээд зогсож байхад би ч гэсэн Монгол Улсаа төлөөлөн энд ирсэн. Адилхан л мах цусанд төрсөн хүн, юугаараа дутах вэ гэж бодсон юм. Том марафон өөр юм билээ.

-Бостон, Чикаго, НьюЙорк, Лондон, Берлиний марафон өөр өөрийн түүхтэй. Тэдгээрээс хамгийн ахмад нь 100 гаруй жилийн намтартай Бостоны уралдаан. Бусдад нь ч мөн амжилтаараа шигшигдсэн шилдгүүд өрсөлддөг. Эдгээр уралдаанаас олимп, дэлхийн аваргууд, дээд амжилтын эздийг олноор нь олж харах боломж бүрддэг. Таны хувьд Берлин, Лондоны марафон ямар ялгаатай байв?

-Ер нь ойролцоо, Берлин, Лондон хоорондоо бараг хоёр цагийн зөрүүтэй. Уралдааны үеэр Берлинд дулаан, Лондонд сэрүүхэн байсан. Өндөр бэлтгэлтэй тамирчид оролцдог учраас өрсөлдөөн маш ширүүн өрнөдөг. Гэхдээ Англид монгол хөгжөөн дэмжигчид олноор цугларсан нь нэг онцлог. Лондоны хөнгөн атлетикийн клубтэй холбоо тогтоож өгсөн манай эгчийн англи нөхөр гэр бүлийнхнийхээ хамт ирж биднийг дэмжсэн юм. Замын эргэн тойронд зогсоод Монголын далбааг барин балиашиглаж байсан тэднээс урам зориг харамгүй авснаа мартдаггүй.

Есдүгээр байр эзэлснээ барианд орсны дараа л дуулж билээ. Толгойн группийн араас хөөж уралдах тактик боловсруулсан миний өмнө 16, 17 тамирчин байсан санагдана. Гэхдээ тэднээс хэд нь замаа дийлэхгүй гарсныг тооцоолоогүй. Ямар ч гэсэн Монгол Улсын дээд амжилтыг, хувийн амжилттайгаа ахиулсан гэсэн тооцоотой орж ирсэн. Харин зохион байгуулагчид нь есдүгээр байр эзэлснийг зарлахад амжилтын самбар өөд хараад нүдэндээ ч итгээгүй. Сэтгэл хөдлөөд хэлэх үг олдоогүй гэх үү дээ. Англид гурван сар бэлтгэл хийсний үр дүн тэгж л гарсан юм.

-Цаашид 2012 оны олимпод амжилттай оролцохын тулд Лондонд ямар хугацаагаар хүч сэлбэх хэрэгтэй вэ?

-Дээрхээс ч урт хугацаагаар бэлтгэл хийвэл өндөр амжилтад хүрнэ.

-Одоо танд Бостон, Чикаго, Нью-Йоркийн марафон л үлдээд байна. Олимпийн дараа дутуугаа гүйцээнэ биз дээ?

-Дэлхийд алдартай таван марафоны хоёрт нь хурд сорьсон юм чинь нөгөө гуравт нь өрсөлдөх өдөр ойрхон байна. Гэхдээ бүр эхний арваас мултрахгүйг хичээнэ.

-Ер нь АНУ-д тэмцээнд оролцож үзсэн үү?

-Яг АНУ-д тэмцээнд оролцож байгаагүй. Харин 2001 оны аравдугаар сарын 1-нд Америк тивд орших Канад улсад болсон хагас марафон гүйлтийн ДАШТ-д оролцсон. Мэдээж миний дараагийн зорилго АНУ-д хурд сорих. Рио де Жанейрогийн олимпийн бэлтгэлийг “Сэм авга”- ынд хангаж яагаад болохгүй гэж. Лондоны олимпийн дараах төлөвлөгөөндөө бид хоёр энэ талаар бодсон зүйл бий.

-Олимпийн “А” норматив биелүүлсэн Лондоны марафонд уралдахдаа Берлинийхээс хэр өөр тактик боловсруулсан бэ?

-2010 оны тавдугаар сараас хойш Берлиний марафонд оролцохоор төлөвлөн, бэлтгэлээ хийсэн. Лондоны марафонд уралдсан шигээ хоёр дахь групптэй нь хамт явсан юм. Берлиний уралдааны 30, 36 км-т дасгалжуулагч маань “Чи аравдугаар байрт явж байна, тиймээс цагаа хадгалж, замаа нөх” гэж зөвлөсөн. Амжилтаа ганц секундээр ч гэсэн ахиулахыг хичээсэн дээ. Хэний ч мэдэхгүй, тооцоонд ороогүй монгол залуу аравдугаар байр эзэлнэ гэсэн бодол зохион байгуулагчдын толгойд буугаагүй нь мэдээж. Монголын хөнгөн атлетикийн холбооныхонтой утсаар холбогдож, энэ тухай дуулгахад 50 жилийн ойдоо хамгийн том бэлэг барилаа хэмээн үнэлсэн. Энэ бүхнийг нэхэн санахад сайхан байна.

-“Дэгү-2011” ДАШТ-д 20 дугаар байр эзэлсэн шүү дээ. Энэ амжилтаа ахиулах боломж байгаагүй гэж үү? Уг нь Азид зохиогдсон тэмцээн учраас хүндрэл бэрхшээл харьцангуй бага байсан болов уу?

-Өмнө нь Берлинд болсон ДАШТ-д би 29 дүгээр байр эзэлж байсан. Дэгүд энэ амжилтаа ахиулах, Лондонд үзүүлсэн цагаа урагшлуулахыг чармайлгүй яахав. Уралдааны өдөр бүрхэг хэрнээ бүгчим байсан. Эхний хэдэн км-т гайгүй байсан ч улмаар цанх татсан болохоор замаас гарах бодол төрснийг нуухгүй. Олон ч гүйгч замаас гарсан даа. “Арай ч дээ, би монгол хүн шүү дээ. Улсаа төлөөлж энд ирсэн мөртлөө замаа дуусгахгүй бол ичгэвтэр явдал. Ард түмэндээ юу хэлэх юм бэ” гэж бодоод бүх хүчээ дайчлан барианд орсон. Азийн гурван марафонч миний өмнө, хоёр орос хойно, өмнө минь орсон. Ямар ч гэсэн Дэгүд үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байгаа.

-Одоо та гурав дахь олимпдоо оролцох гэж байгаа. Афин-Бээжин-Лондон хүрэх зам хэр өөр байна?

-Тамирчин болохдоо л олимпийн “утаа үнэрлэхийг” хүсэж билээ. Хүсэл минь 2004 онд биелж, Афины олимпод цагаан хуудсаар оролцсон. Харин Бээжинд олимпийн эрхийг албан ёсоор авч өрсөлдсөн учраас өндөр хариуцлага оногдсон. Бээжингийн олимпод оролцох үеэр цанх татсан тал бий. Бээжинд би 52-т, Афинд 76-р байр эзэлсэн. Гурав дахь олимп маш хариуцлагатай наадам болно.

-Уралдааны үед яагаад цанх чинь татдаг юм бэ?

-Энэ бол марафончид тохиолддог л зүйл. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед үүнийг арилгаж чадахгүй л байгаа. Тиймээс тамирчин хүн үүнийг даван туулах ёстой.

-Та замаа орхих нь ичгэвтэр явдал гэж хэллээ. Ийм тохиолдол гарч байгаагүй хэрэг үү?

-Ямар ч зүйлийг тохиолдож байгаагүй гэж ярьж болдоггүй юм гэнэ билээ. Үнэнийг хэлэхэд замаа дуусгаагүй орхисон удаа үгүй. Марафон өөрийгөө даван туулахын илэрхийлэл. Тиймээс өөрийгөө ялж, өрсөлдөөний талбарыг орхихгүй байхыг хичээсээр ирсэн.

-Тэгвэл замаа орхих шахсан хамгийн хэцүү уралдаан гэвэл?

-2007 оны Осакагийн ДАШТ. Уралдааны өдөр үнэхээр халуун байсан болохоор 30 гаруй тамирчин замаа орхисон. 2 цаг долоон минутын амжилт үзүүлсэн Японы тэргүүний гүйгчтэй зуузай холбон уралдаж билээ. Гүрийж байж л замаа дуусгасан, гэхдээ бүр өнөөх гүйгчийн өмнө орсондоо баярласан шүү. Би энэ үед 2 цаг 16 минут гаруй гүйдэг байлаа. ДАШТ-д амжилт доошилж, 2 цаг 49 минутад замаа туулсан. Гэхдээ хүчтэй өрсөлдөгчийнхөө өмнө орсондоо сэтгэл хангалуун байлаа.

-Та марафоныг өөрийгөө ялахын урлаг гэж тодорхойлсон. Тэсвэр хатуужилтай болоход танд ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бэ?

-Аливаа хүнд хүсэл зорилго байвал юуг ч хийж бүтээнэ. Хэчнээн сайн багш, хөрөнгө мөнгөтэй байлаа гээд хүсэл, тэвчээр үгүй бол зорилгодоо хүрч чадахгүй. Хөнгөн атлетикаар анх хичээллэхээсээ өмнө сул дорой хүүхэд байлаа. Хүйтэн ундаа уух хориотой, даарчихвал ханиад хүрэхдээ амархан, хоолойны өвчин байнга ээрнэ. Тиймээс аав, ээж хоёр маань намайг хөнгөн атлетикаар хичээллэхэд дуртай байгаагүй. Бараг тав шахам жил хориглосон юм. Бэлтгэлд нууцаар явдаг байлаа. 1997 оны УАШТ-ээс хүрэл медаль зүүж, 2000 онд аварга болоход л хүлээн зөвшөөрсөн. Энэ бүхэн тэсвэр хатуужил хөгжүүлэх алхам болсон гэж боддог. Би гүйх дуртай.Энэ үедээ би аз жаргал, баяр баясгаланг мэдэрдэг.

-Таны амжилтыг харахад 2009 онд буурсан байх юм. Олимпийн дараах жил амрахаар шийдсэн юм уу?

-Бээжингийн олимпийн дараа тарсан шигшээ багийн асуудал 2009 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Англид бэлтгэл хийхээр анх удаа явсан үетэй таарсан юм. БТСГ дасгалжуулагч бид хоёрын замын зардлыг, харин Англид бэлтгэх хийх зөвхөн миний зардлыг л гаргасан. Их Британи өртөг өндөртэй орны нэг. Санхүүгийн асуудалд бэрхшээл тулгарч байлаа. Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгох зарлалыг хүлээж аваад бид хоёр интернетээр сонгон шалгаруулалтын материалаа илгээсэн. Гэтэл шигшээ багт намайг тамирчнаар сонгоод дасгалжуулагчийг маань үлдээсэн, тэр бүү хэл намайг өөр багшийн удирдлагад шилжүүлсэн нь хүчтэй цохилт болсон юм.

Дасгалжуулагч маань надтай 2005 оноос хамтран ажилласан бөгөөд би 2006 онд улсын рекорд эвдсэн. 2007 онд олимпийн “Б” норматив биелүүлсэн, дараа жил нь үүнийгээ баталгаажуулсан. “Шувууны үүр”-ийн анхны алтан медалийг авсан. Дасгалжуулагчтайгаа хамт оролцож байж эдгээр амжилтыг гаргасан юм шүү. Дээрх мэдээллийг сонсоод сэтгэлээр унасан учраас хоёр сарын дараа болсон ДАШТ-д олигтой уралдаж чадаагүй. Энэ байдал жил гаруй үргэлжилсэн ч бид тэр бүхнийг сөрж зогссоны хүчинд амжилтаа дээшлүүлсэн. Тиймээс ҮШБ бидний амжилтыг хүлээн зөшөөрч, удалгүй дасгалжуулагчийг маань үндсэн ажилд нь томилсон.

-Ард түмний сэтгэхгүйг өөрчилж, марафоноос урваагүй та үнэхээр бөх зүрхтэй хүн. Заримдаа хөнгөн атлетикийг орхих бодол төрдөг байсан уу?

-Афины олимпийн дараа ийм бодол төрсөн нь нууц биш. Марафоныг монголчууд ойлгохгүй юм, дэмжих хүн ч цөөн байна. Миний зорилго чухам юу юм бэ гэж бодсон хэр нь энэ төрлөөр олон жил хичээллэсэн болохоор орхиж чадаагүй. Улмаар Японд очиж, бэлтгэл хийгээд тэнд зохиогдсон 31 дэх удаагийн Энхтайвны (16 км, 80 м) ОУТ-д түрүүлсний дараа хүмүүс дэмжихгүй байсан ч гэсэн өөрийнхөө хүсэл сонирхлыг орхих хэрэгтэй гэж үү хэмээн өөрөөсөө асуусан удаатай. Би хариуг нь олсондоо өнөө ч баяртай явдаг. Тэр үед би багшгүй байсан. Тэмцээнд оролцох эрч хүчийг О.Оюунтуяа маань надад өгч, боловсруулсан төлөвлөгөөнийх нь дагуу тус тэмцээнд оролцоод түрүүлж билээ. Тиймээс би ханьдаа дасгалжуулагчаар минь ажиллах санал тавьсан.

-Африкийн гүйгчдийг ялахын тулд Кенид бэлтгэл хийх шаардлагатай байх?

-Би Кенид очиж үзээгүй. Харин Мароккод гурван сар хүч сэлбэсэн удаатай. Бид хоёрдугаар сарын эхээр Японд тэмцээнд оролцчихоод тэндээс Англи руу явна. Англиас Кенид очиж бэлтгэл хийгээд буцаж Их Британид ирэх юм.

-Тэгэхээр Их Британийн “иргэн” болох нь ээ?

-Ямар тэмцээнд оролцохоос шалгаалан бэлтгэл хийх газраа сонгох хэрэгтэй. Санхүүгийн асуудлаа гүйцэд шийдчихвэл дэлхийн шилдэг тамирчидтай хамтарч бэлтгэл хийх боломжтой. Ингэж чадвал бүр ч илүү амжилтад хүрнэ. Бусад орны мэргэжилтнүүд ч манай дасгалжуулагчид ийм санал тавьсан удаатай. Ямар ч гэсэн Лондоны олимпод амжилттай оролцуулах үүднээс туслалцаа үзүүлнэ гэдгээ БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ҮШБ-ийн захирал Ц.Одонбаяр нар амласан.

-Хамт бэлтгэл хийж үзэхийг хүсдэг тамирчин хэн бэ?

-Түүнтэй бэлтгэл хийж үзэхсэн гэхээс хамтдаа тэмцээнд оролцох, өрсөлдөх хүсэл илүү. Монголчууд Африкийн харууд гэж ярьдаг даа. Харин миний хувьд урдаа цөөн “хүн гөрөөс” оруулж, ардаа олон “хар” үлдээх зорилготой. Зорилгоо биелүүлсэн тэр үед би ард түмэндээ жинхэнэ бэлэг барина.

-Африкийн марафончид таныг бага ч гэсэн таньдаг болсон байх?

-Ерөнхийдөө намайг мэддэг болсон. Гэхдээ марафон хүнлэг нинжин уралдаан. Уралдаж байх мөчид ус авч амжаагүй нэгнээсээ унд харамлахгүй. Нэг тамирчин хөл дээрээ тэнцэж чадахгүй бол дэмжиж босгодог. Эцсийн мөчид л жинхэнэ өрсөлдөөн өрнөдөг юм.

-Та олимп, тив, дэлхийн тэмцээнүүдэд олонтаа оролцлоо. Эдгээрээс сэтгэлээс гардаггүй уралдаан гэвэл?

-Хамгийн анхны ОУТ буюу Бээжинд 1998 оны наймдугаар сард өсвөр үеийнхний 14 хоногийн цугларалтад оролцож, Цагаан хэрэм булаалдах тэмцээнд хоёрдугаар байр эзлээд цаашид гүйлтээр хичээллэх эрмэлзлэл төрснөө мартдаггүй. Дараа жил нь даагаа нэхэж тус уралдаанд түрүүлээд Алтан цом, IAAF-ийн эмблемтэй “Адидас”- ын бэлтгэлийн хувцсаар шагнуулсан нь одоо ч надад бий. Эндээс би эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн үгийн утга учрыг ойлгосон. Дөрөв таван хуудас болох тайлбарыг дөрөвхөн үгэнд багтаасан монголчуудын ухаан агуу.

-Та гавьяат тамирчин болсноор аав, ээжийгээ хангалттай баярлууллаа гэж бодож байна уу?

-Аав маань хоёр сарын өмнө бурхан болсон. Амьд сэрүүн байхад нь чадах чинээгээрээ баярлуулсан гэж боддог. Хэрэв эцэг минь энэ баярт мөчийг харсан бол бүр ч их баярлах байсан даа.

-Ингэхэд жилд хэдэн км зам туулж бэлтгэл хийдэг вэ?

-Тооцож үзээгүй юм байна. Долоо хоногийн гурван өдөр хоёр бэлтгэлтэй. Гурван өдөр нь нэг удаа хүч сэлбэж, нэг өдөр амардаг.

-Хоёр хүүхдэдээ цаг гаргаж амжихгүй байгаа юм аа?

-Боломж олдвол хоёр хүүхэдтэйгээ хамт байхыг хичээдэг. Гадаадад байх үедээ охин, хүү хоёртойгоо утсаар ярилгүй яахав.

-Тамирчид оролцох тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар зүүдэлдэг болчихдог гэсэн. Та марафоноор бас ингэж “өвчилсөн” нь мэдээж…

-Анх 3000, 5000, 10000 м-т гүйдэг байхдаа марафончдыг зайгаа хэзээ туулж барна даа гайхдаг байсан. Харин 2001 онд ОХУ-д болсон ОУТ-ий хагас марафонд уралдсаны дараа 21 км ийм сонирхолтой юм чинь бүтэн марафон бүр ч гоё байх гэх бодол төрдөг юм байна. Хонконгод зохиогдсон бүтэн марафонд оролцоход хөл цэврүүтэж, гуя өвдсөн хэр нь шантраагүй. “Парис-2003” ДАШТ-д оролцохдоо 20 жил эвдэгдээгүй улсын рекордыг 2.26,39 болгож шинэчилсэн нь их амжилтад хүрэх хүслийг улам оргилуулсан юм. Тэр үед л би марафоны сайхны зах зухаас мэдэрсэн.

-Топ спортын тоонд ордоггүй хөнгөн атлетикийн төрлийг ойлгох, дэмжих хүн гарын хуруунд багтахаар цөөн байсан нь үнэн. ҮШБ-ийн тамирчин болоход тийм амар байгаагүй болов уу?

-Шигшээ багт орохоос өмнө тэмцээнд оролцоход бэршээл тулгардаг байлаа. Аав, ээжийн тэтгэврийг зээлж, эд хөрөнгөө барьцаанд тавьж ОУТ-д оролцох жишээтэй. Харин шигшээ багт орсноос хойш санаа зовох зүйл бага болсон. Бэлтгэл сайн байсан ч ямар нэгэн шалтгаанаар оролцоогүй тэмцээн олон бий. Надад анх шишээ баг хатуу ханддаг байсан. Марафон гүйлт шигшээ багийн нэг төрөлд багтаж, Бээжинд бэлтгэл хийхээр болоход ганц миний зардлыг улсаас дааж, О.Оюунтуяа хувиасаа зардал гаргаж явсан. ДАШТ-д тааруу оролцож, Бээжингийн олимпийн эрх авч чадалгүй эх орондоо ирэхэд олигтой амжилт үзүүлээгүйн шалтгааныг асуулгүй шигшээ багаас хассан удаатай. Энэ нь бидний сэтгэлд хүнд цохилт болсон ч, эргээд хурцалсан гэж боддог. Бид энэ мэт саад бэрхшээлд бууж өгөөгүй. Амжилт гаргахгүй байгаа зарим тамирчинд ҮШБ одоо энэрэнгүй хандаж байна. Тамирчдынхаа амжилтыг ахиулахыг хүсвэл надад хандсан шигээ төмөр нүүрээ харуулаач гэж хэлмээр. Хэдийгээр намайг хассан ч олимпийн эрх аваад ирэхэд минь буцаагаад авсан л даа. Тэмцээнд амжилт гаргавал шигшээ багт авдаг, чадахгүй бол хасдаг байр суурь нь надад таалагддаг. Өнөөдөр ч гэсэн энэ зарчмаар ажилладаг байгаасай. Шигшээ багт орж чадаагүй өөр нэг тамирчинд боломж олгох хэрэгтэй биз дээ?

-Таны ярианаас эрч хүчийг мэдэрч байна. Та энэ их хүчийг хаанаас авдаг юм бэ?

-Хоёр хүүхэд маань, мөн марафоныг дэмжиж байгаа хүмүүсийн урам их хүч хайрладаг.

-Хэдэн жилийн хугацаанд өнөөгийн Сэр-Од бэлтгэгдэв? Хоёр дахь Сэр-Одыг бэлтгэхэд ямар хугацаа шаардлагатай бол?

-Санхүүгийн асуудал шийдэгдвэл гурван жил хагас, магадгүй хоёр жил шаардагдах байх. Миний амжилт олон жилийн хөдөлмөрийнх юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ би марафон гэж юу болохыг төгс мэдэрч амжаагүй байсан юм. Бээжингийн олимпийн өмнө л энэ тухай зах зухаас нь ойлгосон. 2010 оноос гүйцэд мэдэрч байна.

-Тэгэхээр энэ хугацаанд үзүүлсэн амжилт эхлэл гэж ойлгож болох уу?

-Бид амжилт өөд одоо л мацаж байна. Марафончид оргил амжилтаа 34-36 насанд гаргадаг. Оргилд хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан зүтгэнэ. Монгол Улс намайг гавьяат цолоор шагнасан учраас үүнийг даган хүч, хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгож яваа.

-Хэзээ нэгэн цагт та зодог тайлахаараа дасгалжуулагч болох уу?

-Оргил амжилтад хүрсний дараа зодог тайлж, хойч үеэ олимп, ДАШТ-д бэлтгэх төлөвлөгөөтэй.

-Өөр орны өмнөөс уралдаанд оролцох санал ирвэл яах вэ?

-Би монгол хүн болж төрснөөр бахархдаг. Газар зүйн байрлал, дөрвөн улирал, Монголынхоо бүх зүйлд хайртай. Миний судсаар Чингисийн цус гүйж байгаа. Өөр орны өмнөөс уралдах хүсэлгүй. Монгол орон маань марафоныг дэмжлээ. Намайг урамшууллаа, үүнээс өөр надад юу хэрэгтэй юм бэ.

-Та хоёр хүүхэдтэй. Гурав дахь үрийнхээ зулайг хэзээ үнэрлэх вэ?

-Олимпийн дараа л энэ талаар бодъё. Хүүхдүүдийнхээ бага насыг харалгүй өнгөрөөж байгаа нь харамсалтай. Гэхдээ дараагийн хүүхдээ эхнэр бид хоёр өөрсдөө өсгөнө.

-Улсын рекордыг 10 гаруй удаа эвдсэн та Азийн аварга болж байл уу?

-Хонконгод Азийн АШТ-д оролцохдоо мөнгөн медаль авсан. Тивийн аварга болж амжаагүй яваа. Олимпийн дараа оролцох ёстой олон тэмцээн хүлээж байгаа.

-Японы марафонд түрүүлсний дараа та тус улсын сонинд тал нүүр ярилцлага өгсөн байсан. Наран улсын сэтгүүлчид голчлон юу сонирхон асууж байна?

-Япончууд Монголын тамирчдыг сүмогоор нь сайн мэднэ. Харин одоо марафоноор нь мэдэж байгаа гэж онцлоод өвлийн тачигнасан хүйтэнд бэлтгэл яаж хийдэг вэ гэж асууж байсан.

-Эх орондоо ирээд бэлтгэл хийж байна уу?

-Хийлгүй яахав. Эхний бэлтгэл дээр 40 гаруй минут гүйхдээ хацраа хайруулах шахлаа. Одоо Бээжинд сар гаруй бэлтгэл хийж, дараа нь Японд ОУТ-д оролцоно.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Лондоны олимпод зорилгоо биелүүлээрэй.

-Баярлалаа. Энэ дашрамд намайг дэмжиж тусалдаг БТСГ, ҮШБ, МХАХ-ны удирдлага, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Энхболд захиралтай “All Star Fithness” клубийн хамт олон, “Бодь” групп, ЦЕГ-ын харьяа нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын Эрднэном дарга, дэд дарга Батбаатар, Эрхэмбаяр, II хэлтсийн дарга Батсүх, дасгалжуулагч О.Оюунтуяа нар болон гэр бүлийнхэндээ, Монголынхоо ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би цаашид ч та нарыгаа баярлуулна. Энэ ялдамд Монголынхоо ард түмнийг эрүүл байхын тулд гүйлтээр хичээллэхийг уриалья.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.СЭР-ОД:МИНИЙ АМЖИЛТ ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Sak says:

    Үнэн гоё ярилцлага байна. Залуу сайхан насаа эрч хүчээр дүүргэж яваа энэ залууд Монгол төр үнэтэй сайхан урам хайрлаж эээ. Гавьяатдаа амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  2. zuzu says:

    goe yariltslaga bna
    amjilt husey

    GD Star Rating
    loading...
  3. jargaldai says:

    amjilt husey.. tesver tevcheer gj yu bolohiig MUGT Ser-Odiin huls huch, hudulmur haruulj bna.. Amjilt husey.. MGL-chuudaa…

    GD Star Rating
    loading...
  4. Tulgaa says:

    Setguulchee yaj asuugaad bnaa.Zahirsan hev shinjtei zodoh gd ch bgaa yum shig.Уралдааны үед яагаад цанх чинь татдаг юм бэ? gene uu hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: