loading...
Мэргэжлийн дугуйчдын “Тур де Франс” уралдаан дэлхийд алдартай. Итали, Францын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг энэхүү тэмцээн төмөр хүлэгтнүүдийн тэсвэр хатуужлыг шалгадаг учраас шагналын сан өндөртэй. 23 өдрийг дугуйн дээр өнгөрүүлж 21 гараа бүхий 3430 км зам туулна гэдэг амаргүй. Тэдэнтэй “барьцсан” цаначид зандан хүлгээрээ холын газрыг туулж болдгийг харуулах хүсэлдээ хөтлөгдөн, “Тур де Ски” олон өдрийн уралдааныг 2007 оноос Чех, Герман, Италийн нутгаар арван өдөр зохион байгуулж хэвшсэн.
1,055,000 швейцарь франк (844000 евро)-ийн шагналын сантай тус тэмцээний ялагч найман гарааны дараа тодордог. “Тур де Ски”-г 1980 оны эхээр олим пийн аварга цаначин Вегард Ульванг үн дэслэсэн боловч цар хүрээ нь 2007 оныг хүртэл төдийлэн өргөжиж чадаагүй юм. Италид саяхан өндөрлөсөн “Тур де Ски” уралдааны зургаадахь гараанд хойд хөршийн цаначид амжилттай оролцож, Николай Морилов эрчүүдийг тэргүүлэв. Магнайдаа тоос хүргэх дургүй, Норвегийн Петтер Нортуг, Швейцарийн Дарио Колонью тэргүүтний өмнүүр хөндөлссөн тэрбээр Ванкуверийн олимпоос тодорсон оддын нэг.
2010 оны олимпод шигшээ багийн нөхдөө хүрэл медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн алтан гишүүн юм. “Тур де Ски”-гийн зургаа дахь гараанд хурдаа зөв хуваарилж уралдсаны хүчинд ийнхүү тэргүүлэгчээр тодорчээ. Харин бүсгүйчүүдийг гандан бууршгүй Марит Бьорген (Норвег) хошуучилж, АНУ-ын Киккан Рэндалл, Польшийн Юстина Ковальчик нар удаах байрыг эзэлсэн байна. Норвег бүсгүй энэхүү уралдаанд нийлбэр дүнгээр түрүүлж үзээгүй нь сонин. Өнгөрсөн хоёр улирлын “Тур де Ски”-гийн түрүү Юстина Ковальчикийнх болсон билээ.
Б.ӨЛЗИЙ
loading...



