loading...
Олимпийн анхны аваргуудаа өлгийдөн авч, баярлан хөөрч байсан мөч харвасан сум шиг өнгөрч, дараагийн олимп хаяанд иржээ. Олимпийн жилийн хуанли эргэж, эхлэх хугацаа сараар хэмжигдэх болсон энэ үед бид “Лондон 2012” булан нээж байна. Та бүхэн энэ булангаас олимпийн наадмын эргэн тойрны мэдээллийг унших боломжтой.
ЛОНДОН ГУРАВ ДАХЬ ОЛИМПОО ХҮЛЭЭН АВНА
2012 оны олимпийг зохион байгуулах эрхийн төлөөх марафон урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй өрнөсөн гэдгээрээ онцлог. Тухайлбал, санал асуулгын эцсийн шатанд Лондон, Нью-Йорк, Москва, Парис, Мадрид гэсэн таван том хот тунан үлдсэн юм. Ингээд 2005 оны долдугаар сард Сингапурт болсон ОУОХ-ны чуулганаар лондончууд Парисийг өвдөг шороодуулж, зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ авсан билээ. Тэд эцсийн шатанд 54:50 буюу дөрөвхөн саналын зөрүүгээр ялалт байгуулсан. Тэд өмнө нь 1908, 1948 онд олимп зохион байгуулж байсан бөгөөд гурав дахь олимпоо хүлээн авах анхны хот гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Зуны XXX олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд болно.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ ТАСАЛБАР 2012 ПАУНД
Зохион байгуулагчид тасалбарын үнийг 20-2012 фунтын хооронд тогтоожээ. Нээлтийн ёслолын хамгийн өндөр зэрэглэлийн суудал 2012 фунт (ойролцоогоор 4.2 сая төгрөг)- ын үнэтэй аж. Гэхдээ ихэнх тасалбар 20-400 фунтын хооронд багтаж байгаа юм. Жүдо бөхийн тэмцээн 20-125, боксынх 20-395, чөлөөт бөхийнх 20-95 фунтын үнэтэй байна. Ер нь спорт сонирхогчид 20 фунтээр ихэнх төрлүүдийн тэмцээнийг үзэх боломжтой (гэхдээ мэдээж хамгийн арын суудлаас) аж. Харин огт мөнгөгүй бол марафон гүйлтийг явц дундаас нь сонирхож болох юм. Олимпийн үеэр нийтдээ 8 сая тасалбар зарахаар төлөвлөсөн бөгөөд үүний 1.5 сая нь зөвхөн хөлбөмбөгийн тоглолтуудад ногдож буй.
ХАМГИЙН ТОМ МЕДАЛЬ ЛОНДОНЫХ
Олимпийн наадмын медалийн загвар хэдийнэ гарсан. Монголын газар шорооноос ухаж гаргасан эрдэс баялгаар хийх энэхүү медаль 88 мм-ийн диаметртэй, 7 мм зузаантай. Нэг медалийн жин 375-400 гр байх бөгөөд энэ нь олимпийн наадмын түүхэнд хамгийн том гэдгээрээ дээд амжилт тогтоож байгаа аж. Медалийн загварыг дизайнер Дэвид Уоткинс гаргасан бөгөөд санал асуулгад оролцогчдын 66 хувийн дэмжлэгийг авсан байна. Наадмын үеэр нийт 21 мянган медаль эзэддээ очих юм.
OLYMPIC JAVELIN
Нийтийн тээврийн асуудал аль ч олимпийн үед зохион байгуулагчдын шүдний өвчин болж байдаг. Тэгвэл британичууд олимпийн үеэр “Olympic Javelin” нэртэй хурдны галт тэргээр гол ачааг нугалахаар төлөвлөжээ. “Хитачи” корпорацийн үйлдвэрлэсэн энэхүү галт тэрэг өнгөрсөн оны есдүгээр сараас үүргээ гүйцэтгээд эхэлсэн юм. Наадмын үеэр нийт дөрвөн мянган галт тэрэг нийтийн тээврийн үйлчилгээнд зүтгэх бөгөөд цагт 240 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Эдгээр галт тэргээр нийт зорчигчдын 80 гаруй хувь нь үйлчлүүлэх тооцоо гарчээ.
ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ГАРАВ
Хэрвээ та олимпийн наадмыг үзэхээр Лондон явах гэж байгаа бол зочид буудлын судалгаа хийх нь гарцаагүй. Жуулчдад зориулсан visitlondon.com сайт руу орвол 500 гаруй зочид буудлын сонголт гарч ирнэ. Хамгийн хямд үнэтэйг нь сонирхвол хоногийн 55 фунт (нэг фунт ойролцоогоор 2200 орчим төгрөг) байх аж. Үүнд өглөөний цай болон wi-fi багтаж байгаа юм. Харин хотын төвөөс нэг их холгүй, дундаж зэрэглэлийн буудал нь хоногийн 200 орчим фунт. Мөнгө ихтэй нэгэн дөрвөн одтой тансаг зочид буудалд бууя гэвэл хамгийн багадаа 600 фунт төлөх хэрэгтэй болно. Энэ нь мэдээж ердийн үеийнхээс чамгүй өссөн дүн юм.
13 МЯНГАН ДАЙЧИН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА
Британийн засгийн газар наадмын үеэр 13500 армийн алба хаагчийг аюулгүй байдлыг хангах ажилд дайчлахаар төлөвлөжээ. Энэ нь өдгөө Афганистанд үүрэг гүйцэтгэж буй британи цэргийн тооноос илүү байгаа юм. Мөн үүн дээр 10 мянган цагдаа нэмэгдэнэ. Агаарын цэрэг болоод тэнгисийн цэргийн алба хаагчид энэ ажиллагаанд хамрагдах бөгөөд “Eurofighter” онгоц, зенитийн пуужингуудыг бэлэн байдалд байлгах аж. Зохион байгуулагчид аюулгүй албаны зардлаа 282-оос 553 сая болгож өсгөсөн нь гэнэтийн халдлагаас ихээхэн болгоомжилж буйг харуулна.
loading...



