Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Экстрим спорт » МОНГОЛЫН СПОРТЫН “НЭВТЭРХИЙ ТОЛЬ”

GD Star Rating
loading...

Монголын биеийн тамир, спортын хөгжлийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн алдартнуудын нэг бол “Уулын Зориг” хэмээгдэж яваа Монгол Улсын анхны спортын гавъяат багш Раднаабазарын Зориг гуай билээ. 84 нас зооглож яваа түүнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан байна.

-Биеийн тамир, спорттой нөхөрлөсөн үеэ дурсвал сонин байх болов уу?

-Би тэртээ 1947 оноос Офицерийн сургуульд байхдаа боксын спорттой нөхөрлөж эхэлсэн. Нэг өдөр манай сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, сонсогчидтой ЗХУын баатар, армийн хурандаа А.В.Смирнов уулзалт хийсэн юм. Эхлээд тэр алдарт хүн өөрийнхөө амьдралын замналаас хуучиллаа. Бид ч туйлын анхааралтай сонсож байлаа. Смирнов “Намайг Ленинградыг хамгаалахад баатарлаг гавьяа байгуулсыг минь үнэлж ЗХУ-ын баатар цол хүртээсэн юм гээд хүн зорилготой, тэсвэр хатуужилтай, авьяаслаг байвал ямар ч алдарт хүрч болдог. Дайны жилүүдэд байшин, өрөө тасалгаа, ус, усны крантаа германчуудтай булаалдан тэмцэлдэнэ. Гэтэл нэг өдөр гэнэт бидний сум дуусчихлаа.

Намайг залуудаа боксын спортоор хичээллэж байсныг нөхөд минь мэдэх болохоор “Чи л ус олж ирээч” гэж байна. Би ч германчуудыг муужиртал цохиод л усаа авчирч, олон нөхдөө харангадах аюулаас аварч байлаа” гээд л ярих нь хичнээн сонирхолтой гээч. “Монголд боксын спорт хөгжих ёстой. Сайхан спорт шүү” гэж байнга ярина. Энэ алдарт хүний яриа намайг боксын спортод хөтлөхөд түлхүүр өгсөн учиртай. Хэлмэгдүүлэлтийн хар салхинд хамгийн ихээр өртсөн гэр бүлийн нэг нь манайх. Багадаа үзсэн зовлон минь боксоор хичээллэвэл хүнд дарлуулахгүй юм байна гэж бодоход хүргэсэн. Монголд боксын спорт хөгжиж, анхны секц дугуйлан хичээллэсэн үеэс спортын энэ төрөлд шамдаж, удалгүй улсынхаа шилдэг босчны нэг болсон. “Монгол Улсын аварга боксчин Зориг” гээд л хүмүүс хүндлэхэд сайхан байсан шүү. Би боксын улсын аваргын алдрыг 10 удаа хүртэж алдаршиж явлаа.

-Хэлмэгдүүлэлтийн үеэр анх цаазлуулсан 14 хүний нэг нь таны аав. Чухам юуны учир ийм хүнд шийтгэл оноосныг та хэр мэддэг вэ?

-Миний төрсөн эцэг Мөрдэндэвийн Ядамсүрэн гэж Монголын утга зохиолын алдартай хүн байлаа. Шүүх яамны орлогч сайд, улсын прокурор хүн байсан. Япончууд Монголын хил рүү довтолж, Халх голыг эзлээд байсан цаг. Монголын Засгийн газар аавыг минь хэлтэй гээд Манжуур руу хэлэлцээр хийлгэхээр Засгийн газрын гишүүн Самбуугийн хамт явуулсан юм. Аав минь ийм маягаар дөрвөн удаа Манжуур явсан гэдэг. Хамгийн сүүлд 1937 оны есдүгээр сард явсан. Тэнд хэлэлцээр хийж байхад нь Гадаад харилцааны яамнаас яаралтай ир гэсэн шуудан очжээ. Тэгээд 1937 оны есдүгээр сарын 10-нд хойд хилээр Алтанбулагаар орж ирэхэд нь шууд баривчлан саатуулж 20-иод хоног байцаасны эцэст Японы тагнуул гэж гүтгэн, хилс хэрэг оногдуулсан юм. ЗХУ-аас Монгол Улсын эсэргүү дайсан гэсэн 105 хүний нэр ирсний 104-т аав бичигдсэн байсан. Би тухайн үед үлгэр жишээ бага сургуулийн 3-р ангид сурч байв. Нэг өдөр сургуулийн хашаан дотор хүүхдүүдийг жагсаагаад “Өнөөдөр энэ сургуулиас ардын дайснуудын хүүхдүүдийг зайлуулна” гээд 11 хүүхдийг хөөсөн. Тэдний нэгд би орчихлоо. Сургуулиасаа хөөгдсөн хүн ямар олигтой байхав. Энэ үед нэрмээс болж ээжийг минь эсэргүүний эхнэр гээд Дотоод яамнаас баривчиллаа. Бид гэр орон бүх зүйлээ хураалгаж, орох орон, оочих аягагүй хоцорсон. Одоогийн траншейний хүүхэд шиг явсан даа. Энд тэнд хоноглож, цөөнгүй сар ёстой үйлээ үзэж билээ. “Ээ хөөрхий, Ядамсүрэнгийн хүүхэд байна. Аав нь алуулчихсан, ээж нь шоронд сууж байгаа” гээд л хавь ойрын сайхан сэтгэлт ойр дотны хүмүүс аяга хоол өгнө. Хүмүүсийн өгсөн боов, боорцог, еэвэн мэтээр голоо зогсоож, зарим өдөр Сүхбаатарын талбайн модон индрийн дотор орж, хоног төөрүүлж унтчихна.

-Танд ер нь ах дүүс байсан уу?

-Би ганц эгчтэй хүн. “Таксин цоохор машин” хэмээх олны сайн мэдэх дууны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Маяа. Эгчийг ээжийн минь танил өргөж авсан. Намайг хүү болохоор өргөж авах хүн олдоогүй. Ингэж явтал ээж минь шоронгоос суллагдаж, хожим циркийн урлагийн үндэслэгч Раднаабазар гэдэг хүнтэй гэрлэсэн. Миний хойд эцэг намайг Офицерийн сургуульд оруулж, Ядамсүрэн овгийг минь сольж, Раднаабазарын Зориг гэх болсон юм. Тэр ачлалт хүний буянаар эсэргүүний гэж гадуурхагдаж, байсан миний бие хүнд зовлонг гэтэлсэн түүхтэй.

-Амьдралаас тань шалтгаалж уулын спорттой холбогдсон гэж ойлгож болох уу?

-Тэгэж хэлэх учиртай. 1954 оны дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатарын талбай дээр Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд дугуйн аялал зохион байгуулах боллоо. Би ч дугуйн аялалд явна гээд хувцас оёулж, чамгүй бэлтгэлээ. Тухайн үед их сургуулийн 3-р курсийн оюутан байсан юм. Явах гэж байтал Спорт хорооны орлогч дарга Дамбий дуудлаа. Дугуйгаа орхиод гүйн очтол “Хөөе, чи чинь Раднаабазарын хүүхэд биш юм уу? Эсэргүү 14-ийн нэг Ядамсүрэнгийн хүүхэд гэж байна. Чамаас болж бөөн юм боллоо. Ардын дайсны хүүхдийг хил давуулж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн. Чи одоо гэртээ харь” гэсэн. Энэ үгийг сонсоход тэнгэр нураад ирэх шиг болсон. Дугуйгаа авч талбайгаас арай гэж гарлаа. Эсэргүүний хүүхэд гээд багадаа сургуулиас хөөгдсөн, одоо дугуйн аялалд явж чадсангүй гээд аав, ээждээ л гомдож билээ. Бухимдсан хүү гэртээ ирж байсныг тодхон санаж байна.

-Тэгээд яг хэдэн оноос уулын спорттой нөхөрлөсөн юм бэ?

-1955 онд Спорт хорооны урилгаар ЗХУ-аас олон мэргэжилтэн ирсний дотор Алексей Николаевич Пискарев гэж уулчин байсан. Тэр хүн “Монгол орон олон сайхан уулстай. Уулын спортыг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн саналыг Ю.Цэдэнбал даргад танилцуулсан нь дэмжигдэж, улмаар Засгийн газрын тогтоол гарч, тэд Отгонтэнгэр хайрхан өөд авирах авиралтыг зохион байгуулсан. Пискарев багш “Уулын спортоор хичээллэхэд гар хөлөө хугална, бэртэнэ, тэр ч бүү хэл амь насаа ч алдах аюултай. Тиймээс спортын энэ төрлийг сонирхон хичээллэгчид амь үрэгдсэн ч гомдолгүй гэж гарын үсгээ зурах ёстой” гэсэн. Тухайн үед энэ л надад таарсан спортын төрөл юм шиг санагдсан. “Би үхсэн ч гомдолгүй. Тэртэй тэргүй эсэргүүний хүүхэд юм чинь” гэж бодон спортын энэ төрлийг сонгож хичээллэсэн юм. Отгонтэнгэрт анхны авиралт хийснийг минь үнэлж, Засгийн газрын хүндэт жуухаар шагнаж байв. Жилийн дараа Алтай Таван богдод авирлаа. 1955-2004 он хүртэл уулын спортооор амьсгалж явлаа.

-Та гадаадын ямар ууланд мөрөө үлдээж байв даа?

-1959 онд Чехийн Татра ууланд авирсан. Тэр үеэс гадаадын ууланд авирах хүсэл төрж, Европын өндөр уулсуудад гарч үзэх юмсан гэж мөрөөдөх болсон. 1972 онд 7495 м-ийн өндөрт орших Памирын Пик оргилд гарсны 40 жилийн ой энэ жил тохиож байна. Тэрхүү авиралтад 21 орны уулчид оролцсоноос 5-6 орны уулчид л авиралтаа амжилттай хийсний нэг нь монголчууд байсан юм. Нийтдээ гадаадын 20 гаруй ууланд мөрөө үлдээжээ.

-Та Монгол Улсын анхны спортын мастер цолтон. Бас Монгол Улсаа ОУОХ-нд элсүүлэх ажлыг гардан зохион байгуулсан гэдэг?

-Спортын мастер цол өгөх шийдвэр дээр нэлээд маргаан өрнөж байсан. Маргалдаж байгаад манай оронд шинээр үүсч хөгжиж буй уулын спортынхонд өгөхөөр шийдсэн. Монголын хамгийн өндөр цэгт уулчид гарчихлаа. Юм өөдөө гэж бэлгэшээмээр байна гээд 1956 онд зургаан уулчинд анхны спортын мастер хэмээх цолыг өгч байсан түүхтэй. Надад ¹2 дугаартай үнэмлэх өгсөн. Хожим 2004 онд надад ОУХМ цолыг хүртээсэн. Гималайд авирч байхдаа нарны гялбаанд цохиулж, осолдох шахсан удаатай. Уулчин Э.Явуухүү маань амь эрсдэж, би золоор амь гарч, хориод хоног ухаангүй хэвтэж байгаад ахин амьдарсан хүн дээ. Энэ үйл явдал 1961 оны аравдугаар сарын 7-нд болсон явдал юм. БТСТЗ-ийн орлогч даргаар ажиллаж, спортын шинэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж явсны дээр Монгол Улсаа 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элсүүлэх ажлыг гардан зохион байгуулсны үр дүнд IOC-ийн 59-р чуулганаар манай улс ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болж байлаа.

-Гэр бүл, үр хүүхдийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?

-Эхнэрийг маань Н.Дарьсүрэн гэдэг. Төрийн шагналт зохиолч Намдаг гуайн охин л доо. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Би чинь гэр бүлийнхэндээ том гэмтэй хүн л дээ. Намайг ууланд авирахаар явах хойгуур хүүхдүүд маань төрдөг байлаа. Төрөх бүр эхнэрийнхээ дэргэд байж чадаагүйдээ харамсаж явдаг юм. Бас нэг сонин гэвэл, хүүхдүүддээ уулын нэр өгснөө бэлгэшээж явдаг юм. Том хүү маань Алтайд авирсны дараа мэндэлсэн болохоор Алтай нэрийг хайрласан. Хоёр дахь хүүдээ уулын оройг бэлгэдэж Оргил гэж нэр өгсөн. Эмэгтэй уулчдынхаа хамтаар Хэнтийн уулсын ноён оргил Асралтхайрханд авираад ирснээ бэлгэшээж, охиндоо Асралт нэрийг хайрласан.

Д.ГЭНЭЭ

GD Star Rating
loading...
МОНГОЛЫН СПОРТЫН “НЭВТЭРХИЙ ТОЛЬ”, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: